Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 143/ШШ2021/00173

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХК

Хариуцагч: М.Э

13 563 170 төгрөг 41 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа, Б.Золзаяа, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Энхбаатар нь *******тай 2018 оны 04 дүгээр сарын 05 - ны өдөр 3,700,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картны ЗГ/520760082 дугаартай 24 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Тус гэрээнд бэлэн бус гүйлгээний хүү 2%, бэлэн мөнгө авсаны хүү 3,5%, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 24%, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 12% байхаар харилцан тохиролцжээ. Зээлдэгч М.Энхбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл зээлийн эрхтэй кредит картнаас нийт 5 966 832 төгрөгийг бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийжээ. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл нийт 5 966 832 төгрөгийг үндсэн зээлэнд зээлийн эрх хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 802 562.45 төгрөг, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 513 949.73 төгрөг, үндсэн зээлийн хүү 4 340 406.23 төгрөг нийт зээл хаах дүнгээр 13 563 170.41 төгрөг болсон байна. Банкны зүгээс зээлдэгч М.Энхбаатартай удаа дараа холбогдож, уулзаж зээлээ төлөх талаар сануулж мэдэгдэх хуудас гардуулж байсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн.

Иймд зээлдэгч М.Энхбаатараас зээлийн эрхтэй кредит картны ЗГ/520760082 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 5 966 832 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 802 562.45 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 513 949.73 төгрөг, үндсэн зээлийн хүү 4 340 406.23 төгрөг нийт 13 563 170.41 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулсан. Хариуцагч тал бичгээр тайлбар ерөөсөө өгдөггүй. Мөн covid-19 цар тахлын шинжилгээний хариу эерэг гарсан гэсэн боловч түүнийг нотолсон аливаа баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хариуцагчийн эрх ашгийг шүүхийн зүгээс хангалттай хангасан гэж нэхэмжлэгч талаас үзэж байгаа тул хариуцагчийн эзгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж өгнө үү. М.Энхбаатар нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс зээлийн эрхтэй кредит карт ашиглаж эхэлсэн байдаг. Энэ нь *******ны зүгээс алтан карт нэршлээр явдаг. М.Энхбаатар нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хэвийн ашиглаж зээлээ эргэн төлж явсан байдаг. Түүнээс хойш 2018 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 4.200.000 төгрөгийн бэлэн гүйлгээ, үлдэгдэл төлбөрийг АТМ болон пос машин дээр бэлэн бусаар гүйлгээ хийж, нийт 5.966.832 төгрөгийн гүйлгээ хийсэн байдаг. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл зээлийн гэрээнд тусгасны дагуу бэлэн бус гүйлгээний хүү, бэлэн гүйлгээний хүү, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож хариуцагч М.Энхбаатараас нийт 13.563.170,41 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнд ЗГ/520760082 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээлийн үлдэгдэл буюу хариуцагчийн өөрийнх нь бэлэн болон бэлэн бусаар авч хэрэглэсэн 5.966.832 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.802.562.45 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.513.949.73 төгрөг, үндсэн зээлийн хүү 4.340.406.23 төгрөг нийт зээл хаах дүнгээр 13.563.170.41 төгрөг болсон байна. Хариуцагчийн хувьд анх зээлийн эрхтэй кредит карт авахдаа картын хүү болон эргэн төлөгдөх нөхцөл, журмыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан авсан байдаг. Энэ талаарх хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гарган өгсөн. Иймд зээлдэгч М.Энхбаатараас зээлийн эрхтэй кредит картын үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн нийт 13 563 170.41 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Кредит картын бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24% буюу сарын 2%, бэлэн мөнгө авсны хүү жилийн 42% буюу сарын 3,5% бодогддог. Бүх кредит картын хүү сар бүрийн 03-ны өдөр гардаг. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нийт 4.202.500 төгрөгийг АТМ-с бэлнээр уншуулж авсны хүү нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 13 хоногийн хүү 62.864,79 төгрөг, бэлэн бус нь 29.010.42 төгрөгийн хүү гарсан байдаг гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан ******* ХХК-ийн нэхэмжлэл, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/520760082 дугаартай кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хуулбар, 120280899 дугаартай кредит карт авах хүсэлтийн хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 0380004 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ******* ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, М.Энхбаатарын зээлийн картны тооцооллын хүснэгтийн хуулбар, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаартай *******ны гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 09/5536 дугаартай итгэмжлэл, 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 64 дугаартай *******ны гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10/120 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10/410 дугаартай итгэмжлэл, М.Энхбаатарын зээлийн картны тооцооллын хүснэгтийн хуулбар, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн цагдаагийн дэд ахлагч Б.Ганжамъяны илтгэх хуудас зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК нь М.Энхбаатарт холбогдуулж 13 563 170 төгрөг 41 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

******* ХХК болон М.Энхбаатар нар нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/520760082 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулан 5.700.000 төгрөгийг бэлэн бус гүйлгээнд жилийн 24 хувийн хүүтэй, бэлэн мөнгө авсаны хүү жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, талуудын хооронд байгуулсан гэрээгээр нотлогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь зээлдэгч М.Энхбаатар нь зээлийн гэрээнд заасан гэрээний үүргийг зөрчсөн, улмаар зээлийн гэрээний хугацаа дууссан тул банкны санаачлагаар 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчаас 13 563 170 төгрөг 41 мөнгө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч М.Энхбаатар нь 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн нэг хувийг гардан авсан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй, харин хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь зээлдэгч гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагчаас үндсэн зээл 5.966.832 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн хүү 2.724.249 төгрөг /гэрээний хугацаа/, нэмэгдүүлсэн хүү 544.850 төгрөг /зээлийн хүү 2.724.249 төгрөгний 20 хувиар тооцсон дүн/ нийт 9.235.931 төгрөгийг шаардах эрхтэй байх тул дээрхи нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талууд 24 сарын хугацаатай гэрээ байгуулсан ба зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн нь илэрхий болсон түүнчлэн зээлийн гэрээний хугацаа дууссан атал зээлдүүлэгч шаардлага гаргаагүй, шаардлага гаргах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний хугацаа дууссан хугацаанаас хойш шаардсан зээлийн хүүг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч М.Энхбаатарт шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 143/ШЗ2021/00614 дугаартаы шүүгчийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасан ба тус газрын албан хаагчийн илтгэх хуудсаар хариуцагчийг албадан ирүүлэх боломжгүй болсон нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Энхбаатараас 9.235.931 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.327.238 төгрөг 56 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.765 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энхбаатараас улсын тэмдэгтийн хураамж 162.725 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР