Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 04

 

Д.У-ий нэхэмжлэлтэй, 

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт 

холбогдох иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, ерөнхий шүүгч Л.Наранбаяр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Нэхэмжлэгч Д.Улаанхүүхэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн

Хариуцагч байгууллагын  өмгөөлөгч Б.Баярмаа нар оролцов. 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 542 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч Засаг даргын тамгын газрыг төлөөлж Ч.Энхцэцэгийн давж заалдах гомдлоор Д.Улаанхүүхэний “ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай” Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр  сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Улаанхүүхэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Улаанхүүхэн намайг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Аймгийн засаг даргын тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Ч.Энхцэцэг нь Тамгын газрын даргаар томилогдохдоо хууль бусаар томилогдсон тул бүтцийн өөрчлөлт хийж албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, томилох эрхгүй албан тушаалтан. Миний ажлын байрыг бүтцийн өөрчлөлтөөр орон тоо цөөрүүлэх шаардлага бий болсон гэж намайг чөлөөлчихөөд хэвлэлийн төлөөлөгч гэсэн орон тоо шинээр бий болгож Ч.Осгонбатыг томилж ажиллуулсан. Одоо Оюунзулыг ажиллуулж байгаа зэргээс үзэхэд намайг хууль бусаар халсан гэж үзэж байна. Иймд уг тушаалын Д.Улаанхүүхэнд холбогдох заалтыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн болохыг тогтоож, хэвээр хадгалагдаж байгаа Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хэвлэл мэдээллийн ажилтны үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 09-өөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг дуусталх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж, Ч.Энхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг даргын бүтэц 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/368 дугаар захирамжаар 45 орон тоотойгоор батлагдсан. Гэхдээ энэ бүтцэд хэвлэлийн ажилтан гэсэн орон тоо байхгүй. Хэдийгээр 45 хүний орон тоо байсан боловч 50 гаруй хүн ажиллаж байсан. 2015 онд Засгийн газрын 09 тоот тогтоол гарч Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрыг 37 хүнтэй байхаар тогтоосон. Ингээд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт хийсэн. Улаанхүүхэний хувьд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/12 тоот тушаалаар хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн орон тоонд томилогдож хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээ 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дууссан тул ажлаас чөлөөлөх эхний үндэслэл болсон. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гүйцэтгэх үүрэг нь тодорхойгүй байсан. Энэ нь хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасан шаардлагыг хангаагүй байгаа нь ажлаас чөлөөлөх 2 дахь нөхцөл болсон. Бүтцэд хэвлэл мэдээллийн ажилтны орон тоо батлагдаагүй байхад ажиллаж байсан учраас ажлаас чөлөөлсөн. Тухайн үед тамгын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан Ш.Мандахнар ажлаас халах мэдэгдлийг 45 хоногийн өмнө өгсөн байсан. Хэдийгээр 45 хоногийн өмнө мэдэгдэл өгнө гэж заасан болохоос 45 хоног өнгөрсөн тохиолдолд мэдэгдлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох хуулийн заалт байхгүй. Хэвлэлийн төлөөлөгчөөр Осгонбатыг томилсон тушаалыг хүчингүй болгож улс төрийн албан тушаалтнаар томилсон шийдвэр гаргасан. Энэ орон тоо тамгын газрын бүтцэд ороогүй, улс төрийн албан тушаал учраас Засаг дарга солигдоход дагаж солигдоно гэж үзэж байгаа гэв.

Тус аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 542 дугаар шийдвэрт:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Чойвоо овогт Дугарсүрэнгийн Улаанхүүхэнийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хэвлэл мэдээллийн ажилтны ажилд эгүүлэн томилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас Д.Улаанхүүхэний ажилгүй байсан 222 хоногийн цалинтай тэнцэх нөхөн олговорт 4958592 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Улаанхүүхэнд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Д.Улаанхүүхэний эрүүл мэндийн болон нийгмиийн даатгалын шимтгэлүүдийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтрүүдэд зохих журмын дагуу сар дутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилтийг хийхийг аймгийн Засаг даргын тамгын газар /дарга Ч.Энхцэцэг/-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар аймгийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 92287 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогот оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” хэмээн хариуцагчийн эрхийг тодорхойлсон. Гэтэл шүүх хуулиар олгогдсон эрхийг хангалгүй хурлыг хийсэн. Мөн Д.Улаанхүүхэнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй, хавтаст хэрэгт уг тэтгэмжийн мөнгө  дансанд нь шилжин орсон талаарх нотлох баримт байсаар байтал ажилгүй байсан хугацааны цалинг 222 хоногоор тооцон олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар томилогдсон “хэвлэлийн төлөөлөгч Осгонбат” гэснийг 2017 оны А/14 тоот тушаалаар “Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Я.Оюунзул” гэж өөрчилж “хэвлэлийн төлөөлөгч”-ийн орон тоог хассан. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан А/14 тоот тушаалыг нотлох баримтаар үнэлэлгүй шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байх тул хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Улаанхүүхэн Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт /цаашид ЗДТГ гэх/ холбогдох “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлээ шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь “Засаг даргын Тамгын газрын орон тоонд бүтцийн өөрчлөлт хийгдэж, хэвлэл мэдээллийн ажилтны орон тоо хасагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх”-гүй гэж маргажээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Улаанхүүхэнийг аймгийн ЗДТГ-ын даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар  хэвлэл мэдээллийн ажилтнаар авсан,  ЗДТГ-ын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/09 дугаар тушаалаар тус газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг батлахдаа хавсралтын 6 дугаарт “хэвлэлийн төлөөлөгч”-ийн орон тоог нэг гэж тусгасан, 2017 оны 02 сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Засгийн газрын 9 дүгээр тогтоолыг үндэслэн  1 дүгээр хавсралтыг үндэслэн хэвлэл мэдээллийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, 2 дугаар хавсралтаар Осгонбатыг хэвлэлийн төлөөлөгчийн албан тушаалд томилсон байна. /хх-3-6, 23-24, 163,164/

Ажил олгогч  ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар үндэслэлээ тодорхой зааж, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийн заалтуудыг баримтлан хуульд нийцсэн  тушаал гаргах учиртай.   

Гэтэл хариуцагч аймгийн ЗДТГ-ын даргын А/10 дугаар тушаал нь нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр, аль хуулийн заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байгаагийн зэрэгцээ Д.Улаанхүүхэнийг хэвлэл мэдээллийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлөөд нэрийг “хэвлэлийн төлөөлөгч” гэж  өөрчлөн өөр хүн томилж байгаа нь ойлгомжгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын 3 дахь хэсэгт “2017 оны А/10 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар томилогдсон хэвлэлийн төлөөлөгч Осгонбат гэснийг А/14 дүгээр тушаалаар дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Я. Оюунзул гэж өөрчилсөн”-ийг шүүх нотлох баримтаар үнэлсэнгүй  гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч  ЗДТГ-ын даргын А/14 дугаар тушаалын хуулбарыг өөрийн байгууллагын  “хуулбар үнэн”  тэмдэг дарж ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө”, 44.4-т “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” / төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт хэргийн оролцогчид хамаарахгүй/  гэсэн хуулийн шаардлагыг тус тус хангаагүй байх тул шүүх тухайн А/14 тушаалыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. /хх-116/

Мөн хариуцагчийн төлөөлөгч Ч.Энхцэцэгт анхан шатны шүүхээс 2017 оны 04 сарын 17-нд 37 хуудас хэргийн материал танилцуулсан, мөн оны 09 сарын 06-нд зарласан шүүх хуралдаанд хариуцагч, өмгөөлөгчтэйгээ оролцсон, мөн оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт болох шүүх хуралдааны мэдэгдлийг 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт болох шүүх хуралдааны мэдэгдлийг 12 сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутад өмгөөлөгчөөр нь дамжуулах болон цахим захидлаар мэдэгдсэн нь шүүхийн мэдэгдэх хуудсуудаар нотлогдож байна. /хх-172, 194, 201, 202/  

Шүүх хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах боломжит хугацаагаар хангасан байх тул түүнд хуулиар олгогдсон эрхийг шүүх хязгаарласан гэж үзэхгүй.

Түүнчлэн шүүх Д.Улаанхүүхэний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ түүнд олгосон  ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийн мөнгийг хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тохиолдолд хасаж тооцох боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Хоёр. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5- д зааснаар хариуцагч аймгийн  Засаг даргын Тамгын газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.БААТАРСҮХ

                  ШҮҮГЧИД                                     Л.НАРАНБАЯР

                                                                        Д.БАЙГАЛМАА