Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 05

 

 

Ё.Ж, Ш.Д нарын нэхэмжлэлтэй, 

“Дарьганга-Өртөө” хоршоонд  холбогдох 

иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Л.Наранбаяр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Нэхэмжлэгч Ш.Дашням, Ё.Жавзандулам 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Болор, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Анандсугар, Ц.Эрдэнэчулуун нар оролцов. 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч “Дарьганга-Өртөө” хоршооны төлөөлөгч Ц.Болорын давж заалдах гомдлоор Ё.Жавзандулам, Ш.Дашням нарын “Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай” Дарьганга-Өртөө хоршоонд  холбогдох иргэний хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ё.Жавзандулам шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би “Дарьганга-Өртөө” хоршоонд 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орж, 2016 оны 7 дугаар сар хүртэл ажиллаж байгаад эмнэлэгт хэвтсэн. Ингээд 2017 оны 8 дугаар сарын 03-нд эмнэлгээс гараад ээлжийн амралттай байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд гүйцэтгэх захирал Дашням өвчтэй байсан учраас Д.Баяржаргал гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсан. Өдөр бүр над руу ирж гарын үсэг зуруулдаг байсан. Эмнэлгээс гарч ажлаа цэгцэлж байхад ажлаас халсан тушаал өгөөгүй. Г.Оюунбаатар, Д.Баяржаргал нар манайхаар байнга ирдэг байсан. “Дарьганга-Өртөө” хоршооноос нэхэмжлэл ирэхэд л ажлаас халагдсан гэдгээ мэдсэн. Гэтэл өөрийнх нь хүсэлтээр ажлаас халсан гэсэн тушаал гарсан байсан. Тиймээс намайг өвчтэй байхад хууль бусаар, үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байгаа. Тиймээс Дарьганга-Өртөө хоршооноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3500000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хүсэж байна. Ажлаас халсан тушаал тодорхой бус байгаа гэв.

Нэхэмжлэгч Ш.Дашням шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би Дарьганга-Өртөө хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлаагүй, намайг ажлаас чөлөөлсөн. Ажил хүлээлцээгүй учраас тодорхой хэмжээний өр үүссэн. Гэтэл шүүхэд өр төлбөрийг алдангитай нь надаар төлүүлнэ гэж нэхэмжлэл гарсан. Дарьганга-Өртөө хоршооны захирал Ц.Болор нь миний нэр төрийг гутаасан учраас би сөрөг нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт ээлжийн амралттай байгаа, 35.1.3 дахь хэсэгт эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа бол ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах тухай зохицуулсан. Тиймээс энэ хуулийг үйлчилнэ гэж үзэж байгаа. Би 2016 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаад хоолой сөөж, 13А маягттай онош тодруулах шинжилгээнд Улаанбаатар хот руу явсан. Намайг өвчтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэсэн заалтыг зөрчсөн. Тиймээс би өөрийгөө ажлаас халагдаагүй гэж үзэж байгаа. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажлаас халагдсан тушаалыг өгөх үүрэгтэй. Гэтэл энэ тушаалыг өнөөдрийг хүртэл надад өгөөгүй. Би ажиллаж байхдаа тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгэж байсан. Дарьганга-Өртөө хоршоо нь намайг үндэслэлгүй ажлаас халсан. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5250000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Дарьганга-Өртөө хоршоог төлөөлж, дарга Ц.Болор шүүхэд гаргасан тайлбартаа: Ш.Дашням, Ё.Жавзандулам, Г.Оюунбаатарт нараас 10350000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт Ш.Дашням, Ё.Жавзандулам нараас ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Ш.Дашням, Ё.Жавзандулам нар нь ажлаас чөлөөлөгдсөнөө 2017 оны 8 сард мэдсэн нь нэхэмжлэлийн агуулгаас тодорхой харагдана. Ш.Дашнямыг чөлөөлсөн шийдвэр 2017 оны 7 сарын 18-нд, Ё.Жавзандуламыг ажлаас чөлөөлсөн шийдвэр 2017 оны 8 сарын 1-ний өдөр тус тус гарсан боловч ирж аваагүй, ажлаа хүлээлгэж өгөхгүй одоог хүрсэн. Санхүүгийн тайланг хугацаанд нь тайлагнаагүйн торгууль гараад 2017 оны 7 сард дуудахад Ё.Жавзандулам ирээд ажлаа хүлээлцэх боломж байсан. Гэтэл ирээгүй утсаар хэлэхдээ “миний буруу, би хариуцлагыг хүлээнэ” гээд 720000 төгрөгийн торгуулийг өөрөө төлсөн байдаг. Ш.Дашням, Ё.Жавзандулам нарыг ирж уулзахыг, төлбөр тооцоогоо хийж дуусгахыг бид удаа дараа шаардсан боловч хэн хэн нь ирж өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлцээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу ажлын байраа орхиод явсан тул эргэн уг ажлын байранд ажиллахгүй гэж ойлгож байгаа. Бид ажлын зайлшгүй шаардлагаар нягтлан бодогч, гүйцэтгэх захирлыг авч ажиллуулсан. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар шийдвэрт: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Бийлэг овогт Шагдарын Дашнямыг Дарьганга-Өртөө хоршооны гүйцэтгэх захирлын ажилд, Тогтох овогт Ёндонгийн Жавзандуламыг тус хоршооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Дарьганга-Өртөө хоршооноос ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5250000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дашнямд, 2783644 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Жавзандуламд тус тус олгож, нэхэмжлэгч Ё.Жавзандуламын нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 716356 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Дашням, Ё.Жавзандулам нарын нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Дарьганга-Өртөө хоршоонд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд тэдгээрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч  нарт олгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 143489 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч “Дарьганга-Өртөө” хоршоог төлөөлж, Ц.Болор давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт ажил олгогч ажилтанд тушаалыг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй гэжээ. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Дашням нь 2016 оны 06 дугаар сард орон нутгийн сонгуульд  өрсөлдөж байгаа гээд ажлаа хаяад явсан. Бид холбоо барьж уулзаж чадаагүй, эмнэлэгт хэвтсэн гэж нэг ч удаа хоршоонд мэдэгдэж байгаагүй. Тиймээс эмнэлэгт хэвтэж байсан гэх нотлох баримтыг хуурамч гэж үзэж байна. Мөн нягтлан бодогч Ё.Жавзандулам нь ажлаа одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй. Ажлаа хүлээлгэж өг, халагдсан тушаалаа ав гэж олон удаа хэлсэн. Одоог хүртэл хоршоо дээр ирээгүй. Хоршооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нар ажлаа хийхгүй байгаагаас тус байгууллагын үйл ажиллагаа доголдож, 9 сая төгрөгний өрөнд орсон. Иймд бүх гишүүдийн хурлаас хоршооны үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд Ш.Дашням, Ё.Жавзандулам нарыг ажлаас халж, оронд нь өөр хүн авч ажиллуулах шийдвэр гаргасан. Дашням эмнэлгийн бичгийг шинжлүүлэх, сонгуульд оролцоод эрүүл явж байсныг нотлох шаардлагатай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Дашням “Дарьганга Өртөө” хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс ээлжийн амралтаа авч, өвчний учир 13/А маягтаар Улаанбаатар хот явж эмчлүүлээд, 18 хоноод  ирэхэд ажлаас халсан байсан, ажлаас халагдсан тушаалаа өнөөдрийг хүртэл аваагүй, одоо ажилдаа эгүүлэн тогтоолгож, 2016 оны 7 дугаар сарын 18-наас шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй хүлээлгэсэн хугацааны  цалин 5250000 төгрөгийг, 

Нэхэмжлэгч  Ё.Жавзандулам “би 2015 оны 11 сарын 1-ний өдөр “Дарьганга Өртөө” хоршооны нягтлан бодогчоор ажилд ороод 2016 оны 7 дугаар сарын 25-нд эмнэлэгт хэвтэж байгаад 8 дугаар сарын 3-нд эмнэлгээс гарахад гэрт байсан санхүүгийн баримтуудыг аваад явсан байсан ба өөр нябо авсан гэсэн боловч, өнөөдрийг хүртэл хоршоо ажлаас халсан тушаалаа өгөөгүй тул ажилдаа эгүүлэн тогтоолгож, 2016 оны 8 сарын 3-ны өдрөөс шүүхээр шийдвэрлэгдэх өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 3500000 төгрөгийг тус тус “Дарьганга-Өртөө” хоршооноос гаргуулж, цалингаас нийгмийн даатгалын болон хүн амын орлогын албан татварыг суутган төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  Нэхэмжлэгч нар нь “Дарьганга Өртөө” хоршоо Ш.Дашням, Ё.Жавзандулам, Г.Оюунбаатар нараас шатахууны талоны үнэ, алданги бүгд 10500000 төгрөг гаргуулахаар 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүхэд өгсөн нэхэмжлэлтэй танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 38 дугаар зүйлийн 38.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтуудыг үндэслэн сөрөг нэхэмжлэл гаргав гэжээ. 

Хариуцагч “Дарьганга Өртөө” хоршооны дарга Ц.Болор “Ш.Дашням, Ё.Жавзандулам нар 2016 оны 7,8 дугаар сард ажлаас халагдсанаа мэдсэн, би ажлаас халагдсан тушаалаа ав, ажлаа хүлээлгэж өг гэж удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл ирээгүй.  Хоршоог өөрсдөд нь холбогдуулан нэхэмжлэл гаргахад тэд сөрөг нэхэмжлэл гаргасан байсан. Тэдний гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаас өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд нэхэмжлэгч нар нь шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэв.

Нэхэмжлэгч нарын өнөөдрийг хүртэл ажлаас халагдсан тушаалаа гардаж аваагүй гэснийг хариуцагчийн төлөөлөгч зөвшөөрдөг боловч,  хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар ажлын байрандаа ирэхгүй, хоршооны ажилд оролцохгүй, цалин хөлс авахгүй байгаа нь ажлаас халсан шийдвэрийн үйлчлэл, үр дагаврыг бодиттойгоор хүлээн авсан гэж үзэх ба энэ үеэс тэдний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд гомдлоо гаргах эрх нь нээгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Мөн нэхэмжлэгч “Дарьганга-Өртөө” хоршоог тэдэнд холбогдуулан 10500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ шүүхэд ирүүлсний дараа буюу өөрсдийг нь ажлаас халсан шийдвэр гарснаас хойш 1 жил 2 сарын хойно шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг тэдгээрийг ажлаас халсан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжтой юм.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.” гэж заажээ. Энэ нь ажил олгогчийн шийдвэрийг ажилтан хүлээн авснаас хойш хугацааг тоолж байгаа нь ажил олгогчийн шийдвэрийг мэдсэн үеийг тодорхойлох ач холбогдолтой юм. 

Гэвч хэргийн үйл баримтад  “Дарьганга Өртөө” хоршоо Ш.Дашням, Ё.Жавзандулам нарт хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг өгөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай хэдий ч нэхэмжлэгч нар ажлаас халагдсан тухайгаа мэдсэн атлаа 1 жил 2 сарын дараа ажил олгогчийг шийдвэрээ өгөөгүй гэж  шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  буруу болжээ.

Сөрөг нэхэмжлэл гаргасан Ш.Дашням нь 13/А маягтаар Улаанбаатар хотод эмчлүүлээд 18 хоноод ирсэн гэж тайлбарладаг ч үзүүлж эмчилгээ хийлгэснээ бусад нотлох баримтаар нотлоогүй, мөн нэхэмжлэгч нар ээлжийн амралттай байсан гэдэг ч ээлжийн амралт олгосон Хоршооны даргын тушаал хэрэгт байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3-заасныг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ш.Дашням, Ё.Жавзандулам нарын анхан шатны шүүхэд нэхэмлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шүүгчийн захирамжаар хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143490 төгрөгийг  улсын орлогоос буцаан гаргуулж , “Дарьганга Өртөө” хоршоонд олгох үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг.  Сүхбаатар  аймаг  дахь  Сум  дундын  иргэний  хэргийн  анхан  шатны 

шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

Хоёр.Нэхэмжлэгч нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Гурав.Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143490 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   О.БААТАРСҮХ

                                        ШҮҮГЧИД                                  Л.НАРАНБАЯР

                                                                                           Д.БАЙГАЛМАА