Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/313

 

 

 

 

 

    2024          04          22                                     2024/ШЦТ/313

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Т.Баянмөнх,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405003290332 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн үед цахим хэрэгсэл ашиглаж, фэйсбүүк хаягаар “нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар оруулж, тухайн зарын дагуу холбогдсон иргэн ***ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн ***ийн зарын дагуу холбогдож байр түрээслэхээр шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Ардын хоршооны худалдааны төвд байрлах Хаан банкны 907:АТМ-ээс иргэн *** эзэмшлийн *** тоот дансаар гарган авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ЭХЭМҮТ эмнэлэгт хүүхдээ хэвтүүлэн эмчлүүлж байхдаа байр түрээслүүлнэ гэсэн фэйсбүүк зарын дагуу 94402042 гэсэн дугаар руу залгасан чинь нэг эмэгтэй хүн байсан, цаана нь хүүхэд уйлаад байсан. 3-4 дүгээр хороолол, И-Март дэлгүүрийн ард 13 дугаар сургуулийн яг хажууд нэг өрөө байр 3 сараар, нэг сарын барьцаа авч оруулна гэснээр би зөвшөөрөөд одоо мөнгөө шилжүүл гэхээр нь итгээд *** гэсэн данс руу өөрийнхөө 5866027624 гэсэн данснаас 20:19 цагийн үед 1.000.000 төгрөг шилжүүлсэн чинь гар утсаа унтраагаад алга болсон, ийм асуудал болсон. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 23-ны орой 20 цаг 19 минутад Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ардын хоршооны Хаан банкны АТМ-с ээж рүүгээ мөнгө шилжүүлээд байж байтал өлгийтэй хүүхдээ тэвэрсэн 20-25 насны орчим, бараан өнгийн урт куртиктэй, саарал өнгийн хүзүүний ороолттой, эмэгтэй хүн орж ирээд “би ааваасаа мөнгө авах гэсэн юм, надад дансаа өгөөч, би мөнгөө чиний картаар шилжүүлээд авчихъя” гэхээр нь би зөвшөөрөөд ээжийнхээ *** дугаарын дансыг тэр эмэгтэйд өгөөд 5-10 минутын хооронд миний картанд мөнгө шилжиж орж ирсэн. Би тэр эмэгтэйд 1.000.000 төгрөгийг ээж ***ийн данснаас АТМ машин ашиглаад гаргаж өгсөн. Тухайн үед надтай хамт хамаатны ах Пүрэвдорж явж байсан. Тэр эмэгтэйн хүүхдийг нь хүртэл мөнгөө авч байхад нь тэвэрч өгч тусалсан. ...тэнд камер байсан, тэр эмэгтэйн нүүр, нүд нь сайн харагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цалин буугаад Самсунг Галлакси А-51 гэж шинэ гар утас худалдан аваад скайтлын сим карт уншихгүй байхаар нь үеэл дүү ***гийн мобикомын 94402042 дугаарыг гуйж аваад 12 дугаар сарын 15-ныг хүртэл ашиглаж байсан чинь найз Тэмка гэх залуу ...хэрэглүүлэх гар утасны дугаар байна уу, гэхээр нь би үеэл дүүгийн 94402042 гар утасны дугаарыг нь юм бодолгүй өгсөн. Тэгээд би түүнээс хойш одоог хүртэл холбоо бариагүй. Манай үеэл дүү гар утасны дугаараа өөрөө сэргээгээд авчихсан байсан. Би гар утасны дугаарыг танил Тэмкад өгсөн өөр зүйл байхгүй. ...Тэмка саяхан хүүхэдтэй болсон бараг нэг нас хүрч байгаа байх. ...эхнэр нь Сайханаа гэдэг” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ***гийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Ардын хоршооны дэргэд Хаан банкны АТМ-с мөнгө авахаар явж байсан. Тэгэхэд хүүхдээ тэвэрсэн 24 орчим насны эгч хүүхдээ тэвэрсэн АТМ дотор орж ирсэн. Тэр эгч ***гаас данс руу чинь мөнгө хийгээд авчихъя, хөдөөнөөс аав мөнгө явуулж байгаа юм. Надад АТМ-с өөрийнхөө дансаар мөнгө гаргаад өгөөч гээд ***гаас гуйхаар нь “за тэг, тэг” гэж хэлээд дансаа тухайн эмэгтэйд хэлж өгсөн. Тэгээд хүүхдээ тэвэрсэн эмэгтэй гараад явчихсан. 10 минут орчмын дараа АТМ рүү хүүхдээ тэвэрсэн орж ирээд мөнгө нь орж ирсэн үү гээд ***гаас асуусан. Тэгээд *** дансаа шалгатал мөнгө ороод ирсэн байсан. Тэгээд *** өөрийнхөө дансанд орсон 1.000.000 төгрөг АТМ-с тухайн хүүхдээ тэвэрсэн эмэгтэйд бэлнээр нь гаргаж өгсөн. ...би танина бор царайтай, урт үстэй, нүүрний царайгаар нь шууд хараад танина...” гэсэн мэдүүлэг /хх-н 64-65/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2023 оны 12 дугаар сарын 23-ны 20 цаг 17 минут 59 секунтэд *** нь хүүхдээ тэвэрсэн сэжигтэй эмэгтэйтэй Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ардын хоршооны автобусны хойд талд байрлах Хаан банкны АТМ дотор уулзаж ярилцаж байгаа байдал ...хяналтын камерын бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 2023 оны 12 дугаар сарын 23-ны 20 цаг 21 минут 27 секунтэд сэжигтэй эмэгтэй АТМ-с мөнгөө гаргуулан авч байгаа дүрс бичлэгт бичигдсэн байна” гэжээ /хх-н 36-37/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогчийн өргөдөл /хх-н 5/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 28/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 53-57/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 66-72/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн үед цахим хэрэгсэл ашиглаж, фэйсбүүк хаягаар “нэг өрөө байр түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар оруулж, тухайн зарын дагуу холбогдсон иргэн ***ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн ***ийн зарын дагуу холбогдож байр түрээслэхээр шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны Ардын хоршооны худалдааны төвд байрлах Хаан банкны 907:АТМ-ээс иргэн *** эзэмшлийн *** тоот дансаар гарган авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***, ***, *** нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь цахим хэрэгсэл ашиглан хохирогч ***т байр түрээслүүлнэ гэж хуурч, залилан 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд хохирогчийг залилсан гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч *** нь хохирогчийн хохирлыг төлж барагдуулаагүй, нөхөн төлөхөө шүү хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгчээс 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч ***т олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг” ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ***ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу бага насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүх шүүгдэгч ***т ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийн шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч ***т олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, хорих ял эдэлж дуусах хүртэл хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР