Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/265

 

 

 

 

 

     2024         04          05                                     2024/ШЦТ/265

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Отгонпүрэв,

Улсын яллагч: Б.Солонго /томилолтоор/,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000570027 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 01 тоотод хохирогч ***ыг зодож түүний биед хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, эрүү, баруун зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 02 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуулга караокед *** эгчтэй муудалцаж байхад хажуу талын ширээнд сууж байсан үл таних хоёр хүн бид хоёрыг салгасан. Тэгээд манай ажлынхан бүгд гэртээ хариад би ганцаараа үлдсэн. Намайг салгасан хоёр үл таних залуу намайг хүргээд өгье гээд байхаар нь цуг таксинд сууж явсан чинь 10 дугаар хороолол руу явсан. Тэгээд тухайн хоёр залуу манайх руу ороод хоол унд идээд яваа ч гэхээр нь би Баянгол дүүргийн 06 дугаар хороо, 31 дүгээр байрны 01 тоот руу орсон. Бид нар тухайн айлд гурвуулаа байсан бөгөөд ***, *** гэсэн хоёр залуутай байсан. Бид нар хоорондоо юм яриад сууж байсан чинь *** нь ***аг бүдүүн гэж хэлсэн гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Гэтэл *** нь уурлаад гараад явахаар нь би дагаж гарахад *** нь миний араас гарж ирээд намайг гэр рүүгээ чирч оруулангуутаа нуруу мааждаг модон зүйлээр намайг 4 удаа цохиод байсан ба ямар шалтгааны улмаас намайг цохиод байгааг ойлгоогүй. Тэгээд удалгүй намайг үсдээд чирээд миний нүүр хэсэг рүү цохисон. Тухайн үед би шоконд орсон ба хажууд *** байсан бөгөөд намайг хамгаалж зогсоогоогүй. Гэтэл *** болиоч ээ *** гэж хэлээд зүгээр гараад яваад өгсөн. Би тухайн айлд ***тай үлдсэн бөгөөд миний гар утсыг аваад өөрийнхөө өмд рүү хийсэн. Би ***аг тайвшруулах зорилгоор чи яагаад ингээд байгаа юм бэ гэхэд *** эмэгтэйчүүд та нар угаасаа бүгд хаяж явдаг новшийн гэж хэлсэн. *** нь дараа нь өөрийнхөө бүх хувцсыг тайлаад би аймар хэцүү байна, учир нь би эхнэрээсээ салаад удаж байна, чи надтай хамт амьдраач гэж хэлсэн. Би тухайн үед айгаад байсан болохоор тэгье гэж хэлээд өөрийг нь 10-15 минут аргацааж байсан. Намайг аргацааж байх хугацаанд намайг тэврээд, үнсээд байж байхад цагдаагийн байгууллагаас ирж хаалга нүдсэн. Би ***тай бэлгийн харьцаанд ороогүй, ...тухайн үед би тэднийхээс гарах гэж байхад ***чулуун гэх эрэгтэй үснээс зулгааж, чирээд миний нүүрэн тус хэсэгт нэг удаа гараараа цохиж, мөн модон маажуурын модоор зүүн гарын шуу хэсэг рүү хүчтэй цохиж гэмтээсэн. Улмаар намайг зодож байх хугацаандаа ***чулуун уурлаж байгаад, уурлах нь арай гайгүй болсон. Тэгэхээр нь би тэр хүнд хандан би зүгээр гэртээ харимаар байна, би таныг цагдаад өгөхгүй, та миний гар утсыг өгчих гээд гуйхад ***чулуун жижиг шотонд архи хундагалж өгөөд намайг энийг уугаад өг гэж шаардсан. Тэгэхээр нь би уухгүй гэж хэлэхэд үгүй ээ чи уучих гээд амьсгаадаад жаахан уурласан, уцаарласан өнгө аястай надад хэлсэн бөгөөд надад 3 удаа 50 граммын шотоор архи хийж өгөхөөр нь уусан. Тэгээд байж байтал тэр хүн гэнэт гадуурх өмсөж байсан подволк, нимгэн өмд болон доогуураа өмсөж байсан оймсоо тайлаад миний урд газар ямар ч хувцасгүй миний өөдөөс хараад суучихсан. Тэгтэл тэр хүн миний зүүн гараас татангуутаа ах нь бэлгийн харьцаанд ороогүй удаж байна, намайг ойлголдоо гэж хэлэхээр нь би үгүй ахаа зүгээр намайг явуулчих аа гэж гуйсан. Тухайн үед би сандал дээр сууж байсан бөгөөд тэр хүн миний ар хүзүү хэсгээс баруун гараараа татаж байгаад, миний зүүн хацар дээр үнсчихсэн. Тэгээд намайг татаж чангаагаад байж байтал хаалга дуугарахад цагдаа байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр хүнд хандан танай найз чинь буцаад ирчихсэн юм биш үү, хаалгаа тайлчих гэж хэлсэн. Тэгээд ахиад найз чинь байна шүү дээ гэж хэлэхэд босоод хаалгаа онгойлгосон. Тэгэхэд хоёр цагдаа орж ирээд ***чулууныг аваад явсан. Тухайн үед ***чулуун миний зүүн хацар дээр үнссэнээс өөр ямар нэгэн байдлаар миний биед хүрч, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдэл байхгүй ...*** нь ямар нэгэн байдлаар миний дотуур хувцас болон өмдний хэсэгт гараа хийсэн үйлдлийг хийгээгүй. Би шүүх шинжилгээний байгууллагаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээ тогтоолгохгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9, 22-23, 68/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед 31 дүгээр байрны 01 тоотод очоод хаалгыг нь тогшиход ерөөсөө хаалга тайлж өгөхгүй байсан бөгөөд удалгүй 2-3 минутын дараа нэг үл таних эрэгтэй гадуураа ямар нэгэн хувцас өмсөөгүй, нүцгэн, нилээн согтчихсон, архины нэхүүн үнэр үнэртэж байсан. Тэгээд дотогш ороход нэг үл таних эрэгтэй гадуураа хар өнгийн хувцастай, газар шалан дээр суучихсан, мөн адил архи үнэртэж байсан. Тэгтэл тэр эмэгтэй юу ч хэлэхгүй уйлаад туслаарай гээд босонгуутаа над дээр хүрээд ирэхээр нь болсон үйл явдлын талаар асуухад би энэ эрэгтэйг танихгүй, би 17-гийн баарнаас энэ хүнтэй, энэ хүний найзтай нь хамт ирсэн. Тэгээд энэ хүн гэрт ирсний дараа үгийн зөрүүгүй зодоод алгадаад эхэлсэн. Мөн намайг хүчиндэхийг завдаж намайг үнсэж, өмд рүү маань гараа хийсэн гэж надад хэлсэн. Улмаар тус эмэгтэйг зодсон гэх эрэгтэйг хувцсыг нь өмсүүлэн, эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Тухайн үед хохирогчийн нэг гаран дээр нь улайсан, мөн тэр эмэгтэй надад хэлэхдээ намайг маажуурын модоор цохисон гэж хэлсэн. Тухайн үед тэр эрэгтэй ямар ч хувцасгүй бэлэг эрхтнээ ил гаргачихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд дотогш ороход нэг үл таних эмэгтэй гадуураа хар өнгийн хувцастай, газар шалан дээр суучихсан, мөн адил архи үнэртэж байсан. Тэгтэл тэр эмэгтэй юу ч хэлэхгүй уйлаад туслаарай гээд байхаар нь манай эргүүлийн офицер *** ямар үйл явдал болсон талаар асуухад тэр эмэгтэй 17-гийн бааранд ороход энэ эрэгтэй танилцаад, гэрт нь ирсэн чинь миний биед халдаж, хүчиндэхийг завдсан гэх өгүүлэлтэй зүйлийг яриад байсан. Улмаар нүцгэн байсан эрэгтэйг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Тэр эрэгтэй ямар ч хувцасгүй, бэлэг эрхтнээ ил гаргачихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

Шинжээчийн 117 дугаар дүгнэлтэд: “***ы биед хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, эрүү, баруун зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-н 36-37/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-н 14/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 28/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 72, 75-80, 83-105/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны 01 тоотод хохирогч ***ыг зодож түүний биед хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, эрүү, баруун зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, *** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***ыг цохиж, зодон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ы эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоолгохгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, удаа дараа ял шийтгүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй  зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР