Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 832

 

   2020           6              25                                              2020/ДШМ/832

                                                                         

     Ч.Зд холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Уранцэцэг

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

              Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/1482 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Ариунцэцэгийн бичсэн эсэргүүцлээр Ч.З-д холбогдох эрүүгийн 1906054690918 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

              Боржигин овогт Ч-ийн З, .............-ны өдөр Оросын Холбооны улсын “Эрхүү” хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 13-196 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:

            - Улаанбаатар хотын шүүхийн 1991 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 171 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар,

            - Улаанбаатар хотын Ажилчдын дүүргийн ардын шүүхийн 1992 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 205 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 1 сар 27 хоногийн ял дээр нэмж нэгтгэн 8 жил 7 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар,

            - Орхон аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 191 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлйин 98.1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ял, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 5 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

            - Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 539 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн;

            Ч.З нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр, Эмнэлгийн 13-196б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хутгаар зулай, цээж, мөр,бугалга, сарвууг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Зын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Прокуророос шүүгдэгч Ч.Зд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлж байгаа нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохироогүй гэж шүүх үзсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл бүрдсэн гэж үзэх тохиолдолд прокурор нь өөрөө яллагдагчид гэмт хэргийн улмаас түүнд оногдуулах ялын талаарх саналаа танилцуулж, тэд харилцан тохиролцож, нэгдсэн нэг ойлголттой болсон байх бөгөөд гэмт хэргийн улмаас амь нас эрсдэлд орж, эрүүл мэнд бусад эрх, эрх чөлөө нь хөндөгдсөн хохирогчид учирсан гэм хор, хор уршиг бүрэн арилаагүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, гомдолтой байгааг тэмдэглэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж заасан нөхцөл байдал хангагдаагүй, мөн түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар явуулалгүй хуулийг ноцтой зөрчиж байгаа нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Зд холбогдох эрүүгийн 1906054690918 дугаартай хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор М.Ариунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эмнэлгийн 13-196Б тоотод оршин суух гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар зулай, цээж, мөр, бугалга, сарвууг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байдаг.  Яллагдагч Ч.Зын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч улмаар хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаснаар прокурор хүсэлтийг хүлээн авч, яллагдагчид гэмт хэргийн улмаас түүнд оногдуулах ялын талаарх саналаа танилцуулснаар харилцан тохиролцож нэгдсэн ойлголттой болсон байдаг.

            Хохирогч Г.З нь прокурорын шатанд “миний бие Г овогтой З нь Ч.Зд ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү, би шүүх хуралд оролцохгүй“ гэх хүсэлтийг гаргасан нь хавтаст хэргийн 74 дүгээр талд авагдсан байдаг.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт үйлдэл нь нотлогдсон эсэх, гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянахаар тусгагдсан.

            Гэтэл анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Ч.Зд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлж байгаа нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохироогүй гэж үзлээ гэсэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.

            Хэрэгт яллагдагч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө, хохирогч нь яллагдагчаас нэхэмжлэх зүйл байхгүй талаараа тус тус илэрхийлсэн байдаг. Хохирогч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдлыг хохирогчид учирсан гэм хор, хор уршиг бүрэн арилаагүй, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдаагүй гэж үзэхээргүй ба хэрэв эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тохиолдолд баримтаа нотлох баримтын шаардлага хангасан хэмжээнд бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа билээ.

            Дээрх үндэслэлүүдээр тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

            Иймд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1482 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

  Прокурор Б.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд “... шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ хуулийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзвэл шүүх хэргийг прокурорт буцаана...” гэх заалт байдаг. Энэ хэргийн хувьд шүүгчийн захирамжид дурдсан нөхцөл байдал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь хохирол, хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэлгүй. Хавтас хэргийн 74 дүгээр хуудсанд хохирогчийн бичсэн хүсэлт авагдсан байдаг. Хохирогч “цаашид эмчилгээ хийлгэнэ, гомдол саналтай” гэх баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаар баримт хавтас хэрэгт авагдаагүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ч.Зд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

Ч.Зд холбогдох  эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ч.Зыг 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр,Эмнэлгийн 13-196б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Зтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар хутгаар зулай, цээж, мөр, бугалга, сарвууг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1482 дугаартай захирамжаар “...Ч.Зд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлж байгаа нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохироогүй” гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан буюу шүүгдэгч Ч.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн /хх 21-24, 31-34, 75/, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн /хх 73 дугаар хуудас/, гэмт хэргийн улмаас Г.Зд учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн /хх 74 -75 /, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон /хх 78 дугаар хуудас/ нь нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан хүрээнд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Иймд прокурор М.Ариунцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон Ч.Зд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 930 дугаартай шүүгчийн “Шүүх хуралдааны тов тогтоох тухай” захирамж болон 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1482 дугаартай шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжид хэргийн зүйлчлэлийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж бичин техникийн шинжтэй алдаа гаргасныг дурдах нь зүйтэй байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1482 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ч.З-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухай шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ч.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР                                              

                                      ШҮҮГЧ                                                             Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ