Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/242

 

 

 

 

 

  2024          03          26                                       2024/ШЦТ/242

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Есөн-Эрдэнэ,

Улсын яллагч: Б.Солонго,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000002063 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-март худалдааны төвийн баруун талд байрлах “Алтай” зочид буудалд хохирогч ***ийг “хамт байсан эмэгтэйтэй нийлж намайг доромжиллоо” гэх шалтгаанаар түүний нүүр рүү мөргөж, гараараа цохиж биед нь зүүн ухархайн гадна хана зөрүүтэй, зүүн хоншоорын урд хана, зүүн хацар яс, эрүү ясны зөрүүтэй хугарал, зүүн шанаа, эрүү, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Цалин буугаад ажлаасаа гарч паб орж сууж байгаад дараа нь баар ороод тэндээ 3 охинтой танилцаад буудал орсон. Буудалд ороод ууж байгаад охид хоорондоо маргалдаад байсан. Түүнээс үүдэн бид хоёр хоорондоо маргасан. Миний нүүрний хэлбэр алдагдсан. 10 дугаар сард хамрын хагалгаанд орно. Тухайн хагалгаанд орох зардлаа нэхэмжилж байгаа” гэв.

Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд: “...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай ажлын цалин буусан тул хамт ажилладаг ***, Тэмүүжин хоёрын хамт МУИС-н урд талд байрлах Цэ пабад 23 цагийн үед орсон. ...бид зургаа Fire баарнаас 03 цагийн үед хамт гарсан. Тэгээд И мартын баруун талд Алтай зочид буудал руу ***, Тэмүүжин бид гурав бааранд танилцсан 3 эмэгтэйгийн хамт нэг өрөөнд орсон. ...Би танилцсан охиноо өмөөрөөд ***тэй маргалдсан. *** миний нүүр рүү нэг удаа цохиод дараа нь өшиглөх шиг болсон. ...Маргааш өдөр нь би сэрээд ***д хандаж “чи намайг арай аймар зодсон юм биш үү” гэж хэлсэн чинь *** намайг хохино гэж хэлсэн. Миний зүүн талын хацар, эрүүний яс зөрж хугарсан. ...Би 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улсын төв нэгдүгээр эмнэлэгт эрүү, нүүрний мэс засалд орж эмчлүүлсэн. Эмчилгээний зардал надаас гараагүй. ***гийн зүгээс эмчийн бичиг өгсөн эм тариа ...мөн ойр зуурын цагаан хэрэгсэл, хэрэглэх зүйл авч өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9, 11/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*** ...эрүүл мэндийн даатгалын сангаас 3.667.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ***гээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төвлөрүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 47-48/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид хэд буудлын өрөөнд ороод пиво хувааж уусан. ...Орон дээр унтаж байгаад хүмүүсийн хэрэлдэж байгаа чанга дуу чимээ сонсогдохоор нь гайхаад харсан чинь ***тэй танилцсан гэх эмэгтэй ***тэй маргалдаад байсан. *** уг эмэгтэйг буудлын өрөөнөөс хөөж гаргасан. Тэгсэн *** ***д хандаж “чи яагаад хөөж байгаа юм бэ, өөрсдөө хоёр эмгэн дагуулчаад арчаагүй” гэж хэлсэн. *** ***өд уурлаад “арай давраад байгаа юм биш үү, тэр эмэгтэйгийн хамт намайг доромжиллоо” гэж хэлээд ***гийн нүүрний зүүн тал руу нэг удаа цохиод, нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би гүйж очоод болиулсан. ***ийн хамарнаас нь цус гараад байхаар нь би нүүр, гарыг нь 00-н өрөөнд угааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Шинжээчийн 12914 тоот дүгнэлтэд: “...***ийн биед зүүн ухархайн гадна хана зөрүүгүй, зүүн хоншоорын урд хана, зүүн хацар яс, эрүү ясны зөрүүтэй хугарал, зүүн шанаа, эрүү, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-н 22-23/,

Ялладагчаар ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*** бид хоёр танилцсан нэг эмэгтэйгээс болж хоорондоо маргалдаж улмаар ***ийн нүүр рүү нэг удаа цохиод дараа өшиглөсөн шиг санагдаж байна. ...Яллагдагчаар татах тогтоолтой холбоотойгоор надад маргах зүйл байхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр хүлээн зөвшөөрнө...” гэсэн мэдүүлэг /хх-н 33/,

 

Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогч ***ийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний тодорхойлолт /хх-н 42/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 49-50, 53-73/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, И-март худалдааны төвийн баруун талд байрлах “Алтай” зочид буудалд хохирогч ***ийг “хамт байсан эмэгтэйтэй нийлж намайг доромжиллоо” гэх шалтгаанаар түүний нүүр рүү мөргөж, гараараа цохиж биед нь зүүн ухархайн гадна хана зөрүүтэй, зүүн хоншоорын урд хана, зүүн хацар яс, эрүү ясны зөрүүтэй хугарал, зүүн шанаа, эрүү, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тэй маргалдаж  түүнийг цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хүндэвтэр хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ийн цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь шүүгдэгчээс хамрын хагалгаанд орох зардал нэхэмжилсэн ба дээрх нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна.

Хохирогч нь хамрын хагалгаанд ороход хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхойгүй, энэ талаар холбогдох баримтуудыг шүүхэд өгөөгүй ба зөвхөн түүний мэдүүлэгт үндэслэн цаашид хагалгаанд орох зардалыг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд хохирогч *** нь цаашид хамрын хагалгаанд орохтой холбоотой баримтуудаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Хохирогч *** нь өмнөх шүүх хуралд 262.536 төгрөгийн хохирлын баримт шүүхэд гаргаж өгсөн шүүгдэгч дээрх хохирлыг төлөөгүй тул дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохоор шүүхээс шинжээч томилсон ба шинжээчийн 228 тоот дүгнэлтэд хохирогчийн дээрх гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэгдүгээр зэрэглэлд хамааруулсан байна.

Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэргийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан тул гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.744.500  төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчид эмчилгээтэй холбоотой гарсан зардал 487.600 төгрөг төлсөн баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн болохыг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолтой зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хохирогч *** нь тухайн гэмтлийн улмаас эрүүл мэндийн даатгалаас 3.667.000 төгрөгийн үйлчилгээ авсан нь хавтаст хэрэгт авагдсан /хх-н 42/ баримтаар тогтоогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хохирогчийн хагалгаа хийлгэсэн эмчилгээ, үйлчилгээ авсан зэрэгт эрүүл мэндийн даатгалын байгууллагаас гарсан баримтаар тогтоогдож байгаа 3.667.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020020 дансанд оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гээс баримтаар тогтоогдсон 262.536 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 2.744.500 төгрөг, нийт 3.007.036 төгрөг гаргуулж хохирогч ***өд олгосугай.
  6. Хохирогч *** нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гээс 3.667.000 гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР