| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00326/И |
| Дугаар | 155/ШШ2021/00542 |
| Огноо | 2021-05-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2021/00542
| 2021 оны 05 сарын 14 өдөр | Дугаар 155/ШШ2021/00542 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Отгонбямба, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х... аймгийн А... сумын ... дүгээр багт оршин суух, ... овогт .... .... (Р....)-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х... аймгийн Э.... сумын .. дугаар багт оршин суух, Мэргэд овогт Б-ийн Б (Р...)-д холбогдох,
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай 155/2021/00326/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.С..., нэхэмжлэгч Ж.Э..., хариуцагч Б.Б..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т..., хариуцагчийн өмгөөлөгч Д.У..., иргэдийн төлөөлөгч П.Д... нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э... шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие иргэн Б.Б-д 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зодуулж биедээ гэмтэл авч хохирсон юм. Гэмтэл авсан нь шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Ц-ийн дүгнэлтээр тогтоогдсон юм.
Иймд Б.Б-аас Улаанбаатар хот явсан замын зардал, бусад эмчилгээний зардалд 3,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б-д зодуулснаас болж миний хавирга хугарсан. Энэ нь шүүх шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон. Би Б-аас хохирлоо гаргуулмаар байна. Т гэж хүнээр мөрөнд таксидаж нааш цааш эмчид үзүүлж явсан. Энэ хүнд 110.000 төгрөг өгсөн. А гэж хүний машинтай бас таксидаж явсан. Энэ хүнд 130.000 төгрөг төлсөн. Мөн А-г машинтай нь хөлсөлж явж 500.000 төгрөгөөр явсан. Тархины томографикт 280.000 төгрөг, толгойн рентген зураг 100.000 төгрөг, хавирганы рентген зураг 350.000 төгрөг, мөрний рентген зураг 350.000 төгрөг, үлдэгдэл 1.680.000 төгрөгийг эм тариандаа зарцуулаад нийт 3.500.000 төгрөгийн хохирол учирсан. Зүрхний эм, зүрхний тариа өвчин намдаах наалт зэргийг хэрэглэж байсан. Прокурор Б.Б-г суллачихаад байдаг юм. Би гомдол гаргаж өгч байсан. Тэгэхээр л Б-д хамаагүй гээд хэрэгсэхгүй болгочихоод байгаа юм. Би маш их гомдолтой байна. Хохирлыг минь төлүүлж өгөөч гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Б нь Ж.Э-г зодож гэмтэл учруулчихсан л юм байгаа юм. Шүүхийн шийтгэх тогтоол дээр энэ талаар бичсэн байгаа. Хохирлыг нь төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б-ийн Б нь Ж-ын Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Б.Б нь Ж.Э-г зодож биед нь гэмтэл учруулаагүй. Энэ хүнийг би танихгүй. 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр би ах Б, бэр эгч О нарын хамт М суманд Даншиг наадам үзчихээд гэртээ харих гээд машиндаа суучихсан байсан чинь энэ хүн хүмүүстэй ирж ах, эгч хоёрыг машинаас чирч буулгасан. Би тэр үед юу болоод байгаа юм бэ гээд машиныхаа цонхыг буулгасан чинь Э гэдэг хүн чи О-ын хоёр дахь нөхөр нь үү гэж хэл амаар доромжилж, машин тэрэг рүү цүнхээрээ цохиод байсан. Бас намайг заамдаж аваад хувцсыг маань урсан. Би тухайн үед тэр хүний биед огт гар хүрээгүй. Өөрөө л хүн болгон руу дайраад байсан. Би ээж шигээ хөгшин настай хүнийг зодохгүй. Хэрвээ би энэ хүнийг зодсон бол тухайн үед цагдаа дуудаж надад хариуцлага хүлээлгэх байсан байх. Намайг цагдаагийн газраас дуудаж хариуцлага хүлээлгэсэн зүйл байхгүй. О эгч манай бэр болоод 4 жил болох энэ хугацаанд бэр эгчийн хадам ээж нь гэх хүн гэр бүлийнх нь хүмүүсийг байнга цагдаа дуудаж өгч мөнгө төгрөг нэхдэг гэж ярьдаг байсан. Тэр хүн нь Ж.Э байсан юм байна лээ. Ямар учиртайг нь мэдэхгүй надаас иймэрхүү байдлаар байнга мөнгө нэхдэг. Би энэ хүнийг зодож биед нь гэмтэл учруулсан зүйл байхгүй учраас нэхэмжилж байгаа мөнгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би ээж шигээ хөгшин хүнийг юун зодох юм бэ. 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр даншиг наадам үзээд машинтай явж байтал энэ хүн хүүхдүүдтэйгээ ирээд бэр эгч манай ахтай маргалдаж, цүнхээрээ машин тэрэг цохиод байсан. Би хараад зогсож байсан. Намайг аймгийн цагдаа дээр хэд хэдэн удаа энэ хүнийг зодсон уу гэж асууж байсан.Мөн манай суманд очиж нэг удаа байцаалт авсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Энэ хүний хүүгийн эхнэр нь нөхрөөсөө салаад манай ахтай суусан юм.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Б нь Ж.Э-г зодсон талаар нотлогдсон зүйл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч П.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Б нь Ж.Э гэх хүнийг зодоогүйби энэ хүнд гар хүрээгүй гэж байна. Б.Б нь нэхэмжлэгч Ж.Э-д 3.500.000 төгрөг төлөх шаардлагагүй гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Б.Б-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Ц-ийн дүгнэлт гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Т-д 110.000 төгрөг (М-д таксидаж нааш цааш эмчид үзүүлж явсан), А-д 130.000 төгрөг (М-д машинтай бас таксидаж явсан), А-д 500,000 төгрөг (машинтай нь хөлсөлж Улаанбаатар хот руу явсан) тус тус төлсөн, Тархины томографик зураг 280.000 төгрөг, толгойн рентген зураг 100.000 төгрөг, хавирганы рентген зураг 350.000 төгрөг, мөрний рентген зураг 350.000 төгрөгөөр тус тус авахуулсан, 1.680.000 төгрөгийн эм тариа авч хэрэглэсэн бөгөөд нийт 3.500.000 төгрөгийн хохирол учирснаа Б.Б-аас гаргуулна гэж тодруулсан байна.
Хариуцагч би энэ хүнийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Хэрэгт:
Улаанбаатар хот, Баянпэл ХХК-нийн эмнэлэг гэх тамга дарагдсан 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Мэдрэл онош бичигдсэн баримт 1 хуудас (эх хувь), 1 хуудас (хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Люкс мед эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Ж.Э-, 55 настай, эмэгтэй. Баруун мөрний үений 2 байрлалын рентген зурагт: Мөрний үений гадаргуу жигд, үений зай хэвийн. Үе үүсгэж буй яснуудад хугарлын болон деструкци өөрчлөлтгүй. Зөөлөн эдэд нэмэлт сүүдэр тодорхойлогдохгүй... Дүгнэлт бичсэн эмч Х.Т,
Тархины тодосгогчгүй MRI шинжилгээ... ... дүгнэлт бичсэн эмч У.Б,
Хавирга ясны 2 байрлалын рентген зурагт: ... ... дүгнэлт бичсэн эмч Х.Т гэх бичилт бүхий 3 хуудас баримт (эх хувь),
Зүрхний бичлэг хийсэн 3 хуудас баримт (эх хувь),
Худалдан авалт хийсэн НӨАТ-ийн баримт 13 хуудас,
Ц овогтой Т нь 2019 оны 7-р сарын 27-ны өдрөөс 8-р сарын 6-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сум дотор өөрийн эзэмшлийн .... ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ж овогтой Э-д өдрийн 10,000 төгрөгөөр тохирч үйлчилгээнд явсан нь үнэн. Үйлчилгээний хөлс нийт 110,000 төгрөгийг бүрэн хүлээж авсан нь үнэн гэх бичилттэй 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тодорхойлолт 1 хуудас баримт (нотариатчаар гэрчлүүлсэн),
Д овогтой А би ...9-73 дугаартай приүс машинаараа Х-с Улаанбаатар хот руу ирэх очихын бензин 250,000 төгрөгөөр хийж 500,000 төгрөг авч тохиролцон явж өгсөн нь үнэн гэх бичилттэй Д.А-аас гаргасан тодорхойлолт 1 хуудас баримт (нотариатчаар гэрчлүүлсэн),
Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч Б.Ц-ийн дүгнэлт 3 хуудас баримт (Х... аймгийн Прокурорын газар Эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Ж.Э-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 2019 оны 7-р сарын 27-ны өдөр О, Б нарт зодуулж гэмтсэний улмаас 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 6-ны хооронд 11 хоног 10,000 төгрөг Мөрөн дотор такси хөлсөлж явсан. Мөрөн эмийн сангаас 207,460 төгрөгийн эм авсан... ... Гомдол гаргасан: Х аймаг А сумын 1-р багийн иргэн Ж.Э гэх бичилт бүхий хохирол гаргуулах гомдол 1 хуудас баримт (эх хувь),
Нэр Э, Нас .., ..., Яс үндэс Д, Тогтмол хаяг А сум гэх бичилттэй амбулаториор эмчлүүлэгсдийн карт 13 хуудас баримт (нотариатчаар гэрчлүүлсэн),
Хариуцагчаас Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/317 дугаар дугаартай Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, Улсын яллагч Ч.Батзориг, хохирогч Х.Ганзориг, хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д, Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар... ...гэх бичилттэй шийтгэх тогтоол 4 хуудас баримт (Шүүхийн тамгын газрын архивын Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 356 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол 1 хуудас баримт (Хөвсгөл аймгийн Прокурорын газар Эрүүгийн хэргийн салбар архивын Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), зэрэг баримтуудыг тус тус ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Ж.Э нь 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Б.Б-д зодуулснаас биед нь гэмтэл учирсан болох нь нотлогдохгүй байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
Хуулийн дээрхи зохицуулалтаас үзвэл иргэн өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлоо гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй төдийгүй гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах үндэслэл нь зөвхөн хуульд заасан, эрх зүйн хэмжээнд тусгагдсан, хууль дээдлэх, шударга ёсны зарчимд нийцсэн, эрх бүхий байгууллагын хууль ёсны үйл ажиллагаагаар баталгаажсан байхыг шаарддаг.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.Э-ийн биед хариуцагч Б.Б-ийн гэмт үйлдлийн улмаас хохирол учирсан болох нь эрх бүхий байгууллагаар тогтоогдож шийдвэрлэгдсэн зүйлгүй тул нэхэмжлэгч Ж.Э нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг Б.Б-с шаардах эрхгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх Ж.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Ж.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70,950 (далан мянга есөн зуун тавь) төгрөг төлсөн бөгөөд Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар Ж.Э-ийн нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Э-ийн нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 (далан мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА