Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 128/шш2022/0561

 


    2022              07              19                                            128/ШШ2022/0561 Улаанбаатар хот \

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “У” Хувь нийлүүлсэн нийгэмлэг /цаашид УБТЗ ХНН гэх/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Гуравдагч этгээд: “Ттт” ХХК хоорондын газрын маргаантай хэргийг хянан хэлэлцэв

Нэхэмжлэлийн шаардлага: “Ттт” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн засаг даргын 2021 оны А/381 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, БНМАУлс-ЗСБНХУлс хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар тогтоолгох, нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас “Ттт” ХХК-д олгосон үйлдлээ хүчингүй болгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-д уг газрыг зохих хугацаагаар эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ: УБТЗ ХХН нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар ба Зөвлөлийн засагт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Засгийн газар хоорондын 1949 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн болон 1952 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэлэлцээрүүдэд "...төмөр замын замын бүх чиглэлийн дагуух 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлэн хэрэглүүлсэн. Энэхүү хугацаагүйгээр хэрэглүүлсний хөлсийг ерөнхийд нь 4 сая төгрөгөөр үнэлнэ”  мөн “...дээр дурдсан зурвас газруудаас гадна техникийн байшин барилга (үүн цахилгаан станц, гидростанц) ба тэдгээрт туслах чанарын байруудыг босгох, төмөр замыг барихад ба түүнийг цаашид ашиглах явдалд хэрэглэгдэх хэмжээний барилгын материал (үүний дотор мод) бэлтгэхэд зориулагдах хэсэг га Нийгэмлэгт хугацаагүйгээр хэрэглүүлэхээр шилжүүлнэ..." хэмээн заасны дагуу газрыг одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй Олон улсын хэлэлцээрийн дагуу ашиглаж ирсэн. Монгол Улсын Үндсэн Хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Монгол Улс улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ", 12.3-т "Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ" гэж тус тус заа төдийгүй хуульд зааснаар тухайн зурвас газар нь "УБТЗ" ХНН-ийн эзэмшил ашиглалтад хугацаагүйгээр шилжсэн газар юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар "Улаанбаатар ХНН-ийн Улс хоорондын шилэн кабелийн сүлжээ 2000 онд суурилуулж Нийслэлийн Засаг даргын 2008 оны 156 дугаар захирамжаар хамгаалалтын зурвас газрыг баталгаажуулж, У" ХНН-ийн Олон улсын хэлэлцээрийн дагуу хугацаагүйгээр эзэмшиж буй газрыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/506 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх заалтын дагуу илт хууль бус захиргааны акт байна.

Төмөр замын газар, Нийслэлийн газрын алба, "У" ХНН нар 2009.10.08-ны өдрийн 122/113/08-175 хамтарсан тушаалаар УБТЗ ХНН-ийн ашиглалтад байгаа газрын хил заагийг тодотгох, иргэдийн болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдан ажилласан бөгөөд эхний шатанд Улаанбаатар хотын хэмжээнд төмөр замын зарим нэгж талбар газрын ашиглах эрхийг баталгаажуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Геодезийн ажил эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар нийгэмлэгийн эдэлбэр газруудын кадастрын зургийг гүйцэтгүүлж 2010.01.20-ны өдрийн 20/41 дугаартай албан бичгээр Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй нарт удаа дараалан газар ашиглах эрхийг баталгаажуулах хүсэлтийг гаргасан. Түүнээс хойш удаа дараалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлтээ гаргаж байсан. Нийслэлийн удирдлагууд болон газрын асуудал хариуцсан байгууллага нь хүсэлтийн хариуг бичгээр болон аман хэлбэрээр ирүүлэхгүйгээр судалж байна гэх хэмээн өгдөг байсан боловч Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах 22.6 га газрын эзэмших эрхийг Нийслэлийн засаг даргын 2020 оны А/506 захирамжаар "Ттт" ХХК-д олгосон болохыг "У" ХНН мэдсэн даруйдаа буюу 2020 оны 12 сарын 17-ны 10/4187 албан бичгээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан. Уг албан бичгийн хариуг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны 03/69 албан бичгээр “Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/506 дугаар захирамжаар "Ттт" ХХК-д газар эзэмшүүлсэн нь У нийгэмлэгийн газар ашиглах эрх хууль ёсны сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна" хэмээн ирүүлсэн.

Иймд “Ттт” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн засаг даргын 2021 оны А/381 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, БНМАУлс-ЗСБНХУлс хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй эрх зүйн харилцаа байгаа болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар тогтоолгох, нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас “Ттт” ХХК-д олгосон үйлдлээ хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-д уг газрыг зохих хугацаагаар эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү” гэв

5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Уын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох "Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/506 дугаар "Ттт ХХК-д газар эзэмшүүлэх захирамжийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтын дагуу илт хууль бусад тооцуулж, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн тойрогт байрлах газрыг Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулагдсан 1949 оны хэлэлцээрийн дагуу "У" ХНН-ийн эзэмшлийн төмөр замын дагуух зурвас газрыг баталгаажуулж, гэрчилгээ олгохгүй байгаа үйлдлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заасны дагуу хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, тухайн газрыг "У" ХНН-д газрын эзэмших, ашиглах эрхийг хугацаагүйгээр олгохыг даалгуулах" шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Бүгд Найрамдах Монгол Ард улсын Сайд нарын Зөвлөлийн 1955 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 527 дугаар тогтоолоор "У гэдэг Зөвлөлт Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэгт бүгд 15960 м.кв газрыг БНМАУ-ын Улсын хувь нийлүүлсэн капиталд шилжүүлэх хөрөнгөд оруулан хугацаагүйгээр Улаанбаатар хотод 25 га газар олгосугай" хэмээн заасан байна.

Хэлэлцээрийн 5 дугаар зүйлд "Төмөр замын бүх чиглэлийн дагуух 120 м өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 м хүртэл, өргөнөөрөө 300 м газрыг нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлнэ" гэснээс үзэхэд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Уд тухайн үед ашиглуулахаар шийдвэрлэсэн газар газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт "Зам шугам сүлжээний газарт цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, зам тээвэр, холбоо, мэдээллийн зориулалтаар хот, тосгон бусад суурины гадна олгогдсон газар хамаарна." гэж заасныг Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын шинжээчийн /2017 оны 5 дугаар сарын 24 ний өдрийн 1/925/ дугаартай албан бичгээр/ дүгнэлтээр төмөр замын бух чиглэлийн дагуу нийтдээ 120 м өргөн зурвас гэдгийг зураглахад хаанаас эхэлж, хоёр тийшээ хэд хэдэн метрээр татах нь тодорхойгүй, "станцууд дээр уртаашаа 2000 м, өргөнөөрөө 300 м" гэдгийг тодорхойлох ойлгомжгүй" хэмээн дүгнэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/506 дугаар "Ттт" ХХК д газар эзэмшүүлсэн энэхүү захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэсэн нь хууль зөрчөөгүй.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар "Нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын Суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй" бөгөөд мөн хуулийн 21.2.4. т заасны дагуу хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 212 2-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга зохион байгуулах"-аар зохицуулсан.

Иймд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хуулийн этгээдийн эзэмшиж буй газрын хэмжээнд өөрчлөлт оруулсан нь өөрийн бүрэн эрхийн хэмжээнд гаргасан шийдвэр юм. Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 504 дугаартай шүүхийн тогтоолоор "У" ХНН нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Гуравдагч этгээдээр "*******” маргаан бүхий захиргааны хэргийг шийдвэрлэсэн. Тус шүүхийн тогтоолд дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд:

-... хөдөлбөргүйгээр тогтоогдохгүйгээс гадна хуульд заасан журмын дагуу эрх нь үүсээгүй..., ...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/473 дугаар захирамжаар 292662 м.кв орчим газар олгосон байна. Харин тус нийгэмлэгийн өөрийнх нь гаргасан хүсэлт, газрын кадастрын зургийг /Геомастер ХХК-иар хийлгэсэн/ үндэслэн гарсан захирамжаар Төмөр замын вокзалын эргэн тойронд үйлчилгээний зориулалтаар 22082 м.кв газар олгосон байх боловч үүнд маргаан бүхий газар ороогүй гэж, ...У нь маргаан бүхий газрыг хуульд заасан журмын дагуу аваагүй, мөн уг газрыг хэлэлцээрийн зорилго болох төмөр замын зориулалтаар өнөөдрийг хүртэл бодитойгоор эзэмшиж ашиглаж байгаагүй, ...иймээс гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын "маргаан бүхий газар нь газрын хууль батлагдан гарахаас өмнө Монгол-Орос улсын Засгийн газар хооронд хийсэн гэрээгээр олгогдсон тул нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг үндэслэн хариу өгсөн нь үндэслэлтэй" гэсэн гомдлыг хангах боломжгүй гэж, ... захирамж гэрээ, гэрчилгээгүйгээр газрын нэгдсэн санд бүртгэлтэй байгаа нь газар эзэмших эрхтэй гэсэн үг биш гэж, зорилго нь станцын дэргэд суурин байгуулахад чиглэгдэж байсан бөгөөд маргаан бүхий газар нь уг зорилгоор олгогдсон газарт хамаарч байгаа эсэх нь нотлогдохгүй, хэрэв мөн гэж үзвэл тогтоолын 2 дугаарт зааснаар "дээр дурдсан газрыг газар дээр нь заагдах ажлыг 1958 оноос хэтрүүлэлгүйгээр гүйцэтгэж дуусгахыг тус нийгэмлэгт үүрэг болгосугай" гэсэн байтал, энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй /өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй/ гэж тус тус дүгнэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн тойрогт байрлах газрыг Монгол Улс, ОХУ Засгийн газар хооронд байгуулагдсан 1949 оны хэлэлцээрийн дагуу У" ХНН-ийн эзэмшлийн төмөр замын дагуух зурвас газрыг баталгаажуулж, гэрчилгээ олгохгүй байгаа үйлдлийг Захиргааны хэрэг шүүхэд  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заасны дагуу бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын захирамж хуулийн хүрээнд бусдын эрх, хууль эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй байна. Түүнчлэн шат шатны шүүхээс хэлэлцээртэй холбогдуулан нэг мөр дүгнэж шийдвэрлэсэн тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “У" ХНН-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Ттт ХХК-д газар эзэмшүүлэх Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/506 тоот захирамж нь хуулийн дагуу гарсан. Тус захирамж нь ямар хуулийг зөрчиж үндэслэлгүй гарсан талаарх үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэж үзэж байна.

2. Тус захирамж гарснаар нэхэмжлэгч талын эрх ашиг яаж хөндөгдөж байгаа нь тодорхойгүй. Уг газар нь Ттт ХХК-д олгогдох үед У ХНН-н эзэмшилд байгаагүй болно.

3 Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/506 тоот захирамжтай холбоотой асуудлаар захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр “Нармон” ХХК-ны нэхэмжлэлээр хэрэг үүсээд хянан хэлэлцэгдэж байгаа болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. У ХНН-д хамааралгүй асуудал. Энэ компанийн эзэмшлийн газар биш болно” гэв.

             ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэргийг харьцуулан судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгчээс хэд хэдэн удаа гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж нэмэгдүүлсэн ба өнөөдрийн шүүх хуралдаанд хамгийн сүүлийн байдлаар “Ттт” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн засаг даргын 2021 оны А/381 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, БНМАУлс-ЗСБНХУлс хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй эрх зүйн харилцаа байгаа болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар тогтоолгох, нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас “Ттт” ХХК-д олгосон үйлдлээ хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-д уг газрыг зохих хугацаагаар эзэмшүүлэхийг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, шүүх эдгээр шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Нэг. “Ттт” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/381 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийслэлийн засаг даргын 2020 оны А/506 дугаар захирамжаар “Ттт” ХХК-д түлш боловсруулах үйлдвэрлэл, агуулахын зориулалтаар 22,6 га газар эзэмших эрхийг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/381 дүгээр “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөх тухай”  захирамжаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 49 дүгээр зүйлийн 49.3.3-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн засаг даргын 2020 оны А/506 дугаар захирамжаар газар эзэмшигч төрийн өмчит “Ттт” ХХК-ийн түлш боловсруулах үйлдвэрлэл, агуулахын зориулалттай 22,6 га газрын талбайн хэмжээг 12,2 га болгон өөрчилж 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Нийслэлийн засаг даргын 2020 оны А/506 дугаар захирамжтай маргаагүй харин Нийслэлийн засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/381 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж, түүний үндэслэлээ “...Монгол улсын Засгийн газар нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй, уг олон улсын гэрээ нь дотоодын хууль тогтоомжоос илүү хүчин чадалтай атал гэрээний үүргээ зөрчиж газрыг “Ттт” ХХК-д олгосон нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагчаас “...Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 4-т “Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй" гэж заасан тул 1949 оны хэлэлцээрийн дагуу Төмөр замын бүх чиглэлийн дагуу нийтдээ 120 м өргөн зурвас, станцууд дээр уртаашаа 2000 м хүртэл, өргөнөөрөө 300 м газрыг танай байгууллагад хугацаагүй ашиглах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасантай нийцэхгүй...” гэж, гуравдагч этгээд “Ттт” ХХК-иас “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/506 тоот захирамж нь хуулийн дагуу гарсан, тус захирамж нь ямар хуулийг зөрчиж үндэслэлгүй гарсан талаарх үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй...” гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө...,аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж,

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна;”, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах”, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно” гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 49 дүгээр зүйлийн 49.3-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно”, 49.3.3-т “шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол” гэж тус тус заасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр”-ийн Тавдугаар зүйлийн б/Төмөр замын бүх чиглэлийн дагуух нийтдээ 120 метр өргөн зурвас газар ба харин станцууд дээр уртаашаа 2000 метр хүртэл, өргөнөөрөө 300 метр газрыг  нийгэмлэгийн ашиглалтад хугацаагүйгээр шилжүүлэн  хэрэглүүлнэ. в/Цахилгааны станц, гидростанц зэргийн техникийн барилга байшин ба тэдгээр туслах чанарын байруудыг босгох, мөн мод зэрэг барилгын материалуудыг бэлтгэх, түүнчлэн чулуун нүүрс нефт, төмөр замыг барихад ба түүнийг цаашид ашиглах явдалд хэрэглэгдэх хэмжээгээр ухаж гаргахад чухал хэрэглэгдэх хэсэг газруудыг  дээр дурдсан зурвас газрын гадна талд гаргаж нийгэмлэгт хугацаагүйгээр шилжүүлэн хэрэглүүлнэ. Энэхүү зүйлд дурдсан газруудын ерөнхий талбай нь 10000 гектар болно...” гэж, мөн наймдугаар зүйлийн б/ Энэхүү хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн В-д дурдсан ёсоор нийгэмлэгт шилжүүлэн өгөх газрууд ба гол замын шугам хоёрын хооронд харилцах замуудыг тавих эрхийг нийгэмлэгт олгох ба эдгээр замуудыг тавих газруудыг, М/ хэрэв 5 дугаар зүйлийн “В”-д заагдсан зурвас газруудад байгалийн баялаг ба ой модыг ашиглах хэрэг тохиолдвол газар ба ой модыг хувь нийлүүлсэн нийгэмлэгт тусгай хэлэлцээрүүдээр гарган өгнө...” гэж тус тус талууд тохиролцсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ" гэж, Олон улсын гэрээний эрх зүйн тухай 1969 оны Венийн конвенцийн 27 дугаар зүйлд "Оролцогч нь гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтаас иш татах ёсгүй" гэж, Олон Улсын гэрээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Монгол Улсын олон улсын гэрээ" гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний төрөл, нэрээс үл хамааран хоёр болон олон талын бичгээр үйлдсэн нэг, эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог” хэлэхээр, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д "Олон улсын гэрээг түүнд заасан журмын дагуу буюу гэрээ байгуулагч нөгөө талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр цуцалж болно", мөн хуулийн 27.1-д “Олон улсын гэрээний хүчинтэй буюу үйлчлэлийн хугацаа тухайн олон улсын гэрээгээр тодорхойлогдоно” гэж тус тус заасан.

Үүнээс үзвэл Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлийн Засагт Нийгэм Журамт Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд 1949 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах хэлэлцээр” нь олон улсын гэрээнд хамаарах бөгөөд өнөөдрийн байдлаар түүнийг гэрээ байгуулагч талууд тохиролцон цуцлаагүй, гэрээний үйлчлэлийг дуусгавар болгоогүй, хүчин төгөлдөр байгаа нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Өөрөөр хэлбэл нэгэнт хүчин төгөлдөр байгаа олон улсын гэрээний заалт нь дотоодын хууль тогтоомжоос илүү хүчин чадалтай, тухайлбал Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн Монгол Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ”,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ” гэж тус тус зааснаар хүчин төгөлдөр олон улсын гэрээний заалтыг түрүүлж хэрэглэх тул хариуцагч захиргааны байгууллагад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.2-т заасан эрх хэмжээг хэрэгжүүлэх боломж нь дээрхи олон улсын гэрээгээр хязгаарлагдсан гэж үзнэ.

Тухайлбал, нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас “Ттт” ХХК-д газар олгосон захирамж гаргахдаа хариуцагч захиргааны байгууллага нь Олон улсын гэрээний заалтыг харгалзан үзэх үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-д заасан нөхцөл байдал үүссэн гэж дүгнэх боломжгүй, энэ үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын захирамж нь хууль бус, олон улсын гэрээний дагуу ашиглаж буй нэхэмжлэгчийн газрын тухайд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зохицуулалт үйлчлэхгүй.

Иймд “У” ХНН нь тухайн гэрээнд заасны дагуу тус нийгэмлэгт шилжүүлэн өгвөл зохих газрын талаар шаардах эрх бүхий этгээд мөн бөгөөд тус нийгэмлэгийн, Олон улсын гэрээний дагуу ашиглах эрх бүхий газрыг Монгол улсын Газрын тухай хуулийн /2004 оны/ 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 -д заасныг үндэслэн “Ттт” ХХК-д олгосон нь дээр дурдсан хүчин төгөлдөр олон улсын гэрээний заалтыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй захиргааны акт байх ба уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан, “БНМАУлс-ЗСБНХУлс хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл: “УБТЗ” ХНН-ийн дүрмийн 1-ийн а/ Наушки суурингийн район дахь Монгол-Зөвлөлтийн хил дээрх хилийн пунктээс Замын үүдийн район дахь Монгол-Хятадын хил хүртэлх 1524 мм өргөн царигтай 1103.3 км урт зам ба Хонхор налайхын хэсгийн 1524 мм өргөн царигтай 13,7 км урт зам; б/ Эрээнцавын районд байгаа Монгол-Зөвлөлтийн хил дээрх хилийн пунктээс Чойбалсан хот хүртэлх 1524 мм өргөн царигтай 237,9 км урт зам; в/ БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр байгаа Дархан хотоос Шарын гол хүртэл 1524 мм өргөн цагригтай 62,7 3м урт зам эдгээр болно” гэж тогтоосон,

Нэхэмжлэгч нь дээрхи гэрээний заалтуудыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10/4187 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандаж “...Төмөр замын газар, Нийслэлийн газрын алба, "У" ХНН-ийн хамтарсан 122/113/А-175 тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, Улаанбаатар хотын хэмжээнд төмөр замын зарим нэгж талбар газрын ашиглах эрхийг баталгаажуулахаар шийдвэрлэж газар ашиглах эрхийг баталгаажуулах хүсэлт гаргасан”, мөн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 10/935 дугаар албан бичигт “...аймгуудын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх төмөр замын зурвас газрын зориулалтаар 23123,64 га, байгууламжийн зориулалтаар 941,0409 га газрыг гэрчилгээжүүлсэн өнөөдрийн байдлаар нийт 2181,15 га газрын ашиглах эрхийг баталгаажуулахаас 83,4 га газрын газар ашиглах эрхийг баталгаажуулсан...”-ыг тус тус дурдан, үлдсэн газрыг баталгаажуулж өгөхийг хүссэн,

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/61 дүгээр “....Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдэгдтэл шинээр газар олгох асуудлыг зогсоох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газарт хууль бусаар газар олгосон шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу хүчингүй болгох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ, хил зааг газарт хууль бусаар газар олгосон шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу хүчингүй болгох, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа төмөр замын зурвас газрын хэмжээ, хил зааг тогтоох асуудлыг шийдвэрлэх ажлыг эрчимжүүлж, үр дүнгийн нь Засгийн газарт танилцуулах чиглэл баримталж ажиллана уу” гэх албан бичгээр хандсан,

Зам тээврийн хөгжлийн сайдын, 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01/4062 дугаар албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт  мэдээлэл хүргүүлсэн, уг мэдээлэлд “...Төв. Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Хэнтий зэрэг 9 аймгийн нутаг дэвсгэрт 24938,64 га газрын гэрчилгээ олгогдохоос 24151,04 га газар газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдож 96,8 хувийн биелэлттэй,...Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 81 нэгж талбарын 2242,85 га газрыг гэрчилгээжүүлэхээс 2017 он хүртэл 29 нэгж талбарын 61,7 га газар ашиглах эрхийг баталгаажуулсан нь нийт хийгдэх ажил 2.75 хувийн биелэлттэй,...2018-2020 он хүртэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт олгогдоогүй үлдсэн 52 нэгж талбарын 2181,15 га газрыг гэрчилгээжүүлэх хүсэлт хүргүүлсэн...”-ийг дурдсан,

Монгол улсын Шадар сайдын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах "У” ХНН-ийн ашиглаж буй төмөр замын зурвас газар, барилга байгууламжийн доорх газрыг асуудлыг шийдвэрлэх, гэрчилгээжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсан,

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлд, Монгол-Оросын хувь нийлүүлсэн "У нийгэмлэгт олгосон газрыг баталгаажуулах чиглэлээр хийгдсэн ажлын талаар Сайд Л.Х*******ын танилцуулгад “...Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 онд 16 нэгж талбарын 30.2 га, 2018 онд 13 нэгж талбарын 31.5 га газар эзэмших, ашиглах эрхийг тус тус баталгаажуулж, эрхийн гэрчилгээг олгуулсан, тодорхойгүй шалтгаанаар 52 нэгж талбарын 2181 га талбайн газрын асуудал шийдвэрлэгдээгүй гэж дурдсан, үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/823 тоот захирамжаар галт тэрэгний өртөө, зөрлөгийн барилга байгууламж зориулалтаар 36398 м.кв газрыг 5 жилийн хугацаатай олгож эрхийн улсын бүртгэлийн А-2204000111 дугаарт бүртгэсэн” зэрэг үйл баримтууд тус тус тогтоогдов.  

Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч байгууллага нь Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд төмөр замын байгууламжийн зориулалтын болон түүний зурвас газрын эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулж авахаар төрийн захиргааны шат шатны холбогдох байгууллагуудад хүсэлт гаргасан, уг хүсэлтийн дагуу 29 нэгж талбарын 61,7 га газрын эрхийг баталгаажуулж шийдвэрлэсэн, энэ талаар хэргийн оролцогчид маргахгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлт болгосон газруудаас 52 нэгж талбарын 2181 га газрыг тус байгууллагын эзэмшил, ашиглалтанд өгөөгүй шийдвэрлээгүй үлдээсэн байх ба уг хүсэлтэд хамаарал бүхий газрууд нь БНМАУлс-ЗСБНХУлс хоорондын 1949 оны хэлэлцээрийн дагуу нэхэмжлэгч эзэмшихээр заасан газрын хил хязгаарт багтсан болохыг эрх бүхий төрийн захиргааны байгууллагууд тогтоосон, энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар Нийслэлийн Засаг дарга уг асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй...” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Иймд БНМАУлс-ЗСБНХУлс хоорондын 1949 оны хэлэлцээрт заасан тодорхой газруудын хувьд нэхэмжлэгч “У” ХНН-т газар эзэмших эрхзүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гурав. Нэхэмжлэгчээс гаргасан, “Нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас “Ттт” ХХК-д олгосон үйлдлээ хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч “УБТЗ” ХНН-д уг газрыг зохих хугацаагаар эзэмшүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болгон маргаж буй газар нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орших, төмөр замын “Амгалан” өртөөний зүтгүүрийн толгой эргэх зориулалтын дугуй хэлбэртэй, эргэлтийн зам байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Шүүхийн энэ шийдвэрээр “Ттт” ХХК-д уг газрыг олгосон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/381 дүгээр захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгосон тул энэхүү шүүхийн шийдвэрийн үр дагавар болох уг газрыг “У” ХНН-т зохих хугацаагаар эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч байгууллага нь 2010 оноос эхлэн шат шатны төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргаж, төмөр замын зориулалтын, гэрээнд заагдсан тодорхой газруудыг гэрчилгээжүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан нь тогтоогдсон, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчийн хүсэлт болгосон зарим газрын тухайд шийдвэр гаргасан атлаа зарим газрын эзэмшлийн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй нь хууль бус, ийнхүү шийдвэрлээгүй үлдээсэн газарт “Ттт” ХХК-д олгосон 12,2 га газар хамаарч байгаа талаар хэргийн оролцогчид маргаагүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй гэж шүүх дүгнэв.

Иймд “Нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас “Ттт” ХХК-д олгосон үйлдлээ хүчингүй болгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” талаархи нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, “ээлжийн амралттай байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргаж, ээлжийн амралтын мэдэгдлийг нотлох баримтаар хавсарган ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг биечлэн оролцуулах үндэслэлээр шүүх хуралдаан өмнө нь хойшилсон боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул оролцуулахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэх” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, ээлжийн амралттай байх нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй үндэслэлээр түүнийг оролцуулаагүй, мөн гуравдагч этгээд “Ттт” ХХК-иас “шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх” хүсэлт ирүүлснийг хүлээн авсныг тус тус дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.5, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Олон улсын гэрээний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, “Олон улсын гэрээний эрх зүйн тухай” 1969 оны Венийн конвенцийн 27 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У” ХНН-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/381 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, БНМАУлс-ЗСБНХУлс хоорондын 1949 оны хэлэлцээрт заасан тодорхой газруудын хувьд нэхэмжлэгч “У” ХНН-д газар эзэмших эрхзүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч, маргаан бүхий газрыг “Ттт” ХХК-д олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид уг газрыг зохих хугацаагаар эзэмшүүлэхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.ДУЛАМ