Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 831

 

   2020           6              25                                         2020/ДШМ/831

                                                                         

     Ч.Б-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Нямбат,

шүүгдэгч Ч.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/395 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Бын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2008013970516 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Таадаг овгийн Ч-ын Б, ............... өдөр Дундговь аймагт төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, дүрслэх урлагийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар баг, “Таргат” гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: .........

            Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан,

            Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Драгон” үйлчилгээний төвийн ард талын орон сууцны гадаа иргэн Э.Бын хамт пиво ууж байгаад унтсаных нь дараа “Samsung S6” загварын гар утас, тээш хадгалсан баримтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар тус үйлчилгээний төвийн ачаа тээш хадгалах газраас Э.Бын хадгалуулсан байсан цүнхтэй хувцас, бичиг баримт, чемодан зэрэг эд зүйлсийг хулгайлж, 965.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Боос 965.100 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Бт олгож, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа ба хохирогч Э.Бт учруулсан 965.100 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, 6 сарын хорих болгон өөрчилж өгнө үү.” гэв.

 

Прокурор Д.Нямбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 2 жил 6 сарын хорих ялын санал гаргасан. Гэхдээ анхан шатны шүүх хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ч.Бын хувьд 2018 оны 8 дугаар сарын 10-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн бөгөөд харгалзах хугацаа нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр дууссан байдаг. Тэнсэн харгалзах хугацаа дуусаад дахиад хотод ирээд хулгай хийсэн. Энэ байдлаас нь дүгнэхэд тэнсэн харгалзах албадлагын арга хэмжээ шүүгдэгч Ч.Бын ухамсарт нөлөөлөөгүй байна. Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдолдоо “... хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа тул 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, 6 сарын хугацаагаар хорих ял болгож өгнө үү” гэсэн байна. Хохирол төлөхөө илэрхийлж байгаа нь бодитой биш, ямар байдлаар, яаж төлөх нь тодорхой биш байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

          Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Драгон” үйлчилгээний төвийн ард талын орон сууцны гадаа иргэн Э.Бын хамт пиво ууж байгаад унтсаных нь дараа “Samsung S6” загварын гар утас, тээш хадгалсан баримтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар тус үйлчилгээний төвийн ачаа тээш хадгалах газраас Э.Бын хадгалуулсан байсан цүнхтэй хувцас, бичиг баримт, чемодан зэрэг эд зүйлсийг хулгайлж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Э.Бын “...үл таних 30-35 орчим насны эрэгтэй хүнтэй тамхилчихаад тээшинд юмаа хийх гээд дотогш ортол нөгөө залуу намайг дагаж орсон. ...тээшинд 2 цүнхээ тавихад хажууд хамт зогсож байсан. Тухайн залуутай хамт хуучин Драгоны ард талын 9 давхар байрны гадна пиво уусан. Би хэсэг зүйрмэглээд сэртэл нөгөө залуу байхгүй байсан. 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Драгон ороод тээшинд хийсэн ачаагаа авах гэтэл байхгүй байсан. ...таны ачааг тээшний бичиг баримтаар өглөө 06 цагийн үед ирээд авсан байна” гэсэн. 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ...алдсан цүнхтэй хувцсыг надтай хамт пиво уусан гэх хүн өмсөөд явж байхаар нь би Цагдаагийн байгууллагад өгсөн. ...Хар өнгийн чемодан дотор өвлийн хувцас, ажлын хувцас, гутал “Соёмбо” дээд сургуулийг төгссөн диплом, Удирдлагын академи төгссөн диплом, гадаад паспорт, засварын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг бичиг баримтууд байсан. Мөн тухайн үед “Samsung S6” маркийн гар утсаа алдсан. ...мөнгийг нэхэмжилж байна” /хх 10-11/,

          гэрч Э.Нийн “...дүү Э.Б нь “Samsung S6” маркийн шаргал өнгийн гар утас, хар өнгийн чемодан, цүнхтэй хувцас, дээд сургууль төгссөн диплом 2 ширхэг, эрүүл мэндийн дэвтэр, гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх зэрэг бичиг баримтаа аваад аавын гэрт аваачиж тавина гээд гарсан юм” /хх 18/,

          гэрч М.-ийн “...2020 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 04 цагийн үед Б гэх хүн үл таних нэг залуутай манайд орж ирээд хар цүнхтэй чемодан хадгалуулсан. ...30-40 минутын дараа Бтай хамт явж байсан үл таних залуу хүрч ирээд надад тээш хадгалуулсан бичиг баримт үзүүлээд ачаагаа буцаагаад аваад явсан. ...Тухайн ачааг миний бичиж өгсөн баримтын нэг хувийг үзүүлээд авсан...” /хх 20/ гэх,

 

          шүүгдэгч Ч.Б-ын яллагдагчаар өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 03 цагийн үед би нилээн халамцуу Таван шараас Драгон чиглэл рүү алхаж явтал үүргэвч үүрээд, чемодан чирсэн үл таних залуутай танилцахад Б гэж танилцуулсан. ...2,5 литрийн Сэнгүр нэртэй том пиво худалдаж аваад, хуучин Драгоны ачаа тээш хадгалах байранд хамт орж, Б цүнхээ тээшинд хадгалуулаад, Драгоны ард талын байрны гадаа пиво уусан. Быг нилээн согтохоор нь ...би куртикных нь халааснаас тээшинд хадгалуулсан чемодан, цүнхний бичиг, мөн “Samsung S6” маркийн гар утас зэргийг аваад, ачаа тээш хадгалах газар очиж Бын цүнх, чемодантай хувцас зэргийг авсан. Тэгээд Таван шард байрлах цагаан өнгийн 5 давхар байрны орцонд орж цүнхтэй эд зүйл, чемоданыг задалж үзэхэд эрээн өнгийн куртик, хагас түрийтэй гутал байсныг авч өмсөөд, бичиг баримт, сургууль төгссөн диплом байхаар нь торонд хийж аваад, цүнхтэй юмыг нь орцонд үлдээгээд гар утсыг нь таксины жолоочид 20,000 төгрөгөөр зарсан. ...Би мөнгө олж архи уух зорилгоор тийм үйлдэл гарсан, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” /хх 86-87/ гэсэн мэдүүлгүүд,

          “Т” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Ц-282 дугаартай “...хар өнгийн чемодан” 1 ширхэгийг 120,000 төгрөгөөр, “Samsung S6” маркийн гар утас 1 ширхэгийг 120,000 төгрөгөөр, алаг эрээн /десант хувцас/ 1 хосыг 180,000 төгрөгөөр, нийт 420,000 төгрөгөөр үнийг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 28-29/,

          “Т” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Ц-321 дугаартай “......цэргийн үүрэгтний үнэмлэхийг 2,500 төгрөгөөр, нийгмийн даатгалын дэвтрийг 2,500 төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын дэвтрийг 4,000 төгрөгөөр, “Соёмбо” дээд сургуулийн дипломыг 251,800 төгрөгөөр, гадаад паспортыг 32,500 төгрөгөөр, “Удирдлагын академи”-ын дипломыг 251,800 төгрөгөөр, нийт 545,100 төгрөгөөр үнийг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 31-32/,

          2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Ч.Бын мэдүүлгийг газар дээр очиж шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 43-53/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.            

          Шүүгдэгч Ч.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай гэж дүгнэсэн хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

          Шүүгдэгч Ч.Бын иргэн Э.Бтай пиво ууж байгаад унтсаных нь дараа “Samsung S6” загварын гар утас, тээш хадгалсан баримтыг авч, улмаар ачаа тээш хадгалах газраас Э.Бын хадгалуулсан байсан цүнхтэй хувцас, бичиг баримт, чемодан зэрэг эд зүйлсийг хулгайлж 420,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

          Харин анхан шатны шүүх шүүгдэгчийг шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 420.000 төгрөгийн шууд хохирол, 545,100 төгрөгийн хор уршиг учруулсныг нийтэд нь хохиролд тооцож дүгнэсэн нь алдаатай болжээ.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар шүүгдэгч Ч.Бын хулгайлсан хар өнгийн чемодан, “Самсунг Эс-6” маркийн гар утас, алаг эрээн өнгийн десант хувцас зэрэг нийт 420,000 төгрөг /хх 28-29/-ийн эд зүйлсийг хохиролд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар алдагдсан бичиг баримтыг дахин гаргуулан авахад шаардагдах төлбөр болох 545,100 төгрөг нь гэмт хэргийн хор уршигт хамаарахыг зөвтгөн дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн “...хорих ялыг багасгаж 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/395 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ