Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/241

 

 

 

 

 

     2024          03          26                                     2024/ШЦТ/241

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,

Улсын яллагч: Б.Тэгшбаяр,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205017201685 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрыг дахин төлөвлөлтийн хүрээнд нураах ажлыг хийж гүйцэтгэж байсан барилгын ажилтан ***, ***, ***, ***нар руу дробинка буу чиглүүлэн онилж “ажлаа зогсоо, зогсоохгүй бол буудлаа” гэж тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Нурааж байсан байшингаас эд зүйлээ зөөж байсан. Тэнд буу байсныг зөөж машиндаа оруулах үедээ буугаа савнаасаа гаргаж хүмүүсийг ажлаа зогсоохыг шаардсан үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ***, ***, *** нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Тээврийн товчооны орчим зам дагуух хуучны байрыг нурааж байхад тухайн иргэн барилгын хашаан дотор нурааж байсан байрны доор 2 амтай шувууны буу барьж ирээд бид дөрөв рүү чиглүүлээд “ажлаа зогсоо, зогссохгүй бол буудна шүү” гээд 1-2 удаа орилсон. Тэр үед бид нар айгаад барилгын дотогшоо гүйгээд орчихсон, тэгээд би барилга дотор нөгөө гуравтайгаа хамт нуугдаад байж байхад хэнийг нь санахгүй байна нэг нь зургийг нь утсаараа дарчих гэж хэлээд би барилга дотроос зургийг нь дарах гээд цонхоор харах үед тэр хүн цаашаа хашаанаас гараад алхаж байсан. Тэгээд би тэр зургийг нь дарсан боловч тухайн үед цагдаагийн байгууллагад өгч чадаагүй юм. Тэгээд дараа нь утсаа хаячихсан одоо тэр зураг нь байхгүй. Тэгээд нэг их удаагүй цагдаа нар ирээд тэр хүнийг аваад явсан. ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 167/,

Хохирогч Б.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Кориа Шиндан ХХК-д нураагчаар ажилладаг юм. ...2021 оны 10 дугаар сард манай захирал Тээврийн товчоонд байдаг зам дагуух хуучны 3 давхар нэг байрыг нураах ажил гарсан гэж хэлээд ***, ***, *** нарын хамт ажиллаж байсан. Ингээд 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 13 цагийн орчим бид дөрөв байрны дээвэр дээр ажиллаж байхад гэнэт нэг хүн доороос “ажлаа зогсоо, зогсоохгүй бол буудлаа” гээд орилоод байсан бөгөөд бид нар доош хартал 2 амтай шувууны буу барьчихсан 50 гаран насны эрэгтэй хүн буугаа бид нар руу чиглүүлээд зогсож байсан. Тэгэнгүүт бид нар айгаад барилгын дотогшоо гүйгээд орсон. Тэгээд хэсэг хугацааны дараа харахад тэр хүн буугаа барьчихсан хашаанаас гараад явж байсан. ...гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-н 170/,

 Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх 24 дүгээр байрыг нураах ажил хийж байсан. Тэр өдөр би ***, ***, *** нарын хамт тухай байрны дээвэр дээр ажиллаж байхад 13 цагийн үед 50 гаран насны эрэгтэй хүн шалны мод барьчихсан ажлаа зогсоо гээд орилоод яваад байсан. Тэр үед бид нар тоохгүй үргэлжлүүлээд ажиллаад байсан бөгөөд хэсэг хугацааны дараа тэр хүн буу барьж ирээд дахин “ажлаа зогсоо” гэж орилоод бид нар руу буу чиглүүлсэн юм шиг байна лээ. Би дээвэр дээр цаад хэсэгт нь буруу хараад юм хийж байсан учраас сайн хараагүй юм. ...Тэр үед манай нөгөө гурав гэнэт л буу чиглүүлээд байна, буудах гээд байна гээд айгаад барилгын дотор хэсэгт орсон бөгөөд цагдаа дуудаад тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэр хүнийг аваад явсан. ...Цагдаа нар бууг нь хурааж байх шиг байсан. ...гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 173-174/,

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Кориа Шиндан ХХК-д 2021 онд ажиллаж байсан. Одоо санаж байгаагаар 2021 оны 10 дугаар сарын эхээр би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Тээврийн товчооны баруун талд хуучны 3 давхар шар байшинг нураах ажил хийж байхад 50 гаран насны бүдүүн махлаг эрэгтэй хүн бид нарыг дээвэр дээр молдокоор нураалт хийж байхад эхлээд шалны мод барьчхаад бид нар руу чиглүүлээд онилоод буудна шүү гээд орилоод байсан. Тэр үед бид нар тоохгүй ажлаа үргэлжлүүлээд хийж байхад шалны модоо хаясан юм уу, гэр рүүгээ оруулж тавьсан юм уу мэдэхгүй байна, ямар ч байсан гэр рүүгээ ороод буцаж гарч ирэхдээ жинхэнэ буу барьж гарч ирээд бид нар руу чиглүүлээд “буудна шүү, та нарыг ажлаа зогсоо, наанаасаа буу та нар, миний байшинг битгий нураагаад бай” гэж орилсон. Тэр хүний барьж байсан буу нь ангийн урт буу байх шиг байсан, бид нар гурван давхарт байсан учраас сайн харагдахгүй байсан. Гэхдээ ямар ч байсан жинхэнэ буу онилоод байсан. Тэр үед би нөгөө гуравт буу чиглүүлээд байна шүү гэж хэлж байсан. Тэгэхэд ***, *** нар айгаад доошоо орсон. Харин *** цаана байсан учраас сайн анзаарч хараагүй байх нээх тоохгүй ажлаа хийгээд байсан. Тэгээд нэг их удалгүй цагдаа нар ирээд тэр хүний бууг нь хурааж аваад өөрийг нь бас аваад явсан. ...Бид нар тухайн үед гэрээ хийгээд ажлаа хийж байсан. Сүүлд сонсоход тэр хүн тухайн үед тэр барилгын газар нь ч гэсэн үү, ямарч байсан шүүхийн маргаантай байсан юм шиг байна лээ. ...Надад гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 178-179/,

Шинжээчийн 3051 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд гол төмөр 141363 дугаартай, онгоц мод 141363-64 дугаартай, замаг 141363-64 дугаартай 1984 онд хуучнаар ЗХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ТОЗ-БМ загварын дробинка буу ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь буудлага үйлдэх боломжтой” гэжээ /хх-н 192-195/,

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 5/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 101/, шинжээчийн 5426 тоот дүгнэлт /хх-н 198/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 204, 217-220/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүгдэгч *** нь өөрийн эд хөрөнгөө хамгаалах зорилготой байсан, санаатай үйлдэл хийгээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан энэ үндэслэлээр хэрэгт тооцогдохгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах шатны шүүхээс эрх зүйн байдлыг дордуулж, хохирол учруулсан, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд хохирогч нарын хууль сануулж өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийг гарцаагүй байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хууль тогтоогчоос хуулчилжээ.

Гарцаагүй байдал нь ямар нэгэн эрх ашгийг бодитой аюулаас хамгаалах нөхцөл байдалд үйлдэл хийнэ. Бодит аюул гэдэг нь тухайн цаг хугацаанд зогсоохгүй бол цаашид хувийн болон нийтийн эрх ашигт аюул учруулах нь тодорхой байхыг ойлгоно.

 

Мөн гарцаагүй байдлын улмаас хохирол учруулж байгаа этгээд нь хэн нэгний эрх ашгийг хамгаалахын тулд бусдын эрх ашигт халдсан, тухайн үйлдлийг хийхээс өөр гарцаагүй байдалд орсон, боломжит бага хохирол учруулсан байхыг ойлгох хууль зүйн ойлголт юм.

Хэдийгээр хохирогч нар шүүхийн шийдвэрээр түдгэлзсэн байсан барилгыг нураах ажил хийж байсан, шүүгдэгч нь тухайн асуудлын талаар цагдаагийн байгууллагад хандсан байсан нь нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн атал цагдаагийн алба хаагч нар ирээгүй байхад хохирогч нар руу зэвсэг хэрэглэж  тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж тэдгээрт хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл хийсэн нь гарцаагүй байдалд түүнийг орсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Гарцаагүй байдалд байгаа этгээд нь тухайн хамгаалж байгаа эрх ашиг нь зөрчиж байгаа эрх ашгаас ямагт илүү байх ба тухайн аюулын хэр хэмжээ, хэлбэрт тохирсон байна.

Тухайн хийж байгаа үйлдэл нь хувь хүний үндсэн эрхэд халдаж аюулыг зайлуулсан үйлдлийг гарцаагүй байдалд тооцохгүй.

Шүүгдэгч нь барилгын ажлыг зогсоох зорилгоор буу гаргаж буудна гэж хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан “амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах” үндсэн эрхэд халдсан нь гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй.

Тухайн болж буй асуудлыг хууль, дүрэм журмын дагуу шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.

Гарцаагүй байдалд орсон этгээд нь Үндсэн хуульд заасан өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх болон бусад эрхийг гадны халдлагаас хуулиар зөвшөөрөгдсөн арга, хэрэгслээр хамгаалах эрх зүйн нэг ёсны баталгаа ба шүүгдэгчийн буу гарган, хохирогч нар руу онилж байгаа үйлдэл нь хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл гэж үзэхгүй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрыг дахин төлөвлөлтийн хүрээнд нураах ажлыг хийж гүйцэтгэж байсан барилгын ажилтан ***, ***, ***, ***нар руу дробинка буу чиглүүлэн онилж “ажлаа зогсоо, зогсоохгүй бол буудлаа” гэж тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч ***, ***, ***, ***нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, галт зэвсэг хураан авсан тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***, ***, ***, ***нарыг барилга нураах ажил хийж байх үед нь дробинка буу чиглүүлэн “ажлаа зогсоо, зогсоохгүй бол буудлаа” гэж тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2.000 нэгж буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлөхөөр тогтоож, урьд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү”  гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогч нар гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1.350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох  ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *** нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 844 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 02 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба тухайн ялаа эдлээгүй болох нь улсын яллагчийн шүүхэд гаргаж өгсөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын албан бичгүүдээр тус тус нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ...бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно..” гэж, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуулчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1.350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 844 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 02 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн гэмт хэргээс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолоор нотлогдож байх тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гол төмөр 141363 дугаартай, онгоц мод 141363-64 дугаартай, замаг 141363-64 дугаартай 1984 онд хуучнаар ЗХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ТОЗ-БМ загварын дробинка бууг шүүгдэгч ***т буцаан олгохоор шийдвэрлэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бууг шүүгдэгчид буцаан олгох санал гаргасан.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ***ыг 1.350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1.350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 844 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 02 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гол төмөр 141363 дугаартай, онгоц мод 141363-64 дугаартай, замаг 141363-64 дугаартай 1984 онд хуучнаар ЗХУ-д ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн ТОЗ-БМ загварын дробинка бууг шүүгдэгч ***т буцаан олгосугай.
  6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР