Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/314

 

 

 

 

 

    2024          04          22                                     2024/ШЦТ/314

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Ц.Хулан,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *** /***/,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202006830107 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь Нийслэлийн Баянгол дүүргийн ***ерөнхий нягтлан бодогчоор буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”-ыг хориглоно гэж заасныг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.4-д аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн “үнэн зөв байх” зарчмыг баримтална, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.9-д “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг цаг хугацаанд нь үнэн, зөв мэдээллээр хангаж ажлыг зохион байгуулах” гэж заасныг тус тус зөрчиж 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарын хооронд албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж тус ***ийн ажилтнуудын баталгаажсан цалинг илүү, дутуу бичин, үндэслэлгүйгээр нэмэгдүүлж нийт 90.027.923 төгрөгийн зөрүүг Пэйролл цалингийн системийг ашиглан өөрийн цалин дээр нэмж аван албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн давуу байдал бий болгосны улмаас тус ***т их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***: “...Байгууллагын цалингийн данснаас тухайн мөнгийг авсан байсан. Би уг асуудал болсноос хойш ***ийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Хохирогчоор ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн цаг хугацаанд нягтлан бодогч нь албан тушаалаа урвуулан цалингийн системээс өөрийн данс руу мөнгө шилжүүлэн авч байсан үйлдэл илэрсэн байсан. Тухайн үед санхүүгийн тооцоог эрхлэгч хянах боломжгүй үе байсан, тэр үеийг ашиглаад нягтлан бодогч нь өөрт олгогдсон эрхийг урвуулан ашиглаж ***ийн хөрөнгөнөөс авсан байсан. *** анх үүсгэн байгуулагдсанаас хойш одоог хүртэл 1 нягтлан бодогчийн орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. ...Шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан байна. ...*** нь хувьдаа авсан 90.027.923 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 29/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн ***ээс гаргаж өгсөн баталгаажсан цалингийн хүснэгт болон цалин олгодог Payroll системтэй тулгалт хийж шалгасан. ...хяналт шалгалтын гарсан үр дүнгийн талаар нягтлан бодогчоос асуухад “би цалингийн зардлаас өөртөө илүү мөнгө авсан нь үнэн, гэхдээ ийм хэмжээний бол аваагүй” гэж байсан ба ***ийн эрхлэгчийн хувьд “би нягтлан бодогчийн гаргасан үйлдлийг мэдээгүй, сүүлийн үед өөрөө их сонин болоод байсан юм” гээд ярьж байсан. ...Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай удирдамжийн дагуу ***2021-2022 оны эхний 4 сар хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажилласан. ...Хяналт шалгалтаар тухайн ***ийн нягтлан бодогч ажилтай *** гэх эмэгтэй нь 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд нийт 88.827.923 төгрөгийг өөрийн цалингийн данс руу илүү шилжүүлж авсан асуудал илэрсэн. Цалингийн хүснэгт цаасан баримт болон цалингийн программ болох Payroll дээр байгаа мэдээллийг тулгахад *** өөрийн гарт олгох цалин дээрээ илүү нэмж авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 46, 104-105/,

Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Маргааш нь дүүргийн аудитын албанаас манай *** дээр санхүүгийн шалгалт хийгээд нягтлан *** 2021 оны 02 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сарын хооронд 88 сая төгрөгийг өөрийн цалин дээр илүү авсан байна гэж дүүргийн аудитын албаны дүгнэлтээр тогтоогдсон. ...Цахим цалингийн системийг би хянаж үздэггүй байсан нь миний буруу боллоо цахим систем дээр өөрийн цалин дээрээ нэмж цалин оруулдаг байсан байна лээ. ...2021 оны 01 дүгээр сараас нягтлан бодогч сургалтад сууж ирээд цалинг яам руу илгээдэг байсан. 2022 оны 4 дүгээр сараас эрхлэгч сургалтад суугаад илгээх эрх нь нээгдэж ирсэн. Аудитын шалгалт 2021 оноос өмнө 3 сар тутам явцын аудитын шалгалт хийгддэг байсан бөгөөд манай байгууллага дээр зөрчил гараагүй бөгөөд зөвлөмж өгдөг байсан. ...Тухайн үед ямар аргаар тухайн мөнгийг авч байсныг мэдээгүй. Аудитын шалгалтаар ирүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 95-96, 3-н 236/,

Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн *** ***т 2021 оноос өмнө Төрийн аудит хяналт шалгалт хийж байсан бөгөөд тухайн шалгалтаар дээрх нөхцөл байдалтай адил зөрчил дутагдал гарч байгаагүй. *** Payroll системд нийт ажилчдын цалинг бодож дуусаад өөрт систем хүлээж авах хэмжээгээр цалинг нэмж бичээд цааш илгээдэг байсан. Системд төсөвт багтаж байгаа тохиолдолд илгээж болох тохиргоотой. Харин Payroll системээс цаасаар хэвлэхдээ өөрт нэмсэн цалинг хасаж хөл дүнг засан хэвлэж гаргаад эрхлэгчээрээ гарын үсэг зуруулдаг байсан. Ингээд эрхлэгч хөл дүнг тулгаж хараад баталгаажуулдаг байсан байна…” гэсэн мэдүүлэг /хх 3-н 238/,

Шинжээчийн 136 дугаар дүгнэлтэд: “…*** нь 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд баталгаажсан цалингийн хүснэгт дээрх гарт олгогдох цалингаас илүү дүнгээр нийт 90.027.93 төгрөгийг цалин хэлбэрээр авсан байна. …*** нь 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд батлагдсан цалингийн хүснэгт дэх гарт олгох цалин, Payroll цалингийн системээс шилжүүлж байгаа цалингууд хоорондоо 90.027.923 төгрөгийн зөрүүтэй байна…” гэжээ /хх 1-н 112-124/,

Аудитын дүгнэлтэд: “…Тус ***ийн батлагдсан цалингийн төсөв цалингийн зардлыг хүснэгт 1, 2-с харахад 2021 онд, 8.707.3 мянган төгрөг, 2022 оны эхний 4 дүгээр сарын байдлаар 27.824.2 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь төсвийн төлөвлөлтийг үндэслэлгүй хийсэн, төлөвлөлтөд шат шатны хяналтын бүрэн хэрэгжүүлээгүй байна. Цалингийн гүйлгээнд тавих хяналтыг сул хэрэгжүүлсэн, байгууллагын удирдлага төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад тавих хяналт, доод хяналт шалгалт хангалтгүйгээс шалтгаалан нягтлан бодогч нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, төсөвт хохирол учруулах нөхцөл бүрдсэн байна. Хяналт шалгалтад хамрагдах хугацаанд нягтлан бодогч *** нь байгууллагын цалингийн эх баримтыг /анхан шатны/ хуурамчаар бүрдүүлэн төсвөөс 88.827.923 төгрөгийг өөрийн цалингийн данс руу илүү шилжүүлэн авсан. Давхардсан тоогоор нийт 218 албан хаагчдад 14.573.033 төгрөгийг илүү, дутуу олгосон зөрчил илэрлээ…” гэжээ /хх 1-н 55-64/,

Яллагдагчаар ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Манай байгууллага нь нягтлан бодогчийн нэг орон тоотой. Байгууллага нэг нягтлан бодогчтой бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн үүргийг би гүйцэтгэдэг байсан. …Миний хувьд 2021 онд шинэ программ нэвтэрснээс хойш ***ийн эрхлэгч программ дээр шивэгдсэн цалингийн дэлгэрэнгүй задаргааг харахгүй нийт хөлийн дүнг харж гарын үсэг зурж байгааг анзаарч цалингийн системд өөрийн цалин дээр тогтмол өндөр дүнгээр цалин нэмж бичдэг байсан. Ингээд системээс цаасаар хэвлэх үедээ өөртөө нэмсэн дүнгээ засаж хэвийн болгоно, харин нийт дүнг өсгөсөн байдлаар баримтыг хэвлээд эрхлэгчээр гарын үсэг зуруулахад систем дэх нийт дүнг цаасаар гаргасан нийт дүнтэй харьцуулж хараад таарч байвал гарын үсэг зурдаг байсан. Цаасаар гаргасан ажилчдын цалинг нэмж тулгахгүй болохоор цалинг нэмж бодсоныг мэддэггүй байсан. Ингээд өөрийн цалин дээр нэмж бодсон дүнтэй цалингаа Төрийн сан руу цахимаар явуулахад баталгаажаад цалин тавигддаг байсан..” гэсэн мэдүүлэг /хх 3-н 248-249/,

***ийн нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолт /хх 1-н 33-36/ шүүгдэгч ***г ажилд авсан тушаал /хх 1-н 37/, хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаал /хх 1-н 38/, Хөдөлмөрийн гэрээ /хх 1-н 39-44/, хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 49-50/, нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 66-74/, Баянгол дүүргийн ***100200515219 дугаар дансны хуулганууд /хх 1-н 147-191/, Баянгол дүүргийн ***2021 оны 02 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны батлагдсан цалингийн цэс, цалингийн хүснэгт /хх 1-н 193-250, 2-н 8/, Хөдөлмөрийн гэрээ /хх 2-н 9-25/, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ /хх 2-н 26-28/, шүүгдэгч ***гийн дансны хуулга /хх 2-н 30-95/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 96-1188 3-y 225-2268 230/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь Нийслэлийн Баянгол дүүргийн ***ерөнхий нягтлан бодогчоор буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2 дахь заалтад заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарын хооронд албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж тус ***ийн ажилтнуудын баталгаажсан цалинг илүү, дутуу бичин, үндэслэлгүйгээр нэмэгдүүлж нийт 90.027.923 төгрөгийн зөрүүг Пэйролл цалингийн системийг ашиглан өөрийн цалин дээр нэмж аван албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн давуу байдал бий болгосны улмаас тус ***т их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, гэрч ***, ***, *** нарын мэдүүлэг, аудитын дүгнэлт, шинжээчийн 136 дугаар дүгнэлт, прокурорын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 215 дугаар зөвшөөрлөөр хэрэг бүртгэлтийн 2202002*** хэрэгт мөрдөгч 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийж, хуулбарлан авсан баримтууд, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Баянгол дүүргийн ***ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2021 оны 01 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр арын хооронд албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж цалинг илүү, дутуу бичин, үндэслэлгүйгээр нэмэгдүүлж 90.027.923 төгрөгийг өөрийн цалин дээр нэмж, их хэмжээний хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь гэм буруугийн талаар маргаагүй ба улсын яллагчийн шүүгдэгч ***г  гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021-2022 оны дүгээр сарын хооронд үйлдэгдсэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон ба прокуророос шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамласан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

Тухайн гэмт хэргийн улмаас нийт 90.027.923 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 200.000 төгрөгийг төлсөн үлдэгдэл хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгчээс 89.827.923 төгрөг гаргуулж хохирогч байгууллага болох Нийслэлийн Баянгол дүүргийн *** ***т олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 02 жил хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ***гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлж барагдуулаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 01 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021-2022 оны дүгээр сарын хооронд үйлдэгдсэн ба 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон тул шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуульд заасан ял оногдуулсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

2.3. Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж, 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч нь 200.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын Төрийн сангийн дансанд байршуулсныг хохиролд тооцуулан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***гаас 89.827.923 төгрөг гаргуулж Нийслэлийн Баянгол дүүргийн *** ***т олгосугай.  
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР