| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2021/00221/И |
| Дугаар | 152/ШШ2021/00260 |
| Огноо | 2021-06-22 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 152/ШШ2021/00260
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Н овогт Ж-н О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Б газарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, хариуцагч Увс аймгийн Б газрын дарга Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2005-2008 онуудад Монгол Улсын Боловсролын Их сургуулийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. 2015-2016 онд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академид Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр суралцсан. Улаангом Политехник коллежийн Компьютер, программ хангамжийн ангид 2020 онд элсэн суралцаж байна. Би 2013 оноос “Х” ХК-д даргын туслах, аж ахуйн албаны даргаар 2019 оны 3 дугаар сарыг дуустал ажилласан. 2019 оны 12 дугаар сараас “Б” газарт мэдээлэл технологи, сургалт сурталчилгаа, няравын орон тоонд ажиллаж эхэлсэн. Гэтэл намайг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас минь чөлөөлсөн. “Б” газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэсэн байна. Ингэхдээ 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хяналт шалгалт хийх тухай ажлын хэсэг байгуулж тухайн ажлын хэсэгт нь мөн өдөр Мэдээлэл, технологи, сургалт сурталчилгааны ажилтан албан тушаалын ажлын байранд шинжилгээ хийсэн тухай дүгнэлтийг гаргасан. Тухайн дүгнэлтээр намайг Мэдээлэл технологи, программ хангамжийн чиглэлийн мэргэжилтэй байх гэсэн үндсэн шаардлагыг хангахгүй байгаа нь тогтоогдож байна гэж үзсэн. Намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон зүйл нь энэхүү дүгнэлт юм. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дээрх маргаан бүхий ажлын байранд томилогдон ажилласан. Намайг ажилд томилогдож байх үед надад Мэдээлэл технологи, программ хангамжийн чиглэлийн мэргэжилтэй байх ёстой гэсэн ямар нэгэн шаардлага тавьж байгаагүй юм. Тухайн үед намайг мэдээлэл технологи, сургалт сурталчилгаа, няравын ажлыг хийж гүйцэтгэх шаардлага хангасан гэж үзэн ажилд авч байсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус байна. Намайг мэргэжил, ур чадварын хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй гэдгийг тогтоосон ямар нэгэн комиссын дүгнэлт, шийдвэр гараагүй болно. Түүнчлэн байгууллагын дарга надад 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гэсэн огноотой мэдэгдлийг надад 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ээлжийн амралттай байхад өгсөн. Энэхүү мэдэгдэлд намайг мэргэжлийн хувьд тэнцэхгүй байна гэсэн байсан ба үүнээс харахад “Б” газрын даргын шийдвэр аль эрт гарсан байсан нь тодорхой байна. Намайг мэдээлэл технологи, сургалт сурталчилгаа, няравын ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаанд ажил, мэргэжлийн хувьд тухайн ажлын байранд тэнцэхгүй байна гэсэн санал гомдол гарч байгаагүй ба би ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсанд гомдолтой байна. Иймд намайг урьд эрхэлж байсан Увс аймгийн “Б” газрын мэдээлэл технологи, сургалт сурталчилгаа, няравын ажлын байранд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Увс аймгийн “Б” газрын дарга Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч О-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б газрын бүтэц, орон тоог аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/697 тоот захирамжаар баталсан бөгөөд захирамжид мэдээллийн технологи, сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан байхаар заасан. Төрийн албан хаагчийн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтыг Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 23.3 Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалд тавигдах тусгай шаардлага болон албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмыг төрийн албаны төв байгууллага батална, 23.4 Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.3-т заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална хэмээн заасны дагуу ТАЗ-ийн 2019 оны 3 дугаар тогтоолоор баталж, “Б” газрын даргын 2019 оны А/23 тоот тушаалаар албажуулсан байдаг. Энэ журмын дагуу О нь Увс аймгийн “Б” газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар тус газрын Мэдээлэл технологи, сургалт сурталчилгааны ажилтан албан тушаалд ТҮ-7 зэрэглэлийн 1 шатлалаар томилогдсон байна. Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-т Мэдээллийн технологи гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байдаг. Үүнээс харахад мэдээлэл технологийн ажилтан нь монгол хэл уран зохиолын багш мэргэжилтэй хүн ажиллах ямар ч боломжгүй, компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхеөрөмжгэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэшсэн, мэдлэг боловсрол эзэмшсэн, энэ чиглэлээр ажлын туршлага бүхий ийм хүн байх ёстой. Батлагдсан албан тушаалын тодорхойлолтод уг албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсэгт Мэдээллийн технологи, программ хангамжийн мэргэжилтэй, мэдээллийн технологиор мэргэшсэн, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байна хэмээн заасан байхад тухайн үед ажиллаж байсан газрын дарга яагаад албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангахгүй хүнийг томилсныг мэдэхгүй байна. Мөн бүтэц орон тоо баталсан захирамжид Архив, бичиг хэргийн эрхлэгч, нярав гэсэн орон тоог баталсан, энэ орон тоонд У ажиллаж байгаа ба У, нягтлан бодогч М нарыг 2020 оны 8 сард ээлжийн амралттай байхад хэнд нь ч хэлэлгүйгээр 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр газрын даргын Б/18 тоот тушаал гаргаж, О-д нярав албан тушаалыг хавсран гүйцэтгүүлсэн, эд хөрөнгиийн тооллого хийж, ажил хүлээлцүүлээгүй байсан. О нь мэдээллийн технологийн талаар боловсрол эзэмшээгүй байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан ...төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх үндсэн зорилтыг хангахгүй, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан чадахуйн зарчим /мерит/-ыг хангаагүй. Өөрөөр хэлбэл иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилохдоо хувь хүний мэдлэг боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага зэргийг харгалзан үзэхгүйгээр томилсон нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж үзсэн. Би “Б” газрын даргын албан тушаалд томилогдоод ажилтайгаа танилцахад 2020 онд эд хөрөнгийн тооллогыг хийсэн гэх боловч хөрөнгийн тооллогын материалыг албажуулаагүй, нягтлан бодогчид өгөөгүй, байгууллагын эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт, бүртгэл маш замбараагүй байдалтай байсан тул нягталж үзэхэд нярвын ажлыг хүлээлцээгүй, У нь ямар нэгэн ажлын дутагдал гаргаагүй, ээлжийн амралттай байгаад ажилдаа ороход няравын ажлыг О авсан байсан гэсэн мэдээллийг өгсөн, мөн байгууллагын сургалт сурталчилгааны ажил хангалтгүй, зөвхөн fасеbоок хаягнаас мэдээлэл алдаг оног оруулдаг байсан нь ажиглагдсан. Түүнчлэн миний 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар байгуулагдсан хяналт шалгалт хийх ажлын хэсгийн дүгнэлтэд О нь ....”Б” газрын Захиргаа удирдлага хяналт шинжилгээний албаны Мэдээлэл технологи, сургалт сурталчилгааны ажилтан албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох Мэдээлэл технологи, программ хангамжийн чиглэлийн мэргэжилтэй байх гэсэн үндсэн шаардлагыг Хангахгүй байгаа нь тогтоогдож байна гэж дурдсаныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Монгол улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарласан тайлбарын 15 дугаар зүйлийн 15.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж заасныг баримтлан байгууллагаас ажлын хэсгийг байгуулан албан ёсны дүгнэлтийг гаргуулж, О нь уг албан тушаалын үндсэн шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий болсон. Мөн Увс аймгийн “Б” газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/23 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолтын маягтын 2 дахь хэсэг Албан тушаалын зорилго-д ...байгууллагын мэдээлэл технологийн бодлогын үйл ажиллагааг тодорхойлох, хөгжүүлэх, программ, техник хангамжийг нэвтрүүлэх, аюулгүй ажиллагааг хангах, техникийн засвар үйлчилгээг хийх чиг үүргийг хэрэгжүүлэхээр, мөн хавсралтын Албан тушаалын зорилт хэсгийн 2 дахь хэсэгт дээрх үүргийг дурдаж заасан байна. Мөн хавсралтын 2 дугаар зорилтын хүрээнд заасан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэг зэргийг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул О нь энэ албан тушаалд цаашид ажиллах шалгуурыг хангахгүй болсон. Хөл хорионы үед зайнаас ажиллаж байгаа нөхцөлд иргэдэд мэдээлэл, сурталчилгааг цахим хэлбэрээр хурдан шуурхай оруулах, шинээр пэйж хуудас нээх, вебсайт ажиллуулах гээд энэ ажлын үр дүнг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, иргэдэд мэдээ мэдээллийг цаг үед нь хүргэх, ажилтнуудыг сүүлийн үеийн нэвтэрсэн программ хангамжтай танилцуулах, мэдээ мэдээллийг ойлгомжтой хэлбэрээр тайлагнах, сурталчлах чадавхтай болгоход мэдээллийн технологи, сургалт сурталчилгаа хариуцсан ажилтны чадавх, мэргэжлийн түвшин таарахгүй байсан тул 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр сонсгох ажиллагааны мэдэгдэл гаргаж, мэдэгдлийг О-д өөрт нь өгөхийг Захиргаа удирдлага, хяналт шинжилгээний албаны дарга Б-д даалгасан. Б мэдэгдлийг төлөвлөн, албан бичгээр О-д танилцуулсан ба албан мэдэгдэлтэй танилцаад О над дээр орж ирж яагаад ийм мэдэгдэл хийж байгааг асуусан. Би нөхцөл байдлыг танилцуулж 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлөх болно гэдгээ хэлсэн. О “Ингээд ажлаас халж болдог юмуу” гэж асуухад нь би “Дүрэм журмын дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдлээ өгч байна, чи яаж хүлээн авах нь чиний асуудал” гэдгийг хэлсэн. Ингэсний дараа О ээлжийн амралтаа авахыг хүссэн. Б, нятлан бодогч М нар ээлжийн амралтыг тооцон олгосны дараа ажлаас чөлөөлөх шийдвэр гарах ёстойг танилцуулсан тул Хөдөлмөрийн хуулийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс ажлын 18 хоногийн ээлжийн амралтыг олгосон, амралт дууссаны дараа ажилдаа ирээд “Одоо би яах вэ” гэсэн, би өөрийн байр сууриа хэлж, даргын тушаалаар томилогдсон ажлын байранд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулан, ажлаас чөлөөлөхөө мэдэгдэхэд О “Надад тэтгэмж өгөх боломж байна уу” хэмээн хүссэн тул Захиргаа удирдлага, хяналт шинжилгээний албаны дарга Б, нягтлан бодогч М нартай зөвшилцөн ярилцсаны үндсэн дээр байгууллагын цалингийн санг харгалзан 1 сарын тэтгэмж олгож, ажлаас чөлөөлсөн. О-д өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон нь О ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлээ өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Мэдээлэл технологийн ажилтан хүн няравын ажлыг давхар хаших хууль зүйн үндэслэл байхгүй учир нь Увс аймгийн Засаг даргын 2019 оны А/697 тоот захирамжаар баталсан бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай захирамж, “Б” газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/23 тушаалаар нэр бүхий 7 албан тушаалын тодорхойлолтыг гаргахаар заасан байдаг ба үүнд мэдээлэл технологи сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан нь няравын ажлыг давхар хашиж болохоор зохицуулсан зохицуулалт байхгүй байна. Дашрамд дурдахад би төрийн захиргааны албанд 23 дахь жилдээ ажиллаж байгаа, төрийн удирдлагын магистр цолтой, мэргэшсэн албан хаагчийн хувиар байгууллагыг хууль дүрэмд нийцүүлэн, зөв зохион байгуулалттай, мэргэшсэн, чадварлаг баг бүрдүүлэн ажиллахаар зорьсон. Мөн бидэнд Төр засгаас төрд үнэнчээр зүтгэж чаддаг, төрийн албаны төлөө гэсэн зөв бодолтой, зөв хүмүүсийг ажиллуулах шаардлагыг байнга тавьж ирсэн, тавьсаар ч байгаа. Гэтэл О төрийн албанд ажиллах шалгуур үзүүлэлтийг хангаагүйгээс гадна зарим нэг асуудлын талаар цухас дурдах нь зүйтэй гэж бодлоо. Монголын Залуучуудын холбооны шагналын журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Тэргүүний залуу цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно. Үүнд: Тухайн шагналд тодорхойлогдож буй хүн нь дээд боловсролтой өөрийн ажиллаж буй салбарт болон улс эх орондоо бодитой үнэлэгдэхүйц өндөр амжилт гаргасан байна. Хариуцсан ажлын үзүүлэлт, чанар, амжилт, бүтээл нь олон улс, хот, аймгийн хэмжээнд үнэлэгдсэн байх. Монгол залуу хүний эрмэлзэх 9 зүйл-ийг мөрдлөг болгон ажиллаж, оюуны өндөр бүтээл гаргасан, хамт олныхоо дунд нэр хүндтэй, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог, тухайн байгууллагадаа 5-аас доошгүй жил ажилласан, бусдыгаа манлайлан, удирдан зохион байгуулах чадвартай тэргүүний залуучууд байна гэжээ. Гэтэл О манай байгууллагад ажилд ороод 3 сар ч ажиллаагүй, байгууллагаас тодорхойлолт явуулаагүй байхад, Тэргүүний залуу цол тэмдгээр шагнуулсан хэмээн байгууллагын даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар 1 сарын цалингаар шигнуулж байсан. /баримтад тушаалаас өөр шагнагдсан тогтоол, шагналын үнэмлэх зэрэг нотлох баримт хавсаргаагүй/. Мөн О нь анх ажилд орохдоо /2019.12.13/ ТҮ-7 зэрэглэлийн 1 шатлалаар ажилд оронгуутаа 2020 оны 1 сар гарангуут зэрэглэлийн шатлалыг тооцож гаргахад ТҮ-7 зэрэглэлийн 3 шатлалаар огцом өсгөж гаргасан байгаа нь анхаарал ихээхэн татаж байгаа юм. Шатлал ахиулах талаар тодорхой заачихсан хугацаатай, шалгууртай гэтэл ажилд ороод сар ч хүрээгүй байж яагаад шатлал алгасан нэмэгдсэн асуудал нь хууль зүйн үндэслэлгүй хуулийг илт гуйвуулсан зэрэг төлбөр акт тавигдах хэмжээний асуудал байгаа тул шаардлагатай тохиолдолд би дотоод аудитын шалгалт оруулах төлөвлөгөөтэй байгааг дурдах нь зүйтэй байх. Эндээс харахад О энэ албан тушаалд зохих шалгуурыг хангаж орж ирээгүй хэн нэгний танил тал, гуйлтаар ажилд орсон хүн байх магадлалтай гэдэг дүгнэлтэнд хүрч байгаа юм. Иймд О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О нь хариуцагч Увс аймгийн “Б” газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Увс аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/697 тоот Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай захирамжаар Увс аймгийн “Б” газрын бүтэц орон тоог баталсан бөгөөд нийт 46 орон тоотой, хавсралтын 12-рт Мэдээллийн технологи, сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан, ТҮ-7, 1, 14-рт Архив, бичиг хэргийн эрхлэгч, нярав ТҮ-5, 1 байхаар баталжээ.
Нэхэмжлэгч О нь Увс аймгийн “Б” газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/50 тоот “Ажилд томилох тухай” тушаалаар тус газрын Мэдээлэл технологи, сургалт сурталчилгааны ажилтнаар томилогдсон ба тус газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 тоот “Ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаалаар нярав албан тушаалыг хавсран гүйцэтгүүлжээ.
Мөн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Б/12 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар мэдээлэл технологи, сургалт сурталчилгаа, няравын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ.
Увс аймгийн “Б” газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/23 тоот “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” тушаалаар Мэдээлэл технологи, сургалт сурталчилгаа хариуцсан ажилтны албан тушаалын тодорхойлолтыг баталсан ба тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг боловсрол Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, мэргэжил мэдээллийн технологи, программ хангамж, мэргэшил мэдээллийн технологиор мэргэшсэн байх, туршлага мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй тул анхнаасаа мэргэжил тохирохгүй байжээ.
Мөн няравын албан тушаалд тавигдах тусгай шаардлагад боловсрол Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, мэргэжил эдийн засаг, санхүү, нягтлан бодох, байгаль орчин, экологи, мэргэшил хамаарахгүй, туршлага хамаарахгүй гэжээ.
Увс аймгийн “Б” газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/09 тоот “Хяналт шинжилгээ хийх ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар тус газрын Захиргаа удирдлага, хяналт шинжилгээний албаны Мэдээлэл технологи, сургалт сурталчилгааны ажилтан албан тушаалын ажлын байранд шинжилгээ хийх ажлын хэсгийг байгуулсан ба тус ажлын хэсгийн 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр О нь “Б” газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/50 тоот тушаалаар томилогдсон байна. О нь 2005-2008 онд Монгол улсын Боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийг Монгол хэл-Уран зохиолын багш мэргэжлээр суралцаж D200809906 тоот бакалаврын зэрэгтэй дээд боловсролыг эзэмшсэн байгаа нь “Б” газрын Захиргаа удирдлага, хяналт шинжилгээний албаны Мэдээлэл технологи, сургалт сурталчилгааны албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлага болох Мэдээлэл технологи, программ хангамжийн чиглэлийн мэргэжилтэй байх гэсэн үндсэн шаардлагыг “ХАНГАХГҮЙ” байгаа нь тогтоогдож байна хэмээн дүгнэжээ.
Уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар мэдэгдэл өгсөн ба энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.
Гэрч М, У, Б нар нэхэмжлэгч О-г няравын ажлыг хавсран гүйцэтгүүлсэн талаар мэдүүлжээ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан О-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн “Б” газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О-ын хариуцагч Увс аймгийн “Б” газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР