Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/266

 

 

 

 

 

     2024          04          05                                     2024/ШЦТ/266

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Отгонпүрэв,

Улсын яллагч: Б.Солонго,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405002870143 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,

   Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Кровн нэртэй баарны орчим иргэн ***г “автомашинаа холдуулсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, уруулын зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө найз ***тэй хамт Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 29 дүгээр байр буюу ***гийн гэрт 3 шил сөжү хувааж уугаад 02 цаг 40 минутын орчимд дуудлагын жолооч ирээд би гарсан юм. ...дуудлагын жолооч миний машиныг тухайн зогсоолоос гаргаад өөрийн машиныг оронд нь тавихаар миний машиныг урагшлуулаад зогсоолын хаалтан дээр аваачиж тавьчихаад буусан. Гэтэл тухайн зогсоолын гадаа хар өнгийн Кровн маркийн 17-03 УЕК маркийн автомашинтай 25 орчим насны залуу ирээд гэрлээрээ дохихоор нь би бууж очоод “би уучихсан байгаа юм, дуудлагын жолооч машин тавьчихаад ирнэ” гэж хэлэхэд нөгөө залуу “аан за” гэж хариулсан. Түүнээс 3-4 орчим минутын дараа нөгөө залуу дахин гэрлээрээ дохиод сигналдаад тулж ирээд зогсохоор нь би бууж очоод “Чи жаахан хүлээж байгаач одоо ирж байна” гэж хэлчихээд гараараа зааж хэлээд байж байтал тухайн залуу “машинаа аваад зайлаач” гээд шууд миний нүүрэн тус газарт 2 удаа цохисон бөгөөд би толгойн ар дагз хэсгээрээ савж унаад босож ирээд цагдаад дуудлага өгтөл дахин “чи яахаараа цагдаа дууддаг юм” гээд нүүрэн тус газарт маань 2 удаа цохисон. Тухайн залуугийн ард байсан машинаас 1 эрэгтэй, 1 эмэгтэй хүн гарч ирээд тухайн залууг болиулаад аваад явцгаасан. Тэгэхээр нь би найз *** рүүгээ залгаж дуудсан. ...кровнтой залуу дахиж гүйж ирээд миний нүүр рүү нэг удаа гараараа цохид хэвлий хэсэг рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 7, 10-11/,

Гэрч Б.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*** бид хоёр сөжү уугаад гэртээ харихаар гараад удалгүй “найз нь хүнд зодуулчихлаа” гэхэд нь гараад очиход *** манай байрны гадна зогсож байсан бөгөөд хамар нь далийчихсан улайчихсан байхаар нь “юу болов яасан” гэхэд *** гадаа зогсож байсан хар үслэг куртиктэй, сахалтай, биерхүү том биетэй, шар залууг заагаад тэр залуу цохьчихсон гэхээр нь тухайн залуутай эвээр ярих гээд очиход нөгөө залуу “миний төрсөн өдөр байгаа юм, найзуудтайгаа бүжиглэх гээд иртэл ийм юм болчихлоо” гэх мэт зүйл ярьсан бөгөөд амнаас нь архи үнэртсэн согтуу байсан. ....тухайн залуутай ярилцаж байхад *** ирээд “чи намайг зодсон биз дээ” гэхэд нөгөө залуутай ярилцаж байхад нөгөө залуу “чи ямар шалчигнасан юм бэ” гээд ***гийн нүүрэн тус газарт нэг удаа цохихоор нь би дундуур нь ороод салгаж байтал дахин нэг удаа ***гийн нүүрэн тус газарт нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ***ий төрсөн өдөр байсан юм. Тухайн өдөр би *** болон ***ий найз, түүний найз охины хамт хоёр машиндаа хуваагдаж суугаад хорооллын Кровн нэртэй баар руу орохоор явж байсан. ...*** өөрийн хар өнгийн Кровн автомашиныг унаж байсан. ...гэтэл тухайн байрны гадна хаалгыг приус маркийн автомашин тагалчихаад зогсоод байсан тул *** машинаасаа буугаад очсон. Удалгүй буцаж ирээд дахин машиндаа сууж хүлээсэн. ...дахин буугаад гарахад нь би хэсэг хугацаанд утсаа оролдоод ямар нэгэн зүйл анзаараагүй байж байтал машиндаа суугаад шууд хөдлөөд намайг гэрт хүргэж өгөөд явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нийт 2.484.000 төгрөгийн зардал гарсан байна. ...***ээс уг зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарын төрийн сан банк дахь 100900020020 дугаартай дансанд нийт зардлыг төвлөрүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-н 69/,

Шинжээчийн 413 тоот дүгнэлтэд: “...***гийн биед хамар ясны хугарал, хамар, уруулын зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэжээ. /хх-н 30-31/,

Ялллагдагчаар ***ий мөрдөн байцаалтад өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...цээж рүү түлхээд байхаар нь би баруун гараараа нүүрэн тус газарт нь 1-2 удаа цохисон. ...тухайн залуугийн сууж явсан машины ойролцоо очоод дахин нүүрэн тус газарт нь 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 62-63/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирлын баримтууд /хх-н 35-47/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 49-53, 71-72, 76-97/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Кровн нэртэй баарны орчим иргэн ***г “автомашинаа холдуулсангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар, уруулын зөөлөн эдийн няцрал, хамар, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Б.***, *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***гийн нүүрэн тус газарт цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь хавтаст хэрэгт эмчилгээ хийлгэсэн болон бусад зардалд гарсан 1.583.316 төгрөгийн баримтыг хавсаргасан, шүүгдэгч нь хохирогчийн дээрх баримттай хохирлыг барагдуулаагүй тул хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хөнгөн хохирол нь хоёрдугаар зэрэглэлд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.300.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч болон хохирогч хүлээн зөвшөөрсөн ба сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу заавал шинжээч томилох шаардлагагүй болно.

Хохирогч нь дээрх гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх болон хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа жич бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолтой, хохирогчийн хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хохирогч *** нь тухайн гэмтлийн улмаас эрүүл мэндийн даатгалаас 2.484.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж хуульчилжээ.

Иймд хохирогчийн эмчилгээ, боолт хийлгэх зэрэгт эрүүл мэндийн даатгалын байгууллагаас гарсан баримтаар тогтоогдож байгаа 2.484.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020020 дансанд оруулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 2.484.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс хавтаст хэрэгт баримтаар авагдсан 1.583.316 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3.300.000 төгрөг, нийт 4.883.316 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  7. Хохирогч *** нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР