Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2021/00606

 

 

 

2021 06 07 155/ШШ2021/00606

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ..... сумын .....дугаар багт оршин суух, Ш... овогт Б.Г  /Р......../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ......сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох

Хөвсгөл аймгийн ........ сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 21ий өдөр хүлээн авч, 155/2021/00455/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Б.Г /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Долгорсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Г 2019 оны 5 дугаар сараас Хөвсгөл аймгийн .... сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ирсэн. Жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Намайг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай тушаалаар .... сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажлаас чөлөөлсөн. Засаг даргын тамгын газрын даргын тушаал нь хууль зөрчиж гарсан байна. Намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа зохих хуулийн зүйл, заалтыг зөв баримтлаагүй Монгол улсад байхгүй хуулийн зүйл заалт баримталсан мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг зөв баримтлаагүй зэрэг хууль ёсны шаардлага хангаагүй тушаал гаргаж намайг хохироож байна. ЗДТГ-ын даргын тушаал гэхэд хэцүү хуулийн мэдлэггүй нь надад хүртэл мэдэгдэж байна. Ийм хүн төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж хүний хувь заяаг шийдвэрлэж байна гэхэд үнэндээ харамсалтай байна. Иймд Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Б-н гаргасан 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг ...... сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөвсгөл аймгийн .... сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон. Хоёр жилийн хугацаанд ажиллахдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Дарга нарын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ирсэн. Орон нутгийн сонгуулийн дараа сумын удирдлагууд солигдож Чиний оронд ажиллах зөндөө жолооч байна, ажлаа өг, ажлаас гарах өргөдлөө бичиж өг гэж удаа дараа дарамталдаг байсан. Тэгээд нэг өдөр намайг халлаа гэхээр нь ямар үндэслэлээр халж байгаа юм, тушаалаа авъя гэж хэлсэн. Тушаал гарсан ирж машин хүлээлгэж өг гэхээр нь машиныг нь хүлээлгэж өгсөн. Намайг үндэслэлгүйгээр халсан гэж үзэж байна. Тиймээс гомдолтой байна. ...Хариуцагч талаас гаргаж байгаа тайлбарыг би хүлээн зөвшөөрөхгүй. Машин тонож сэлбэгээс нь авсан зүйл байхгүй. Мөн намайг ажлаас халлаа гэхээр нь л явсан болохоос биш би дур мэдэж ажлаа тасалж, ажлын байраа орхиж яваагүй. Араас машин аваад ир гэж хэлэхээр нь Албаны машин та нар комисстойгоо ирж аваарай. Ямар нэгэн байдлаар сэлбэгийг авсан гэх зүйл гаргахгүйн тулд машины эд анги, авсан сэлбэгийн талаар бүгдийг нь харуулж байж өгнө гэдгээ л хэлсэн. Ингээд ажил хүлээлцэх комисс томилогдсон гэж хэлэхээр нь машинаа хүлээлцсэн. Миний хувьд өөрөөсөө гаргасан сэлбэг болох гуперээ авсан. Өөр юу ч аваагүй. Үүнээс гадна диск болон бусад их, бага гэлтгүй өөрийн мөнгөөр тавьсан сэлбэгүүдээ орхисон. Даргатайгаа хэрэлдсэн гэж байна. н.Б даргын хувьд бензин цохож өгдөг хүн. Миний хувьд өөртөө зуун грамм ч бензин илүү зарцуулаагүй. Тухайн өдөр орж ирж бензинийхээ шаардахыг ав гэхээр нь өрөөнд ортол Бензинийхээ тайланг хийж өг. Дутуу хийж өгсөн байна гэж хэлсэн. Миний хувьд шатахууны дэлгэрэнгүй тайлангаа сар бүр хийж өгдөг. Ажил үүргээ гүйцэтгэхдээ ямар ч зөрчил гаргаагүй. ...Ажилгүй байсан хугацааны цалин болон гэнэт халагдсаны тэтгэмжийг би нэмэгдүүлж нэхэмжлээгүй учраас гарах боломжгүй гэдгийг ойлголоо. Иймд ..... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: .... сумын ....-р багийн иргэн ЗДТГ-н жолоочоор ажиллаж байсан Б.Г-с 2021 оны 04 сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэл дээр .... сум гэдгийг гараар нэмж бичсэн, Г гэж гарын үсэг зурсан нь Г-н өөрийн гарын үсэг биш байна. Иймд энэ нэхэмжлэлийг Б.Г өөрөө гаргаагүй байна. 2021 оны 3 сарын 17-ны өдрийн 10 цагийн үед бензиний шаардах хуудас тамгалуулахаар миний өрөөнд орж ирсэн. Би Б.Г-д Шатах тослох материал зарцуулсан тайлангаа дэлгэрэнгүй бичиж өгч бай. Хаашаа ямар ажилд хэзээ яваад хэзээ ирсэн, ямар үүрэг гүйцэтгэж явсан гэх мэт ...гэж хэлсэн. Б.Г уурлаад би өөрийнхөө ажилд яваагүй даргын ажилд явж байгаа юм чинь юугаа бичдэг юм бэ? Урд нь болоод л байсан. Энэ шаардах хуудас чинь надад хэрэггүй гэж хэрэлдсэн. Би шатахууны тайлангаа дэлгэрэнгүй бичихгүйн улмаас шатахуун дээр акт төлбөр тавигдвал чи өөрөө төлөөрэй гэж хэлсэн. Ингээд Г хэрүүл маргаан үүсгээд Засаг даргад би асуудлыг танилцуулсан. 11 цагт Машинаа аваарай гэж миний 8..... утсанд мессеж явуулсан байсан. Тэр өдөр бид ..... 1-р багийн ИНХ-д очиж ажиллах ёстой байсан. Засаг дарга Б.Г руу утасдаад төрийн албанд үүрэг гүйцэтгэж байгаа машиныг авч явж болохгүй. Авчирч өг гэж хэлтэл Б.Г би чадахгүй хэсэг хугацааны дараа өөрөө хүн явуулж авахуулаа гэсэн, би машинд хийсэн юм урд гуперээ тайлж авна гэсэн. Чи битгий машины сэлбэгийг ав гэж дарга хэлсэн. Тэр өдрөө Б.А даргыг машинаа авахуулахаар явуулсан. Би машинаас юмаа авна, түр хүлээж бай гээд машинаа өгөөгүй байсан. Манай албан хаагчид цагдаагийн машиныг аваад хөдөө баг уруу ажлаар явсан. Б.Г-г цочмог ууртай, залуу хүн буруугаа хүлээгээд ирэх байх гэж харсан боловч ирээгүй. Тухайн өдрийн орой 18:32 минутад миний 8..... утас руу Та нар жоохон ч гэсэн сэтгэлтэй бай, намайг үл хүндэтгэж талд хаяад явсан удирдлага хүн хамт олныг нэгтгэх ёстой болохоос салгах ёсгүй. Намайг ямар шалтгаанаар халж байгаагаа бичээд ирээрэй, бас комисс гаргаад хүмүүстэйгээ ирж машинаа аваарай, улсаас өгсөн улсын өмч болохоос хувийн өмч биш одоохондоо миний нэр дээр байгаа гэсэн зурвасыг илгээсэн байсан.

Ингээд удирдлагын зөвшөөрөлгүй ажлаа орхиж явсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажилдаа ирээгүй. Ер нь шатахууны зарцуулалтад хяналт хийхэд ямар ажил үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой байх, анхан шатны баримтын бүрдэл бүрэн байх ёстой байдаг учраас зүй ёсны шаардлага тавьсан. Улсын машиныг дур мэдэн авч явж төрийн ажил тасалдуулж байгаа нь тухайн хүнийг төрийн албанд тэнцэхгүй гэдгийг харуулж байна. Засаг даргатай зөвшилцөж холбогдох хууль журмын дагуу зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн .... сумын иргэн Б.Г ..... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг гаргасан байна. Нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ..... сумын Засаг даргын тамгын газрын даргын тушаал нь хууль зөрчиж, мөн тушаалд зохих хуулийн зүйл заалтыг баримтлаагүй, Монгол Улсад байхгүй хуулийн зүйл заалт баримталсан, Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг зөв баримтлаагүй зэрэг хууль ёсны шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасан ба ямар хуулийн зүйл заалтыг баримталсан, яг ямар хуулийн зүйл заалтыг баримтлах ёстой байсан гэдэг нь ойлгомжгүй байна.

Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн тайлбарын талаар товч танилцуулбал нэхэмжлэлд .....сум гэдгийг гараар бичсэн бөгөөд өөрийн бичгийн хэлбэр биш байгаа учраас энэ нэхэмжлэлийг Б.Г өөрөө гаргаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б.Г бензиний шаардах хуудас тамгалуулахаар орж ирсэн. Шаардах хуудсанд шатахууны дэлгэрэнгүй тайланг гаргаж өгөөрэй. Хаашаа, хэнтэй, ямар ажлаар явсан, хэдэн литр бензин зарцуулснаа тусгаад тайлангаа гаргаарай гэсэн хууль ёсны шаардлага тавихад Урьд нь болоод байсан атлаа одоо яахаараа болохоо байчихдаг юм бэ? гэж Тамгын газрын даргатайгаа хэрэлдсэн. Бүдүүлэг үгээр хэлж, доромжилж байсан ч үүнийг энд бичих шаардлагагүй гэж үзсэн байсан. Шатахууны тайлбар дэлгэрэнгүй бичихгүй байсны улмаас анхан шатны баримт бүрдүүлээгүй байна гэж үзэн шатахуунд акт төлбөр тавигддаг. Үүнийг өөрөө хариуцаарай гэтэл Тамгын газрынхаа даргын өрөөнд орон хэрүүл, маргаан үүсгэсэн. Тэгээд үүсээд байсан нөхцөл байдлын талаар Засаг даргад танилцуулахад Б.Г яваад өгсөн. Тухайн өдрийн 11 цагийн үед н.Б рүү машинаа аваарай гэх мессежийг явуулсан байсан. Мөн уг өдөр .... багийн Иргэдийн Нийтийн Хурал болсон ба Засаг даргын Тамгын газар албаны нэг машинтай учир Б.Г машин авч явснаас шалтгаалж төрийн ажил тасалдахад хүрсэн. н.Б ажлын хэсгийн хамт түрүүлж очиж хуралд бэлдэх байсан учир няравынхаа машинаар явсан. Уг өдөр Засаг дарга Б.Г руу утасдаж Чи төрийн албанд үүрэг гүйцэтгэж байгаа хүн машин авч явж болохгүй. Ирж ажлаа хий гэтэл ирэхгүй гэж хэлэхээр нь тэгвэл машин авчирч өг гэж хэлсэн. Б.Г би очиж чадахгүй дараа нь хүн явуулж машинаа авахуул. Би машинд хийсэн сэлбэгээ авна гэж Засаг даргатайгаа муудалцсан. Засаг дарга Чи наад тавьсан сэлбэг хэрэгслээ битгий авчихаач, машины сэлбэгийг өөрөөсөө хувиасаа тавьсан бол үнэ мөнгийг нь гаргуулъя, албаны журмаар тавьсан бол тэр хэвээр нь байлга. Машин тонох шаардлагагүй шүү гэсэн шаардлагыг тавьсан. Ингээд Хөвсгөл аймгийн......сумын ....дүгээр багийн Засаг дарга н.А гэх хүнийг машин авахуулахаар явуулсан боловч машинаас авах юмаа авчхаад өгнө гээд явуулсан байдаг. Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг дарга болон Тамгын газрын дарга нар нь Б.Г-г хүрээд ирэх байх гээд 3-4 хоног хүлээсэн байдаг. Ирэхгүй мөртлөө дарга нар руугаа Комисс гаргаад машинаа ирж аваарай. Улсын өмч болохоос биш хувийн өмч биш. Одоохондоо миний нэр дээр байгаа гэх утгатай мессэж бичээд ажилдаа ирэхгүй 3 хоносон учраас удирдлагын зөвшөөрөлгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шатахууны зарцуулалтын анхан шатны бүрдэл тодорхой, бүрэн байх ёстой гэсэн хууль ёсны шаардлагад уурлаж дургүйцэн улсын машиныг дур мэдэн авч явж, төрийн ажлыг цалгардуулж байгаа учраас Засаг даргатай зөвшилцөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5.3-т зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоох эрх нь төсвийн байгууллагын шууд захирагчид байдаг учраас өөрийнхөө эрх хэмжээг тодорхойлсон заалтыг үндэслэсэн. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар аймаг, сум, дүүргийн засаг дарга Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэсэн заалтыг баримталсан. Захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэсэн. Мөн хуулийн 130 дугаар зүйлд хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлж батална. Хөдөлмөрийн дотоод журамд Ажил олгогч болон ажилтны эрх, үүргийг тодорхой тусгасан байна. Хөдөлмөр, сахилгын тодорхой дүрэм, журмыг мөрдүүлж ажиллана. гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т ажлаас халах гэсэн зүйл заалт болон хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3-т ажилтан дор дурдсан зөрчил гаргавал сахилгын шийтгэлд тооцно гээд удирдлагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэж байсан ажлаа орхих, хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2, 8.3.14 дээд шатны тавьсан үүрэг даалгаврыг эсэргүүцэх, үүрэг даалгаврыг үл биелүүлж бусдад буруу үлгэр дуурайлал үзүүлэх, байгууллагыг хүндэтгэн үзэхгүй хувийн маргаан, хэрүүл гаргасан, мөн журмын 8.4.3-т ажлаа 3 буюу түүнээс дээш хоног тасалсан 8.7-д заасан сахилгын шийтгэлийг заавал шат дараалан авах шаардлагагүй гэх зүйл заалтуудыг үндэслэхээс гадна Б.Г-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.12-т ажлын цагаар ажлын байрыг орхиж явахгүй байх, мөн гэрээний хугацаа, хэрэгжилт, гэрээ цуцлах тухай 6 дугаар заалт зэргийг тус тус баримталж ажлаас чөлөөлсөн. Төрийн албан хаагч захирах, захирагдах зарчмыг баримтлан ажиллах ёстой бөгөөд хууль ёсны шаардлагыг уурлаж, дургүйцэн хүлээн авч байгаа нь албан тушаалтанд ёс зүйн асуудал байгаа, мөн захирах захирагдах ёсыг мэддэггүй байдал харагдаж байна. Нөгөөтэйгүүр энэ уураараа 3 хоног ажилдаа ирэхгүй, чаддаг юм бол өөрсдөө ирж ав гэж хэлэн машинд тавьсан сэлбэгийг дур мэдэн авсны улмаас 4 сарын эхээр машин эвдэрсэн зэрэг нь машины сэлбэгийг сольж авсан байх боломжтой байдал харагдаж байна. Иймээс Хөвсгөл аймгийн .....сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаар тушаал нь хууль ёсны байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Хөвсгөл аймгийн ....сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан Хөвсгөл аймгийн .... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Г нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг даргын тамгын газарт жолоочийн ажлыг хийж гүйцэтгэж байгаад хариуцагч байгууллагын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай Ажлаас халах тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 37-р тал/, Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай Ажлаас халах тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Монгол улсын төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 130 дугаар зүйлийн 130.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2, 8.3.14, 8.3.16, 8.4.3, 8.7, Хөдөлмөрийн гэрээний 5.12, 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн намайг ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаас халлаа гэхээр нь явсан болохоос биш дур мэдэж хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан зөрчил гаргаагүй гэж ,

Хариуцагч тал нэхэмжлэгч Б.Г-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл болон ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа ...Удирдлагын зөвшөөрөлгүй ажлын байраа дур мэдэж орхиж явсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажилдаа ирээгүй, удирдлагын тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй учир үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбар гарган маргаж байгаа ба уг тайлбартайгаа холбогдуулаад Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/16 дугаартай Захиргааны актын илэрхий алдааг засах тухай,, тушаал, нэхэмжлэгч Б.Г-той байгуулсан хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засаг даргын тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам болон уг журмыг танилцуулсан баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар, ..... сумын Засаг даргын тамгын газар Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай Ажлаас халах тухай тушаалаар нэхэмжлэгч Б.Г-ыг Монгол улсын төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 130 дугаар зүйлийн 130.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2, 8.3.14, 8.3.16, 8.4.3, 8.7, Хөдөлмөрийн гэрээний 5.12, 6 дугаар зүйлийг тус тус баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж ажлаас халах шийтгэл оногдуулж байгаа бол гаргасан эрхийн актад Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлах ёстой.

Гэтэл ажил олгогчийн буюу Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримталсан атлаа тушаалын үндэслэл болгож буй нарийвчилсан заалтыг баримтлаагүй байна.

Тодруулбал ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах явдал ажилтны хүсэл зоригоос гадуур хийгддэг тул ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан шийдвэрт гэрээ цуцлах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэлийг зайлшгүй тусгасан байхаас ажил олгогч нь дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх учиртай.

Түүнчлэн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тушаалын үндэслэлийг баримтаар нотлох үүрэгтэй. Энэ үүргээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч Б.Г-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ажилдаа ирээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хүлээж авдаггүй, биелүүлдэггүй үйлдэл, эс үйлдэхүйг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай Ажлаас халах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Б.Г-н ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б/06 дугаартай Ажлаас халах тухай,, тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Г-г Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН