Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/247

 

 

 

 

 

 

 

 

 

  2024          03          28                                     2024/ШЦТ/247

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч Б.Билгүүн, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Иргэдийн төлөөлөгч: Г.Энхзаяа,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Шинжээч: Б.Сэргэлэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Э.Түвшинбаяр, О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305000002048 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***” нэртэй караоке дотор ***той хамтран амьдрагчтайгаа хардлаа гэх шалтгаанаар маргалдсаны улмаас шатны уруу гараараа татах болон түлхэх хүчний үйлчлэлээр шидэж газарт дагж хэсгээр нь унаган, 3-4 удаа толгой хэсэгт нь гараараа хүчтэй алгадаж, улмаар амь хохирогч хөдөлгөөн хийлгүйгээр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Би өөрийн холбогдсон хэрэг дээр маргах зүйл байхгүй. Хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдөр шилжих шөнийн 04 цагийн үед Алтай хонтхоны *** нэртэй караокед орсон, караоке хаасан байсан ба гараад явж байхад талийгаач араас гарч ирээд хамт сууж болно гээд ороод суусан. Караокены тусдаа өрөөнд сууж байсан чинь талийгаач хамтран амьдрагчтайгаа орж ирээд талийгаач бид хоёр танилцаад цуг суухаар болсон. Бид гурав 0.5 граммтай архи аваад 1 цаг дуулсан. Тэгээд сууж байтал талийгаач шууд намайг нэг удаа цохисон бид хоёр босож ирээд барилцаж аваад гараад караокены гадна талбайд сууж байсан. Караокед болсон явдлынхаа талаар яриад сууж байсан. Талийгаач намайг нэг цохиод би босож ирээд талийгаачийг нэг цохиод нэг өшиглөсөн, хамтран амьдрагч нь бид хоёрыг гарч зодолд гэсэн. Тэгээд бид хоёр гарсан, талийгаач шатны тэнд зогсож байсан би шатнаас буулгах гээд гарыг нь тавиулах гэтэл гараас мултраад доош шат руу унасан, хөдлөхгүй байсан, би сэрээх гээд хоёр удаа алгадсан. Тэгээд удаагүй түргэн цагдаагийн албан хаагч ирсэн. Би талийгаачийг унагаасан дээр маргахгүй, маш их харамсаж, гэмшиж байна. Би талийгаачийн амь насыг хохироох санаа зорилго байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлнэ, маш их харамсаж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрөө 4 хүүхэдтэй байсан ба талийгаач хүүхэд маань хамгийн том нь байсан, одоо 3 хүүхэдтэй. Миний хувьд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өглөө гэртээ байж байсан чинь манай охин *** надтай хамт байсан ба гар утас нь дугарсан. Тэгээд охин маань орилоод л явсан, би сандраад яав гэсэн чинь миний хүү *** нас барсан байна гэж хэлсэн. Ингээд цагдаа нар шалгаж байгаа гэж сонссон ба мэдүүлэг өгөх гээд ирэх үедээ бусдад зодуулж нас барсан гэдгийг нь мэдээд бие минь эвгүй болоод би мэдүүлэг өгч чадалгүй явсан. Хүү маань Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг Болд Төмөр уурхайд харуул хамгаалалтын ажил хийдэг байсан. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр над руу утсаар залгаад ээж би ээлжээсээ буусан одоо Улаанбаатар хот руу яваад очно гэж хэлснээс хойш дахин холбоо бариагүй, уг нь хүү маань надтай байнга л утсаар яриад хүү нь энд явна, тэгж явна гээд холбоо бариад л байдаг байсан. Хэргийн талаар надад мэдэх зүйл гэвэл энэ л байна. Өөр мэдэх зүйл байхгүй. Эхнэр, 1 охинтой ба салаад 10 орчим жил болж байна. Гэрлэлтийн баталгаа байхгүй, хамтран амьдрагч байсан. Одоо тэр хүмүүс хаана амьдардаг талаар мэдэх зүйл байхгүй. Хүүгийн ажил явдлын зардалд баримтаар нийт 22.285.140 төгрөг гараад байгаа. Үүнээс баримттай зардал нь 13.734.140 төгрөг, баримтгүй нь 3.551.000 төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс болох 5.000.000 төгрөг болсон байгаа юм. Миний хувьд маш их гомдолтой байна, надад их хэцүү байгаа. Сэтгэл, санааны байдлаас болж эрүүл мэнд санхүү болон бусад байдлаар их хохироод байна. Иймээс цаашид дээр дурдсан мөнгө болон сэтгэл санааны байдалд учирсан хохирлоо хуулийн дагуу нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх 1-н 52-53/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 23-ны орой манай караоке шөнийн 02 цагт үйлчлүүлэгч нараа гаргаад, хаалгаа барьсан бөгөөд тухайн үед манай караоке дотор миний бие болон захирал ***, мөн түүний хамтран амьдрагч *** ах бид гурав байсан. Тухайн үед *** эгч караоке дотор өөрийн амьдардаг 5 тоот өрөөндөө ганцаараа унтаж байсан бөгөөд *** ах ганцаараа караокены нийтийн зааланд текний хажууд байрлах ширээн дээр ганцаараа суучихсан нэг шил архи уугаад сууж байхаар нь би өөрийнхөө байрладаг өрөөндөө ороод унтаж байгаад, шөнө 04 цагийн үед ариун цэврийн хэрэглэл авахаар дэлгүүр гарах гээд явж байтал *** эгч сэрчихсэн явж байсан бөгөөд надад хэлэхдээ “*** ах чинь гаднаас үйлчлүүлэгч авчихсан байна, ядаж байхад тухайн үйлчлүүлэхээр орж ирсэн эрэгтэй хүнтэй *** ах чинь намайг хардаж уурлаад байна. Тэр үйлчлүүлж байгаа эрэгтэйгээс тооцоог нь авчихаад гаргахаас гэж байсан. Тэгээд би дэлгүүр орж ариун цэврийн хэрэглэл авчихаад 04 цаг 15 минутад буцаж өрөөндөө ороод унтаж байтал 05 цаг 50 минутын орчимд караокены зааланд хүмүүс зодолдож байгаа юм шиг чимээ, шуугиан гараад байхаар нь сэрээд сонсоход *** ах хамтран амьдрагч *** эгчийг үйлчлүүлж байсан эрэгтэй хүнтэй хардаж уурлаад байх шиг байхаар нь би өрөөнөөсөө гараад караокены заал руу ороод хартал текний хажууд байрлах ширээн дээр *** ах, *** эгч хоёр зэрэгцээд суучихсан, эсрэг талд нь үйлчлүүлж байсан эрэгтэй өөдөөс нь хараад суучихсан, тэр гурав нэг шил Агар нэртэй 500 граммын савлагаатай архийг хувааж уугаад сууж байснаа *** ах үйлчлүүлэгч эрэгтэйг *** эгчтэй дахин хардаж, дунд хуруугаа гаргаснаа чи манай караокенээс яв гэхэд тухайн эрэгтэй нь мөчөөгөө өгөлгүй өөдөөс нь хэрэлдэж, дунд хуруугаа гаргахад *** ах буйдан дээрээс босож ирээд үйлчлүүлэгч эрэгтэйн нүүр рүү нь гараараа нэг удаа цохитол, тухайн эрэгтэй нь босож ирээд *** ахын нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохиод, хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь текний араас гарч ирээд *** ах болон тухайн үйлчлүүлэгч эрэгтэй нарыг салгахад *** эгч тэр хоёрт хандаж “караоке дотор битгий зодоон хийгээд бай, гарч зодолд” гэхэд *** ах, үйлчлүүлэгч эрэгтэй хоёр гарч зодолдъё гээд заалнаас гарсан бөгөөд *** заалнаас түрүүлж гараад нэг давхар руу шатаар бууж байхад нь үйлчлүүлэгч эрэгтэй *** ахын ар дагз руу нь гараараа нэг удаа цохиход *** ах урагшаа хөл алдаад, арай ч уналгүй тогттол үйлчлүүлэгч эрэгтэй *** ахын араас нь очоод, тэвэрч авангуутаа шатны уруу шидсэн чинь *** ах ар нуруугаа, дагз хэсгээрээ шалан дээр унаад, огт сэрээгүй бөгөөд үйлчлүүлэгч эрэгтэй *** ах руу очингуутаа хацар руу нь гараараа маш хүчтэй 3-4 удаа алгадсан боловч *** ах огт сэрэхгүй байсан тул би түргэн болон цагдаад дуудлага өгөхөд цагдаа түрүүлж ирээд, араас нь түргэний эмч ирж үзээд *** ахыг нас барсан байна гэж хэлсэн. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө манай караокегоор үйлчлүүлсэн эрэгтэй хүн урьд өмнө нь нэг удаа манай караокегоор үйлүүлэхээр орж ирэх үед нь харж байснаас өөрөөр тухайн хүнийг огт таньж, мэдэхгүй. Миний ажигласнаар *** ах, *** эгч болон тухайн үйлчлүүлэгч эрэгтэй нар 2 шил архи уусан байх гэж бодож байна. *** эгч анх намайг ажилд ороход *** ахыг өөрийнхөө хамтран амьдрагч, нөхөр гэж танилцуулж байсан. *** ахын хувьд хөдөө орон нутагт уурхайд хамгаалагч ажил хийдэг. Намайг өрөөндөө унтаж байхад хүмүүс муудалцаж, зодолдох чимээ караокены зааланд гараад байхаар нь би өрөөнөөсөө гарч ирээд харахад *** ахын амнаас нь цус гарсан байсан. Би бодохдоо тухайн үйлчлүүлэгч эрэгтэй *** ахтай зодолдохдоо амнаас нь цус гаргасан байх гэж бодож байна. Харин намайг текний ард сууж байхад *** ах үйлчлүүлэгч эрэгтэйн нүүр рүү нэг удаа гараараа цохиход, үйлчлүүлэгч эрэгтэй босож ирээд зөрүүлээд *** ахын нүүр рүү нь 3-4 удаа цохиод, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Гэхдээ тухайн үед тэр хоёрт ил харагдах гэмтэл ажиглагдаагүй. Тэгээд *** ах, үйлчлүүлэгч эрэгтэй хоёр заалнаас гараад, *** ах түрүүлж шатаар бууж байхад үйлчлүүлэгч эрэгтэй *** ахын дагз руу нь гараараа нэг удаа цохиход *** ах урагшаа хөл алдаад, шатны бариулаас бариад тогтож үлдсэн чинь үйлчлүүлэгч эрэгтэй араас нь очоод ар нуруунаас нь тэвэрч байгаад урагшаа шатны уруу шидсэн чинь *** ах ар нуруугаараа газар унаад, огт сэрээгүй. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Зааланд талийгаач *** ах болон *** эгч, мөн үйлчлүүлэгч эрэгтэй, тэгээд минйи бие гээд дөрвүүлээ байсан. Бас миний амьдардаг өрөөнд манай найз Минжинсор надтай хамт байсан. Гэхдээ Минжинсор зааланд юу болсон гэдгийг мэдэхгүй, хараагүй учир нь заал руу орж ирээгүй. Тухайн үед *** ах заал дотор сууж байхдаа цээж нүцгэн, доогуураа эрээн өнгийн цэргийн өмд, *** эгч улаан өнгийн цамц, хар өмдтэй, харин үйлчлүүлэгч эрэгтэй ногоон өнгийн цамц, хар өнгийн хантааз, хар өнгийн өмдтэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 61-62/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...шөнө 06 цаг өнгөрч байхад манай найз Оюунбилэг намайг сэрээгээд, түүний ажилладаг караокены захирал *** эгчийн нөхөр *** ахыг хүн санаатайгаар шатнаас унагааснаас болж, ухаан алдчихаад сэрэхгүй байна, цагдаа, түргэн дуудаарай гэхээр нь би хувцсаа өмсөөд өрөөнөөсөө гараад хартал 2 давхраас буудаг шатны доод хэсэгт *** ах дээшээ харчихсан, ямар ч ухаангүй байдалтай байсан бөгөөд *** ахын хажууд танихгүй хар өнгийн хувцастай, согтуу эрэгтэй хүн болон *** эгч нар зогсож байхаар нь би 06 цаг 19 минутад өөрийнхөө ашигладаг 96006038 дугаарын утаснаас 102, 103-т дуудлага өгтөл эхэлж цагдаа ирээд, дараа нь эмнэлэг ирж үзээд *** ахыг нас барсан байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 64/,

Гэрч Т.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ***той 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр анх танилцаж байсан бөгөөд *** Сэлэнгийн Баянголын уурхайд 14 хоног ажилаад 14 хоног амардаг харуул хамгаалалтын ажил хийдэг байсан. Тэрнээс хойш хоорондоо утсаар ярьж харилцдаг байж байгаад 2023 оны 5 дугаар сарын сүүлээр надтай хамт амьдарч эхэлсэн хамтран амьдрагч юм. Талийгаач *** 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр караокены доод талын дүшний өрөөнд засвар хийж байхдаа ганцаараа архи уусан байсан. Тэгээд 16 цагийн үед өрөөндөө ороод унтаад өгсөн байсан 23 цагийн үед талийгаач босож ирээд надаас 100 грамм архи өгчих сэтгэл нэг сонин байна хуучин эхнэр Урнаа намайг архичин гэж ярьсан байна гээд нэхээд байхаар нь 100 грамм архи өгсөн. Тэгээд манай караоке хүнгүй 3 номерын өрөөнд 2 хүүхэн сууж байсан тэрийг гарахыг хүлээх зуураа талийгаач бид хоёр коридорын буйдан дээр юм ярьж суунгаа 1 шил 0.5 граммын Агар нэртэй архи хувааж уучхаад би өрөөндөө ороод унтаад өгсөн. Намайг унтаж байсан чинь шөнө цагийг нь санахгүй байна, талийгаач намайг дуудаж сэрээгээд 1 хүн ороод ирсэн байна, 1 цаг дуулъя гээд байна цагийг нь хийгээд өгөөч гэж байсныг санаж байна, би согтуу байсан болохоор өөр зүйл санахгүй байна. Нэг ухаан ороод харахад талийгаач шатны доор дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Дараа нь камерын бичлэг үзэхэд би талийгаач ***, шөнө орж ирсэн залуутай гурвуулаа буйдан дээр сууж байсан байна. Өөр ямар асуудал болсон талаар санахгүй байна. Талийгаач *** бид хоёр 0.5 граммын Агар нэртэй 1 шил архи хувааж уусан байсан. Би шөнө манай караокед орж ирсэн залууг огт танихгүй. Анх удаа харсан манайхаар өмнө нь үйлчүүлж байгаагүй. ...Би архи уугаад согтсон байсан болохоор болсон үйл явдлыг санахгүй, мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 67-69/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...06:20:17 минутад хар өнгийн дүрслэлтэй камерын бичлэгт доогуураа саарал өнгийн өмдтэй, дээгүүрээ хар өнгийн цамцтай эрэгтэй нь цагаан өнгийн хаалгаар түрүүлж гарч ирээд дээгүүрээ цамцаа өмсөж чадаагүй нүцгэн эрэгтэй хүнийг шатны уруу түлхэхэд дээгүүрээ нүцгэн эрэгтэй нь шатнаас бариад тогтож буй байдал ....06:20:19 цагт хар өнгийн дүрслэлтэй, өнгөний нягтаршил байхгүй дэлгэц дээр шатны бариулаас гараа бариад зогсож буй, дээгүүрээ нүцгэн эрэгтэй хүнийг доогуураа цайвар мэт өмдтэй, *** нь араас нь барьж авч буй байдал ...06:20:21 цагт шатны ...зогсож байхад нь *** нь араас татаж, амь хохирогчийг шатны дунд хэсгээс араас нь татаад маш хүчтэй газар руу унагаж буй байдал ....*** нь амь хохирогчийг шатны дунд хэсгээс шатны уруу араас нь татан маш хүч хүчтэй ...татаж унагааж буй байдал ...” гэжээ /хх 1-н 22-27/,

Шинжээчийн 2840 тоот дүгнэлт: “...Шинжилгээгээр талийгаач ***ын цогцост гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз, суурь ясны хугарал, дагзны зүүн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархай, суурийн дэлбэн бага тархины суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт хуйх, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн хацар, шанаа, баруун, зүүн эгэмд цус хуралт дух, зүүн шанаа, уруул, зүүн шуу, мөрөнд зулгаралт гэмтэл тогоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач *** нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. 2023 оны 10 дугаар сарын 24-ний 14:40 цагт хийгдсэн цогцсын гадна үзлэгээр нас бараад 10-12 цаг болсон байжээ. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Хоёрдугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэнч амь насыг аврах боломжгүй байсан” гэжээ. /хх-н 92-95/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 961 тоот дүгнэлтэд: “...*** сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. ...сэтгэцийн хөгжил нь өөрийн насны түвшинд байна. ...сэтгэцийн хувьд хоцрогдолтой гэх баримт мэдээлэл, шинж тэмдэг үгүй байна. ...болсон явдалд дүгнэлт хийж, үг яриа болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна. ...хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ...сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай ...сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...” гэжээ. /хх-н 31-33/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх 1-н 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 6-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-16/,  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 28-39/, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сиди, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 145-158, 175-178/, хохирлын баримтууд /хх 1-н 212-242/ зэрэг болно.

 

  Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06 цагийн үед Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ***” нэртэй караоке дотор ***той хамтран амьдрагчтайгаа хардлаа гэх шалтгаанаар маргалдсаны улмаас шатны уруу түлхэж, гараараа шатны бариулаас барьсан байх үед шатны уруу гараараа татаж салган, түлхэх хүчний үйлчлэлээр шидэж газарт дагз хэсгээр нь унаган, 3-4 удаа толгой хэсэгт нь гараараа хүчтэй алгадаж, улмаар амь хохирогч хөдөлгөөн хийлгүйгээр нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрч ***, Т.***, *** нарын мэдүүлэг, шинжээчийн 2840 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын “...шүүгдэгч *** үйлдлийг болгоомжгүй гэмт хэрэг гэж дүгнэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх бүрэлдэхүүн улсын яллагчийн гэм буруутайд тооцох зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх эрхтэй гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатарын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг алах гэмт хэргийн талаарх Улсын Дээд шүүхийн тайлбар дээр санаатай байх ёстой шүү, болгоомжгүй бол өөрөөр зүйлчилнэ. ...татаж унагааж алах зорилго агуулаагүй, сэтгэхгүй сэтгэцийн үйл ажиллагаа. Энэ хүн үг үйлдлээрээ алъя гэсэн үйл ажиллагаа байхгүй” гэсэн дүгнэлт тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хүнийг алсан гэмт хэргийн хувьд шууд ба шууд бус санаатай алах шинжтэй байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж түүнийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийн ард гарч шат руу шидэж, унагааж байгаа идэвхтэй үйлдлээр гэмт хэргийн шинж хангагдах ба амь хохирогч нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас гавал тархины гэмтэл авч нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр хангалттай нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэгт гэрчээр *** гэмт хэрэг гарсан үйл баримтын талаар маш тодорхой мэдүүлгийг өгсөн ба түүний өгсөн мэдүүлэг нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгээр ямар нэгэн зөрүүгүйгээр давхар нотлогдсон.

Гэрчийн мэдүүлэг, камерийн бичлэгээр үйл баримтыг сэргээн тогтооход ямар нэгэн эргэлзээгүй, хөдөлбөргүй, тухайн гэмт хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь амь хохирогчтой маргалдан, караокеноос цуг гарахдаа амь хохирогчийг шатны бариулаас барьж байхад нь түүнийг татаж тавиулан шатны уруу хүчтэй түлхэж унагаасан үйлдлийн улмаас амь хохирогч гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцөлийг хууль тогтоогчоос тодорхойлжээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох хүн нас барах хохирлыг хүсэж, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд бус санаатай хэлбэртэй байхыг шаарддаг.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Э.***той хамтран амьдрагчтайгаа хардлаа гэх шалтгаанаар маргалдсаны улмаас шатны уруу түлхэж, гараараа шатны бариулаас барьсан байх үед шатны уруу гараараа татаж салган, түлхэх хүчний үйлчлэлээр шидэж газарт дагз хэсгээр нь унаган, 3-4 удаа толгой хэсэгт нь гараараа хүчтэй алгадаж, амь насыг нь хохироосон нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн бүрэн шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

    1. Хохирол, хор уршиг

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаар гаргасан зардлыг бүрэн авсан. Шүүгдэгчээс сэтгэл санааны хохиролд 60.000.000 төгрөг авсан, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг тодорхой хугацааны дараа авахаар тохиролцсон нотариатаар гэрчлүүлсэн, гомдол саналгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулгын зардалд 22.334.234 төгрөг төлсөн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил, 6 сар хорих ял оногдуулж, 3 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад, үлдэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар  зааснаар ялын доод хэмжээг гуравны хоёроос хэтрүүлэхгүй хэрэглэж өгнө үү, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй зэргийг харгалзсан улсын яллагчийн ялын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил, 6 сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан боловч Эрүүгийн хариуцалга нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Дээрх гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон ба дээрх хохирлыг арилгах боломжгүй, нөхөн төлөх боломжгүй хор уршигтай тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзлав.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг шүүх заавал хэрэглэхээр хууль тогтоогчоос хуульчлаагүй ба тус зүйл, заалтад заасан нөхцөл байдал хангагдсан тохиолдолд хэрэглэж болохыг хууль тогтоогчоос хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 154 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** 8 жил, 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал 22.334.234 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 60.000.000 төгрөг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** урьд цагдан хоригдсон 154 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ч.ОТГОНБАЯР

                                        ШҮҮГЧ                                Б.БИЛГҮҮН

                                            ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ