Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 06

 

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй, С.У-т 

 холбогдох иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Л.Наранбаяр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан

Хариуцагч С.У нар оролцов. 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 63 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунтунгалагийн давж заалдах гомдлоор түүний “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” С.Ууганбаярт холбогдох иргэний хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Оюунтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие С.Ууганбаяртай 2003 оноос хамтран амьдарч, 2004 онд гэрлэлтээ батлуулсан. 2006 оны 07 дугаар сарын 25-нд хүү У.Сумъяабазар, 2012 оны 04 дүгээр сарын 09-нд охин У.Халиун нарыг  төрүүлсэн. С.Ууганбаяр нь хамт амьдарч байх хугацаандаа хардаж, дарамтлан агсам согтуу тавьж, элдвээр доромжилж зодох болсон. Намайг жирэмсэн байхад зодоод хөөж явуулж байсан. Гэр бүлийн амьдралд дүү С.Ариунболд их оролцдог, Ууганбаярын дэргэд намайг зодож гэмтэл учруулахад юу ч хэлээгүй. Надад түүний гаргаж байсан дээрх үйлдлүүдээс болж заримдаа амьдрах хүсэлгүй болж, заримдаа амиа хорлох хүсэл төрж байсан. Бид олон удаа тусдаа амьдарч байсан. Архи уухгүй гээд уучлалт гуйхаар нь би буцаад ирдэг байсан. Хүүхдүүд маань хүртэл ааваасаа маш их айдаг. Бид хамт амьдрах боломжгүй болж 2016 оны 1 дүгээр сараас тусдаа амьдрах болсон. 2016 оны 5 дугаар сард С.Ууганбаяр нь охиноо санаад байна, охинтойгоо уулзъя гэж гуйгаад байхаар нь охиноо авч очиж уулзуулахад охиныг маань аваад зугтаачихсан. Дараа нь 2016 оны 12 дугаар сард намайг гэртээ эзгүй байхад хүү У.Сумъяабазарыг нууцаар ирээд хүчээр аваад явсан байсан. Бид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцлаж, хоёр хүүхдийг маань миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахыг бол зөвшөөрч байна. Харин 2 хүүхдээ ээжид нь өгөхийг зөвшөөрөхгүй байна. Тэр хүн хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй, 2 хүүхэдтэй маань уулзуулахгүй байгаа. Нэхэмжлэл гаргахдаа миний талаар худал бичсэн байсан. Өөрөө л хүнтэй болоод Улаанбаатарлуу явсан. Надад манай охиныг хүнээр өгч явуулсан байсан. Би хаана байгааг нь мэдэхгүй байсан чинь хуучин хувцсаа зарна гэсэн зар тавьсан байхаар нь хувцасыг нь авах хүн болж очиж хүүхдүүдтэйгээ уулзсан. Гэтэл хүүхдүүд маань аавтайгаа явна гээд байхаар нь цагдаа, хүүхдийн байцаагч нартай яриад авчирсан. Би бол 2 хүүхдээ өөрөө л авна. Би хүүхдээ авсан байхад Оюунтунгалагаас тэтгэлэг нэхэмжлэхгүй гэжээ.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 63 дугаар шийдвэрт: Гэр бүлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Жигд овогт Дугарсүрэнгийн Оюунтунгалаг /РД:ЛК82081501/, Эрхт овогт Содномдаржаагийн Ууганбаяр /РД:ЛЮ79051511/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Эрхт овогт Ууганбаярын Сумъяабазарыг эх Д.Оюунтунгалагийн, 2012 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Эрхт овогт Ууганбаярын Халиуныг эцэг Эрхт овогт Содномдаржаагийн Ууганбаярын асрамжинд тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Эрхт овогт Ууганбаярын Сумъяабазарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Эрхт овогт Содномдаржаагийн Ууганбаяраар сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж,  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлвөл зохих тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож болохыг дурдаж, хариуцагч С.Ууганбаяр хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг дурдаж, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ууганбаяраас 140400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунтунгалагт олгож, мөн хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлбөл зохих 1964400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46 380 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Гэрлэлтийг бүртгэсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах /Ц.Алтанцэцэг/-т даалгаж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо: Миний бие С.Ууганбаяраас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.Баяржавхланг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан. Гэвч итгэмжлэгдсэн төлөөлөгч маань эрүүл мэндийн улмаас 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтээ нотлох баримтын хамт хүргүүлсэн боловч хүлээж авалгүй шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг үндэслэн охин Эрхт овгийн Ууганбаярын Халиуныг эцэг С.Ууганбаярын асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн. 

Шүүх хүсэлтийг хүлээн авалгүй нэхэмжлэгч миний эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “Гэрлэгчид хоёр дахь удаагаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно. Харин нэхэмжлэгч ирээгүй тохиолдолд нэхэмжлэлийг буцаана” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

Шүүх Д.Оюунтунгалагийн нэхэмжлэлтэй С.Ууганбаярт холбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг: 2018 оны 01 дүгээр сарын 03-нд болох шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр мөн оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг хүртэл, 

2. Мөн оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагийн шүүх хуралдааныг “нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай” хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 хүртэл, 

3. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй, хариуцагчийн шинээр гаргаж өгсөн нотлох баримттай танилцуулах үндэслэлээр 01 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг хүртэл тус тус хойшлуулжээ. /хх-97, 105,120/

Шүүх 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 10 цагт болох шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчний учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч нотлох баримтаа ирүүлээгүй, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчтэйгээ шүүх хуралдаанд оролцоно гэсэн ба  хариуцагч, түүний өмгөөлөгч нар “нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй, шүүхийг хүндэтгэхгүй байна, шүүх хуралдааныг үргэлжлүүлье” гэсэн хүсэлтээр хуралдааныг  үргэлжлүүлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ./хх-134,135/

Дээрх 3 удаагийн зарлагдсан шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Оюунтунгалаг, түүний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан нар ирээгүй болох нь тэдгээрийн хүсэлтүүд, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжуудаар нотлогдож байна. /хх-94-98, 103-106, 110, 117, 120/

Нэхэмжлэгч удаа дараа шүүх хуралдаанд ирээгүй явдал нь түүнийг эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл болохгүй төдийгүй хариуцагч энэ талаар хүсэлт гаргах зохицуулалт хуульд байхгүй байна.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт “Гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд шийдвэрлэж болно. Харин нэхэмжлэгч ирээгүй тохиолдолд нэхэмжлэлийг буцаана.” гэж заажээ. 

Гэтэл нэхэмжлэгч Д.Оюунтунгалаг шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь түүний нэхэмжлэлийг буцаах үндэслэл болж байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэв.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг шүүх хүлээн авсан тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор дурдах нь зүйтэй.  

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг.  Сүхбаатар   аймаг  дахь  Сум  дундын   иргэний   хэргийн  анхан  шатны 

шүүхийн  2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 63 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

Хоёр.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.БААТАРСҮХ

                                       ШҮҮГЧИД                                   Л.НАРАНБАЯР

                                                                                           Д.БАЙГАЛМАА