Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0087

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 929 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “Си Ти Эл Ти” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 929 дүгээр шийдвэрээр: ”Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 35 дугаар зүйлийн 35.12, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “Си Ти Эл Ти” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 370 дугаар шийдвэрийн уг компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Си Ти Эл Ти” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын М\/-017500 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээж өгөхийг Ашигт малтмалын газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Нэхэмжэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү давж заалдах гомдолдоо: “Хариуцагч Ашигт малтмалын газраас “Тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн” тухай 6/2740 дүгээр мэдэгдлийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр, “Тусгай зөвшөөрөл цуцалсан тухай” 6/3646 дугаар мэдэгдлийг 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн хаягаар шуудангаар хүргүүлсэн гэсэн тайлбар нь нэхэмжлэгч “Си Ти Эл Ти” ХХК-д мэдэгдлийг өгсөн гэдгийг нотлох боломжгүй. “Монгол шуудан” ХК-аас 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09.00 цагт буцаасныг хүлээн авч тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасны дагуу мэдэгдлийг гардуулж хүргүүлээгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд мэдэгдлийг хүлээн аваагүй болохыг мэдсээр байж тодорхой арга хэмжээ аваагүй /утсаар холбоо барьж мэдэгдэх/ эс үйлдэхүй гаргасан болохыг шүүх дүгнэж авч үзээгүй.

... Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах” тухай 09 дүгээр тогтоолын 6-д “мэдэгдэнэ” гэдийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн албан ёсны хаягаар шуудангаар хүргүүлнэ гэж тайлбарлаагүй бөгөөд нэхэмжлэгч “Си Ти Эл Ти” ХХК-ийн Ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тодорхойлолтод “тухайн компаний холбогдох утас:453342, факс:453343, гар утас:96657879, и-мэйл хаяг бүртгэгдсэн байдаг бөгөөд тусгай зөвшөөрлийн цуцлах хугацаа дусахаас өмнө 20 хоногийн хугацаанд бусад байдлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх боломж төрийн захиргааны байгууллагад байсан. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 929 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Си Ти Эл Ти” ХХК-аас “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 370 дугаар шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Си Ти Эл Ти” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-017500 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмалын газарт даалгах” тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 370 дугаар шийдвэрээр 433.06 га талбай бүхий MV-017500 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө урьдчилан төлөөгүй гэх үндэслэлээр “Си Ти Эл Ти” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Ийнхүү цуцлахдаа хариуцагч төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид цуцлах болсон үндэслэлийн талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 /Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана/-т заасны дагуу мэдэгдэж, 56 дугаар зүйлийн 56.3-д заасан ажиллагааг явуулах боломжийг олгоогүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Хэдийгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос өмнө 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 6/2740, тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцалсан тухай” 6/3646 дугаар мэдэгдлүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Си Ти Эл Ти” ХХК-д хүргүүлсэн гэх боловч тухайн мэдэгдлүүдийг нэхэмжлэгч компани хүлээн аваагүй байна.

Энэ талаар Ашигт малтмалын газрын “Баримт бичиг хүлээлцэх дэвтэр”-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч “Си Ти Эл Ти” ХХК-д мэдэгдээгүй буцан ирсэн” талаар тус газрын ажилтан н.Ариунаа тэмдэглэсэн байдлаар тусгагджээ.

Энэ нь хариуцагч төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэлийг “Си Ти Эл Ти” ХХК-д мэдэгдээгүй гэх үндэслэл болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 52.2-т заасан “мэдэгдэнэ” гэдгийг  төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгох бөгөөд тухайн мэдэгдлүүдийг хүргүүлж, баталгаажуулаагүй атлаа тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй.

Энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Харин тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй нэхэмжлэгч “Си Ти Эл Ти” ХХК-ийн мэргэжилтний буруутай ажиллагаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал нь давж заалдах гомдлыг хангах үндэслэл болохгүй.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 929 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 370 дугаар шийдвэрийн “Си Ти Эл Ти” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Си Ти Эл Ти” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МV-017500 дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмалын газарт /Хуучин нэрээр/ даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                                      ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

                                      ШҮҮГЧ                                                Ц.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР