Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 05 өдөр

Дугаар         2024/ШЦТ/319

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү хөтөлж,

иргэдийн төлөөлөгч Ж.*******,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бат-Орших,

хохирогч Ж.*******,

шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Г.Жалбуу, Э.Энххэрлэн нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг Адуун овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2310000001775 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК-д мэдээллийн сангийн инженер ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, .....******* дугаар гудамж ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Алаг адуун овогт *******ийн ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, “*******” хотхоны -р байрны тоотод найз У.гийн гэрт байхдаа хамтран амьдрагч Ж.*******г “хүмүүс хооронд нь муудалцуулсан” гэх шалтгаанаар хохирогчийг гараараа цохих, үсдэж чирэх, өшиглөх зэргээр зодсоны улмаас хохирогчийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний урагдал задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, хацар, нуруу, хэвлий, ташааны зөөлөн эдэд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

Хохирогч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр нөхөр хүүхэдтэйгээ У.гийн гэрт очсон. У., Ц. хоёр гэр бүлийн маргаантай байсан тул нөхөр бид хоёр эвлэрүүлэх зорилготой мөн нөхөр маань найз У.тай хамт дэлгийн аварга үзэхээр очсон. Тэр хоёр сайн эвлэрээгүй байсан. Нөхөр бид хоёр усанд орчхоод гараад ирэхэд шар тостой 500 гр савтай монгол архи халаасан байсныг хувааж ууцгаасан. Мөн том савтай пиво уусан. Тухайн үед 100 хувь эрүүл ухаантай хүн байгаагүй, бүгд согтуу байсан. Манай нөхөр уудаггүй болохоор ч тэр үү архи сайн даадаггүй. Намайг жижиг өрөөнд хүүхдээ унтуулж байхад нөхөр Г.******* орж ирээд надад “, хоёр хэрэлдээд байна. Та хоёр янз бүрийн юм яриагүй биз дээ” гэхээр нь “айл гэрийн асуудал бид хоёрт хамаагүй” гээд би нөхөр Г.*******ыг нэг удаа алдахад намайг зөрүүлээд зодсон. Г.******* намайг зодож байгаагүй. Миний эмчилгээ, сувилалын зардлыг нөхөр Г.******* л төлсөн. Г.******* нь хийсэн хэрэгтээ их гэмшиж байгаа. Би одоо 7 сартай жирэмсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2310000001775 дугаартай хавтаст хэргээс:

 

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаарх дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,

Хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

Хохирогч Ж.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 13, ******* дахь тал/,

Хохирогч Ц.Нууц-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Гэрч У.гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн ******* дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12008 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12007 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/ ,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 41 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 42, 48 дахь тал/, жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 44 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45 дахь тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/, .... ТӨХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 47 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.*******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

шүүгдэгч Г.*******, хохирогч Ж.******* нь эхнэр, нөхөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ба шүүгдэгч, хохирогч нар нь гэрч Ц., У. нартай гэр бүлийн найзууд юм.

 

Шүүгдэгч Г.*******, хохирогч Ж.******* нар нь 2023 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, “*******” хотхоны дугаар байрны тоотод найз У., Ц. нарын гэрт спортын тоглолт үзэх, У., Ц. нарыг эвлэрүүлэх зорилгоор очиж хамтдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 9 дүгээр сарын *******-ны орой 20 цагийн орчимд согтуурсан үедээ хамтран амьдрагч Ж.*******г “хүмүүс хооронд нь муудалцуулсан” гэж шалтаглан хохирогчийг гараараа цохих, үсдэж чирэх, өшиглөх зэргээр зодож биед нь “хэвлийн битүү гэмтэл, дэлүүний урагдал задрал, хэвлийн хөндийд цус хуралт, хацар, нуруу, хэвлий, ташааны зөөлөн эдэд цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаарх дуудлага лавлагааны хуудас “...Манай охиныг нөхөр ******* нь найзындаа авч очоод зодоод дэлүү нь задарсан байна. Одоо манай охин амаржих газарт хагалгаанд орж дэлүүгээ авахуулсан...” гэх мэдээлэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, “*******” хотхоны дугаар байрны тоот /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,

Хохирогч Ж.*******гийн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

Хохирогч Ж.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед Регбигийн тэмцээн үзэх санаатай У.гийн гэрт нөхрийн хамт очсон. Нөхөр Г.******* У.гийн хамт тэмцээнээ үзээд, Ц. бид хоёр хүүхдээ хараад байж байсан. Манай нөхөр Г.*******, У. хоёр тэмцээн үзэж байхдаа том бор савтай пиво 4 ширхгийг уусан. Мөн тухайн айлд байсан монгол архийг Г.*******, У. хоёр уусан. Тэгтэл У., Ц. хоёр угаалгын өрөөнд орчхоод чанга чанга дуугараад хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Тэр үед би хүүхдээ унтуулах гээд жижиг өрөөнд байх үед нөхөр Г.******* над руу уурлаад “чи У., Ц. нарыг хооронд нь муудалцуулчихлаа, хоёулаа энэ хоёрыг эвлэрүүлэх гэж ирсэн биз дээ” гэж уурлахаар нь “би Ц.тэй юу ч яриагүй” гэхэд нөхөр Г.******* миний зүүн талын хацарт гараараа нэг удаа цохисон. Тэгснээ намайг үсдээд, чирээд үүдний хэсэгт авч очин миний нуруу хэсэгт өшиглөсөн. ...Тухайн асуудал шөнийн 2-3 цагийн хооронд болсон. Тэгтэл маргаашнаас нь миний ходоод өвдөөд байх шиг байхаар нь эмнэлэгт үзүүлтэл “миний дэлүү бяцарсан байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна” гэж хэлэхээр нь эмнэлэгт хэвтэн хагалгаанд орсон. Шинжээчийн дүгнэлтэд гарсан гэмтлүүдийг нөхөр Г.******* үүсгэсэн. Тэрнээс болж би дэлүүний хагалгаанд орж дэлүүгээ авхуулсан. ...Урьд нь манай нөхөр миний биед халдаж байгаагүй. Нөхөр Г.******* өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэдгээ надад хэлсэн. Би 1 жил гарангийн өмнө төрсөн учраас их туранхай байсан. Туранхай учраас доргилт авах нь амархан гэж эмч надад хэлж байсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 13, ******* дахь тал/,

Хохирогч Ц.Нууц-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: 2023 оны 9 дүгээр сарын 17-ны орой манай нөхрийн найз болох Г.*******, түүний эхнэр Ж.******* нар манай гэрт ирсэн. Тухайн 2 хүнийг гэртээ урьсан юм. Учир нь манай нөхөр У. нь Г.*******ын багийн найз байгаа юм. Манай нөхөр У., Г.******* нар нь рагби гэх спортоор хичээллэдэг бөгөөд тухайн спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан учраас манай гэрт хамтдаа үзэх санаатай байсан юм. Манай нөхөр, Г.******* нар тоглолтоо үзэж байхдаа 2,5 литрийн пиво 3-4 савыг уусан. Мөн манай нөхөр болон Г.******* нар нь монгол архи халааж байгаад шар тостой уугаад байсан. Тухайн үед би нөхөр У.тай гэр бүлийн маргаантай байсан бөгөөд тухайн асуудлаа ярилцахаар гэрийнхээ угаалгын өрөөнд орж ярилцаж байхад Г.*******ын дуу нь өндөрсөөд Ж.*******тэй маргалдаад байх шиг байсан. Би нөхрийн хамт угаалгын өрөөнөөс гараад иртэл Ж.******* нь манай угаалгын өрөөний урд хэсэгт газар унасан байдалтай орилж байсан. Тэр үед би Г.*******ыг Ж.*******гээс салгах гээд цааш түлхэхэд Г.******* нь миний зүүн талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Би түүний зүүн хацарт нэг удаа алгадахад Г.******* нь намайг боогоод хойш унагаасан. Тэр үед манай нөхөр У. нь Г.*******ыг надаас салгах үед Г.******* нь манай нөхрийн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тухайн үедээ би боолгуулаад ухаан балартсан байсан учраас гэрээсээ мөлхөөд гарсан. Тэгээд Г.*******, Ж.******* нар манай гэрээс яваад өгсөн. ...У. бид хоёрыг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд Ж.******* нь манай гэрийн шалан дээр дээш харсан байдалтай хэвтэж байсан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Гэрч У.гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2023 оны 9 дүгээр сарын *******-ны орой 20 цагийн орчимд манай найз Г.*******, эхнэр, хүүхдийн хамт манай гэрт буюу Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо Алтан гадас хотхоны - тоотод ирсэн юм. Манай эхнэр Ц., найз Г.*******, түүний эхнэр Ж.******* бид нар ойрд уулзаагүй гээд пиво ууцгаасан. 2023 оны 9 дүгээр сарын 17-ны шөнө 03 цагийн орчимд би эхнэр Ц.тэй ариун цэвэрийн өрөөндөө ороод маргалдаж байхад ариун цэврийн өрөөний үүдэнд хүн унах чимээ гарахаар нь гараад харахад Ж.******* газар дээшээ хараад унасан байдалтай байсан. Би Ж.*******гээс Г.*******ыг түлхэж холдуулаад Ж.*******г түшиж босгоод нөгөө өрөөнд оруулсан. Манай хүү том өрөөнд уйлаад байхаар нь очиход манай эхнэр Ц., Г.*******ыг “чи яаж байгаа юм бэ” гээд жаахан чанга дуугаар хэлж байсан. Удалгүй гэрийн үүдэнд юм түжигнээд байхаар нь очиход манай эхнэр газар унасан байхаар нь би Г.*******т “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд миний зүүн шанаа хамар орчимд цохисон. Би Г.*******ыг тайвшруулж байх хооронд манай эхнэр гэрээс гараад явсан байхаар араас нь гарч эхнэртэйгээ уулзаж байхад Г.******* хүүхдээ тэврээд гараад явсан. Удалгүй Ж.******* араас нь гараад хамтдаа яваад өгсөн. Тэгтэл 2023 оны 9 дүгээр сарын 19-ний 02 цагийн орчимд Ж.*******гийн ээж над руу утсаар залгаад “Ж.******* дэлүү авах хагалгаанд орж байна. Чи хүрээд ир” гээд болсон асуудлын талаар асуусан...гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн ******* дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12008 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ж.*******гийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний урагдал задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, дэлүү авах мэс засал /2023.09.18/, хацар, нуруу, хэвлий, ташааны зөөлөн эдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Хэвлийн битүү гэмтлийн улмаас дэлүүг мэс заслаар авсан нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 30 хувь алдагдуулна. /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12007 дугаартай дүгнэлтэд: “...Ц.Нууц-Эрдэнийн биед зүүн хацар, хүзүү, баруун бугалга, шуу, зүүн шуунд цус хуралт, зүүн хацар, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удлаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Шүүгдэгч Г.*******ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: 2023 оны 9 дүгээр сарын 17-ны орой 19-20 цагийн үед би өөрийн багийн найз  У.гийн гэрт гэр бүлийн хамт очсон. Бид хоёр У.гийн гэрт Рагбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэх санаатай байсан. Манай найз У. нь гэр бүлтэйгээ үл ойлголцолтой байсан тул тухайн асуудлыг ярилцахаар би гэр бүлийн хамт очсон. У. бид хоёр хамтдаа Рагбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэнгээ 2,5 литрийн пиво уусан. Тухайн пивоноос манай эхнэр Ж.*******, Ц. нар хамт уусан. Тэгж байтал У. эхнэрийн хамт угаалгын өрөөндөө ороод чанга ярьж хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би эхнэртээ уур хүрээд түүнийг хүүхдээ унтуулах гээд жижиг өрөөнд байхад дуудсан. Манай эхнэр том өрөөнд орж ирээд бид хоёр хэрэлдэж маргалдаж байснаа санаж байна. Би тухайн асуудлыг ерөөсөө санахгүй байсан. Нэг мэдсэн чинь би гэртээ ирчихсэн байсан. Би эхнэрээсээ юу болсон талаар асуухад чи намайг У.гийнд байхад жижиг өрөөнөөс дуудаж гаргаж ирээд гараараа цохиж, үснээс зулгааж байгаад газар унагаан чирч, мөн нуруу хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн гэж хэлсэн. Тухайн үед манай эхнэрийн зүүн талын хацар хэсэг нь хавдсан байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маргахгүй. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Г.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Жалбуугаас “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь байнга, 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг ойлгоно. Гэтэл хохирогчийн зүгээс цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллээр 3 ба түүнээс дээш дуудлага мэдээлэл өгч байсан мэдээлэл байхгүй. Шүүгдэгч Г.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгээс: ...Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.*******, шүүгдэгч Г.*******, гэрч У. нарын мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдал болон хамт амьдарч байх хугацаанд ямар нэгэн байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй талаар тодорхой мэдүүлсэн.  Улсын дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 448 дугаартай тогтоолоор “...гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай ойрын төрөл садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцаа бөгөөд дээрх харилцааны явцад гэр бүлийн гишүүнийг ...тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилнэ.” гэж тайлбарлажээ. Дээрх байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.*******ын нэг удаагийн гэр бүлийн хамаарал бүхий гишүүнийг зодсоны улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан үйлдлийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж оруулж ирсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Г.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлтийг гаргав.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн обьектив тал нь гэмт этгээдээс хүний халдашгүй чөлөөтэй байдал, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтэл учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Г.******* нь хүний толгой руу гараараа цохих, үсдэж чирэх, өшиглөх зэргээр зодоход гэмтэл учирч болно гэдгийг мэдсээр байж /энгийн ухамсрын хүрээнд/ хамтран амьдрагч Ж.*******г зодсон нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “шууд санаатай” хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

          Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

         Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаас дүгнэхэд: Шүүгдэгч Г.*******, хохирогч Ж.******* нар нь 2021 оноос хамтран амьдарч байгаа, тэдний дундаас 20******* оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү М...төрсөн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна. Шүүгдэгч Г.******* нь хамтран амьдрагч Ж.******* болон хүүхдийн хамт 2023 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр найз У.гийн гэрт очиж, улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ “хамтран амьдрагч Ж.*******г “У., Ц. нарыг муудалцуулсан” гэж шалтаглан агсам тавьж, улмаар толгой руу нь цохих, үсдэж чирэх, нуруу руу өшиглөх зэргээр зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед хацар, нуруу, хэвлий, ташааны зөөлөн эдэд цус хуралт, хэвлийн битүү гэмтэл, дэлүүний урагдал задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нь дэлүү авах мэс засалд орж, хөдөлмөрийн чадварыг тогтонги 30 хувь алдагдуулсан байна.

         Иймд Г.*******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

         Прокуророос шүүдэгч Г.*******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

         Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.*******аас “шүүгдэгч Г.******* гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 36 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан.

Хохирогч Ж.*******гээс “нөхөр Г.*******т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би бага насны хүүхэдтэй, одоо 7 сартай жирэмсэн, хэрэв нөхөр Г.******* хорих ял авчихвал би хүүхдийн 100,000 төгрөгөөс өөр орлогогүй тул яаж амьдрах билээ. Энэ хэрэг гарснаас хойш нөхөр Г.*******ын надад тавих анхаарал халамж улам нэмэгдсэн. Иймд оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгээс “Г.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ялын санкцтай. Иймд дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

         Шүүхээс шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогч Ж.******* нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Г.*******т хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан, шүүгдэгч, хохирогч нь 20******* оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн 1 нас 9 сартай хүүхэдтэй, Ж.******* нь одоо 7 сартай жирэмсэн хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

          Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Г.******* нь анх удаа хорих ял шийтгүүлж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс тоолох нь зүйтэй.

         

           3. Хохирол төлбөрийн талаар:  

 

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ гэж Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд хуульчилсан.

 

               Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******д Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 12008 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...хэвлийн битүү гэмтэл, дэлүүний урагдал задрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, дэлүү авах мэс засал /2023.09.18/, хацар, нуруу, хэвлий, ташааны зөөлөн эдэд цус хуралт гэмтэл учирсан ба дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Хэвлийн битүү гэмтлийн улмаас дэлүүг мэс заслаар авсан нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 30 хувь алдагдуулна. /хавтаст хэргийн 27-28 дахь тал/ гэжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******гийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь тухайн гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо, мэс засал хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдох хэдий ч хохирогч Ж.******* нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлж байх тул шүүгдэгч Г.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Ж.******* нь хэдийгээр нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн боловч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Алаг Адуун овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.*******ыг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР

    ШҮҮГЧИД                                                   Д.АЛТАНЖИГҮҮР

                                                                                         С.БАЗАРХАНД