Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2020/00413

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Х сум, ... баг, ... тоот хаягт байрлах, ... регистрийн дугаартай, “Б” Банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид “Б” ББСБ ХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Х сумын ... баг, ... тоотод албан ёсоор оршин суух бүртгэлтэй, Х сумын ... баг .... хаягт түр оршин суух, ... регистрийн дугаартай, Х овогт Б-н Ж,

Хариуцагч: Дорнод аймгийн Х сумын ... баг, ... тоотод албан ёсоор оршин суух бүртгэлтэй, Х сумын ... баг ... тоотод түр оршин суух, ... регистрийн дугаартай, О овогт Ж-н М нарт холбогдох, 

“Зээлийн гэрээний үүрэгт 700 905.53 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнбулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У /онлайнаар/, хариуцагч Б.Ж /онлайнаар/, Ж.М /онлайнаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ж, Ж.М нар нь 2020 оны 01 сарын 27-нд “Б” ББСБ-аас 1 500 000 төгрөгийн зээлийг сарын 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээл төлөх хуваарь хийж, Б.Ж, Ж.М нар нь хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. 2020 оны 01 сарын 27-оос 2021 оны 03 сарын 31-нийг хүртэлх хугацаанд үндсэн зээл, хүү нийлсэн 1 440 816 төгрөгийг төлсөн. Харин тус зээлээс үндсэн зээл болох 430 198.67 төгрөг дутуу өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх зээлийн хүү 165 529.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105 177.53 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 430 198.67 төгрөг, нийт 700 905.53 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ж, М нар нь манай байгууллагаас хоёулаа ирж гэрээ байгуулж, гарын үсэг зураад 1 500 000 төгрөгийн зээлийг авсан. Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Тийм учраас бид гэрээнийхээ дагуу хоёулангаас зээлийн төлөлтийг нэхэмжилж байна. Хариуцагч нар хэлэхдээ М нь би мөнгөө төлсөн, үлдсэнийг нь Ж төлнө гэж, харин Ж нь мөнгө төлөхгүй гээд гэр бүлийн маргаан явагдаад байна. Энэ маргаанд нь бид хамаарахгүй шүү дээ. 2-лаа зээлээ төлөх үүрэгтэй, бид хоёулангаас нь гэрээний үүргийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэг 700 905.53 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.  

Хариуцагч Б.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.М-тэй гэр бүл болж амьдарч байх хугацаандаа хамтран “Г” барьцаалан зээлдэх газраас 1 500 000 төгрөг, “Голомт” банкнаас 4 500 000 төгрөг, “ХААН” банкнаас байрны лизингийн зээл тус тус авсан байсан. Тухайн үед би хамгаалалтын албанд ажилладаг байсан. Зээл авах болсон шалтгаан нь намайг ажилтай байхад эхнэр Ж.М “зээл авч өг. Буйдан авмаар байна” гэж байнга ярьдаг байсан. Эхнэр Ж.М нь тухайн үед ажилгүй байсан учир зээл миний нэр дээр гарч, М хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан боловч би тэр 1 500 000 төгрөгөөс тухайн үед нэг ч төгрөг аваагүй, бүгдийг эхнэр Ж.М-д үлдээгээд ажилдаа явсан. Би ажилтай байх үеийнхээ цалинг бүгдийг нь эхнэртээ өгч, эхнэр М нь бүх зээл, лизинг байршуулан миний цалингаар төлдөг байсан. 2020 оны 03 сараас ажилгүй гэртээ байх болсон. ...Энэ хугацаанд зээлээ төлж чадахгүй байсан учир “Г” барьцаалан зээлдэх газраас хэд хэдэн удаа “зээлээ төл” гэж байсан. Би тухайн үед нь “ажилгүй, гэр оронгүй, гэрээсээ шалдан гарсан. Төлөх боломжгүй байна. Та нар гэр лүү очоод барьцаанд тавьсан эд зүйлийг ав” гэж хэлж байсан. Тэгээд гэр лүү хэд хэдэн удаа очсоны эцэст үлдсэн мөнгөний талыг нь Ж.М төлсөн байсан. Дараа нь намайг үлдсэнийг нь төл гэсэн. Би “та нар М-с гүйцээгээд ав. Байр саваа зараад мөнгөтэй байгаа” гэж хэлсэн. Тухайн үед Ж.М нь хамт амьдарч байхдаа авсан байр орон сууцаа 43 000 000 төгрөгөөр, бас тавилга, эд хогшлоо миний оролцоогүй дур мэдэн зарж борлуулсан байсныг нь би дуулаад Ж.М-тэй холбогдож “миний нэр дээр авч үрсэн хоёр зээлээ хааж өг” гэж хэлсэн боловч “Голомт” банкнаас авсан 4 500 000 төгрөгийн зээлийг хааж өгсөн. ...Иймд миний энэ шалтгааныг хүндэтгэн үзэж, “Г” барьцаалан зээлдэх газраас нэхэмжилсэн мөнгийг Ж.М-р төлүүлж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б.Ж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М бид хоёр “Б” ББСБ ХХК-с зээл авсан нь үнэн. Тухайн үед хамт амьдарч байсан байраа М зарсан, тэгээд зээлээ төлнө гэж байсан. Тэгсэн хэрнээ ярьсан зүйлээ ч биелүүлсэн юм байхгүй. Бид 2 хамт амьдрахаа больсон, шүүх дээр гэрлэлт цуцлуулах тухай маргаан шийдэгдээгүй явж байгаа. Мөн би гэрээсээ явахдаа юу ч аваагүй. Одоо фитнессийн багшаар ажиллаж байгаа ч цар тахалтай холбогдуулан манай ажил тогтвортой ажиллахгүй байгаа. Миний хувьд энэ мөнгийг төлөх боломж байсан, би газраа зараад энэ зээлийг хаая гэж ч М-д хэлж байсан. Иймд “Б” ББСБ ХХК-ийн үлдэгдэл зээл болох мөнгийг М-р төлүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Ж.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2020 оны 01 дүгээр сард Б.Ж-д “Г” банк бусаас 1 500 000 төгрөгийн хамтран зээлдэгч болсон. Үүнээс хойш Ж зээл төлөхгүй явсны улмаас надаас тус банк бусаас мөнгийг нэхэж, би 2020 оны 02 дугаар сарын 26-нд 165 000 төгрөг, 03 дугаар сарын 29-нд 165 000 төгрөг, 04 дүгээр сарын 28-нд 165 000 төгрөг, 08 сарын 14-нд 594 250 төгрөгийг тус банк бусын дансанд хийсэн. Иймд одоо би мөнгө өгч чадахгүй. Үлдсэн мөнгийг Ж-с гаргуулан авна уу гэжээ.

Хариуцагч Ж.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б” ББСБ ХХК-с над руу маш их утсаар ярьдаг байсан. Учир нь тухайн үед Ж холбоо барих утасгүй, оршин сууж байгаа хаягийг мэдэхгүй байсан учраас над руу залгадаг байсан. Гэрээнд 1 500 000 төгрөгийг бид 2 хувааж төлөх ёстой гэж заасан байгаа. Мөн “Б” ББСБ ХХК-с над руу залгахад нь би одоохондоо боломжгүй хэд хоногоос төлье гээд ярилцдаг байсан. Би “Б” ББСБ ХХК дээр очиж эдийн засагчтай нь уулзаж үлдсэн зээлийн мөнгийг Ж бид хоёр 50, 50 хувиар хуваагаад төлье гэхэд эдийн засагч нь зөвшөөрч байсан. Тухайн үедээ “Б” ББСБ ХХК-с Ж рүү залгаад М 50 хувийн төлбөрөө төлөх гэж байна, чи үлдсэн 50 хувийг нь төлөх үү гэхэд Ж зөвшөөрсөн. Тэгээд би 2020 оны 8 сард өөрийнхөө данснаас 594 250 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн. Хэрвээ өнөөдрийн ийм байдал дээр тулах байсан бол би тэр мөнгийг тэр үед хийхгүй байж байгаад одоо л төлөх ёстой байсан юм байна гэдгийг ойлгоод сууж байна. Би энэ зээлийг огт төлөөгүй биш, өөрийн төлөх хувийг төлсөн болохоор энэ нэхэмжилж байгаа мөнгийг би төлөх үндэслэлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ББСБ ХХК нь тус шүүхэд хариуцагч Б.Ж, Ж.М нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээл 430 198.67 төгрөг, зээлийн хүү 165 529.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105 177.53 төгрөг, нийт 700 905.53 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. (хх 1 тал)

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба, нэхэмжлэлийн үндэслэлээ “...Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу хоёр хариуцагч хоёулаа зээлээ төлөх үүрэгтэй...” гэж тайлбарлаж,

Харин хариуцагч Б.Ж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ “...М бид хоёр хамт амьдрахаа больсон, шүүх дээр гэрлэлт цуцлуулах тухай маргаан шийдэгдээгүй явж байгаа, би гэрээсээ явахдаа юу ч аваагүй, М орон сууц, тавилга, эд хогшлоо миний оролцоогүй дур мэдэн зарж борлуулсан, надад энэ зээлийг төлөх боломж байхгүй учир зээлийг М-р төлүүлэх хүсэлтэй байна...” гэж,

хариуцагч Ж.М нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж буй үндэслэлээ “...Би энэ зээлийг огт төлөөгүй биш, өөрийн төлөх хувийг төлсөн болохоор энэ нэхэмжилж байгаа мөнгийг би төлөх үндэслэлгүй, Б.Ж төлөх ёстой...” гэж тус тус маргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.          

Нэхэмжлэгч “Б” ББСБ ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ...үүсгэн байгуулагдан ... дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ авч, зээлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байх ба 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ББСБ ХХК-ийн оноосон нэрээ “Б” болгон өөрчилсөн болох нь тус компанийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. (хх 4 тал)

Нэхэмжлэгч “Б” ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх хүрээндээ зээлдэгч Б.Ж, хамтран зээлдэгч Ж.М нарт 1 500 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар олгохоор харилцан тохиролцож 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 20 дугаартай “Цалингийн зээлийн гэрээ”-г бичгээр байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон 20 дугаартай гэрээ зэргээр тогтоогдож байна. (хх 1, 6-7, 18, 24-27 тал)

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 451.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасны дагуу талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох “зээлийн гэрээ” байгуулагдсан гэж үзнэ. Талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй.

Уг хүчин төгөлдөр гэрээний дагуу зээлдүүлэгч “Б” ББСБ ХХК нь зээлдэгч Б.Ж-д гэрээний дагуу 1 500 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх ба талууд уг шилжүүлсэн зээлийн дүнгийн талаар мөн маргаагүй болно.  

Зээлдэгч Б.Ж нь зээлийн болон барьцааны гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр 165 000 төгрөгийг 12 сарын хугацаанд буюу үндсэн зээлийн төлбөрт 1 500 000 төгрөг, хүүгийн төлбөрт 476 053 төгрөг, нийт 1 976 053 төгрөгийг зээлдүүлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна. (хх 6 тал)  

Зээл авснаас хойш хариуцагч Б.Ж, Ж.М нар нь зээлийн эргэн төлөлтөд:

- 2020 оны 02 сарын 21-ний өдөр 165 000 төгрөг /үүнийг хариуцагч Ж.М төлсөн талаарх баримттай/,

- 2020 оны 03 сарын 26-ны өдөр 165 000 төгрөг /үүнийг хариуцагч Ж.М төлсөн талаарх баримттай/,

- 2020 оны 04 сарын 28-ны өдөр 173 566 төгрөг /үүнийг хариуцагч Ж.М төлсөн талаарх баримттай/,

- 2020 оны 06 сарын 12-ны өдөр 189 000 /181000+8000/ төгрөг,

- 2020 оны 07 сарын 06-ны өдөр 154 000 төгрөг,

- 2020 оны 08 сарын 14-ний өдөр 594 250 төгрөг /үүнийг хариуцагч Ж.М төлсөн талаарх баримттай/, нийт 1 440 816 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар болон зээлийн дансны хуулга, хариуцагч Ж.М-н ХААН банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна. (хх 1, 18, 20-28 тал)

Нэхэмжлэгч “Б” ББСБ ХХК нь дээрх төлөлтүүдийг гэрээний үүрэгт тооцохдоо үндсэн зээлийн төлбөрт 1 069 801.33 төгрөгийг, зээлийн хүүгийн төлбөрт 367 260.51 /хүүгийн авлагад 170 945.15 ₮ + хүүгийн төлбөрт 196 315.36 ₮/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3 754.16 төгрөгийг тус тус төлсөн гэж тооцож, үлдэгдэл төлбөр буюу үндсэн зээлийн төлбөрт 430 198.67 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 165 529.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 105 177.53 төгрөгийн, нийт 700 905.53 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тооцсон байна. (хх 1, 28 тал)

Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн тооцоо болон зээлийн гэрээний үүрэгт төлөх мөнгөн дүнгийн талаар маргадаггүй боловч харилцан бие биенийгээ зээлийн гэрээнд заасан үүргийг биелүүлэх ёстой гэж татгалзаж, хоорондоо маргаж байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заажээ.

Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу “Б” ББСБ ХХК нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх тул хариуцагч Б.Ж, Ж.М нараас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг ...хүлээнэ” гэж, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.4-т “Зээлдэгч зээлийн үлдэгдлээс тооцсон зээлийн үндсэн хүүг сар бүр, үндсэн зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр төлнө” гэж, 2.2.1-д “зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг гэрээний 1.3, 1.5, 1.6-д зааснаар төлөх” гэж тус тус зааснаар хариуцагч Б.Ж, Ж.М нар нь зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч Б.Ж, Ж.М нар нь нэхэмжлэгч компаниас авсан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 430 198.67 төгрөгийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй байх тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Иймд хариуцагч Б.Ж, Ж.М нараас зээлийн гэрээний үүрэгт төлөх 700 905.53 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу хариуцагч Б.Ж-с 350 452.76 төгрөг, хариуцагч Ж.М-с 350 452.76 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25 990 төгрөгөөс 21 372 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогод илүү төлсөн 4 618 төгрөгийг буцаан гаргуулж, мөн хариуцагч Ж.М-с улсын тэмдэгтийн хураамжид 21 372 төгрөгийн 50 % болох 10 686 төгрөг, хариуцагч Б.Ж-с үлдэх 50 % болох 10 686 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Ж-с 350 452.76 /гурван зуун тавин мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ж.М-с 350 452.76 /гурван зуун тавин мянга дөрвөн зуун тавин хоёр төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б” ББСБ ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 990 төгрөгөөс 21 372 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогод илүү төлсөн 4 618 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Б.Ж-с улсын тэмдэгтийн хураамжид 10 686 /арван мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг, хариуцагч Ж.М-с 10 686 /арван мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Б” ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА