Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0406

 

 

  

 

 

     2022           05           30                                        128/ШШ2022/0406

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.И,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Д,

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э нарыг оролцуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай  Б/133 дугаар тушаалаар Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах шаардлага бүхий төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.И, өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ца нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Д.И нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай  Б/133 дугаар тушаалаар Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулахаар нэхэмжлэл гаргасан.

          2.Д.И ийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар Хуулийн хэлтсийн /хуучнаар/ Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлжээ.

          3.Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч гаргасан гомдолд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01/2493 дугаар албан бичгээр хариу өгсөн. Тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгч Д.И шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

          “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 12 дахь хэсэгт “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар бүлгийн 7.1.2-д “цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах” гэж тус тус заасан.

          Миний бие Ковид 19 өвчний улмаас 2021 оны 9 дүгээр сарын 2-ний өдрөөс тусгаарлалтад орж, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 13-ны өдрүүдэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өрхийн хяналтад эмчилгээ хийлгэн, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа орсон ба энэ өдөр ТЗУГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч н.Г албан тушаалаа өг, сонсох ажиллагаа явуулна гэх зэргээр сэтгэл санааны дарамтад оруулж эхэлсэн.

          Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу миний бие 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Гомдлын хариу хүргүүлэх тухай” 01/2493 алба бичгээр ирүүлснийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасны дагуу Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

          Ажлаас чөлөөлсөн /халсан/ тушаалын үндэслэх хэсэгт заасан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт нь буюу “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаал шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” заалт нь ажлаас чөлөөлөх буюу халах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

          Төрийн нарийн бичгийн даргын баталсан бүтэц, орон тоогоор Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаал дээр яамны эрх зүйн байдал гэсэн чиг үүрэг нэмэгдэн батлагдсан байдаг.

          Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах.

          Мөн Сургуулийн өмнөх боловсрол, яамны эрх зүйн байдал хариуцсан мэргэжилтний орон хасагдсан ба энэ албан тушаалын тодорхойлолтод заасан “Яамны эрх зүйн зохицуулалт” чиг үүрэг миний хариуцан ажиллаж байсан үндсэн чиг үүрэгт нэмэлтээр ирсэн.

Мөн “Салбарын нууц, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал, худалдан авах ажиллагааны эрх зүйн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн” орон тоо дээрх өөрчлөлтийн улмаас хасагдсан ба тухайн албан тушаал дээр ажиллаж байсан мэргэжилтнийг “Дээд боловсрол, шинжлэх ухааны салбар, яамны эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаал дээр томилсон нь шударга бус шийдвэр гэж үзэж байна.

Миний бие нь тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт Биеийн тамир спортын салбар, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, яамны үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдсон.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д “Төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс” нөхнө гэж хуульд заасан.

Тухайн үеийн Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас сонгон шалгаруулалт явуулах тухай зар нийтлэгдсэнээс хойш 13 албан тушаалын тусгай шалгалт 2020 оны 6 дугаар сард явагдсан.

Мөн дараа нь 5 албан тушаалын сонгон шалгаруулалтын нэр бүхий 5 алба хаагч тусгай шалгалт өгөхөөр тухайн хугацаанд материалаа яамны төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн ба “Биеийн тамир спортын салбар, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, яамны үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн” албан тушаал дээр миний бие 2020 оны 6 сарын 18-ны өдөр хүсэлтээ хүргүүлсэн.

Гэтэл тухайн үеийн Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр дээрх 5 албан тушаалын тусгай шалгалт цуцлагдсан.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д "Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй. Тухайн албан тушаалтан үүргээ биелүүлээгүй улмаас дараах хохирол учирсан.

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ алба хаагчтай тохиролцож...” шилжүүлэн томилж болохоор заасан.

Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн “Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тоо батлах” тухай 51 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ХШҮДАГ-ын дарга Г.Э “Бага, дунд боловсролын салбарын үйл ажиллагааны хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн” албан тушаал дээр сонсох ажиллагаа явуулан, тэмдэглэл хөтлөн, гарын үсэг зурж баталгаажуулсан.

Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хуулийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М “Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн” албан тушаал дээр дахин сонсох ажиллагаа явуулсан ба 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тухайн албан тушаал дээр /түр/ томилогдон ажилласан.

Мөн хуульд тухайн алба хаагчийн албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байхаар заасан ба 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгээр тушаалаар "Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн" албан тушаал дээр дахин сонсох ажиллагаа явуулан тухайн албан тушаал дээр /түр/ томилон, эрх зүйн байдлыг дордуулсан.

Тус яамны бүтэц, чиг үүрэг Засгийн газрын 2019 оны 447 дугаар тогтоол, 2020 оны 51 дүгээр тогтоол, 2021 оны 265 дугаар тогтоолоор тус тус өөрчлөгдөн батлагдсан ба яамны хүний нөөцийн болон төрийн албаны салбар зөвлөлийн асуудал хариуцсан ахлах шинжээч Ш.С “Тухайн албан тушаал дээр ажиллаж байсан Б.Ж гэдэг хүн хүүхэд асрах чөлөөтэй” байгаа тул түр томилсон гэж амаар хэлэхэд нь та гомдлын хариу өгөх гэж байгаа бол албан ёсоор бичгээр өгчих тэгээд би дараагийн шатны байгууллагад хандъя гэж хэлсэн.

Энэ талаар яамны Төрийн нарийн бичгийн даргын нэр дээр 2020 оны оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гомдол гаргасан боловч шийдвэрлэж албан ёсоор хариу өгөөгүй ба дахин 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргасны дагуу бичгээр хариу өгсөн.

Энэ нь Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн.

Иймээс Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаал дээр жинхэнээр томилох боломжтой байсан гэж үзэж байна.

2020 оны 3 дугаар сараас 2021 оны 11 сар хүртэл хугацаанд төрийн алба хаасан хугацааны цалингийн нэмэгдэл 25 хувийг олгохгүй хохироосон.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-д “Захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн алба хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг, дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс тус тус бүрдэнэ” гэж заасан. Энэ хугацаанд ээлжийн амралтыг, ажилласан жилийг тооцон, нэмэгдэл хоногийг бодож олгосон.

Миний бие нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр томилогдсоноос хойш ээлжийн амралтыг 2 удаа эдэлсэн бөгөөд үндсэн амралтын хугацаан дээр нэмэгдэл ажлын 11 өдрийн нэмэгдэл тооцон, нийт ажлын 28 хоногийн амралтыг биеэр эдэлж байсан. Иймд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/133 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн томилж өгнө үү.” гэв.

          5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/133 дугаартай тушаалыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл энэ тушаал нь хууль зүйн үндэслэлийн хувьд тодорхой бус, ойлгомжгүй, мөн төрийн албанаас Д.Иийг чөлөөлөөд байгаа юм уу, халаад байгаа юм уу, түр сэлгэн ажиллуулаад байгаа юм уу гэдэг хууль зүйн үр дагавруудыг тодорхой тусгаж өгөөгүй байгаа учраас энэ тушаалаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн. Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд алба бүтэц өөрчлөгдсөн, тоо нь цөөрсөн гэдэг хууль зүйн үндэслэлүүд яригддаг. Татан буугдсан эсвэл өөрчлөгдөн зохион байгуулагдсан.

Хэрвээ ингэж байгаа тохиолдолд сонгож байгаа нөхцөл байдал, эдгээр нөхцөл байдлуудаар бий болсон бол тухайн албан тушаалтантай тохирдог. Тухайн албан тушаалтны хүсэл зоригийн дагуу та эдгээр хууль зүйн үр дагавар бүхий нөхцөл байдлуудаас сонгож тэтгэмж авах уу, эсвэл чөлөөлөгдөх үү, үгүй бол өөр ажлын байраар хангагдах уу гэдэг өөрийнх нь хүсэлтийг харгалздаг.

 Гэтэл албан тушаалыг цөөрүүлсэн, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэдэг нэрийдлээр зүгээр чөлөөлсөн нэртэй байгаа. Гэхдээ Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албанаас чөлөөлж байгаа хууль зүйн үр дагаврууд үүсгээгүй. Яагаад гэвэл энэ тушаалынхаа хууль зүйн үр дагаврыг, хууль зүйн үндэслэлийг чөлөөлөх гэж огт заагаагүй хэрнээ чөлөөлөөд тэтгэмж олгоно гээд гаргасан.

Ингээд сэлгэн ажиллуулах юм болов уу гэдэг хууль зүйн нөхцөл байдлыг бид нар харж ирсэн. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийг журамласан байдаг. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл бүхэлдээ төрийн албан хаагчийг сэлгэн ажиллуулах журмыг бие даан зохицуулсан. Ямар үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан сэлгэн ажиллуулах үндэслэлийг оруулж ирсэн нь тодорхойгүй. Төрийн албаны тухай хуулийн хөдөлмөрийн зохицуулалтаар бие даасан сэлгэн ажиллуулах журам байсаар байтал үүнийг оруулаагүй.

Гэхдээ үүнийг нийтлэг журмыг баримталсан. Өөрөөр хэлбэл сэлгэн ажиллуулж болно гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн тэр үндэслэлийг баримталсан. Ингээд ийм нөхцөл байдлуудаар хууль зүйн үндэслэл нь тодорхой бус захиргааны акт гаргаж, бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн асуудал гарч ирсэн. Д.Иийг хэрвээ төрийн албанаас чөлөөлж эсвэл халж байгаа, эсвэл өөр ажил руу сэлгэн ажиллуулж байгаа бол энэ асуудлыг тушаалд их тодорхой зааж өгөх ёстой байсан.

Гэтэл чөлөөлөөд байгаа юм уу, шилжүүлээд байгаа юм уу, хууль зүйн үр дагаврууд маш тодорхой бус, ойлгомжгүй байдлаар тушаал гарсан. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулна гэж заасан. Тэгэхээр сонсох ажиллагаа явуулсан гэдгээ тушаалын үндэслэлд заасан байна. Сонсох ажиллагаа гэдэг нь тушаалын үндэслэл биш, тушаалын үндэслэл нь хууль зүйн үндэслэлийн дагуу чөлөөлж байгаа юм уу, халж байгаа юм уу, тэр үндэслэлүүдийг зааж өгч байгаа, төрийн албанаас чөлөөлж байгаа.

Харин тушаалын тодорхой заалтуудад энэ сонсох ажиллагаа явуулсан эсэх асуудлуудыг оруулж өгдөг. Гэтэл сонсох ажиллагаа явуулсан гэдэг асуудлаа үндэслэл мэтээр хууль зүйн үндэслэлээ зааж байгаа мэтээр оруулсан нь хууль бус болсон. Ингээд эдгээр нь Захиргааны ерөнхий хуулийн хэд хэдэн зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн. Захиргааны актууд тодорхой, ойлгомжтой, хоёрдмол утга агуулгыг илэрхийлээгүй байх ёстой.

Энэ хэлбэрийн болон агуулгын шаардлагуудыг захиргааны акт хангаагүй байгаа учраас захиргааны акт нь хууль бус, хүчингүй болох зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

          6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийг Хууль, эрх зүйн хэлтэс болгон өөрчилж, Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Яамны албан тушаал, ажлын байрны нэр, ангилал зэрэглэл батлах тухай” А/103 дугаар тушаалаар тус хэлтсийн орон тоог 5 байсныг 3 болгон цөөрүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн "Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 265 дугаар тогтоолоор яамны бүтэц шинэчлэн батлагдсан. Энэхүү тогтоолын дагуу яамны бүтэц, орон тоо 110 байсныг цөөрүүлэн 88 байхаар тогтож 22 албан тушаалыг цомхотголд оруулсан.

          Яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулж, нэмэлт чиг үүргийг багтаан шинэчлэн баталсан. Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/133 дугаар тушаал гарсан. Засгийн газрын 2021 оны 265 дугаар тогтоолтой холбоотой энэхүү тушаалыг гаргасан. Хууль бусаар томилогдсон этгээдүүдийн мэдээлэл дээр үндэслэж энэ тушаалыг гаргасан. Энэхүү ажлын байранд хууль бусаар томилогдсон гэдэг нь нотлогдож байгаа. Бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр, мөн шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаа хийгдсэн. Өөрөө тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр тэтгэмж олгож байгаа учраас хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Иийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар Д.Иийг Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор шийдвэрлэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргажээ.

1/ ...ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт заасан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт нь ажлаас чөлөөлөх буюу халах үндэслэл болохгүй.

2/ ...төрийн нарийн бичгийн даргын баталсан бүтэц, орон тоогоор Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаал дээр яамны эрх зүйн байдал гэсэн чиг үүрэг нэмэгдэн батлагдсан.

3/ ... тухайн албан тушаал дээр ажиллаж байсан мэргэжилтэн намайг жинхэлж томилох боломжтой байсан.

4.Д.И нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/39 дүгээр тушаалаар Биеийн тамир спортын салбар, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, яамны үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдож, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/38 дугаар тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгдөж, мөн өдрийн Б/39 дүгээр тушаалаар Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд түр томилогджээ.

5.Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар  Д.Иийг “...Яамны бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор түр томилогдон ажиллаж байсан албан тушаалаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон байна.

6.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 265 дугаар тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны яамны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, орон тооны дээд хязгаарыг 88 (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 23 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон) байхаар тогтоож, орон тоог цөөрүүлсэн байна.

Энэхүү тогтоолын дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Яамны албан тушаал, ажлын байрны нэр, ангилал зэрэглэл батлах тухай” А/103 дугаар тушаалаар Д.Иийн түр томилогдон ажиллаж байсан Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдаагүй боловч Хууль эрх зүйн хэлтэс 3 орон тоотой болж цөөрчээ.

7.Хариуцагчаас яамны бүтэц орон тоо цөөрч, орон тоо хасагдсантай холбогдуулан Ц.Иийг албан тушаалаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай 2021 оны 10 дугаар сарын 25, 28-ны өдөр явуулсан сонсох ажиллагаанд Д.И “... миний ажлын байрны чиг үүрэгт өөрчлөлт ороогүй тул үргэлжлүүлэн ажиллах...” саналыг гаргасан, хариуцагчаас “...Боловсролын зээлийн санд ажилд авах санал гаргасан..., агентлагт хуулийн мэргэжилтэй хүний орон тоо байгаа эсэхийг мэдэхгүй байна.” гэсэн нь тус тус тэмдэглэлд тусгагджээ.

8.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана”, 62.1.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох”,

Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д Төрийн нарийн бичгийн дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.6.9-т “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах;” гэж тус тус заасны дагуу Д.Идэрмөнхийг түр томилогдсон албан тушаалаас чөлөөлжээ.

9.Хариуцагчийн тайлбарт Д.Иийг жирэмсний амралттай хүний оронд түр ажиллаж байсан талаар дурдсан боловч маргаан бүхий актад уг үндэслэл байхгүй, түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Иийг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тодруулсан болно.

Мөн Д.И нь албан тушаалд түр томилогдон ажиллаж, тухайн албан тушаалд төрийн албаны тусгай шалгалтад ороогүй байсан нь хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

10.Эдгээр нөхцөл байдлыг дүгнэн үзэхэд Д.Иийг ажлаас чөлөөлсөн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/133 дугаар тушаал нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн хүрээнд гарсан байх тул  хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

11.Иймд нэхэмжлэгч Д.Иөөс Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/133 дугаар тушаалаар Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6, 9.6.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Иийн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай  Б/133 дугаар тушаалаар Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын эрх зүйн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН