Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/204

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0189/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2418000000233 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарви суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өгөөж гурил” ХХК-д савлагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, *******,

Холбогдсон хэргийн талаар:

******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, Хас банкны ойролцоо ******* гээгдүүлсэн “Самсунг А14” загварын, 450,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг олсон атлаа зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр завшсан болох нь:

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг 30 минутын автобусаар Улаанбаатар хот руу явах байсан юм. Тэгээд тухайн өдрийн өглөө 08 цаг 40 минутын орчимд “Магнолиа” дэлгүүрийн урдаас таксинд суугаад авто вокзал дээр буусан. Тэгээд тухайн таксинаас буучхаад гар утсаар ярих гээд халааснаас гар утсаа авах гэтэл утас байхгүй байхаар нь сууж ирсэн таксины дугаарыг мэдэхгүй мөн 09 цаг 30 минутад Улаанбаатар хот руу явах автобус хөдлөх гээд байсан тул яаж ч чадалгүй автобусандаа суугаад явсан юм. Тэр үед өөрийн гар утас руу залгахад орох ярианы эрх нь хаагдчихсан байсан юм. Миний гар утас нь Самсунг А14 маркийн цайвар ногоон өнгөтэй, 64 GB багтаамжтай гар утас юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-11/,

“Мобиком корпораци” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4/2891 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 43-44/,

*******өөс   Самсунг А14 маркийн цайвар ногоон өнгийн , дугаартай гар утсыг хүлээн авч, хохирогч ******* хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13/,

“Капитал  зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн: “...Самсунг А14 маркийн 64GB багтаамжтай гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 450,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20/,

Яллагдагч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 29/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч нь бусдын гээгдүүлсэн эд хөрөнгийг олсон атлаа эзнийг олох, буцааж өгөх талаар ямар нэгэн арга хэмжээ авалгүй шунахайн сэдлээр өөртөө авч завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч *******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Н.Хүрэлтогоо нь “өөрийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 53/ гаргасан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг өрхийн ам бүлийн тоо, орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар *******өд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Г.ГЭРЭЛТ-ОД