| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Бат-Амгалан |
| Хэргийн индекс | 166/2024/0102/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/158 |
| Огноо | 2024-04-12 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0102/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
улсын яллагч Б.Энхтулга,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Д (3389) нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2418000000041 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2 хавтаст хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* ургийн овогт************** (РД:******* ), 1987 оны 01 сарын 08-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, боловсролгүй, мэргэжилгүй, хуваариа мал малладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт*******,******* хөдөө******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд:
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 05 сарын 09-ний өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 03 сарын 27-ны өдрийн 07 дугаартай шүүгчийн захирамжаар 9 сар 18 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2-р баг******* гэх газраас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архины мөнгө олох зорилгоор хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж авсан. Үүнд:
иргэнын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч хийгээр ажилладаг плитк, 5 литрийн газын баллон зэргийг авч 110,000 төгрөгийн буюу бага бусаас доош хэмжээний хохирол учруулсан,
иргэнийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч 334,000 төгрөгийн буюу бага бусаас дээш хэмжээний хор уршиг учруулсан,
иргэнын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч 213,000 төгрөгийн буюу бага бусаас доош хэмжээний хор уршиг учруулсан,
иргэнийн хүн байнга амьдрах зориулалттай 3 байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч элдсэн үхрийн шир авч, нийт 206,700 төгрөгийн буюу бага бусаас доош хэмжээний хохирол учруулсан,
иргэнийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрсэн,
иргэнын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтэрч 10,000 төгрөгийн буюу бага бусаас доош хэмжээний хор уршиг учруулсан, нийт 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 873,700 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 19:00 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ************** гэх газар байршилтай газар,
иргэнын байшингийн вакум цонхны түгжээг түлхэн онгойлгон нэвтэрч хийгээр ажилладаг плитк 1 ширхэг, 5 литрийн газын баллон 1 ширхэг зэргийг авч 110,000 төгрөг хохирол,
иргэнийн байшингийн вакум цонхны түгжээг түлхэж, онгойлгон нэвтэрч, гол рам хэсгийг эвдэлсэн, хэсэгчлэн засварлах боломжгүй, 139х98 см-ийн 1.3 мкв цонхны үнэлгээ 299,000 төргөг, хутга 1 ширхэг 35,000 төгрөг, нийт 334,000 төгрөгийн хохирол,
иргэнын байшингийн 4 ширхэг цонхны модон хаалтыг эвдэж, арын цонхны шилийг хагалан нэвтэрч Порт нэртэй 0,7 литрийн дарс 95,000 төгрөгийн үнэтэй, Эдэн нэртэй 1 литрийн 48,000 төгрөгийн үнэтэй архи хулгайлан авсан, 60*40 см хэмжээтэй цонхны шил 55,000 төгрөг, нийт 213,000 төгрөгийн хохирол,
иргэнийн 3 ширхэг байшингийн цонхоор нэвтэрч 110,000 төгрөгийн үнэтэй бор өнгийн үхрийн элдсэн арьс авч, 40х30 хэмжээтэй 1 ширхэг 40,000 төгрөгийн үнэлгээтэй вакум цонхны шилийг хагалж, нийт 140,000 төгрөгийн хохирол,
иргэнын байшингийн цонхыг түлхэж онгойлгон түгжээг эвдлэн нэвтэрч 10,000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан бөгөөд нийт 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 873,700 төгрөгийн хохирол, хор уршиг учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1.2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
1. Хохирогчын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан талаар.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 04 дэх тал),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 6-12 дахь тал),
Хохирогчын өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хонгор 2 дугаар баг*******д байдаг амралтын байшин дээр очиж үзэхэд бүх юм бүрэн бүтэн байсан тэгээд 2023 оны 12 дугаар сарын 29-ны өдөр*******д байдаг байшин дээрээ очиж үзэхэд манай байшингийн урд талын цонхыг онгойлгоод байшингийн доор байсан шатыг гаргаж ирээд босгож тавиад хулгайч дотогшоо орж манай байшин дотор байсан газаар ажилдаг улаан өнгийн плитк, 5 литрийн савлагаатай улбар шар өнгийн газын баллон алга болсон.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 16 дахь тал),
“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт “...үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 110000 төгрөг байна” (1-р хавтаст хэргийн 27-28 дахь тал),
Шүүгдэгч *******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 36 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,
2. Хохирогчийн байшингийн цонхны түгжээг түлхэж онгойлгон нэвтэрч хор уршиг учруулсан талаар.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 112 дахь тал),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 115-119 дэх тал),
Хохирогчийн өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр*******д байх байшингаа эргэж цонх нь онгорхой хөшигний тогтоогч салж унасан шумуулаас хамгаалах тор мултарч унасан байдалтай гэр доторх эд зүйлс ундуй сундуй байсан тэгээд би гэрийнхээ эд зүйлсийг нэг бүрчлэн бүртгэж үзэхэд хоол хийдэг хар өнгийн иштэй хутга алга болсон би тэр хутгыг 2023 оны Дархан зах дээрээс 20,000 төгрөгөөр худалдан авч миний хутга ямар нэг бичиггүй пивоор хар өнгийн иштэй хутга байсан. Би вакум цонхны засварын газар луу утсаар ярьж манай цонхонд үүссэн эвдрэл гэмтлийн талаар асуухад голын рам хэсгийг хэсэгчлэн солих боломжгүй бүтнээр нь сольсон гэж хариулсан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 126 дахь тал),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 129-131 дэх тал),
“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт “...үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 334000 төгрөг байна” (1-р хавтаст хэргийн 138-139 дэх тал),
Шүүгдэгч *******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 147 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,
3. Хохирогчын байшингийн 4 ширхэг цонхны модон хаалтыг эвдэж, 1 ширхэг цонхны шилийг хагалан нэвтэрч эд зүйл хулгайлсан талаар.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 157 дахь тал),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 159-164 дэх тал),
Хохирогчын өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хонгор 2 дугаар баг*******д байдаг амралтын байшин дээр очиж үзэхэд бүх юм бүрэн бүтэн байсан тэгээд 2023 оны 12 дугаар сарын 29-ны өдөр*******д байдаг байшин дээрээ очиж үзэхэд манай байшингийн 4 цонхны модон хаалтыг эвдэж онгойлгоод ар талын цонхны шилийг хагалж дотогш орж байшин дотор байсан "Порт" нэртэй дарс, "Эдэн" нэртэй 1 литрийн архи хулгайлсан байсан тийм болохоор цагдаад хандаж байна. Би 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр очиж байшингаа эргэж тойроод бүрэн бүтэн байдлыг нь шалгаж үзэхэд бүрэн бүтэн хаалга цонх нь бүгд хаалттай байсан. Би байшингийнхаа түлхүүрийг өөр ямар нэг хүнд өгөөгүй. Манай байшингийн 3 цонхны гадна талын модон хаалтын цоожийг эвдэж хойд талын цонхыг хагалсан байсан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 168 дахь тал),
“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт “...үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 213000 төгрөг байна” (1-р хавтаст хэргийн 175-176 дахь тал),
Шүүгдэгч *******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 184 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар,
4. Хохирогчийн 3 ширхэг байшинд нэвтэрч буюу баруун урд зүг рүү харсан байршилтай бор өнгийн модон байшингийн цонхны шилийг хагалсан, баруун зүг рүү харсан байршилтай бор өнгийн байшингаас эд зүйл хулгайлсан талаар.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 193 дахь тал),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 194-200, 230-232, 234-236, 2-р хавтаст хэргийн 8-14 дэх тал),
Хохирогчийн өгсөн: “...Манай бор өнгийн 1 давхар байшингаас алга болсон эд зүйл байхгүй. ...40х30 хэмжээтэй цагаан өнгийн вакум цонх хагарсан. Түүний шилийг төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 204 дэх тал),
“...Манай энэ бор өнгийн байшингаас алга болсон эд зүйл байхгүй, байшингийн түлхэж онгойлгосон цонхонд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй.” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 240 дэх тал),
“...Байшингийн түлхэж онгойлгосон цонхонд ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй. Манай байшингаас бор өнгийн үхрийн элдсэн арьс алга болсон байсан.” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 18 дахь тал),
“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт “...үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн байдлаар 40,000 төгрөг байна” (1-р хавтаст хэргийн 213 дахь тал),
“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт “...үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн байдлаар 110,000 төгрөг байна” (2-р хавтаст хэргийн 29 дэх тал),
Шүүгдэгч *******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 38 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,
5. Хохирогчын байшингийн цонхыг түлхэж нэвтрэн орж хор уршиг учруулсан талаар.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 84 дэх тал),
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 85-92 дахь тал),
Хохирогчын өгсөн: “...Манай байшин бор өнгийн хаалгатай, 4 ширхэг цагаан өнгийн вакум цонхтой 1 давхар шар өнгийн байшин. Манай байшингийн цонх түгжээтэй байсан. Би хамгийн сүүлд 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр очиж байшиндаа хөргөгч, бусад хэрэглээний эд зүйлсээ байшиндаа хүргэж тавиад явахдаа цонхыг нь түгжээд явсан. Манай байшингийн цонхны түгжээ өөрөө онгойдоггүй юмаа. Манай байшингийн түлхэж онгойлгосон цонхны 2 ширхэг шар өнгийн 5см урттай төмөр түгжээ эвдэрсэн.” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 96 дахь тал),
“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт “...үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн байдлаар 10000 төгрөг байна” (2-р хавтаст хэргийн 104-105 дахь тал),
Шүүгдэгч *******ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна...” гэх мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 112 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч ******* нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр өөрийн үйлдэл нь хууль бус болох нь илэрхий атал, ухамсартай бөгөөд идэвхтэй үйлдлээр бусдын өмчлөх эрхэд халдаж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, бусдад нийт 873,700 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцов.
Тиймээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, зориулалттай орон байран нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож улсын яллагч дүгнэлтийг хүлээн авав.
Харин улсын яллагчаас яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч *******ыг иргэнийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрсэн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэдийгээр шүүгдэгч ******* нь иргэнийн байшинд нэвтэрсэн гэх үйл баримтыг тогтоосон байх боловч түүний улмаас хохирол, хор уршиг учраагүй нь хулгайлах гэмт хэргийн объектив талын шинжийг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ийнхүү дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь түүний гэм буруу болон эрүүгийн хариуцлагад нөлөөлөхгүй болохыг тогтоолд дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: шүүгдэгч *******ыг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар баг******* гэх газраас иргэн,,,,, нарт хохирол учруулж, 6 иргэний 8 эд зүйлийг хууль бусаар хулгайлсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 15-д зааснаар хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч ямар нэгэн үгүйсгэсэн тайлбар гаргаагүй тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд бусдад төлөх төлбөргүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Д гэм буруугийн талаар: “Шүүгдэгч ******* нь боловсролгүй, сургуульд сурч байгаагүй бөгөөд шүүхийн шатанд өөрийгөө илэрхийлэхдээ муу байгааг зөвөөр хүлээн авна байх. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын хувьдын 213,000 төгрөг, 110,000 төгрөг үхрийн элдсэн арьсыг биет байдлаар нь буцаан өгч үлдсэн 96,700 төгрөгийг 197,000 төгрөгөөр төлж барагдуулсан.ийн байшинд нэвтэрсэн, 334,000 төгрөг, 10,000 төгрөгийг тус тус бүрэн төлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа” гэж мэтгэлцсэн болно.
Хохирол, хор уршиг:
Гэмт хэргийн улмаас учирсан нийт хохирол, хор уршгийг тооцвол хохирогчт 110,000 төгрөгийн, хохирогчэд 334,000 төгрөгийн хохирогчт 213,000 төгрөгийн, хохирогчт 206,700 төгрөгийн, хохирогчт 10,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас дээрх хохирогч нарт учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулан баримтыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн (2-р хавтаст хэргийн 157-161 дэх тал) ба хохирогчийн үхрийн элдсэн арьсыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биет байдлаар нь буцаан өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
2.1 Улсын яллагч: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдуулан ял эрүүгийн хариуцлагыг оногдуулах ёстой учраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зааснаар тэнсэн харгалзах ялыг оногдуулах боломжгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай гэмт хэрэг, нийгмийн аюулын хор уршиг арилсан хэдий ч нийгэмд аюултай үйлдэл байгаа. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн болон хураасан хөрөнгө орлогогүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авхуулах санал дүгнэлт”-ийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Д “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д зааснаар хүндрүүлэх нөхцөлд байхгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар заасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан ялын доод хэмжээний 2/1-д зааснаар буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг” тус тус гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгаж биет байдлаар буцааж өгөх, хохирогч нарт нийт 873,700 төгрөгийг төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 40 дэх тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 41-42 дахь тал), мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын баримтын хуулбар (1-р хавтаст хэргийн 48-49 дэх тал),,,, нарын төрсний гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хавтаст хэргийн 83-90 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, буюу бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.“ гэж зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогчийн хүн байнга амьдран суух зориулалттай орон байранд нэвтэрсэн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч******* овогт**************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байран нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлээх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс тоолсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН