Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 159

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

шүүгдэгч Э.Эрхэмбаяр, түүний өмгөөлөгч А.Ариунтуул,

шүүгдэгч Т.Мөнхнаран, Э.Золбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Хаяа овогт Энхбаатарын Эрхэмбаяр, Тайж овогт Түмэнцэцэгийн Мөнхнаран, Жалайр Айгар овогт Энхтайваны Золбаяр нарт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625014393 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Хаяа овогт Энхбаатарын Эрхэмбаяр, 1997 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Говь-Алтай нймгийн Жаргалан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ДЖ97030337 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Тайж овогт Түмэнцэцэгийн Мөнхнаран, 1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46-111 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ДЮ98013010 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Жалайр Айгар овогт Энхтайваны Золбаяр, 1998 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Орчлон хорооллын 46-111 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ДК98020Э17 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Ш Э.Эрхэмбаяр, Т.Мөнхнаран, Э.Золбаяр нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Гэгээ хотхоны 39 дүгээр байрны баруун талын гадна талбайд байрлуулсан байсан хохирогч О.Доржсүрэнгийн 19-21 УНС улсын дугаартай Тоёота премио маркийн автомашины 4 ширхэг обудтай өвлийн дугуй, хохирогч А.Мөнх-Эрдэнийн 91-31 УНР улсын дугаартай Ниссан теана маркийн автомашины 4 ширхэг обудтай өвлийн дугуйг тус тус хулгайлж нийт 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Гэгээ хотхоны 39 дүгээр байрны зогсоолоос 2 машинаас дугуй авсан. Ниссан Тина маркийн машинаас 4 ширхэг дугуй, Тоёото маркийн машинаас 4 ширхэг дугуй авсан. Тэгээд би найз нарыг машинаараа юм зөөхөд туслаач гэж дуудсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Т.Мөнхнаран шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би гэртээ байж байхад Э.Золбаяр руу Э.Эрхэмбаяр машинаараа юм зөөгөөд өгөөч гэхээр нь Э.Эрхэмбаяр тухайн үед байрнаасаа нүүнэ гэж байсан болохоор би юмаа зөөх гэж байгаа юм байна гэж бодоод очсон. Тэгээд хулгайн дугуй гэдгийг мэдэлгүй дугуйг нь зөөж өгсөн. Дараа нь цагдаа ирсэн тэр үед хулгайн дугуй гэж мэдсэн.” гэв.

Шүүгдэгч Э.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Э.Эрхэмбаяр найзтайгаа сургуульд ороод таницсан. Машинаар туслаад өгөөч гэхээр нь нүүж байгаа юм байх гэж бодоод очсон. Тэгээд хулгайн дугуй гэдгийг мэдэхгүй дугуйг нь зөөсөн” гэв.

Хохирогч О.Доржсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх 16-р хороо 53-р сургуулийн зүүн тал 39-р байрны баруун талын машины ил зогсоолд өөрийн эзэмшлийн Тоёота премио маркийн 19-21 УНС улсын дугаартай машинаа тавиад маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 09 цаг өнгөрч байхад гарч ирэхэд миний машины 4 дугуй алдагдсан тоосго эвсэн байдалтай байсан. Мөн тухайн хажуу талд нь байсан Ниссан теана маркийн машины 4 дугуй бас алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгч бүрэлдэхүүн ирсэн. Миний машины өвлийн дугуйтай 4 обуд алдагдсан 20 ширхэг боолт нь бас алдагдсан. 4 дугуйгаа 800.000 төгрөгөөр үнэлж байна. 15 инчийн 6 салаатай хайлшин обуд байсан 215/65/15 хэмжээтэй байсан...би 4 ширхэг дугуйгаа хүлээн авсан, надад гомдол санал гэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх52-53/,

 

Хохирогч А.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажлаа тараад 20 цагийн үед өөрийн эзэмшлийн 9131УНР улсын дугаартай ниссан теана маркийн хар енгийн машинаа 39 дүгэзр байрныхаа баруун талын машины ил зогсоолд тавьсан. Тэгээд маргааш өглөө нь ажилдаа явах гээд гарч ирэхэд миний машины 4 ширхэг өвлийн дугуй обудтайгаа алдагдсан байсан. Миний машинаас 4 ширхэг 17 инчийн обуд 225/65/17 размертай өвлийн дугуйнууд 20 ширхэг боолт алдагдсан. Би 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдөр уг обуд дугуйгаа Өгеөмөр захаас нийлүүлээд 600.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний обуд хайлшин 7 салаатай хар өнгийн Эн Эс Ө гэсэн бичигтэй, ямар нэгэн цохио гагнаас байхгүй обуд байсан. Дугуй нь бриджстон брендын 225/65/17 размертай өвлийн дугуй байсан. Би 4 ширхэг обуд дугуйгаа хүлээн авсан надад ямар нэгэн гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг. /хх54-55/,

 

Гэрч Ц.Бүрэнтогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би тухайн 2016 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө зэвсэгт хүчний 189-р ангид ажил дээрээ хоногоор үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн шөнө ойролцоогоор 03 цагийн орчимд манай найз Золбаяр надруу 9913**** дугаараас миний 9997**** дугаарын утас руу залгаад хаана байна гэхээр нь ажил дээрзэ байна гэсэн, тэгтэл танайд хэн байгаан гэсэн гэгэхээр нь манай найз байгаа гээд утсаа тасалсан. Тэгээд би өглөө буюу 2016 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 12 цагийн үед гэртээ иртэл гэрийн үүдэнд хураасан 8 ширхэг дугуй байсан. Тэгээд би найз Баянмөнхөес энэ юун дугуй вэ гэж асуухад Золбаяр шөнө авчирч тавьчихаад явсан гэхээр нь би шууд Золбаяр руу залгаад дугуйгаа ав гэж хэлсэн. Тухайн дугуйнууд манайд 7 хоносон. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би ажил дээрээ байж байтал цагдаа ирээд дүүрэг дээр ирсэн. Тэгээд тухайн 8 ширхэг дугуйг би цагдаад хүлээлгэн өгсөн. Золбаяр манай Говь-Алтай аймгийн таньдаг хүүхэд байгаа юм. Би Золбаяртай 2014 оноос хойш илүү дотно танилцсан. Тухайн дугуйнууд жижиг суудлын машины дугуйнууд байсан 8 ширхэг дугуй байсан. Тухайн дугуйнууд хэнийх гэдгийг мэдэхгүй Золбаяр нь манайд түр тавьсан юм. Тэгээд асуусан чинь хүний дугуй гэж хэлж байсан. Би тухайн хэрэгт хамтран оролцоогүй би ажилтай байсан тухайн дугуйнуудыг хулгайн дугуй гэдгийг цагдаа ирсний дараа мэдсэн. Би тус 8 ширхэг дугуйг хулгайн дугуй гэж огт мэдээгүй…” гэсэн мэдүүлэг. /хх56-57/,

 

Гэрч Т.Баянмөнх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би тухайн 2016 оны 12 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22-р хороо Алтан-өлгийн 5-57 тоот гэртээ байж байтал шөнө ойролцоогоор 03 цагийн орчимд зүс таних Золбаяр гэх залуу хаалга нүдсэн. Тэгээд би онгойлгосон чинь машины дугуйнууд оруулж ирж гэрт /үүдэнд тавьчихаад маргааш авна гэж хэлчихээд яваад өгсөн. Тухайн үед тус 8 ширхэг дугуйг улаан куртиктэй залуу зөөж оруулж ирж тавьсан...Би тухайн хэрэгт хамтран оролцоогүй. Би тус 8 ширхэг дугуйг хулгайн дугуй гэж огт мэдээгүй…” гэсэн мэдүүлэг. /хх58-59/,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-28/, хохирогч О.Доржсүрэнд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-34/, хохирогч А.Мөнх-Эрдэнэд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-35/, туршилт хийсэн тэмдэглэл /хх-45/, хохирогч О.Доржсүрэнгийн мэдүүлэг /хх52-53/, хохирогч А.Мөнх-Эрдэний мэдүүлэг /хх54-55/, гэрч Ц.Бүрэнтогтохын мэдүүлэг /хх56-57/, гэрч Т.Баянмөнхийн мэдүүлэг /хх58-59/, гэрч Э.Номинзулын мэдүүлэг /хх-63/, гэрч Б.Цогбаярын мэдүүлэг /хх-64/, гэрч Б.Анхбаатарын мэдүүлэг /хх-65/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх120-165/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ш Э.Эрхэмбаяр, Т.Мөнхнаран, Э.Золбаяр нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт байрлах Гэгээ хотхоны 39 дүгээр байрны баруун талын гадна талбайд байрлуулсан байсан хохирогч О.Доржсүрэнгийн 19-21 УНС улсын дугаартай Тоёота премио маркийн автомашины 4 ширхэг обудтай өвлийн дугуй, хохирогч А.Мөнх-Эдрэнийн 91-31 УНР улсын дугаартай Ниссан теана маркийн автомашины 4 ширхэг обудтай өвлийн дугуйг тус тус хулгайлж нийт 1.870.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Эрхэмбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Э.Эрхэмбаяр, Э.Золбаяр, Т.Мөнхнаран нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Хаяа овогт Энхбаатарын Эрхэмбаяр, Тайж овогт Түмэнцэцэгийн Мөнхнаран, Жалайр Айгар овогт Энхтайваны Золбаяр нарыг бүлэглэн машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч О.Доржсүрэн, А.Мөнх-Эрдэнэ нар нь шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Эрхэмбаяр, Э.Золбаяр, Т.Мөнхнаран нар нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Эрхэмбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Нэргүйн эзэмшлийн 80-21 УНА улсын дугаартай, Тоёота приүс маркийн цайвар ногоон өнгийн автомашиныг хавтаст хэргийн 29 дүгээр талд 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр үнэлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийг Э.Эрхэмбаяраас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Харин хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Б.Нэргүйн эзэмшлийн 80-21 УНА улсын дугаартай, Тоёота приүс 10 маркийн цайвар ногоон өнгийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Б.Нэргүйд буцаан олгохоор шүүх шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг ялгамжтай оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Э.Эрхэмбаяр, Э.Золбаяр, Т.Мөнхнаран нараас эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нарын нэр дээр ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө байхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хаяа овогт Энхбаатарын Эрхэмбаяр, Тайж овогт Түмэнцэцэгийн Мөнхнаран, Жалайр Айгар овогт Энхтайваны Золбаяр нарыг бүлэглэн машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Эрхэмбаяраас эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял,

Мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Т.Мөнхнаран, Э.Золбаяр нараас тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Эрхэмбаяр, Э.Золбаяр, Т.Мөнхнаран нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн донкрат 1 ширхэг, дорцов 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Э.Эрхэмбаяр, Э.Золбаяр, Т.Мөнхнаран нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
  3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Б.Нэргүйн эзэмшлийн 80-21 УНА улсын дугаартай, Тоёота приүс 10 маркийн цайвар ногоон өнгийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Б.Нэргүйд буцаан олгосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Э.Эрхэмбаяраас 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Эрхэмбаярт оногдуулсан 2 жил 3 сар хорих ял, Э.Золбаяр, Т.Мөнхнаран нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.  
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Эрхэмбаяр, Э.Золбаяр, Т.Мөнхнаран нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР