Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 168

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Д.Агар,

хохирогч Э.Мэнд-Амар,

шүүгдэгч Г.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Гэндэнгийн Мягмарсүрэнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010182 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Боржигон овогт Гэндэнгийн Мягмарсүрэн, 1994 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, ах нарын хамт Баянзүрх дүүргийн дүүргийн 21 дүгээр хороо, Бага дарь эхийн 5-1873 тоотод оршин суудаг гэх, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ДЖ94083031 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 3-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 132 дугаар сургуулийн спорт зааланд иргэн Э.Мэнд-Амарыг зодож, улмаар биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай найз заал авах уу гэж дуудсан. Тэгээд би зааланд очиход хохирогч ирсэн байсан. Тэгээд хохирогчтой сагс тоглож байгаад үл ойлголцоод маргалдсан. Тэгээд би хохирогчийн нүүр рүү цохиж гэмтэл учруулсан. Үйлдсэн хэрэгтээ харамсаж байна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Хохирогч Э.Мэнд-Амар шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 32 дугаар сургууль дээр заал авсан. Тухайн үед бид нартай шүүгдэгч хамт сагс тоглож байгаад алдаа гаргасан гэж маргалдаж, шүүгдэгч миний нүүр рүү цохиж гэмтэл учруулсан. Би хохиролд 500.000 төгрөг авсан одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Хохирогч Э.Мэнд-Амар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 01 сарын 03-нд найз нарын хамт Улаанаатай сагс тоглохоор 132 дугаар сургуульд очихдоо хамт тоглосон юм. “...Сагс тоглож байхад Улаанаа гэдэг нөгөө багийн хүүхэд алдаа гаргасан. Тэгээд би Улаанаатай чи алдаа гаргасан миний зөв, чиний буруу гэж байхад Мягмарсүрэн нь ирээд чи яасан их алдаа авдаг юм цэвэрхэн тоглож бай гэсэн. Тэгээд бид хоёр толгойгоороо урд урдаасаа нийлүүлж түлхэж байтал намайг миний зүүн хоншоор хэсэг рүү цохьсон. Тэр үед маш их өвдөөд цагдаад хандах болсон. Тэгээд Шүүх эмнэлэгт үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-13/,

Гэрч Ж.Санжаасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...тухайн орой 20 цагийн үед Бор, Мэнд-Амар хоёр манайд ирээд зааланд цаг авч сагс тоглоё гээд ирсэн. Тэгээд 132 дугаар сургууль дээр очиход манай ангийн Очироо бас 4 билүү 5 залуу байсан. Тэр залуучуудыг бол танихгүй юм байна лээ. Тэгээд бид нар зааланд баг, баг болж хуваагдаад сагс тоглож эхэлсэн. Мягмарсүрэн гэдэг залуу тоглож байхдаа уурлаад ширүүн харьцаад байсан. Хожигдоод байгаадаа сонин байдалтай тоглоод байсан. Тэгээд тоглож байхад Мэнд-Амар дээр нэг найз нь алдаа гаргасан. Тэгээд Мэнд-Амар манайх бөмбөгөө авна танай алдаа гээд бөмбөгөө гаргах гээд байж байхад Мягмарсүрэн гэдэг залуу ирээд Мэнд-Амарыг чи яасан их алдаа авдаг юм гээд нэг нэг рүүгээ чи яах юм энэ тэр гэж байснаа Мэнд-Амарыг тэр Мягмарсүрэн нэг удаа зүүн шанаа орчимд нь цохьсон. Тэгээд бужигнаад салгасан. Тэгтэл Мэнд-Амар миний нүд харанхуйлаад байна, шүд өвдөөд байна гээд байсан. Тэгээд цагдаад хандах болсон...” гэсэн мэдүүлэг. /хх-23/,

Гэрч Б.Баяртүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 01 сарын 03-нд оройн 20 цагийн үед Дарь-Эхийн хуучин эцсийн 132 дугаар сургууль дээр зааланд сагс тоглохоор Азаа, Очироо, Улаанаа, Мягмарсүрэн, Баяраа нартай уулзсан. Улаанаа тоглохоор ирэхдээ өөрийнх нь бид нарын танихгүй 4 хүүхэдтэй ирж заал авсан юм Тэгээд зааланд хуваагдаад баг болоод сагс тоглож байтал Улаанаа. Мэндээ гэдэг залуутай тоглоомноосоо болж хэрэлдээд, маргаад тоглоод байсан. Тэгээд сүүлдээ Улаанаа, Мэндээ хоёр нэг нэг рүүгээ дайраад муудалцаад байсан чинь Мягмарсүрэн очоод Мэндээ гэдэг залууг гараараа шанаан тус газарт нь нэг удаа цохьсон. Тэгтэл тэр Мэндээ шанаагаа бариад доошоо суусан юм. Тэгээд Мягмарсүрэн, Мэндээ болон хамт явсан танихгүй 3 залуугийн хамт гараад явсан. Тэгээд цагдаа дээр өргөдөл гаргасан гэдгийг нь сонссон...” гэсэн мэдүүлэг. /хх-16/,

Гэрч Д.Жавхлан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 03-нд 20 цагаас 132 дугаар сургуулийн спорт зааланд цаг авч тоглохоор болоод 20 цагийн үед цуглаж эхэлсэн. Би зааланд очихдоо хамаатны ах Азжаргалтай очоод байж байтал Мэнд-Амар бас 2 найзтайгаа ирсэн. Тэгээд Мягмарсүрэн ирсэн. Тэрний араас Очироо, Баяраа нар ирээд бид гурвын эсрэг гурваараа нэг баг болоод хоорондоо сагс тоглосон юм. Би Мягмарсүрэн, Баяраа хоёртой нэг баг болж тоглосон юм. Тэгээд хоорондоо баг багаараа тоглоод 2, 3 удаа Мэнд-Амарын багтай нэг баг болж тоглоход зүгээр сайхан тоглож байгаад сүүлд дахин Мэнд-Амарын багтай таараад 7:7 болчихсон оноо тэнцээд би Мэнд-Амарыг самбар доор хааж байгаад бид хоёр хоорондоо биеэрээ түлхэлцээд контакт үүсгээд самбараас бөмбөг аваад чи гаргасан. би гаргаагүй гээд Мэнд-Амартай хэрэлдээд байж байтал Мягмарсүрэн ирээд Мэнд-Амартай мөн маргаж эхэлсэн. Тэгээд хоорондоо чи яах юм чи яах юмь гэж байгаад Мягмарсүрэн нь Мэнд-Амарын баруун гараараа зүүн шанаа орчимд нь цохьсон юм. Тэгээд боль боль гээд салгасан...” гэсэн мэдүүлэг. /хх-18/,

Гэрч М.Бор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би Мэнд-Амар, Санжаа хоёрыг дагуулж очсон. Мөн Очир-Эрдэнэ гэдэг найзыгаа дагуулаад очиход Тэлмэн, Жавхлан, Азаа ах бас нэг ах, эгч 2 байсан. Мөн Мягмарсүрэн ах нэг хүнтэй хамт ирсэн байсан. Тэгээд бид нар хоорондоо хуваагдаад тоглосон. Тэгээд Очир-Эрдэнэ, Санжаасүрэн, Мэнд-Амар гурав нэг баг болоод Мямарсүрэн, Жавхлан хоёрын багтай тоглосон. Тэгээд тоглож байгаад Мэнд-Амар самбараас бөмбөг үсрээд авахад Улаанаа алдаа гаргасан. Тэгээд Мэнд-Амар алдаагаа авна, бөмбөгөө өг гэж хэлсэн. Тэгтэл Мягмарсүрэн чи яасан их алдаа авдаг юм гэж хэлээд хоорондоо толгойгоо нийлүүлээд хэрэлдээд чи яасан их алдаа авдаг юм, энэ тэр гэж байснаа Мэнд-Амарыг шанаа, хамарны орчимд нь шууд цохьсон.Тэгэхэд Мэнд-Амар доошоо тонгойгоод миний нүд харанхуйлаад байна гээд тэгээд цагдаа дуудах болсон...” гэсэн мэдүүлэг. /хх-21/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №1247 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Э.Мэнд-Амарын биед зүүн хоншоор ясны хөндийн өмнөд хананы хугарал, зүүн хацар шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэх дүгнэлт. /хх-26/,

Шинжээч эмч А.Амгаланболд мэдүүлэхдээ: “...зүүн хоншоор ясны өмнөд хананы хугарал, зүүн хацар шанаа зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хоншоор ясны өмнөд хана нь хацар ясыг бүрдүүлэгч ясанд хамаардаг зузаан яс учраас яёны хугарал бүрэн эдгэрч бороолох хүртлээ 4 долоо хоногоос дээш хугацаа шаардана. Ийм учраас эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэлд ордог учраас шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна…" гэсэн мэдүүлэг. /хх68-69/,

Яллагдагч Г.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би гэртээ байж байтал манай найз Улаанаа над руу яриад зааланд сагс тоглох уу гэхээр нь тэгъе гэсэн. Тэгээд 20 цагт 132 дугаар сургууль дээр Улаанаа, Баяраа, Азаа, Очироо бид нар уулзсан. Тэр үед Мэнд-Амар мөн зааланд тоглохоор ирсэн байсан. Тэгээд бид нар 20 цагаас 10 цаг хүртэл 2 цаг заал авсан юм. Тэгээд зааланд 3-ын эсрэг 3 тоглож байхад Мэнд-Амар түрэмгий зан авир гаргаж тоглоод байсан. Тэгээд манай найз Улаанаа гэдэгтэй 21 цаг 40 минутын үед байх цаг дуусах дөхөж байтал тоглоомноосоо болж маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би чи яагаад байгаа юм гэж хэлээд шууд баруун гараараа зүүн шанаа орчимд нь нэг удаа цохиод салсан. Тэгээд 22 цаг болоод заалны цаг дуусаад хувцасаа сольж байх Мэнд-Амар цагдаа дээр очино гэхээр нь яасан юм бэ энэдээ шийдэж болохгүй юу гэхэд цагдаа дээр очиж шийдүүлнэ, чи намайг хараарай энэ тэр гээд байсан. Тэгээд цагдаа дээр ирсэн...” /хх-37/,

Ял шалгах хуудас /хх-49/,  шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх53-57/, хохирогч Э.Мэнд-Амарын хүсэлт /хх-59/, шинжээч А.Амгаланболдын мэдүүлэг /хх68-69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь 2017 оны 01 дүгээр сарын 3-ны орой 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 132 дугаар сургуулийн спорт зааланд иргэн Э.Мэнд-Амарыг зодож, улмаар биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Мягмарсүрэнг бусдын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Э.Мэнд-Амар нь хохирол төлбөрт 500.000 төгрөг хүлээн авсан, шүүгдэгч Г.Мягмарсүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт болон, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Мягмарсүрэн нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Гэндэнгийн Мягмарсүрэнг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Г.Мягмарсүрэнг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Мягмарсүрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4.  Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Мягмарсүрэнд оногдуулсан  1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Мягмарсүрэнд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР