Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/00583

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/00583

Хөвсгөл аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн Х тосгоны шинэ хаягаар Д 6 тоотод оршин суух, И овогт Ш-ын Т (Р...)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Х тосгоны төв, ... дугаар хороонд байрлах, Х-ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд холбогдох,

2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Ш.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ш овогтой Т миний бие Х аймгийн М хотод 19.. онд төрсөн. Нөхөр 1 охин, 3 хүү, 2 зээ охины хамт Х аймгийн Х тосгонд оршин суудаг.

Х аймгийн М-д ЕБС, УБ хотод МУИС, Хөдөлмөрийн дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшсэн. Төрийн удирдлагын магистрын зэргийг хамгаалсан.

Х-ийн УТХГ-ын Хамгаалалтын Захиргаанд 2002 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчоор өдийг хүртэл үр бүтээлтэй, үнэнч шударга, үлгэр дуурайлалтай, мэргэжлийн ур чадвартай, мэргэжил нэгт нөхдөдөө үнэлэгдэн, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн стандартууд, бусад холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд ажилласаар ирсэн билээ. Ажилд орсон цагаас 8 дахь даргатайгаа хамтран ажиллаж аливаа зөрчилгүй ажилласан.

2019 оны 8 сарын 19-нөөс эхлэн манай байгууллагын дарга солигдож, даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.И томилогдсон. Уг хүн нь Хөвсгөл аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт ажиллаж байгаад халагдсан, тухайн үедээ БОАЖЯ-ны ТХНУГ-ын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.С (Одоо БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч)-ийн оюутны ангийн найз томилогдон ирсэн. Ирсэн өдрөөсөө эхлэн албан хаагч биднийг дарамтлан, сүүлдээ бид гэртээ харьж хонохоос бусад тохиолдолд шоронд байгаа мэт дарамт, доромжлол доор байсаар өдийг хүрсэн. Бидний хувийн орон зайд халдах, ажлын өрөөнд нэгжлэг хийх, биед нэгжлэг хийх, ажлын компьютер рүү болон өрөөнүүд дотор камер тавих, байнга хурал хийж загнаж, хашгирч доромжлох, утас нэгжих, фейсбүүк хаягийг хакердуулах, авлигал авч албан тушаалд томилох, дарамтлан өргөдөл бичүүлж ажлаас халах, өөрийн оюутны ангийн, багын найз болох төрийн албанд огт ажиллаагүй, төрийн албаны шалгалт өгөөгүй хүмүүсийг мэргэжилтэн болон гэрээт байгаль хамгаалагчийн албан тушаалд томилон өөрийгөө хүрээлүүлэн ажилчдыг Ёс зүйн зөвлөл, Дотоод аудитын комисс гэх мэт зөвлөлд оруулан өөрт хэрэгтэй дүгнэлтүүдийг гаргуулан дарамтлах, өөрөө болон өөрийнх нь томилсон найз нөхөд, жолооч нь ажилдаа ирдэггүй, ажлаа фейсбүүкийн групп чатаар явуулдаг, албаны машиныг хувьдаа ашиглаж байгууллагаас их хэмжээний шатахуун хэрэглэн үргүй зардал ихээр гаргадаг, гэрээтэй дэлгүүрүүдээс мөнгөн аяга, архи тамхи зэрэг аялал зугаалга бэлэг дурсгалын зүйлүүд их хэмжээгээр авдаг зэрэг төсвийн зардлын ангилал зөрчих, хориглосон үйлдэл, ёс зүйн зөрчил ноцтойгоор гаргасаар ирсэн. Энэ бүхнийг тэвчиж ажиллаж байсан.

2021-03-11-ний өдөр намайг ажлаас гэнэт халсан юм. Халахаасаа 10 минутын өмнө өрөөндөө ажлаа хийгээд сууж байтал даргын зөвлөлийн хурал болж байна. Таныг ороод ир гэж байна гэхэд яваад ороход даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.И Тантай хамтран ажиллахгүй. Яасан их шалгуулдаг юм бэ?. Та өргөдлөө өг. Эсхүл би шууд хална. Тийм л 2 сонголт байна. гэсэн. Миний бие ямар үндэслэл, шалтгаан байгааг асуухад Ерөөсөө л хамтарч ажиллахгүй. Гэрээг чинь сунгахгүй. гэсэн тайлбар хэлсэн. Би ямар нэгэн хууль зөрчсөн асуудал гаргаагүй тул өргөдөл өгөхгүй гэдгээ хэлсэн. Тэгвэл халах тушаалаа ав гээд гаргасан.

Тухайн өдөр Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2019-2020 оны санхүүгийн баримтад иргэдээс өгсөн өргөдөл гомдол, цагдаагийн байгууллагын хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу шалгалт орох байсан. Уг шалгалтын удирдамжийг 2021-03-04-ний өдөр даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.И-д танилцуулан цохолт хийлгэсэн байсан юм. 2021 оны 03 сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга В.Н болон бусад албан хаагч нар ирж баримт авах гэсэн боловч баримтаа өгөхгүй тэдний зүгээс хуулийн байгууллагад хандсан. Прокурорын зөвшөөрөлтэй авлигал, эдийн засгийн холбогдолтой цагдаагийн шалгаж буй хэргүүдэд орох материал их байгаа бөгөөд харьяалагдах яамнаас зөвшөөрөл авна гэх зэргээр өмнө нь 2020 оны 8 дугаар сард мөн ийм шалгалтыг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.И өөрийн хүсэлтээр оруулж байсан бөгөөд тухайн шалгалтаар гарсан 1 акт хүчингүй болсон тул хуулийн дагуу Санхүүгийн улсын ахлах байцаагчийн -дүгнэлт гарч дахин шалгах тухай албан бичгээр мэдэгдсэн байсан. Мөн иргэдийн гомдол хүсэлтийг нэгтгээд ирсэн Төрийн хяналт шалгалтын ажлыг саатуулж, өөрийн баримтаа шалгуулахаас татгалзаж, Цагдаад баримт байгаа тул үзүүлэх баримт байхгүй, 3 сарын 15 хүртэл хойшлуулж өгөөч гэх зэрэг шалтгаан хэлсээр байгаа нь баримтыг устгах, өөрчлөх, хууль бус үйлдлээ нуух гэсэн оролдлого гэж үзээд хяналтын улсын байцаагч нар цагдаад хандсан байсан. Аймгийн цагдаагийн газраас прокурорын зөвшөөрөл авч шалгаж буй баримтыг өгөхгүй өөрөө зугтаан, ажилдаа ирэхгүй, утсаа авахгүй, албан хаагч нартаа баримт өгч болохгүй гэсэн заавар өгч, мэдээлэл өгч болох ахмад ажилчдыг 1 сарын цалинтай чөлөө олгон холдуулах, ашиг сонирхол бүхий өөрийн даган баясагчдыг ээлжийн амралт өгөн холдуулах зэргээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчин том толгойлж байгааг та зохих хууль хяналтын байгууллагаас мэдээлэл авч болох юм.

Миний хувьд хууль зөрчсөн үйлдэл огт гаргаагүй тул энэ шалгалтын дүнг сонсож нэр төрөө сэргээгээд ажилдаа буцаж орох, эсхүл албан ёсоор ажлаа дараагийн нягтлан бодогчид хүлээлгэн өгөөд шүүхэд нэхэмжлэлээ гаргая гэдгээ намайг халах тухай санал тавьсан хурал дээр хэлээд гарсан. Өрөөндөө орж өөрийн хувийн эд зүйлийг цаасан хайрцагт хийгээд, лацдаж чадалгүй сейфээ цоожлоод, өрөөнд камер байгаа тул найдаад ажлын хэрэгцээнд ашигладаг зөөврийн компьютерийг аваад гарсан.

Замдаа сэтгэл санаагаа сэргээх гэж далайн эрэгт жаахан зогсож, сэтгэл санаагаа цэгцлээд гэртээ иртэл миний нөхөрт дугтуйнд битүүмжилсэн Ажлаас чөлөөлөх мэдэгдэл огноо бичигдээгүйгээр, Ажил хүлээлцэх комисс томилох тушаал", Ш.Т-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэсэн тушаалын хамт авчирч өгсөн байсан. Түүнийг уншиж танилцаж байтал Х тосгоны цагдаагийн хэсгийн төлөөлөгч М.Э-д орж ирсэн. Та байгууллагаасаа эд зүйл авч зугтаасан юм уу, даргаас тань албан бичиг ирлээ гэсээр орж ирсэн. Манай гэр камертай бөгөөд хэсгийн төлөөлөгч орж ирээд миний хувийн эд зүйлсийг шалгаад, таны хувийн эд зүйл л байна даа гээд гайхаж байсан. Та ажлынхаа компьютерийг л өгөх юм байна гэсээр явсан. Тэр өдрөөс эхлээд орон нутгийн болон нийтийн фейсбүүкийн цахим сүлжээгээр амралтын өдрүүдээр миний ажлын байрыг 2021 оны 3 сарын 15-нд шалгаруулахаар зарласан. Эдгээр зүйлүүд 1 цагийн хугацаанд болж өнгөрсөн бөгөөд ажил тарахын өмнө ажлаас чөлөөлчхөөд 1 цагийн дотор ажил хүлээлц гэж тулган шаардсан ба урдаас төлөвлөн зохион байгуулсан мэт сэтгэгдэл төрж байсан. Намайг халсан тушаалд заасан хуулийн заалтууд нь:

1.    Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн:

16.5.1   төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах;

16.5.4.  төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх,

2.    Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн

38.1.2.  ажил олгогч санаачилсан

40.1.5 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;

3.1.1   Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1 дэх заалт

^

2.1.1.    үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль, бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх зарчмыг илэрхийлэн сахина; гэсэн байна.

Эдгээр нь үндэслэлгүй бөгөөд миний хувьд үүнийг дараах хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

1.            Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1; 16.5.4 дэх заалт нь ажлаас иргэн халах чөлөөлөхөд огт хамааралгүй хууль буруу хэрэглэсэн;

2.          Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэсэн заалтыг зөрчсөн, гэрээний хугацааг 30 хоногийн дотор сунгаагүй бол үргэлжилсэнд тооцно гэсэн заалтуудыг зөрчсөн;

3.          Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж үзэж байгаа нь худлаа ба миний талаар гомдол санал ирж, байгууллагын ёс зүйн хурлаар орох, шүүхээр таслагдсан асуудал гарч байгаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт 40.1.5 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн заалтыг илт гуйвуулан ашигласан, гэм буруутайг тогтоогоогүй хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн;

3.          Манай байгууллагын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.И нь төрийн албаны хориглох зүйлүүдийг биднээс шаарддаг ба хууль бус үйлдлийнх улмаас цагдаагийн байгууллагаас хууль сануулан байгууллагын санхүүгийн баримтаас хэргийн материалд нотлох баримтуудыг үнэн зөвөөр гаргаж өгсний төлөө дарамталж ажлаас халсан нь дараах хуулийн заалтуудыг зөрчөөд байна. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-ийн

39.1.Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

39.1.1.                албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах;

39.1.2.                албаны эрх мэдлээ хэтрүүлэх;

39.1.3.                хуульд нийцээгүй шийдвэр гаргах;

39.1.4.                албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах;

39.1.11.албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;

39.1.15.төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тухайн ажлын байранд томилгоо хийх;

4.            Сангийн сайдын 2012-12-28-ны өдрийн 294 тоот тушаалаар баталсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх журам-ын 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар Улсын төсвийн ерөнхий нягтлан бодогчийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга Сангийн сайдтай зөвшилцөн; томилох, чөлөөлөх гэсэн заалтыг зөрчин 2 дугаар гарын үсэг зурах, төсөв захиран зарцуулах эрх бүхий нягтлан бодогчийг шууд чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчин албан тушаалаа хэтрүүлэн ашигласан;

5.            Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.1 дэх заалтыг зөрчсөнөө нотлоогүй, хэрэв ёс зүйн зөрчил гаргасан бол нотлон Ёс зүйн зөвлөлийн шийдвэр гарсан байх заалтыг огт хэрэгжүүлээгүй нотлоогүй тогтоогдоогүй тул мөн хуулийн үндэслэл буруу хэрэглэсэн, Засгийн газрын тогтоолын нэр болон заалтыг буруу хэрэглэсэн;

6.            Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа огт явуулаагүй, ямар нэгэн мэдэгдэл тайлбар өгөөгүй, огноо дугааргүй батлагдсан маягт загваргүй мэдэгдэх хуудас гэх зүйл ашигласан зэргээр иргэн миний хууль ёсны эрхэд ноцтойгоор хандаж хууль эрх зүйн чадамжгүй актаар ажлаас халсанд гомдолтой байгаагаа уламжилж байна.

Миний бие ажилд орсон цагаасаа өөрийгөө хөгжүүлэн, байгууллага хамт олонд сурсан мэдсэнээ харамгүй зааж зөвлөж, өөрийн мэргэжил ур чадварыг дээшлүүлэн байгууллагын болон ижил төстэй 30 УТХГ-уудын нягтлан бодогч, орон нутгийн нягтлан бодогч нартаа туршлагаа хуваалцан, зөвлөлдөн, багаараа хамтран ажиллаж олон ажлуудыг үр бүтээлтэй гүйцэтгэсэн. Үүнийг минь үнэлэн Байгаль орчны жуух, Байгаль орчны тэргүүний ажилтан, Санхүү банкны тэргүүний ажилтан, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан, Хөвсгөл аймгийн тэргүүний ажилтан, Залуучуудын зүтгэлтэн, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль зэргээр шагнуулах, Төрийн аудитын байгууллагаас 2 удаа "Итгэмжлэл-ээр итгэмжлэгдэх, байгууллагын аварга, Х тосгоны Шилдэг нягтлангаар удаа дараа шалгарч амжилт гаргасан.

Ажлын хажуугаар ШУА-ын эрдэмтэдтэй хамтран Х нуурын аялал -жуулчлалын нөөц, даацын судалгаа, Хөвсгөлийн БЦГ-ын байгаль, нийгэм, эдийн засгийн судалгаа, Даян дээрхийн БДГ-ын ангилал дээшлүүлэх өргөтгөлийн ажлын судалгаа зэрэгт доктор Д.Э, доктор О нарын хамтаар хийж гүйцэтгэж байсан.

Хөвсгөл нуурт живсэн Дыбовский онгоцыг гаргахад яамнаас томилсон өөрийн багийг зөв удирдан зохион байгуулж богино хугацаанд нуураас гаргаж, тухайн үеийн Засгийн газрыг олон улсын арбитрийн шүүхэд очихоос сэргийлж байсан.

Боловсрол мэдлэгээ байнга дээшлүүлж, шинэ мэдээллээр өөрийгөө хөгжүүлж, цаг үеэсээ хоцрохгүйгээр мөр зэрэгцэн явж, аливаа тайлан, мэдээг цаг алдалгүй хэрэгжүүлж хэвшсэн.

Төрийн албаны зөвлөлийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны салбар зөвлөл эрх зүйн чадамжгүй бүх дарга нар түр орлон гүйцэтгэгч байгаа тул ийнхүү шүүхэд хандан Хөвсгөлийн УТХГ-ын Хамгаалалтын Захиргааны даргын албан үүргийг тур орлон гүйцэтгэгч Х.И-ийн гаргасан 2021 оны 03 сарын 11-ны өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, миний бие Ш.Т-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.265.570 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 440.852 төгрөгийг нийт 3.706.422 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Би өөрөө нягтлан хүний хувьд тооцсон. 2020 оны 12 дугаар сард нэмэгдэл цалин гарсан учир энэ нь миний сарын үндсэн цалин биш юм. Энэ сарын миний үндсэн цалин 1.211.017 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын цалин 1.206.630 төгрөг, 2 сарын цалин 1.204.130 төгрөгөөр тус тус бодогдсон байгаа. Үүнээс би тооцож гаргасан юм. Дундаж цалин хөлс тооцох журмын дагуу тооцоогүй учир үүнийг тэр журмаар тооцоход миний хувьд татгалзах зүйлгүй зөвшөөрч байна. Миний хувьд итгэл алдсан зүйл байхгүй. Яагаад гэнэт халсныг мэдээгүй, ойлгоогүй учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлээ тайлбарлах зорилготой нуршуу бичсэн. Итгэл алдсан зүйл байхгүй учир ажлаас халсан тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байна... Цаашид хамтран ажиллахад дарга бид хоёрын хувьд тохирохгүй зүйл байхгүй байх гэж бодож байна....Миний хувьд нэхэмжлэлд дурдсан цалин мөнгөө аваад, нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлж, ажилдаа эгүүлэн тогтоолгосон тохиолдолд эвлэрэх боломжтой...Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд төлөх ёстой 141.233 төгрөгийг би төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Хариуцагч Х.И шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Х.И нь нэхэмжлэгч Ш.Т-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Би Х-ийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын захиргааны даргын түр орлон гүйцэтгэгчээр Байгаль орчин аялал жуулчлалын сайдын Б/33 дугаар бүхий тушаалаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр томилогдон, өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Намайг Х-ийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын захиргааны Түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах үед нягтлан бодогчоор Ш.Т ажиллаж байсан ба би түүний хууль бус асуудлыг эхэн үедээ мэдээгүй. Хамтарч ажиллах явцад нягтлан бодогчийн хууль бус үйлдлүүд удаа дараа илэрч байсан тул эхэн үедээ ажил олгогчийн зүгээс алдаа зөрчил дутагдлаа засаж ажиллахыг анхааруулж байсан. Ш.Т иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдахдаа намайг албан хаагчдаа ажлын байрны дарамт үзүүлдэг, доромжилдог гэснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Удирдлага хүн хуульд нийцсэн үүрэг даалгаврыг өгч ажиллаж байгаа нь олон жил дураараа өөрийнхөөрөө байж сурсан Ш.Т-д дарамт шахалт үзүүлж байгаа мэт санагддаг юм байна. Өөрийнх нь хууль бус, ёс зүйгүй үйлдлийн талаар өөрт нь удаа дараа сануулан энэхүү үйлдлээ таслан зогсоох, сахилга баттай байх, төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд хууль дүрэм, байгууллагын дотоод журам, нягтлан бодогчийн мэргэжлийн ёс зүйг сахиж ажиллахыг сануулж байсан. МУ-ын Засгийн газрын 311 дүгээр тогтоол, удирдах дээд байгууллагаас гаргасан хууль эрх зүйн хүрээнд Хамгаалалтын захиргааны даргын 2020 оны 06 сарын 09-ний өдрийн баталсан удирдамж байгууллагын дотоод хяналтын нэгжийн төлөвлөгөөний дагуу санхүүгийн үйл ажиллагаанд хяналтыг хийж 2020 оны 06 сарын 26-ны өдрийн дотоод хяналтын дүгнэлтээр байгууллагын төсвийн зарцуулалттай холбоотой зөрчлийг илрүүлэн хугацаатай үүрэг өгч байсан ба тухайн хяналтаар санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэлт дутуу, баримт материалууд нь зөрчилдсөн тодорхойгүй олон асуудлууд гарснаас дурдвал хог хаягдлын үйлчилгээний хураамж захиран зарцуулах хамтарсан гэрээний орлогын 20 хувийн зарцуулалтын баримт 124 хуудас баримтыг шалгахад 17,764,480 төгрөгийн зөрүү гарсныг тодруулах гэх мэт ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байдаг. (Х-ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын Захиргааны дотоод хяналтын нэгжийн дүгнэлтээр нотлогдож байна.) Санхүүгийн энэхүү байдал нь удаа дараа давтагдан зөрчил дутагдлаа засахгүй байсан тул төсвийн эрх захирагчийн зүгээс аймгийн Цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт хүсэлт өгсөн энэ дагуу аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанаас 2021 оны 09 дүгээр сард хийсэн хяналт шалгалтын үр дүнгээр Ш.Т-д холбогдох төлбөрийн акт, албан шаардлага өгөгдсөн. (Улсын ахлах байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн акт албан шаардлагуудаар нотлогдож байна). Мөн албан хаагчдыг дарамтлах хүчээр гарын үсэг зуруулах, хуурамч баримт үйлдэж байгууллагын эд хөрөнгийг нуун дарагдуулсан, санхүүгийн тайланд тусгаагүй өглөг, авлага үүсгэсэн, манай байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмад ажилтны нэг удаагийн тэтгэмжээс танд илүү мөнгө өгсөн байна гэж буцаан авсан гэсэн өргөдлийг бид шалгалтын явцад Аймгийн санхүүгийн хяналт аудитын албанд шалгаж өгөх хүсэлт гаргасан энэ талаар шалгалт хийсэн байцаагч А.Д нь хэлэхдээ бид гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлыг аймгийн Цагдаагийн газарт шилжүүлсэн гэснийг дурдах нь зүйтэй. Ийнхүү Ш.Т-тай холбоотой зөрчил арилгуулах албан шаардлага, төлбөрийн акт тогтоогдсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн I : 3.1.2. ажил олгогч санаачилсан, 40.1.5 мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн нь улсын ахлах байцаагчийн 2020 оны 09 дүгээр сарын 07ны өдрийн 36-05/71, 72 тоот төлбөрийн актууд, улсын байцаагчийн 36-03/17,18,19 тоот албан шаардлагуудаар нотлогдож байна. Мөн Ш.Туяа нь Хамгаалалтын захиргааны Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.13, 8.4.14 дахь заалт, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчиж байсныг мэргэжилтэн Д.Б-ын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байгууллагад гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

Нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Т нь тус байгууллагад нягтлан бодогчоор ажиллахад нягтлан бодогчийн ёс зүйн хувьд тэнцэхгүй байгаа нь хяналтын байгууллагуудын шалгалтаар удаа дараа нотлогдож байсан тул түүнийг ажлаас халсан. Би удирдах албан тушаалтны зүгээс 2021 оны 03 сарын 11 -ний өдрийн Б-04 дугаар Ш.Т-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гаргасан тушаал нь хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Иймд Ш.Т-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэж хариу тайлбар гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд Ш.Т эгчийг ч мөн Х.И-ийг ч танина. Ахмад настай хүний хувьд цаашид ойлголцоод хамтарч ажиллах боломжгүй юм уу. Ингээд зөрчилдөөд шүүх цагдаагаар явж байгаа нь хэн хэнд нь асуудал байгааг харуулж байна. Иймэрхүү асуудалд ямар дүгнэлттэй байдаг вэ? зөвхөн ажил олгогч ч гэлтгүй миний хувьд ч гэсэн асуудал байна гээд харилцаа хандлагадаа анхааръя гэвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрэх саналтай байна. ...Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Т эгчээ та үүнийг төлчихвөл яасан юм бэ гэж бодож байна. Таныг өнөөдөр ч ажилд чинь авсан бэлэн байна. Хариуцагч нь төрийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамж дээр таныг бас бодолцож үзээч гэж хүсэж байна. ...гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Т нь хариуцагч Х-ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ш.Т нь урьд эрхэлсэн байсан Х-ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.265.570 төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 440.852 төгрөгийг нийт 3.706.422 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, нэхэмжлэгч Ш.Т нар 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/04 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд доорхи байдлаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Үүнд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ш.Т-г хуучин эрхэлж байсан Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, нийгмийн даатгалын байгууллагад ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх,

Нэхэмжлэгч Ш.Т нь урьд эрхэлж байсан Х-ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.265.570 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд 440.852 төгрөгийг нийт 3.706.422 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 201.196 төгрөгөөр багасгаж ажилгүй байсан хугацааг 55 өдрөөр тооцон урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.088.305 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын байгууллагад төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 416.921 төгрөгийг хариуцагч байгууллагаас төлүүлэхээр, дээрх нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 141.233 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Т нь улсын орлогод төлөхөөр энэ нөхцлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрснөөр тус тус зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Зохигчдын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид 141,233 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Т нь нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.265.570 (гурван сая хоёр зуун жаран таван мянга таван зуун дал) төгрөгийг, нийгмийн даатгалын шимтгэлд 440.852 (дөрвөн зуун дөчин мянга найман зуун тавин хоёр) төгрөгийг нийт 3.706.422(гурван сая долоон зуун зургаан мянга дөрвөн зуун хорин хоёр) төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 201.196 (хоёр зуун нэг мянга нэг зуун ерэн зургаа) төгрөгөөр багасгаж, нэхэмжлэгч Ш.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нар нь нэхэмжлэгч Ш.Т-г урьд эрхэлж байсан Х-ийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааг 55( тавин тав) өдрөөр тооцон урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.088.305 (гурван сая наян найман мянга гурван зуун тав) төгрөгийг хариуцагч байгууллагаас гарган нэхэмжлэгчид олгох, мөн хугацааны нийгмийн даатгалын байгууллагад төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 416.921(дөрвөн зуун арван зургаан мянга есөн зуун хорин нэг) төгрөгийг хариуцагч байгууллагаас төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн  56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар Улсын тэмдэгтийн хураамжид төлөх 141,233 (нэг зуун дөчин нэгэн мянга хоёр зуун гучин гурав) төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.МӨНХТУЯА