| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00114/И |
| Дугаар | 155/ШШ2021/00628 |
| Огноо | 2021-06-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2021/00628
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2021/00114/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн М.. сумын ... дугаар багийн ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, регистрийн дугаар ...., Х.. овогт Ч.А. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Б. сумын Э. баг, Т.... гэх газарт оршин суух, регистрийн дугаар Р...., Х. овогт Н.С. холбогдох хамтын амьдралтай байсан байдал болон хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг, өөрийн хуваарьт хөрөнгө 10.640.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Ч.А., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б., хариуцагч Н.Со., хариуцагчийн өмгөөлөгч Б.Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.А: шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х. овогт Ч.А.. миний бие Н.С.. 2014 оны 10 дугаар сард гэр бүл болж, хурим найр хийж тусдаа гарч амьдарч эхэлсэн. Бид хоёрын дундаас том охин С.С.. 2013 оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 7 настай, сургуулийн бага ангид сурдаг, бага охин С.С. 2018 оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, 3 настай, гэртээ байдаг. Нөхөр Н.С нь 2014 онд хурим найр хийснээсээ хойш гэрлэлтээ батлуулъя гэхээр гэрлэлтээ батлуулахгүй байсаар өдийг хүрч байна. Би өөрөө 2015 оноос Тосонцэнгэл суманд сургуульд түр багшилж байгаад 2016 оноос жинхэнэ багшаар ажиллаж байна. Нөхөр С... Хамтдаа байя Тосонцэнгэл суманд амьдаръя гэхээр явж өгөхгүй. Нэг зун зусаад энд чинь амьдарч чадахгүй танай ах нар намайг боолоо болгох гэлээ гээд буцаад нутагтаа ирээд амьдарч байгаа. Нөхөр Н.С...н ах дүү нар нь нийлж намайг хэл амаар доромжилж, мал дутаалаа ах нар шигээ юм идэж уудаг гэж хэрүүл, маргаан үүсгэж дарамтлах болсон. Би Тосонцэнгэл суманд ажиллаж байхдаа цалингийн зээл авч машин тэрэг авья гээд авахад энэ машинд чинь суухгүй саарал төмөр, саарал янхан гэх зэргээр ад үзэж эхэлсэн. Би уг нь хагас, бүтэн сайн өдөр гэртээ гэр бүлдээ очих гэж авсан. Дээрх байдлуудаас сэтгэл санааны байнгын хүчирхийлэлд байна. 2016 оноос хойш үндсэндээ тусдаа байдаг болохоор хардаад янз бүрийн үгээр хэлж, ор үндэсгүй хардаж, тэсвэрлэшгүй байдалд оруулж, зүйл бүрээр доромжлох байдал нь хэрээс хэтэрч байна. Миний face хаягийг хүртэл хакердаж хаалгасан байсан. Одоо том охин маань аав С...а, бага охин надтай хамт амьдарч байна. Салах талаараа ч бид хоёр ярилцсан. Олон ч удаа хэрүүл маргаан болж байна. Охидуудын хүмүүжилд хүртэл нөлөөлж том охиныг ээжийгээ гичий, янхан гэж хэл ээж чинь тэгж байна гэж насанд хүрсэн хүний үг хэллэгээр зааж өгч бага насны охидуудын минь хүмүүжилд ноцтой хохирол учруулж байна.
Иймд 2 охиноо өөрийн асрамжинд авч эцэг Н.С...с хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. гэжээ.
Хариуцагч Н.С. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н. овогтой С нь нэхэмжлэгч Ч. овогтой А. тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би эхнэр Ч.А. 10 жилд байхын нэг ангид сурч байгаад 2014 онд хурим найраа хийгээд албан ёсоор тусдаа гарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй. Бид дундаасаа 2 хүүхэдтэй ба том охин С.С. 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, одоо 8 настай, удаах охин С.С. 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, одоо 3 настай юм. Хадам ээж н.М Хөвсгөл аймгийн Т сумын төвд амьдардаг ба эхнэр Ч.А би чамайг хүнтэй яриад ажилд оруулах боллоо, багшаар ажилд ор гэж ятгасаар байгаад эхнэр Ч.А Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар 2015 оноос эхлэн ажилласан. Энэ үеэс эхнэр бид хоёр тусдаа байсан боловч хэн хэн нь ирж очоод байдаг байсан. 2 жилийн өмнөөс эхнэр Ч.А архи, пиво уугаад байгаа байдалтай машинаас архи, пивоны бөглөө гарч ирээд, том охин 3 настай байхдаа надад ээж миний толгой руу согтуу бөөлжөөд гэж хэлж байсан. Энэ байдлаас нь болоод би эхнэртэйгээ маргаан үүсгэж эхэлсэн. Би эхнэртээ тусдаа амьдраад байхад хэцүү юм, хүүхдүүдээ хэн хэн нь санаад хэцүү юм наад ажлаасаа гарчих гэхэд тодорхой зүйл хэлдэггүй байсан ба хадам ээж ажлаас нь гаргах дургүй байгаад энэ байдал нь нөлөөлж эхнэр бүр надаас холдох шалтгаан болсон. Би өөрөө мал маллан амьдрал ахуйгаа авч явдаг ба миний зүгээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх, гэр бүлээс гадуур харьцаа үүсгэж байгаагүй. Би охин С.С Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрдмийн далай сургуульд оруулсан ба одоо охин маань 2 дугаар ангид сурдаг. Би охин С.С хичээл сурлаганд анхаарал тавьж, хичээл номыг нь давтуулдаг, эхнэр Ч.А охины ангийн багштай нь уулзаж байгаагүй, охины хичээл сурлаганд анхаарал тавьж байгаагүй, ангийн багшийн нь нэрийг ч мэдэхгүй. Улмаар хүүхдийнхээ мөнгийг аваад юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй үрчихдэг, би чи хүүхдийн мөнгийг битгий авч үрээд байгаачээ, хадгаламж нээлгээч гэж хэлээд үүнээсээ болж маргаан үүсдэг. Эхнэр хэдэн төгрөгний цалин авдагийг мөн юунд зарцуулдагийг би мэддэггүй, би л малаа маллаж түүнийхээ ашиг шимийг зарж борлуулан эхнэрт өгч, үр хүүхдүүддээ зарцуулдаг. Иймэрхүү байдлаар ч зогсохгүй эхнэр гэр бүлээс гадуур харьцаатай болсон нь нотлогдсон. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд амьдардаг Д.Б гэдэг залуутай холбогдож, хоорондоо чаталж, унтаж хэвтэж бэлгийн харьцаанд орсоноо хүртэл бичиж, хамт авахуулсан зургаа өөрсдийнхөө холбогддог цахим хуудсанд тавьсан байсан. Би эхнэр энэ байдлаа больчих юм болов уу , тэр залууг хүний гэр бүл үймүүлэхээ болих юм байх гэж бодоод Д.Баасанбаяр гэдэг залуутай утсаар холбогдон ярихад, танай хүн чамтай байхдаа сэтгэл нь хөрсөн байсан гэж хэлж байсан. Энэ үгээ ч манай ээжтэй ярихдаа хэлж байсан. Эхнэр Д.Б чатлахдаа, би хүүхдээ хөхнөөс нь гаргах гээд эм түрхэлээ, өрөвдөөд байна гэхэд хариуд нь зодож байгаа биш юуг нь өрөвддөг юм гэсэн байсан. Эхнэр 2 охиныг дагуулаад машин дотор ч айлын гадаа ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх биш харин эсрэгээрээ эхнэр Ч.А нь охидуудын хажууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, Д.Б эр эмийнхээ асуудлыг үүсгэж байгаа нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөө үзүүлэх үйлдэл болж байна. Эхнэр Ч.А нэгэнт гэр бүлээс гадуур харьцаа үүсгээд, надад сэтгэлгүй болсон байдлыг нь харгалзан үзэж би охидуудаа эхнэр Ч.А асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Охидуудынхаа ирээдүйг бодож би охидуудаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэр бүлээс гадуур харьцаа үүсгэдэг хүнд үлдээхгүй.
Иймд нэхэмжлэгч Ч.А гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Ариунзул 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.А миний бие тус шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба энэхүү нэхэмжпэлийн шаардлагыг нэмэгдүүлэн дараах байдлаар нэхэмжпэл гаргаж байна. Үүнд: 1. Ч.А миний бие Н.С 2014 оны 10 дугаар сард хуримлаж нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн ба бидний дундаас 2013 оны 7 дугаар сард том охин С.С, 2018 оны 4 дүгээр сард бага охин С.С нар төрсөн. Одоо 2 охин эрүүл саруул өсөн бойжиж байна. Бидний 2014 оны 10 дугаар сараас 2020 оны 8 дугаар сарыг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү.
2. Н.С хамтран амьдарч эхлэхдээ би аав ээжээс надад тусдаа гарахад бэлэглэсэн өөрийн хуваарьт хөрөнгө болох 30 ямаа, 66 хонь, 6 үхэр буюу нийт 102 тооны малтай очсон. Биднийг 2020 оны 8 дугаар сар хүртэл хамтран амьдрах хугацаанд миний дээрх хөрөнгө нь өссөн боловч миний бие хамтран амьдарч эхлэх үеийнхээ байдлаар тооцож нэхэмжпэл гаргаж байгаа болно.
Миний бие Н.С 2020 оноос тусдаа амьдарснаас хойш өөрийн хуваарьт хөрөнгө болон хамтран өмчлөх дундын хөрөнгөнөөс ямар нэг эд хөрөнгө,
мөнгө огт аваагүй болно. Иймд анх хамтран амьдарч эхлэх үед байсан үед байсан миний хөрөнгө болох 1. Нас гүйцсэн эр хонь 10ш х120.000₮=1.200.000 ₮, 2. Нас гүйцсэн эм хонь 25ш х 100.000₮=2.500.000 ₮, 3. Шүдлэн эр хонь Зш х 100,000₮= 300.000₮, Төлөг 15ш х 80.000₮= 1.200.000₮, 4. Хурга 13ш х 40.000₮=520.000₮, 5. Эр ямаа 7ш х 90.000₮ =630.000₮, 6. Эм ямаа 15ш х 80.000₮ =1.200.000₮, 7. Борлон 8 ш х 30.000₮ = 240.000₮, 8.Тугалтай үнээ 1 ш х 800.000₮ =800.000₮, 9. Э.Шүдлэн гуна 1ш х 750.000₮ =750.000₮, 10. Охин шүдлэн 2ш х 500.000₮ -1.000.000₮, 11. охин бяруу 1 ш х 300.000₮-300.000₮,
Дээрх малын үнэлгээг тооцож, Н.С өөрийн хуваарьт хөрөнгө 10.640.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэжээ.
Хариуцагч Н.С нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн аваад 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Наранцогт овогтой С нь нэхэмжлэгч Ч овогтой А тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Би эхнэр Ч.А 10 жилд байхын нэг ангид сурч байгаад 2014 онд хурим найраа хийгээд албан ёсоор тусдаа гарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй. Эхнэр бид 2 нийлэхдээ хэн аль нь аль аль талаасаа мал эд хөрөнгөтэй нийлсэн. Эхнэр нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ 12 толгой хонь нэмж бичсэн байна.
Нас гүйцсэн эр хонь 10 ширхэг огт байгаагүй, эм хонь 25 ширхэг биш 23 ширхэг байсан. Иймд 102 толгой малнаас 90 толгой малыг хүлээн зөвшөөрч 12 тооны хонийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний зүгээс Ч.А 90 толгой малыг өгөхөөс биш түүний нэмэгдүүлсэн нэхэмжлэлд дурдсан шиг мөнгийг өгөх боломжгүй. Ч.А хамтран амьдрах хугацаандаа дээрхи малнаасаа идшиндээ хэрэглэх амьжиргаандаа болон өөрийн хэрэгцээндээ хэрэглэх, ээж н.М эмчилгээнд зориулан малнаас нядалж байсан. Энэ талаар нь би хариу тайлбартаа нэг бүрчилэн дурдсангүй. Учир нь малын тоо толгой дээр маргаан үүсвэл холбогдох баримтыг гаргаж өгөх болно. Харин 2014 оны 10 дугаар сараас 2020 оны 08 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсныг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
Нэхэмжлэгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч овогтой А нь Наранцогт овогтой С 10 жилд нэг ангид сурч байсан. Бид дундаасаа 2 охинтой 2013 оны 07 сарын 22 нд том охин С. С, 2018 оны 4-р сарын 12-нд бага охин С.С төрсөн. Н.С бид хоёр 2014 онд Мөрөн суманд хурим найраа хийгээд тусдаа гарсан боловч гэрлэлтээ одоог хүртэл батлуулаагүй байна. Н.С нь хоёрдох охин гарахад банди гараагүй учир гэрлэлтээ батлууллахгүй гэж дуугарч байсан. Ингээд Мөрөн суманд амьдарч байгаад Тосонцэнгэл суманд ЕБС-д 2015 онд 9-р сараас 12 сарын 15 хүртэл амралттай хүний онд түр ажиллаж байгаад 2016 оны 8-р сарын 25-нд ажилд ороод үүнээс хойш Хөвсгөл аймгийнТосонцэнгэл сумын ЕБС-д ажиллаж байна. Миний аав 2008 онд хагалгаанд ороод өрөөл татуу, хүний асаргаанд 9 жил болсон. Би аавыгаа асарч ээждээ туслаж аавыгаа асардаг байсан ээж маань ч ганц охиноо дэргэдээ байлгах сонирхолтой нь үнэн. 2017 онд аав минь бурхан болсон би ээждээ хань болж наашаа цаашаа явдаг байсан. 2019 оноос ээж маань хорт хавдартай гэсэн оноштой хүнд хаглагаанд орж миний бие айлын ганц охины хувьд мөн ээжийгээ асрах хажууд нь зайлшгүй байх шаардлагатай байсан. Миний ээж хагалгаанд ороод химийн тарианд орсон ядруу хүн тэгтэл аль муу муухайгаар хэлж миний амьдралаар тоглосон энэ тэр гэж орилж хашхирдаг ээжийг маань сэтгэлийн хямралтай байлгаж байгаа. Эх чинь үхвэл үхэж, сэхвэл сэхэхэд яадаг байна гэж удаа дараа хэлж байгаа. Ээж рүү ярьж утсаар орилон хашхиран хэрүүл хийдэг. Та миний амьдралаар тоглосон биздээ энэ тэр гэж бүхэл бүтэн 2-ын 2 хүүхдийг өсгөж өгсөн хүнийг тэгж хэлдэг. Ажилд орсон 2016 оноос тусдаа байсан боловч нөхөр Н.С ирж байсан нь цөөхөн жилдээ тоотой ганц, нэг ирнэ, заримдаа хонох ч үгүй буцаад явчихдаг байсан би бол боломж л гарвал очдог байсан бөгөөд хүн амьтанд янз бүрээрээ хэлүүлээд ч явж байсан удаатай. Нөхөр чинь ирэхгүй, тоохгүй байхад өөрөө гүйж очлоо, нөхөргүй юм биш үү? гэсэн ярианд их ордог байсан. Би энэ байдлыг тоодоггүй байсан. Ийм байдлуудаас үүдэн өөрийн гэсэн машинтай болчихвол нааш цаашаа явж байвал амар гэж бодоод машин авсан тэгсэн чинь бүр тэрнээс дор юм болж хэрүүл маргаан хийсээр байдаг. Энэ машинд чинь суухгүй саарал төмөр энэ тэр зар гэж байнга хэрүүл хийдэг. Ер нь би Н.С би хэр халдаадаггүй, муулчиж үзээгүй. Ажил төрөлд орсон учир хамт олны арга хэмжээнээс зугтаагаад явж болохгүй байсан тохиолдол байгаа. Нэг багшийн хуримд явж ирээд бөөлжсөн асуудал байсан. Том охин энэ үед 3 настай байсан . Би тэгж архи, пиво уугаад байдаг зүйл байхгүй. Машинаас архи, пивоны бөглөө гарч ирсэн тохиолдол бол мэдэхгүй юм байна. Н.С миний аавыг ямар байдалтай байсан, дараа нь ээжийгээ асарч хажууд нь байх шаардлагатайг мэдэж байгаа энэ байдлыг нөхөр С маань ойлгохгүй өөрөөсөө холдох шалтгаан болгоод байгаа. Том охин С. Сувд 0-6 нас хүртэл Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сумын СӨБ-өөр хүмүүжсэн бөгөөд миний ээж Н.М асран хамгаалж хүмүүжүүлж өглөө, орой байнга цэцэрлэгт зөөдөг байсан. Хадам ээж Я. Б, С нар том охин С.С баас шээстэй даавуу угааж байсан удаа байхгүй. 2 жил хажуудаа авчаад өөрөө өсгөсөн юм шиг өсгөсөн эмээтэй нь уулзуулахгүй байгаа.
2019 оноос Хөвсгөл аймаг Мөрөн сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн 1 ангид элсэн орж, би том охин С. багш Ж. Т багштай 3-4 удаа уулзаж байсан. 2020 оны 9-сард Ж. Т багш нь солигдсон шинээр анги даасан багш У.Х нь амралттай байж байгаад ажилдаа орсон учир. би ч өөрөө ажилдаа орсон учир У.Х багштай бол уулзаж амжаагүй байгаа нь үнэн. Малын ашиг шимийг надад болон 2 охинд зарцуулсан юм байхгүй жилд идэшэнд бог 2-3, бодын 1-3 хөл мах өгч байсан. Харинч шинэ йауип мотоцикал Н.С авч өгч байсан\Тал мөнгийг өгсөн\. Би 2016 оноос хойш хавар байнга очиж ямаа самнаж, зуны цагт хонины ноос авдаг, 2017 онд Сангийн далай руу 20 гаран хоног оторт хүртэл явж байсан гэр бүлдээ эхийнхээ үүргийг гүйцэтгэж байсан. Н.С нь том охиныг 2 жил сургуульд зөөж хувцасласан. Бага охин С.С хувцас, хунар авч өгсөн, тэжээсэн юм байхгүй. Одоо С.С нь эмээ М бид 2 асрамжинд байгаа. 2016 оноос эхлэн ажилд ороод зав чөлөөгөөрөө намайг очиход надад түлээ хагалж, ус авчирч өгөх нь ховор би өөрөө л усандаа явж түлээгээ хагалдаг байсан. Оччихсон байхад гэртээ ч тогтдоггүй ийш тийшээ яваад өгдөг заримдаа жаахан шалтаг гарах юм бол тустай унтдаг байсан. Танайхан царай муутай би л өөд нь татаж байна гэж дандаа л хэлдэг. Намайг бүдүүн хар авгай, тосонгийн хар авгай. бүдүүнээ энэ тэр гэж дуудаад өөрөө баясаад л байдаг байсан. Намайг Н. С нь чи араас гүйж байгаад суусан энэ тэр гэдэг. Хадам ээж болон ах дүү нар нь намайг царай муутай, бүдүүн гэж голж байсангаа хэлсэн. \Хадам ээж манай хүү хэр баргийн юмыг тоохгүй голж, шилдэг байсан чамайг дагуулаад ирэхэд манайхан гайхаж байсан гэж хэлсэнА Бас дээрээс ямарч хэрүүл маргаан хийгээгүй байхад л том 2 ах чинь бутач, Д ах чинь онгироо сагсуу, Д ах Б эгч чинь төсвийн юм идэж уудаг, Т ах чинь хүний юм идэж уудаг гэж доромжилж намайг очих болгонд уйлуулдаг байсан Тэгээд Тосонгийнхон ийм, тийм гэж муу муухайгаар нь хэлнэ. Би явахгүй, зүглэхгүй, очихгүй энэ тэр гэдэг жилд тоотой цөөхөн ирдэг байсан заримдаа ирээд хонох ч үгүй явчихдаг удаатай. Манай 2 ах болон хадам аавын дүү Наранхүү ахтай хамт ишигний наймаа хийж үлдсэн 20 гаран ишиг манай бага ахынд үлдэж тэр өвөл хүнд өвөл болж тал нь үхсэн юм шиг байгаан тэрнээс болж чиний бага ах хүний юм идэж уудаг гэдэг, Манай бага ах хадам аавын дүүтэй ярилцаж тохиолцсон юм байсан юм байнлээ, тэрнээс үүдэн дандаа дарамталдаг. Тосонд ирэхээр нь хоёулаа ахынд очьё энэ тэр гэхээр хэсмэл, тэнэмэлээр дуудна. Надруу залгана авч амжаагүй бол мессежээр тэр чигээрээ яваарай, битгий ирээрэй, зайлаарай, гичий, янхан, гахай, хар авгай, гэдэг байсан Н.С анги хамт олноороо гэртээ уулзаж байхдаа миний дэргэд ч ангийн охинтой гар хуруугаа барилцаад сууж байсан хүзүүгээрээ тэврэлдээд ч байж байсан би дуугай л өнгөрөөдөг байсан. Тэр хүүхэн явах уу хоёулаа гэсэн удаа ч байгаа. Би бол эмэгтэй хүний хувьд хайрлуулах халамжлуулахыг хүссэн гэвч намайг байнга дорд үзэж, өөрийнхөө ах дүү нарын хажууд басан доромжилж намайг зөндөө гомдоодог байсан. 3аримдаа ийм амьдрал гэж юу байсан гэж бодогддог байсан. 2019 оны зун Тосонцэнгэл сум ЕБС-ийн 80 жилийн ой болж багш ажилчдыг амраахгүй ажиллуулсан 6 сар гаргаад би 2 өдрийн ажлаа таслан 10 хоноод ирсэн тэгээд 6 сарын 30-ны орой Н.С, найз Г.Г хамт ирсэн тэгээд орой бид хамт ойрхон хөдөө яваад өглөө орж ирсэн маргааш буюу 7 сарын 1-нд бага охинтойгоо бид Бүрэнтогтох сум яваад хэд хоноод бага охин бид 2 ирсэн. Тэгээд 7 сарын 26-нд Даншиг үзэхээр би багш нартайгаа аймаг орсон. Аймаг явахаасаа өмнө С ярихад ангийнхантайгаа уулзаад харих гэж байна гэж надруу ярьсан. Тэр үеэр манай ангийн охин яриад манай ангийнхан уулзаж байна ороод ир гэсэн тэгэхэд нь би үгүй ээ найз нь амжихгүй ээ гэсэн тэгэхдээ аймагт явж байсан тэгээд гэртээ харьсан чинь С.. ирээгүй байсан утас руу нь залгасан холбогдохгүй байсан. Тэгээд би 00 орохдоо үеэл дүү А. Л..руу залгаж байхад хаалгаар орж ирж таарсан тэгээд миний утсыг шууд ирээд шидсэн. Тэгээд удалгүй ангийнхан ардаас хүрээд ирсэн тэгсэн чинь чи дагуулж ирлээ энэ тэр надруу уурлаж дайрсан. Тэгээд энэ хэрүүл үргэлжилсээр маргааш нь С... 1-р хороо ахынх руугаа явсан би үдээс хойш охинтойгоо, дүүтэйгээ байгаа газар нь очсон, хэрүүлээ хийсээр гарч ирээд машины цонх руу цохиод надруу хашхирч орилоод бага охиныг аваад, намайг хөөсөн гэрт ороод охиноо булаацалдаж намайг өшиглөж, бид цохилцсон тэгэхэд үеэл эгч, хүргэн, дүү нар нь байсан хэн нь боль бай гээгүй. Тэгээд гэртээ очоод байж байхад орой ирсэн тэгснээ хэрүүлээ хийгээд байсан тэгэхээр нь охиноо харж бай би гарлаа юм үзлээ гээд явсан тэгсэн залгаад байхаар удалгүй ирсэн ирэхэд Дорждагва ах нь байсан тэгснээ намайг боож заамдаад 2 эрүүг өвчтэй болтол нь нухсан 3 хоног юм идэхэд зовуурь хүндүүртэй байсан 2 гарын булчин хөх алаг болтол цохьсон. Би багтарч гэрээс мөлхөж гарч гадаа хэвтэж байгаад тайвширсан тэгэхэд нагац ах Я.Д... ах нь байсан юу ч дуугараагүй. Тухайн үед би 1 сартай жирэмсэн байсан эгч дүү нарт нь хэлж байсан өөрт нь хэлсэн ярилцах санаатай байсан боловч хэрүүл хийгээд байхаар нь хүүхдээ авхуулна гээд хэлчихсэн тэгсэн зөвшөөрөөд ээждээ хэлсэн юм байлгүй хадам ээж надад 200 мянган төгрөг тоолж өгсөн. Тэгээд би хүүхдээ авхуулсан. Намайг жирэмсэн гэхэд яаж хүлээж авах бол гэж их өөдрөгөөр бодож байсан тэр хэрүүл маргаан тасарч Совджамцыг үр хүүхдээ бодоод надад сайн хандаж амьдралаа бат бэх болгох байх гэж бодож байсан. Би хадам ээж, нөхөр хоёроо тийм шийдвэр гаргана гэж огт бодоогүй авахуулсан хүүхдэдээ их нүгэл хийлээ гэж харамсдаг. Би бие махбодь болон сэтгэл санаагаар их хохирсон, машинтай юм мөргөсөн тохиолдол ч бий. Хүүхдээ авхуулаад сэтгэл санаагаар унасан би анги хамт олон найз нөхөдтэйгээ уулздаг байсан. Би дээрээ 4 ахтай өссөн учир өөрөө эршүүд, эмэгтэй найз нөхөд ховор, эрэгтэй найзууд ихтэй. Ангийн найзуудтайгаа чат бичдэг байсан. Д.Б. чат бичсэн тоглож, маазарч бичсэн л зүйл. Найз нөхөдтэйгээ илэн далангүй ярилцаж амьдралд тулгамдаж байсан асуудлаа ярилцдаг байсан. 2019 оны 10 сард залуу багш нарын тэмцээн болсон. Нэг орой манай багш нар гадагш гаръя гэж ярилцаад гарах гэтэл утас шүүрж аваад 9 сард авсан шинэ 57 утсыг авдар руу хэд хэдэн удаа цохиж эвдэлсэн. 2 охиныгоо дагуулж айлын гадаа болон 2 охины дэргэд согтууруулах ундаа уусан юм байхгүй 2 охиныг Б.. найзындаа оруулж бид найз нөхөдтэйгээ ярьж суусан. Н.С. ч өөрөө архи уудаг, архи ууж зодоон цохион хийсэн ч удаатай. Н.С. нь ах дүү нар, найз нөхөдтэйгээ уудаг. Н.С.. өөрөө хүүхдэд сөргөөр нөлөөлж байгаа. Том охин С.. дарамталж айлгадаг. Со.. чанга дуугархаар охины нүд нь бүлтгэнэж их айдаг. Ямар ч хүүхэд ээжийгээ янхан, гичий гэж хэлэхгүй байх албан шаардлагаар 2020 оны 12 сард хэлүүлж байсан. Уурлахаараа Н.С.. нь өөрийгөө удирдах чадваргүй болдог. Зүрхний хийтэй орилж хашхирдаг тийм хүний хажууд охиноо байлгахыг хүсэхгүй байна. Эсвэл айхавтар эрхлүүлж байснаа гэнэт орилж хашхирч уурлаж айлгадаг хүүхдийн сэтгэлзүйд нөлөөлж байгаа Том охин яг аав шигээ хий хий орилж хашхирч зан эвдэрч байгаа энэ зүйлд аав нь нөлөөлж байгаа. Н.С. том охин С.С. эд хөрөнгө юмаар татдаг машинаа энэ миний охины машин, энэ үхэр мал миний охиных гэхээр хүүхэд болсон хойно их онгирдог. Тосонцэнгэл суманд С.С.. ирээд хүүхдүүд болсон хойно дүүтэйгээ юмаа булаацалдана тэгэхээр нь эмээ нь болон би, дүүгийнхээ эгч нь шүү дээ чи дүүтэйгээ эвтэй бай гэж хэлэхээр энэ байдлыг аавдаа хэлдэг. Тэгэхээр Н.С.. нь эмээ, ээж нь загнадаг гээд муу муухай, чамайг тоодоггүй гэж хүүхдэд ятгаад байгаа байдал ажиллагддаг. Н.С.. нь намайг хотод ээжийгээ асраад байж байгаад би бага охин С.. яаж байна гэж асуухад 2 хоног толгой хорогдож л байна гэж хэлж байсан. 2020 хавар гэр бүлээрээ түр хамт байх хугацаанд бага охин С. ганцаараа заяатай гэж загнаж байсан. Бас тоодоггүй, баас шээс, огихоос хүртэл цэрвэж цээрлэдэг. Би ийм дарамтанд дээрэлхүүлж, доромжлуулж амьдархад үнэхээр хүндрэлтэй цаашид ингэж амьдрах боломжгүй тул аргагүй эрхэнд нэхэмжлэл гаргасан. Сэтгэл зүй эд зүйлс, бие махбодиороо хохирч байсан. Ална худна, сургууль дээр чинь очиж хэнч биш болгоно, орох газаргүй болгоно гэж удаа дараа хэлж байсан. Манай найз нөхөд рүү ярьж, мессеж бичиж, надруу найзуудаа хүүхэд багачууддаа сайн хар гэж хэлээрээ гэдэг. Чиний ойр дотны хүмүүсийг ингэнэ, тэгнэ гэж удаа дараа сүрдүүлсэн удаатай. Ах нараа дууд ална худна том буутай буудна гэдэг. Бөөгөөр явна бөөлүүлнэ чамайг үргүй болгоно. Энэ хорвоод миний үр удам үлдэнэ чинийх гэж үр юм заяахгүй нь гэж сэтгэл зүйгээр дарамталдаг. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.А.. нь хариуцагч Н.С.. холбогдуулан хамтын амьдралтай байсан байдал болон хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг, өөрийн хуваарьт хөрөнгө 10.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ч.А..., хариуцагч Н.С... нар хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 115/003233 дугаар гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэргээр тогтоогдож, талууд хамтын амьдралтай байсан талаараа маргаагүй тул шүүх нэхэмжлэгч Ч.А., хариуцагч Н.С. нарыг 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолоо.
Хүүхдүүдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ч.А., хариуцагч Н.С. нар нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй бөгөөд тэдний дундаас 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр охин С., 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр охин С. нар төрж, хүүхдүүд эцэг Ха. овогт Н.С. овоглосон болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, эрүүл бойжиж буй тодорхойлолт зэргээр тогтоогдож, зохигчид хүүхдүүдийн төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт: Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт: Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч Ч.А... нь охин С.С., С.С. нарыг өөрийнхөө асрамжид авахаар шаардахад хариуцагч Н.Совджамц нь том охин С.С.. өөрийнхөө асрамжид авна гэж маргажээ.
Шүүхээс регистрийн дугаар РК...., 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Х. овогт С.. С.. эх Ч.А... регистрийн дугаар РК...6, 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Х... овогт С.С.. эцэг Н.С... асрамжинд үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Учир нь охин С.С...г өөрийнхөө асрамжид авах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгч нь ажил, хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлоготой, охин С.С.. төрсөн цагаасаа эх Ч.А... асрамжид байсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цэнгэл багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарны 21-ний өдрийн 3 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 75 дугаар албан бичиг, Цэцэрлэгийн эрхлэгч Ц.Н... тодорхойлолт, гэрч Н.М...н мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба хүүхдийн өсөж, ээнэгшин дассан орчин, асрамжийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Харин регистрийн дугаар РК..., 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Х..овогт С.С... нь 2016 оноос эцэг Н.С... асрамжид байсан болох нь зохигчдын тайлбарууд, гэрч Ц.Э..., гэрч У.Х.. нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт, мөн газрын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн охин С.С.. сэтгэлзүйд хийсэн дүгнэлт, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр С.Су.. авсан хүүхдийн санал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба хүүхдийн ээнэгшин дассан орчин, асрамжийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Охин С.С.. эцэг Н.С...н асрамжид, охин С.С..г эх Ч.А.. асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эцэг, эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Н.С.., эх Ч.А... нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Хүүхдүүдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт: Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно. гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт: 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар; гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт: 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр. гэж тус тус заасан байх ба эх Ч.А.. асрамжид үлдээж буй 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, охин Х..овогт С. Су... эцэг Н.С...с сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, охин С.С... эцэг Н.С...н асрамжид үлдээсэн тул нэхэмжлэгчийн охин С.С... хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдлаа.
Өөрийн хуваарьт хөрөнгө болох 10.640.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь өөрийн хуваарьт хөрөнгө 10.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахад зохигчид эвлэрч нас гүйцсэн эр хонь 5 толгой, нас гүйцсэн эм хонь 23 толгой, шүдлэн эр хонь 3 толгой, төлөг 15 толгой, хурга 10 толгой, эр ямаа 5 толгой, эм ямаа 15 толгой, борлон 8 толгой, тугалтай үнээ 1 толгой, шүдлэн гуна 1 толгой, охин шүдлэн 2 толгой, охин бяруу 1 толгой, нийт 90 толгой малыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор эвлэрлийн гэрээ бичгээр байгуулж, шүүх хуралдаанд ирүүлсэн ба зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагын тухайд зохигчид эвлэрсэн болохыг дурдлаа.
Хэрэгт нэхэмжлэгч талаас хүмүүс хоорондын мессежний бичлэгийн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 115/001321 дугаар нас барсны бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газар хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан Ж...Ч.... Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллогын баримтын хуулбарууд, 2021 оны 5 дугаар сарын 14 С.Совджамц гэсэн бичвэртэй Сиди 1 ширхэг зэрэг баримтуудыг,
Хариуцагч талаас хүмүүс хоорондын мессежний бичлэгийн хуулбарууд, Мөрөн сумын Засаг даргын тамгын газар хуулбар үнэн гэсэн дардас дарагдсан Я..Б... мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2013 оны тооллогын хуудасны хуулбар, Төрийн сангийн мэргэжилтэн Д.Э... 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Н.Со...н 2020 оны малын А дансны тодорхойлолт зэрэг баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй баримтууд байх тул шүүх үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт: тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг,... шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр, гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт: Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг ... зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт: Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, ... нөхөн төлүүлнэ. гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт: эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх (650.001-13.000.000 төгрөг (20.150 төгрөг дээр 650.000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувийг нэмнэ.) гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Ч.А... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 394.018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С..........с 232.109 ((70.200(хамтын амьдрал) +35.100 (хүүхдийн асрамж)+34.214(хүүхдийн тэтгэлэг)+92.595(хуваарьт эд хөрөнгө)) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.А олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РК.........., Х... овогт Ч... А, регистрийн дугаар Р......, Х. овогт Н.С... нарын 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар РК......, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин С.С..г эх Ч.А..., регистрийн дугаар РК...., 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин С.С.. эцэг Н.С...н асрамжид тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар РК..., 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин С.Су...г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас), насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Н.С... тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, регистрийн дугаар РК... 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин С.С.. тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.С.. нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.А...н нэхэмжлэлтэй, хариуцагч Н.С.. холбогдох хуваарьт хөрөнгө 102 толгой малын үнэ 10.640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид хариуцагчаас нас гүйцсэн эр хонь 5 толгой, нас гүйцсэн эм хонь 23 толгой, шүдлэн эр хонь 3 толгой, төлөг 15 толгой, хурга 10 толгой, эр ямаа 5 толгой, эм ямаа 15 толгой, борлон 8 толгой, тугалтай үнээ 1 толгой, шүдлэн гуна 1 толгой, охин шүдлэн 2 толгой, охин бяруу 1 толгой, нийт 90 толгой мал гаргуулж нэхэмжлэгчид олгохоор эвлэрсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.А... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 394.018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С... 232.109 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.А... олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3 дахь хэсгүүдэд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хүлээдэг болохыг, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг тус тус мэдэгдсүгэй.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА