Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 27

 

Б.В-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар магадлалтай, 201706000142 дугаар эрүүгийн хэргийг Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй,  Тайж овогт Б.В нь 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.В-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, харгис хэрцгий хандан догшин авирлаж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, хорих болон торгох ялыг тус тусад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.В-д оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дүгээр заалтыг заалтыг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Булган аймгийн прокурорын газраас Б.В-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.В-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж,  тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатар хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлын хүрээнд шүүгдэгч Б.В-гийн “Гэр бүлийн хүчирхийллийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэх” гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь “тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолд тусгасан байхыг шаарддаг. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.В-гийн “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг 2016 оны 8 дугаар сараас хойш дахин давтагдаагүй болохыг хэн гэх хохирогч, гэрч нарын юу гэсэн мэдүүлэгт үндэслэн дүгнэж байгаа болохоо заагаагүй, нотлох баримтын агуулгыг дурдаагүй, “хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд” гэж цагаатгаж байгаа үндэслэлээ огт дурдалгүй орхигдуулсан байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг нь зөвхөн зодсон байхыг шаардахгүй, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан зэрэг хэлбэрээр үйлдэгдэх боломжтой талаар заасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс Б.В-г цагаатгасан үндэслэл нь хохирогч Е.Чимэдийн “2017 он гарсаар биднийг зодоогүй” гэх ганцхан мэдүүлэгт үндэслэж, байнга харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан үйлдлүүдэд нь үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүгдэгч Б.В-гийн гэр бүлийн хүчирхийллийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн үйлдэл нь 2011 оноос 2016 оны 8 дугаар сар хүртэл үргэлжлээд зогсоогүй, харин дээрх үйлдэл нь нуугдмал байдлаар улам даамжирч үргэлжилснээр 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Б.Өлзийбатыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар, улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр таслан зогсоогдсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь заалт Б.В-д холбогдох хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй юм.

Иймд Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.В нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг үг хэлээр доромжлох, зодох зэргээр бие махбодийн болон сэтгэл санааны зовиур шаналалыг байнга учруулж, харгис хэрцгий харьцаж тарчлаах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна... Хэргийн хохирогч болох өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дахин гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлэхгүйн тулд шүүгдэгчид ял шийтгэлийг биеэр эдлүүлж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад  хамруулах шаардлагатай. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг илтэд буруу тайлбарлан, үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.В-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

1.Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагчийн холбогдсон хэргийн агуулгыг хэт ерөнхий байдлаар товч бичиж, яллах нотлох баримтын агуулгыг огт дурьдахгүйгээр, нотлох баримтын зөвхөн эх сурвалжийг жагсаан бичиж агуулгыг нууцалсан нь яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг зөрчсөнөөс гадна өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцсанаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ бодитой хэрэгжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасны дагуу шинээр баримт сэлт гаргаж өгөх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримтыг шалгуулах, нэмж тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, яллах талын баримтыг няцаан үгүйсгэж мэтгэлцэх, эсхүл энэ хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах зэрэг яллагдагчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах үр дагавартай бөгөөд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 34.14, 35.8 дүгээр зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд сөргөөр нөлөөлөх болно.

Иймд Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 5/14 дугаартай яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

2.Прокурор яллах дүгнэлтдээ яллагдагч Б.В-г “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж дүгнэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ Б.В нь хэзээ, хаана, хэний эсрэг, хэдэн удаа, ямар арга, хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, бусдад ямар хохирол учирсан, уг хэргийг хүндрүүлэх ямар шинж тогтоогдсон талаар огт дурьдаагүй байна.

Иймд уг яллах дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч Б.В-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийг хянан хэлэлцэж хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой эсэхийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй.

3.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б.В-г 2011 оноос 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүмүүс болох өндөр настай ээж Е.Чимэд, хөгжлийн бэрхшээлтэй эгч Б.Рогзодмаа, төрсөн дүү Б.Өлзийбат нартай байнга харгис хэрцгий хандах, догшин авирлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.” гэж прокурорын яллах дүгнэлтэд огт дурьдаагүй хэргийн үйл баримтыг бичсэнээс гадна уг үйл баримтыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Б.В нь … гэр бүлийн хамаарал бүхий нэг дор амьдарч байгаа өндөр настай ээж Е.Чимэд, хөгжлийн бэрхшээлтэй эгч Б.Рогзодмаа, төрсөн дүү Б.Одонхүү, Б.Өлзийбат нартай байнга харгис хэрцгий харьцаж, догшин авирлан сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг ноцтой зөрчжээ.

Анхан шатны шүүхээс Б.В-гийн үйлдсэн гэх гэмт хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх дээр дурьдсан зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна “Гэр бүлийн хүчирхийлэл” нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар гэмт хэрэгт тооцогдож Эрүүгийн хуулийн 1201 дугаар зүйл болж хуульчлагдсан гэх үндэслэлээр Б.В-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо түүний үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлд заасан “Тарчлаах” гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, түүнд 2002 оны Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг, эсхүл шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бий болсон эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

4.Прокурорын 5/14 дугаартай яллах дүгнэлтэд “Яллагдагч Буяндоржийн Ванчин нь 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.Өлзийбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хүзүүний баруун талд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж дүгнэн, холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болон 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Харин хяналтын прокурор Ц.Гэрэлбаатарын хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлд “Шүүгдэгч Б.В-гийн гэр бүлийн хүчирхийллийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн үйлдэл нь 2011 оноос 2016 оны 8 дугаар сар хүртэл үргэлжлээд зогсоогүй, харин дээрх үйлдэл нь нуугдмал байдлаар улам даамжирч үргэлжилсээр 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Б.Өлзийбатыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр таслан зогсоогдсон” гэжээ.

Давж заалдах шатны шүүх нь “Б.В-гийн гаргасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд нь цаг хугацааны хувьд 2011 оноос 2016 оны 8 дугаар сарын хооронд үйлдэгдсэн” гэж хэрэг үйлдэгдсэн хугацааны талаар анхан шатны шүүхээс өөр дүгнэлт хийсэн атлаа түүний үндэслэл болсон нотлох баримтын агуулга, уг баримтыг үнэн зөв гэж үзсэн үндэслэл болон няцаан үгүйсгэсэн эсрэг баримтын талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байх тул магадлалыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэв.

Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсныг анхаарч, Б.В-гийн 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.Өлзийбатыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулсан эсэх, прокуророос уг хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв эсэх, түүнчлэн Б.В нь гэр бүлийн хамаарал бүхий хэн хэний эсрэг, хэзээ, хаана, ямар хугацаанд, ямар хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хэнд ямар хохирол учруулсан, хэргийг хүндрүүлэн зүйлчлэх ямар шинж тогтоогдсон талаар прокурорын яллах дүгнэлтэд дурьдаагүй байхад энэ талаар шүүх дүгнэлт хийх боломжтой эсэхийг анхан шатны шүүх дахин хэлэлцэж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж дүгнэв.

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 6966 тоот дүгнэлтэд “Б.Өлзийбатын биед чихэнд хатгагдсан шарх, сарвуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо” гэсэн /хх-67/ байхад прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд “Шүүгдэгч Б.В нь 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.Өлзийбатын хүзүүний баруун талд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж хохирогч Б.Өлзийбатын биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлтээс өөр өөр дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

6.Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Б.В-г “ял шийтгэлгүй” гэж бичсэн боловч хавтаст хэргийн 93 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Б.В-г “Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн ... шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145., 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан” гэж тэмдэглэжээ. Гэтэл Б.В-г дээр дурьдсан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцож, ял оногдуулсан гэх шүүхийн шийдвэрүүд хавтаст хэрэгт байхгүй байна.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт Б.В-г 2 удаа ял шийтгүүлж байсан гэж бичсэн байх боловч хэзээ, ямар хэрэгт шийтгүүлсэн талаар дурьдаагүй, харин Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар магадлалын удиртгал хэсэгт Б.В-г урьд ял шийтгүүлсэн эсэх талаар огт бичээгүй, ял шийтгэлийн тэмдэглэл үнэн зөв эсэх талаар дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Б.В нь урьд ял шийтгүүлсэн эсэхийг дахин шалгаж, холбогдох шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсарган, хувийн байдлыг сайтар шалгаж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар зайлшгүй нотолбол зохих асуудалд хамаарахаас гадна шүүдэгчийн гэм бурууд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзнэ.

7.Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Б.В-г “хэрэг хариуцах чадвартай” гэж бичсэн байх боловч прокурор ямар баримтыг үндэслэн ийнхүү яллагдагчийн хувийн байдлыг тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Иймд яллагдагчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар нэр бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлэг болон яллагдагчийн төрсөн эгч Б.Рогзодмаа нь сэтгэцийн хувьд хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол өвчтэй /хх-71/, дүү Б.Одонхүү нь сэтгэцийн хувьд хүндэвтэр хэлбэрийн оюун ухааны хомсдол, зан төрхийн өөрчлөлт өвчтэй /хх-69/, дүү Б.Өлзийбат нь төрөлхийн оюун ухааны хөнгөн хомсдол, зан төрхийн өөрчлөлт өвчтэй /хх-73/ болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба энэ талаар тэдний төрсөн эх Ё.Чимэд нь “Б.Өлзийбат, Б.Одхүү, Б.Рогзодмаа нар нь бүгд сэтгэцийн өвчтэй, өөрт тохиолдож буй явдлыг бусдад ойлгуулах ямар ч чадваргүй” гэж мэдүүлсэн /хх-31/ байдлыг харгалзан Б.В-гийн сэтгэцийн байдалд шинжилгээ хийлгэж, хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох тухай асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй.

8.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Б.В-г гэр бүлийн хамаарал бүхий нэг дор амьдарч байгаа өндөр настай ээж Е.Чимэд, хөгжлийн бэрхшээлтэй эгч Б.Рогзодмаа, төрсөн дүү Б.Одонхүү, Б.Өлзийбат нартай байнга харгис хэрцгий хандах, догшин авирлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэж дүгнэсэн боловч мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Б.Рэгзэдмаа, Б.Одонхүү нарыг хохирогчоор, мөн тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж хамгаалах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогоогүй байна.

Шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болох дээр дурьдсан мөрдөн байцаалтын дутуу ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой эсэх, уг мөрдөн шалгах ажиллагааны үр дүн нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлд ноцтойгоор нөлөөлөх эсэх асуудлыг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлээгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас

                                                ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.В-д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 2.Хэргийг шүүхэд очтол Б.В-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

            ДАРГАЛАГЧ,                                              Б.ЦОГТ

            ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН