Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 833

 

   2020           6              25                                         2020/ДШМ/833

                                                                         

     Р.Гад холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай                         

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Ганцэцэг,

хохирогч Б.А,

шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Ц.Ц, Ц.А,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/690 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Г.Б, Ц.Ц нарын гаргасан давж заалдах гомдлоор Р.Гад холбогдох эрүүгийн 1906069870696 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Алаг адуун овгийн Р-ийн Г, ................ Завхан аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 51-10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД: .....

            Р.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сингапур Монгол” дунд сургуулийн ойролцоо иргэн Б.А-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Р.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Р.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Гыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Р.Гаас 120,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Ад олгуулж, Р.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Р.Г, түүний өмгөөлөгч Г.Б, Ц.Ц давж заалдах гомдолдоо: “...шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч нарын хувьд үйлчлүүлэгчийг гэм буруугүй, мөн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

  1. Шалгавал зохих ажиллагаа хийгдээгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирогч Б.Аг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон, 13805 тоот дүгнэлт тухайн өдөртөө гарсан. Мөн хохирогч гэх Б.А энэ өдөр “Н” эмнэлэгт үзүүлээд дүгнэлт бичүүлж, толгойн томографийн шинжилгээнд орсон байгаа юм.

Эндээс харахад хохирогч өөрийгөө: “би бол хуульч, таныг яахыг хараарай, би танил тал ихтэй хүн шүү” гэх агуулгаар хэлсэн нь үнэний ортой гэх үндэслэл бүхий эргэлзээ төрөхөөр хэрэг учрал болсон гэх 14-ний өдөр маш олон үйл явдлууд болж өнгөрсөн. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Агийн биед: тархи доргилт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Шинжээч эмч Т.С үүнийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн нь эргэлзээ төрүүлж байгаа болно.

Учир нь, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д “Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт үүсээгүй, зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй зулгаралт, цус хуралтыг гэмлтийн хөнгөн зэрэгт хамааруулж үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа болно.

690 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: ”Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь, шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.” гэжээ:

Хохирогч  Б.Агийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, өөрөөр хэлбэл шүүгдэгч санаатайгаар түүний биед хөнгөн хохирол учруулсан болохыг нотлохгүй. Үүнд:

Хохирогчийн 2019.11.14-ний өдөр өгсөн мэдүүлэг. Ху-7,8

Хохирогчийн 2019.12.17-ны өдөр өгсөн мэдүүлэг. Ху-15,16

Хохирогчийн 2020.03.20-ны өдөр өгсөн мэдүүлэг  ху-17,18

...би жолоочийг “хүн доромжлох хуультай шүү” гээд түлхтэл тэр миний нүүр лүү 4 удаа цохисон. Тэгэхээр нь би эсэргүүцээгүй.

...хүн доромжлохгүй шүү сургууль оръё  гээд захнаас нь татах гэсэн чинь тэр ах “өө чи намайг цохилоо” гээд эргэж хараад миний нүүр үү 3-4 удаа цохисон .

...ардаас нь гүйж очоод куртикных нь захнаас татаад сургууль руу орж захиралтай уулзаж учраа олъё гэж хэлэхэд тавь гэж хэлээд эргэж хараад нүдчихсэн, лав 4 удаа  нүүрэн дээр цохисон.

 

Эдгээр мэдүүлгүүдээс харахад хохирогч Б.А: “би түлхсэн чинь миний нүүрлүү цохисон, захнаас нь татах гэсэн чинь эргэж хараад миний нүүр лүү цохисон, захнаас нь татсан чинь эргэж хараад нүдчихсэн” гэх гурван өөр зүйл ярьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2-т “хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” гэснийг зөрчсөн тул түүний мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэрэг учралыг хараат бусаар мэдүүлсэн гэх хохирогч Б.Агийн өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй, мөн аль ч мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдохгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн үг юм.

  1. Нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотлоогүй.

690 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно”, тус зүйлийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг бүрэн гүйцэт тогтооно гэсэн заалт зөрчигдсөн байгаа болно.

Өөрөөр хэлбэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд тус хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч хохирогч Б.Агийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч Р.Г нь гэм буруугийн санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэрээр учруулсан эсэхийг бүрэн гүйцэт тогтоогоогүй, мөн шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрж байгаа болно.

Тиймээс анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Гадашигтай байдлаар шийдвэрлэх ёстой байсан.

  1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

690 тоот шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ” гэжээ.

Шүүгдэгч Р.Гад холбогдох эрүүгийн 1906069870696 тоот хэргийн мөрдөгч болон прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нь шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох” үүргээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлээгүй гэж үзэж байна.

Учир нь, Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөс өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэг гарчихсан байхад л гэм буруугийн санаатай, болгоомжгүй хэлбэртэй байх нь хэргийн зүйлчлэлд огт хамааралгүй /хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан л бол гэмт хэрэг мөн гэж үздэг байсан/

Харин Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтлийг зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан л бол гэмт хэрэгт тооцно, болгоомжгүй хэлбэрээр учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй болсон тул гэм буруугийн заавал шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай болсон гэсэн үг юм. Эдгээрийг харгалзан шүүгдэгч Р.Гад холбогдох шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шалгавал зохих байдлыг шалгаагүй гэж харж байна. Учир нь, хэрэг учрал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт мөн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.А нь шүүгдэгч Р.Гад хандаж “... би бол хуульч, танил тал ихтэй, та миний яахыг хараарай” гэх агуулгатай зүйл хэлсэн байдаг. Хэрэг учрал болсон 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цагдаа дуудах, гомдол өргөдөл гаргах, хохирогчоор мэдүүлэг өгөх, “Натур” эмнэлэгт үзүүлэх, толгойн томографийн зураг авхуулах, Шүүх эмнэлэгт үзүүлэх, шинжээчийн дүгнэлт бичгээр гарах гээд бүх үйлдэл нэг өдөр болсон байдаг. Миний хувьд ийм тохиолдлыг өмнө нь харж байгаагүй. Иймд хохирогч Б.Ад танил тал байх магадлал байна гэж харж байна. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Агийн биед “... тархи доргилт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж заасан. Гэтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар хэсэгт “...Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг /биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй/ зулгаралт, цус хуралт, зулгаралт үүсээгүй, зөөлөн эдийн няцралын үед  гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно” гэж заасан. Энэ байдлаас дүгнэхэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэдэг нь эргэлзээтэй. Тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаараад, бусад гэмтэл нь хамаарахгүй юм шиг харагдаж байна. Хохирогчид учирсан тархи доргилт тухайн үед учирсан юм уу, хэрэг болохоос өмнө тархи нь доргисон байсан юм уу гэдгийг шалгаж тогтоогоогүй. Үүнийг шалгаж тогтоох ёстой байсан. Хавтас хэргийн 7-8, 15-16, 17-18 дугаар хуудсуудад хохирогч 3 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Энэ гурван мэдүүлэгт хохирогч болсон үйл явдлыг зөрүүтэй мэдүүлсэн. Жишээ нь: “би түлхсэн чинь Р.Г миний нүүр рүү цохисон” гэдэг, дараа нь мэдүүлэхдээ “захнаас нь татах гэсэн чинь эргэж хараад миний нүүр рүү цохисон”, “захнаас нь татсан чинь эргэж хараад намайг нүдсэн” гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Гэтэл ингэж худлаа мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэж Р.Гыг гэм буруутайд тооцож байгаа нь эргэлзээтэй. Мөн хохирогчийн мэдүүлэг хавтас хэрэгт авагдсан баримтуудаар давхар нотлогдох ёстой. Харамсалтай нь хохирогчийн мэдүүлгийг нотолсон баримт хавтас хэрэгт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоох” гэж заасан байдаг. Шүүгдэгч Р.Гын үйлдэл гэм буруугийн санаатай үйлдэл үү, болгоомжгүй үйлдэл үү гэдгийг бүрэн гүйцэт тогтоох ёстой байсан. Энэ хэрэг дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхэд хуульд нэмэлт өөрчлөлт ороогүй байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэхэд эргэлзээ төрж байна. Учир нь, Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөс өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэг гарчихсан байхад л гэм буруугийн санаатай, болгоомжгүй хэлбэртэй байх нь хэргийн зүйлчлэлд огт хамааралгүй, хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан л бол гэмт хэрэг мөн гэж үздэг байсан. Харин Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтлийг зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр учруулсан л бол гэмт хэрэгт тооцно, болгоомжгүй хэлбэрээр учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй болсон тул гэм бурууг заавал шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай болсон гэсэн үг юм. Эдгээрийг харгалзан үзэж, шүүгдэгч Р.Гад холбогдох шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Р.Г “шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Р.Гын өмгөөлөгч Ц.А “шүүх хуралдаанд нэмж хэлэх тайлбаргүй.” гэв.

Хохирогч Р.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед шүүгдэгч Р.Г эргэж хараад шууд намайг цохисон. Намайг “хуульч, танил тал ихтэй”  гэж хэлсэн гэдэг. Би тухайн үед би эрх зүйч хүн байна. Та үр дагавраа бод, хүүхдүүдийг гарцтай газраар гаргах хэрэгтэй, таны буруу” гэж л хэлсэн болохоос биш заналхийлсэн зүйл байхгүй. Би хуулийн байгууллагад ажиллаж байгаагүй, би хуульч хүн биш. Би мэдүүлгүүдээ өгөхдөө үгний сонголтоо л өөр өөр хийсэн байх. Түүнээс огт өөр зүйлийг мэдүүлээгүй” гэв.

Прокурор Ц.Ганцэцэг шүүх хуралдаад гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Р.Г бусдын бие махбодь, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж байна. Хохирогч Б.Агийн биед “тархи доргилт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх мэргэжлийн байгууллагын шинжээч эмчийн дүгнэлт гарсан. Тухайн цаг хугацаанд маргаан болсныг гэрчлэх Балжинням, Ганхуяг нарын мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Маргаан болсны дараа хохирогч, шүүгдэгч нар хүмүүсийг дуудсан байдаг. Гэрч Ганхуяг нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон боловч хохирогч, шүүгдэгч нарыг таньж чадахгүй байсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Тархи доргилт дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна. Дээрээс нь зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний зовхи, хөмсөг хамарсан зөөлийн эдийн няцрал ч тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Иймд шинжээчийн дүгнэлтэд ямар нэгэн эргэлзээ байхгүй. Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй гэж байна. Хохирогч хавтас хэргийн 7-8 болон 15-16, 17-18 дугаар хуудсуудад мэдүүлэхдээ “ер нь маргасан. Араас нь татахад шүүгдэгч Р.Г эргэж хараад маргалдаж, хэрэлдэж байгаад цохисон” гэдэг. Гурван мэдүүлгийн агуулга ерөнхийдөө ижилхэн байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 14-нд дуудлага өгөөд, энэ өдрөө шинжээч томилоод, дүгнэлт нь гарсан гэж байна. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл цагдаагийн сангаас орж ирэхдээ нэг хоногийн дараа ч юм уу, хоёр, гурван хоногийн дараа дардас нь дарагдаад орж ирэх тохиолдол маш их байдаг. Ийм зөрүүтэй зүйл одоо ч гардаг” гэв.   

                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Р.Гад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн гүйцэд, эргэлзээгүй тогтоож чадаагүй байна гэж үзлээ.

Прокуророос Р.Гыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сингапур Монгол” дунд сургуулийн ойролцоо иргэн Б.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-т заасан гэмтлийн “хөнгөн зэрэг”-ийг тогтоох  шалгуур шинжид  2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэмтэл, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” гэмтэл хамаарахаар заасан байх ба мөн журмын 4.1.8-д тархи доргилтын дараах үлдэцэд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 5 хувь байхаар заажээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13805 дугаартай дүгнэлтээр “...Б.Агийн биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх 25/ гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна.

Өөрөөр хэлбэл тархи доргилтын гэмтлийг ямар үндэслэлээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т хамааруулж дүгнэсэн нь тодорхой бус, энэ талаар шинжээчээс тодруулаагүй байх тул энэ талаар шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар тодруулж, мэтгэлцээнийг өрнүүлж хэргийг шийдвэрлэх, шаардлагатай гэж үзвэл дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.

Түүнчлэн хохирогч Б.Агийн биед тогтоогдсон “зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл”  нь ямар шалгуураар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсаныг  тодруулах шаардлагатай байна.

Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ц 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр анхан шатны шүүхэд  “...шинжээч эмч Т.С-ийн 13805 дугаартай дүгнэлт нь илт үндэслэлгүй, бодит байдалтай нийцэхгүй тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах” тухай хүсэлт гаргасныг ямар нэгэн байдлаар шийдвэрлэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хангахаас татгалзах тухай шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргана.” гэж заасныг зөрчжээ.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдийн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Р.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 690 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.Г-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Р.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ