Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2023/00174

 

Р ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                        

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/00488 дугаар шийдвэр, 

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 209/МА2023/00054 дүгээр магадлалтай                                                                                                                                    

Р ын нэхэмжлэлтэй,

Е , А  нарт холбогдох

Экскаваторын сэлбэг буюу сэлбэгийн үнэ 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг       

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э , хариуцагч Е , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Р  нь хариуцагч Е , А  нарт холбогдуулан экскаваторын сэлбэг буюу сэлбэгийн үнэ 32,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/00488 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д зааснаар хариуцагч Е , А  нараас KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхэгийг гаргуулах, зарж борлуулсан тохиолдолд үнэ 11,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А ын нэхэмжлэлийн шаардлагаас Герман улсад үйлдвэрлэгдсэн LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг болон 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 260,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 209/МА2023/00054 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/00448 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... хариуцагч Е , А  нараас KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхэгийг гаргуулах, зарж борлуулсан тохиолдолд үнэ 11,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...хариуцагч Е , А  нараас KOMATSU PS-1250 маркийн экскаваторын /11 kw стартер 6,500,000 төгрөг, 7,5 kw стартер 5,500,000 төгрөг/ стартер 2 ширхэг буюу 12,000,000 төгрөг, LIBHER-924 маркийн насос 1 ширхэг буюу 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р т олгосугай” гэж, 2 дахь заалтын “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А ын нэхэмжлэлийн шаардлагаас Герман улсад үйлдвэрлэгдсэн LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг болон 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хасаж, 3 дахь заалтын “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2” гэснийг “56.1” гэж, “... хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 260,450 төгрөгийг гаргуулан ...” гэснийг “... 317,950 төгрөгийг гаргуулан...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хариуцагч А , Е  нарын зүгээс Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.08-ны өдрийн 209/МА2023/00054 дугаартай магадлалыг эс зөвшөөрч өмгөөлөгчөөр дамжуулан хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь нэг үйл баримт маргааныг анхан шатны шүүхээс өөрөөр тайлбарлаж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж хариуцагч нар гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн шаардсан сэлбэгүүдээс хариуцагч Герман улсад үйлдвэрлэгдсэн LIBHER-924 маркийн экскаваторын сэлбэгийг зарагдаагүй байгаа, уг сэлбэг насосыг нь нэхэмжлэгчид буцааж өгнө хэмээн насосны ID-г харуулсан зураг ирүүлснийг шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Р  үндсэн насосны марк, үйлдвэрийн хувьд тохирч байна буцаан авахад татгалзах зүйлгүй гэж маргаагүй. Мөн хариуцагч Е  2 ширхэг стартерыг 500,000 төгрөгөөр зарж борлуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан 2019.10.11-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон баримтад нэхэмжлэгч Р  маргаагүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хүлээн зөвшөөрсөн хэсгүүдийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн. Гэтэл Давж заалдах шатны шүүх хуралд нэхэмжлэгч Р  өөрөө оролцоогүй, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, охин Э  шүүх хуралдаанд цахимаар оролцож “Ашид билгүүн” ХХК-аар тус сэлбэгүүдэд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилуулсан боловч шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан. Гэтэл шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2 ширхэг стартерийг 10,000,000 төгрөг өгье гэх баталгаа гаргасан нотлох баримтууд нотлогдож байхад шүүх уг баримтыг үнэлээгүй ... үзлэг хийж хариуцагчийн хашаанд байгаа сэлбэг нь 2018 онд анх хүлээлгэж өгсөн сэлбэг мөн гэдгийг нотлоогүй шийдвэрлэсэн гэх мэтээр гомдлын үндэслэлээ тайлбарлаж маргасан буюу нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нотлох үүргээ хэрэгжүүлээгүй өөрсдийн алдаагаа шүүхийг буруутгаж гаргасан гомдлыг нь хүлээн авч бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгч талын гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. 

Нэхэмжлэгч талын нэхэмжлэл нь нэг талаас сэлбэг гаргуулах нөгөө талаас сэлбэгийн үнийг гаргуулах гэж шаардлагаа шүүхэд гаргахдаа зах зээлийн үнийн судалгааг тус сэлбэгүүдийг одоо зарж борлуулж байгаа албан ёсны борлуулагч компаниас үнийн судалгаа авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь Эрүүгийн болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй нөгөө талаас Алтан Дорнодын уурхайд олон жилийн өмнө Оросуудын орхиод явсан хуучин сэлбэгүүдийг Р  өөрөө зарж борлуулж чадахгүй гараашдаа байсныг борлуулахаар бусдад даалгаж байгаа үйл баримтаас үзэхэд маргаан бүхий сэлбэгүүд “хуучин” байж болохоор байгаа бөгөөд нэхэмжлэгч “шинэ” сэлбэгүүд байсан гэдгээ шүүхэд “үнэн зөв” нотлох баримтыг ирүүлээгүйг Давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч хуульд заасан үүргээ нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэн 12,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ш насосны шаардлагыг хангаагүй хэрэгсэхгүй болгосон байхад Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч үүргээ хэрэгжүүлсэн мэтээр тооцож үнийн дүнгээр тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлээд байгааг хариуцагч иргэд ойлгохгүй гомдолтой байна. Иймд нэг үйл баримтад анхан шатны шүүхээс өөрөөр тайлбарлаж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн үндэслэл бүхий шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2023.09.21-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2023/00974 тогтоолоор хариуцагч нарын өмгөөлөгч Ө гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч Р  нь хариуцагч А , Е  нарт холбогдуулан KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхэг, LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасан ба тэрээр шүүх хуралдаанд “...2017 онд А  түүний хүү Е  нь төмөрлөгийн үйлдвэрийн аж ахуйн гараашнаас KOMATSU PS-1250 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг, KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхэг, LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг зэргийг борлуулахаар хүлээн авсан. Түүнээс KOMATSU PS-1250 эксковаторын үндсэн нэг насосыг буцааж өгсөн. Иймд KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхэг, LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг бүхий сэлбэгийг гаргуулах, хэрэв сэлбэгийг зарж борлуулсан бол сэлбэгийн үнэтэй тэнцэх төлбөр LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг нь 20,000,000 төгрөг, KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 1 ширхэг нь 6,500,000 төгрөг болон 5,500,000 төгрөг, нийт 32,000,000 төгрөгийг гаргуулна” гэсэн тайлбар гаргасан.

7.Хариуцагч нар “...Р ын нэхээд байгаа зүйл нь Алтан дорнод компанид намайг ажиллаж байхад ерөнхий механик Степан Х.Кук надад өгсөн хуучин сэлбэг бөгөөд тодорхойлолтыг эх хувиас нь орчуулж ирсэн. Зарах сэлбэгүүд дотор Р ын сэлбэгтэй хамт байсан. Нэхээд байгаа LIBHER-924 маркийн ID Nr9074892-404 экскаваторын үндсэн насос 1 ширхгийг өгөх боломжтой, өмнөх шүүх хуралдаанд авч ирсэн, нэхээд байгаа сэлбэгийн марк таарч байна. Харин 2 ширхэг стартерыг Р  зараад зардалдаа хэрэглэ гэхээр нь манай хүү Е  тус бүрийг нь 250,000 төгрөгөөр зарсан. Түүний үнэ 500,000 төгрөгийг өгнө, уг стартер хуучин байсан тул үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

8.Нэхэмжлэгч Р  нь 2017 оны хавар А той ярьж тохиролцсоны дагуу түүний хүү Е т KOMATSU PS-1250 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг, KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхэг, LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхгийг борлуулахаар хүлээлгэн өгсөн. Улмаар KOMATSU PS-1250 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

9.Анхан шатны шүүх талуудын хооронд даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж үзээд хариуцагч Е  нь KOMATSU PS-1250 маркийн экскаваторын стартер 2 ширхгийг 500,000 төгрөгөөр зарж борлуулсан нь баримтаар тогтоогдож байх ба уг мөнгийг LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхгийн хамт буцаан өгөхөд татгалзахгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч нь зөвшөөрч, LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насосыг буцаан авахад татгалзахгүй, харин 2 стартерын үнэ 12,000,000 төгрөгийг гаргуулна гэж маргасан талаар дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нарын LIBHER-924 маркийн экскаваторын үндсэн насос 1 ширхэг болон 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин 2 ширхэг стартерын үнэ нийлээд 12,000,000 төгрөг гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нь нотолж чадаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс үлдэх 11,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

10.Давж заалдах шатны шүүх “... хариуцагч нь 2 ширхэг стартерыг 500,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэсэн тайлбар гаргасан ч нэхэмжлэгч нь 12,000,000 төгрөгийг бүхэлд нь гаргуулахаар шаардсан байхад хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн нь хуульд нийцээгүй” гэж анхан шатны шүүхийг буруутгасан байна. Түүнчлэн хариуцагч нараас KOMATSU PS-1250 маркийн эксковаторын /11 kw стартер 6,500,000 төгрөг, 7,5 kw стартер 5,500,000 төгрөг/ стартер 2 ширхэг буюу 12,000,000 төгрөг, LIBHER-924 маркийн насос 1 ширхэг буюу 20,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р т олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...шинжээч нь үнэлгээ тогтоох боломжгүй гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсаныг танилцуулсан боловч хэн аль нь дахин хүсэлт  гаргаагүй, хариуцагч нар нэхэмжлэгчийн ирүүлсэн сэлбэгийн үнэлгээг үгүйсгэж чадаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүний үнэлгээгээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлно.., хариуцагч тал татгалзлынхаа үндэслэлийг нотолж чадаагүй” гэж дүгнэсэн байна.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангах бөгөөд харин хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.  

12.Маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс анхан болон давж заалдах шатны шүүх өөр өөр шийдвэрийг гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үндэслэл болон дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй, шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

13.Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зарим сэлбэгийг заруулахаар хариуцагч нарт өгсөн гэх боловч тухайн сэлбэг хэрэгсэл нь шинэ эсхүл хуучин байсан эсэх, түүний элэгдэл хорогдол ямар байсан, зах зээлийн үнэлгээ болон заруулах үнийн тухайд талууд хэрхэн, ямар байдлаар тохиролцсон нь ойлгомжгүй, тайлбарууд харилцан зөрүүтэй байна.

14.Хариуцагч нарын зүгээс нэг насос нь байгаа, түүнийг буцаан өгөх боломжтой гэх хэдий ч бодитоор байгаа эсэх тухайд ямар нэгэн баримтгүй, шүүх энэ талаар тодруулаагүй, түүнчлэн тухайн насосын чанар байдал, үнэ, үнэлгээ тодорхой бус байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

15.“...шинжээчээр томилсон “Ашид билгүүн” ХХК  нь үнэлгээ тогтоох боломжгүй гэсэн үндэслэлээр дүгнэлт гаргахаас татгалзсан, зохигч нарт танилцуулсан боловч хэн аль нь санал хүсэлт дахин гаргаагүй, хариуцагч тал татгалзлынхаа үндэслэлийг нотолж чадаагүй” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болжээ. Учир нь, нэхэмжлэлийн шаардлага нь нэрлэсэн сэлбэгүүдийг биетээр гаргуулах, эсхүл сэлбэгийн мөнгийг гаргуулах гэсэн шилжмэл агуулгатай шаардлага гаргасан байхад тухайн сэлбэг байгаа эсэх, түүнчлэн сэлбэгүүдийн чанар болон үнэлгээг бодитой тогтоох шаардлагатай байхад шүүх хэргийг шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

16.Дээрх үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 135/ШШ2023/00488 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 209/МА2023/00054 дүгээр  магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг  хангаж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 318,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                Н.БАЯРМАА

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                              Д.ЦОЛМОН

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД