Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/175

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0151/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

Улсын яллагч К.Нанжинханд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2418000000167 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа автомашин засварын ажил хийдэг, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт, Сэлэнгэ аймгийн Хушаат сум, *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд

 

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205 дугаартай захирамжаар 2 жилийг өршөөн хасаж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 243 дугаартай захирамжаар оногдуулсан хорих ялыг 2017 оны Эрүүгийн хуульд нийцүүлж 3 жил, 9 сар, 7 хоногийн хорих ял болгон өөрчилж, 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр суллагдсан, *******,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруу, үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр, Сатурн баарны гадна иргэн ******* үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, улмаар ноцолдож газар унагасны улмаас ******* эрүүл мэндэд баруун өвдөгний үений урагдал, холбоосны урагдал, шаант ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бааранд байж байгаад буцаад баарнаас 01 цаг өнгөрч байхад ганцаараа үүдэнд нь тамхи татах гээд гараад тамхи татаад зогсож байхад хажууд миний танихгүй 3-4 хүн тамхи татаад зогсож байсан. Надаас дүү гэмээр байсан. Намайг тамхи татаж байхад хажуугаас үгээр идээд хэл амаар доромжилж өдөөд байсан. Тэгэхэд би та нар жаахан хүүхдүүд байна зүгээр байцгаа гэсэн. нэг мэдэхэд газар уначихсан баруун хөлөө барьчихсан байж байсан. Миний баруун хөлийн өвдөгний үеэр маш их өвдөж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8/,

 

“Миний баруун хөл нэлэнхийдээ өвчтэй, гишгэж чадахгүй байгаа учир таяг тулж байгаа, удаан зогсож, удаан суувал өвдөлт ихсэж байгаа. ...Улаанбаатар хотод очиж хагалгаанд орсон, түүнтэй холбоотой зардлуудаа баримтын дагуу нэхэмжилж байна, мөн баримт гарсан зардал болох таксины мөнгө, таягийн мөнгө, эм тарианы мөнгө гэх зэрэг зардлуудыг дансны хуулгыг үндэслэн нэхэмжилнэ. Мөн би нийгмийн даатгал төлж албан байгууллагад харьяалагдан ажилладаггүй юмаа. Сэтгэцэд учирсан хохирлыг хүснэгтийн дагуу нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,

 

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай найзыг зодсон цагаан богино куртиктэй залуу дайраад байсан. Тэгэхээр тэнд байсан хүмүүс тэр залууг надаас салгаж холдуулсан. Би найзыгаа аваад хөл нь өвдөөд байна гэхээр нь Нэгдсэн эмнэлэг явсан....Манай найз ******* 2 хөл нь бааранд ороход анх зүгээр байсан гараад хүнд зодуулаад баруун хөл нь хөдөлж чадахгүй өвдөөд байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... нөгөө орилоод байсан залуутай хамт зууралдаад байсан. Эргээд харахад дээр нь гарсан байсан яг цохиж байгааг харсан зүйл байхгүй очоод Э салгаад авсан чинь ийн доор хэвтэж байсан залуу за болио хөгшөөн гэж хэлсэн. Тэгээд салгаж аваад бид гурав Од зочид буудалд орж амарсан байгаа өөр зүйл болоогүй. барьцалдаж аваад унагаасан юм чинь тийм болгосон байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манай найз очоод маргаад нөгөө залуутай хэрүүл хийгээд түрүүлээд 2-3 цохиод авсан. Нөгөө залуу нь босож ирээд цаашаагаа зууралдаад хамт унасан. Тэр үед би сайн хараагүй дээр нь байх үед би очиж салгасан. Би ийг аваад нөгөө залууг найз нь ирж аваад яваад өгсөн. Тэр үед нөгөө тэй зодолдсон залуу нь өвдөг өвдөг гээд орилоод босож ирж чадахгүй байсан. Би ийг холдуулаад тэр залуугийн найзтай нь хамт босгож баар луу оруулж өгсөн. Тэр залуу нэг хөл дээрээ гишгээд нөгөө хөл нь гишгэж болохгүй болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16/,

Сэжигтэн ******* ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “Би 2024 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Э, нартай Дарханы үйлчилгээнд байрлах Сатурн гэх нэртэй бааранд архи ууж байгаад гарч ирээд юм яриад зогсож байсан чинь шатан дээр нэг согтуу залуу янз бүрээр хараал хэлээд орилоод дуудаад байсан. Тэгэхээр нь би очоод зүгээр хэрүүл хийхгүй явчих андаа гэж хэлээд эргээд харсан чинь араас ална чамайг гээд орилоод байсан. Би тэгэхээр нь эргэж хараад нөгөө шатан дээр сууж байсан согтуу залууг тэвчээр алдаад алгадсан байгаа. Тэгтэл нөгөө залуу чинь босож ирээд надтай барьцалдаж аваад баарны хаалганы баруун тал руу хоёулаа унасан. Би дээр нь гараад цохих гэтэл газар цохиод авсан. Тэгтэл манай найз Э ирээд бид хоёрыг салгаж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,

 

Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 244 дугаартай “ ******* биед баруун өвдөгний үений урагдал, холбоосны урагдал, шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21-22/,

 

Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 53-57/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Иймд ******* ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Хохирогч : “...2,820,000 төгрөг авсан. Хөл бага багаар сайжирч байгаа учир цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү, ... сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу хамгийн багаар нь нэхэмжилнэ”,

 

Улсын яллагч: “...Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг бага хэмжээгээр нь тооцож 8,580,000  төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 6,089,250 төгрөг нийт 14,669,250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна” гэжээ.

 

Иргэний хуулийн 497, 505, 511 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хор болон сэтгэцэд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Мөн хуулийн 513.1 дахь хэсэгт зааснаар, бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.

 

Хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 6,089,250 төгрөгийн зардал гарсан болох нь Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 13/142 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 79/-ээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ******* ээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар 14,669,250 төгрөг гаргуулж, (сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлж, 660,000*13=8,580,000 төгрөг) хохирогч од 8,580,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 6,089,250 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь “...би дуудлагаар машин засдаг учир зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлбэл ажил хийж чадахгүй болно. Хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Жарнууд овогт Төмөрбаатарын ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******эд 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* эд оногдуулсан 750,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2, 511 дүгээр зүйлийн 511.3, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 14,669,250 төгрөг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын , тоотод оршин суух ,-д 8,580,000 төгрөг, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс /, утас: 70377505, 100900020080 тоот данс /-т 6,089,250 төгрөг тус тус олгосугай.

 

5. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД