Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 140/ШШ2021/00161

 

 

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 140/ШШ2021/00161

Завхан аймаг

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч З.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, З.Болдбаатарын нэхэмжлэлтэй Хурд-Од ХХК-д холбогдох 58.9 м2 байрны 1 м2 1,700,000 төгрөг нийт 100,130,000 төгрөгөнд е-баримт хэвлүүлж өгөхийг даалгах, 100,130,000 төгрөгийн 2 хувь болох 2,000,000 төгрөгөнд баримт шивүүлэх тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Болдбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие З.Болдбаатар нь 2020 оны 05 дугаар сард Завхан аймаг Улиастай сум Богдын гол багт байрлах 25 айлын орон сууцанд 58.9 м2 талбай бүхий 2 өрөө байр 100,130,000 төгрөгөөр худалдан авах гэрээ хийж урьдчилгаанд 30,039,000 төгрөг 5517066265 тоот дансанд эзэмшигч Ш.Алтансүхийн дансанд байршуулж захиалгын гэрээ хийсэн. Байр ашиглалтанд орж үлдэгдэл болох 60,000,000 төгрөг мөн 5517066265 эзэмшигч Ш.Алтансүхийн дансанд хийж төлбөр тооцоо дууссан. Үүний дараа е-баримт авах болоход гүйцэтгэгч ХХК болох Бошигт хөвөө гэх Увс аймгийн ХХК-с е-баримтаа ав гэсэн ба уг ХХК-ны захирал Цогоотой холбогдоход мөнгөө хэний дансанд хийсэн тэр газраасаа е-баримтаа ав гэсэн ба Хурд-Од ХХК-ны захирал Ш.Алтансүхтэй ямар ч төлбөр тооцоо байхгүй бүгд цэгцэрсэн гээд хариу өгсөн. Ингээд хэн өгөх нь тодорхойгүй байсаар он гарч татвар хөнгөлөлтөнд хамрагдах болоход е-баримт шаардлагата болсон. Иймд Ш.Алтансүхээс 100,130,000 төгрөгөнд е-баримт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хурд-Од ХХК-ний захирал Ш.Алтансүх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч З.Болдбаатараас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаад миний зүгээс уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Увс аймгийн харъяа ОЮ85042510 регистрийн дугаартай Рэнцэнсамбуугийн Цогбаяр нь манайхаас 2019 .05.13 нд 1,400,000,000 /нэг тэр бум дөрвөн зуун сая/ теrреr сарын 1.5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай, 2019.11.12 нд 300,000,000 гурван зуун сая/ төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 06 сарын хугацаатайгаар нийт 1,700,000,000 /нэг тэрбум долоон зуун сая/ төгрөгийг зээлж 25 айлын орон сууц барьсан. Энэ зээлийн гэрээний барьцаанд Завхан аймаг Улиастай сумын Богдын гол баг Цагдаагийн газрын хойд тал хаягт байрлах 5 давхар 25 айлын орон сууцны барилгыг барьцаалбар болгож гэрээ байгуулсан. Зээлийн эргэн төлөх хугацаа 2020.05.20 нд дуусахад манайд нэг ч төгрөг эргүүлж төлөөгүй. Байр худалдан авагч нартай Захиалгын гэрээ хийж байрны борлуулалтын урьдчилгаа болох 567,109,000 /таван зуун жаран долоон мянга нэг зуун есөн мянга/ төгрөгийг Р.Цогбаяр өөрийн дансандаа авч хувийн зээл болон өөрийн хэрэгцээндээ 224,109,000 /хоёр зуун хорин дөрвөн сая нэг зуун есөн мянга/ төгрөгийг зарцуулсан байсныг мэдэж үлдэгдэл 363,000,000 /гурван зуун жаран гурван сая/ төгрөгийг авсан. Үүнээс хойш зээлээ төлөхгүй удааширч байсан тул зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, мөнгөө нэхэхэд танайх борлуулалтаа хийгээд мөнгөө гаргаж ав гэсэн. Ингээд РЦогбаяр нь Увс аймаг руугаа явсан. Зээлсэн мөнгөө гаргуулж авахаар олон удаа утсаар залгасан боловч утасаа авахгүй байсан.

Иймд бид арга буюу 2020 оны 06 сарын 20-дын үеэс зээлийн гэрээний 5 дугаар зүйл, Барьцааны гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу барьцаалбарыг захиран зарцуулах эрхийнхээ хүрээнд оршин суугчидтай орон сууц Захиалах гэрээ байгуулж, банкны зээлэнд хамруулах зэргээр хөөцөлдөж зээлсэн мөнгөө гаргаж авах болсон. Энэ нь манайх Р.Цогбаяраас зээлийн төлбөрөө эргүүлэн авч байгаа болохоос орон сууц борлуулж орлого олсон хэрэг биш юм.

Худалдан авачдын Ипотекийн зээл батлагдаж байрны борлуулалтын мөнгө эхлэхэд Р.Цогбаяр бидэнтэй холбоотой болж утсаар холбогдох болсон. Байрны мөнгөө бүрэн төлсөн худалдан авагчид НӨАТ-ын баримтаа авахыг хүсэхэд Р.Цогбаяр Бошигт хөвөө констракшн ХХК-аас НӨАТ-ын Е-баримтыг шивж НӨАТ өгч байсан.

НӨМТ-ын тухай хуулийн 4.1.8-д тус хуулийн 3-р зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг суутган төлөгч гэж үзэхээр заасан тул е-баримт олгох нь барилга барих үйл ажиллагаа эрхэлсэн Р.Цогбаярт хамааралтай юм.

Р.Цогбаяр нь уг барилгыг барихдаа зээлсэн мөнгийг 100% өөрөө захиран зарцуулж, бүх бараа материалыг НӨАТ-тай үнээр худалдан авсан нь түүнийг суутган төлөгч мөн болохыг баталж байна. Тиймээс РЦогбаяр байр худалдан авсан хүмүүст НӨAT төлөх үүрэг хүлээнэ. Үүнийгээ ухамсарлан 19 айлын НӨАТ-ийг шивсэн, борлогдоогүй байсан 6 айлын НӨАТ-ийг Увс аймгийн "Ундарга петролиум" ХХК-д шивүүлж /2020 оны 10 сард/ хадгалуулсан байсан.

/Хадгалуулсан Учир нь: Р.Цогбаяр нь худалч, зальтай, итгэлгүй болохоор нэр бүхий айлуудын зээл батлагдах үед НӨАТ-ын Е-баримтыг шивэхгүй байх магадлалтай гэх үүднээс өөр компанид хадгалуулсан юм. Жич: Ш.Алтансүх болон Хурд-Од ХХК нь НӨАТ төлөгч биш/ Үүнийгээ 2020 оны 11 сард буцаах хүсэлт илгээж хэл ам хийсээр буцааж авсан. Одоо нэр бүхий 3 айл байрны мөнгөө бүрэн төлж дууссан тул НӨАТ-ийг Р.Цогбаяр буюу "Бошигт хөвөө констракшн" ХХК төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Бид тухайн барилга баригдах үйл ажиллагаанд огт оролцоогүй бөгөөд ямарч бараа материал татан авч нийлүүлээгүй. Мөн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бидний гарын үсэг, тамга тэмдэг комиссын дүгнэлтэд байхгүй болно. Бид зөвхөн Р.Цогбаярт зээлсэн мөнгөө Зээлийн гэрээний дагуу буцаан авч байгаа хэрэг юм.

Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч З.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хурд од ХХК-ний захирал Ш.Алтансүхтэй уулзахаар Цогбаяр гэдэг хүнээс е-баримтаа олж ав гэж хэлдэг. Цогбаяр нь чи хэнтэй худалдах, худалдан авах гэрээ хийж хэний данс руу мөнгө хийсэн юм тэр хүнээсээ е-баримтаа олж ав гэж хэлдэг. Би Ш.Алтансүхийн данс руу мөнгөө хийж, худалдах, худалдан авах гэрээг хийсэн учраас Ш.Алтансүхээс е-баримтаа гаргуулж авахаар шүүхэд хандсан. Цогбаяр, Ш.Алтансүх хоёр хоорондоо үл ойлголцсоноос болоод манайх татварын буцаан олголтоо авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Хурд од ХХК-г татвараас зайлсхийж байна гэж үзэж байгаа. Ш.Алтансүхийн эзэмшлийн Хурд од ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдэхдээ шатахуун тээвэрлэх болон барилгын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй компани юм байна лээ. Гэтэл Ш.Алтансүх хэлэхдээ манай компани зөвхөн шатахуун тээвэрлэх зөвшөөрөлтэй компани гэж хэлдэг. Одоо Хурд од ХХК-нийн захирал Ш.Алтансүхээс е-баримт хэвлүүлж өгөхийг даалгах, 100,130,000 төгрөгийн 2 хувь болох 2,000,000 төгрөгнд баримт шивүүлэхийг даалгах хүсэлтэй байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

З.Болдбаатар нь Хурд од ХХК-д холбогдуулан 58.9 м2 байрны 1 м2 1,700,000 төгрөг нийт 100,130,000 төгрөгөнд е-баримт хэвлүүлж өгөхийг даалгах, 100,130,000 төгрөгийн 2 хувь болох 2,000,000 төгрөгөнд баримт шивүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч З.Болдбаатар нь Хурд од ХХК-д холбогдуулан 58.9 м2 байрны 1 м2 1,700,000 төгрөг нийт 100,130,000 төгрөгөнд е-баримт хэвлүүлж өгөхийг даалгах, 100,130,000 төгрөгийн 2 хувь болох 2,000,000 төгрөгөнд баримт шивүүлэх тухай нэхэмжлэл гаргасан нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна.

Учир нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Татварын хэлтэстэй холбоотой маргаан байх бөгөөд тэрээр уг татварын холбоотой маргаанаа зохих шатны байгууллага болох Завхан аймгийн Татварын хэлтэсд хандаагүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч нь манай эхнэр Завхан аймгийн Татварын хэлтэсд хандсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 117 ДУГААР ЗҮЙЛИЙН 117.1 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар З.Болдбаатарын нэхэмжлэлтэй Хурд од ХХК-д холбогдох 58.9 м2 байрны 1 м2 1,700,000 төгрөг нийт 100,130,000 төгрөгөнд е-баримт хэвлүүлж өгөхийг даалгах, 100,130,000 төгрөгийн 2 хувь болох 2,000,000 төгрөгөнд баримт шивүүлэх тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигч захирамжийг эс зөвшөөрвөл захирамжийг гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ