Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 08

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй,  аймгийн 

иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 

иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Нэхэмжлэгч Б.Баярмаа

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэхүү нар оролцов. 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг  эс зөвшөөрч, хариуцагч байгууллагыг төлөөлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбатын давж заалдах гомдлоор нэхэмжлэгч Б.Баярмаагийн “Өмгөөллийн хөлс 2000000 төгрөг гаргуулах тухай” аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох иргэний хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзахгүй, эвлэрэхгүй. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Аззаяа нь 2017.06.08-ны өдөр Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын А/06 тоот захирамжаар А.Лхагва-Очирын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт, 2017.06.23-ны өдрийн № А/10 тоот захирамжаар Ц.Нямжавын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тус тус итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож уг хэргүүдэд намайг өмгөөлөгчөөр авч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан ажиллуулсан боловч өмгөөллийн хөлсийг төлөөгүй тул гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагыг төлөөлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэхгүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шийдвэрээр Н.Аззаяаг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, хуралдаанд оролцуулах эрх олгосноос биш өмгөөлөгч авч оролцох эрх олгоогүй. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд 500000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдрөөс олгоно гэж тохиролцсон боловч олгогдоогүй өдий хүрсэн, төрийн байгууллага өмгөөллийн хөлсөнд төлөх төсөв байдаггүйгээс гадна өмгөөлөгч авах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Схбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 249 дүгээр шийдвэрт: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баярмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Б.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас улсын тэмдэгтийн хураамж 46 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Баярмаад олгохоор тус тус  шийдвэрлэжээ. 

Хариуцагч байгууллагыг төлөөлж, дарга Б.Мөнхбат давж заалдах гомдолдоо: Хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Н.Аззаяа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай ярилцаж шийдвэрлэсэн асуудлаар өөрөө мэдэн өмгөөлөгч авч оролцсон. Н.Аззаяа  нь хэргийн нөхцөл байдал, үйл явцын талаар мэдээлэл өгч, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа тухайн цаг үед нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад утсаар ярьж илэрхийлж байсан боловч хэргийн хариуцагч тал болох миний зүгээс эс зөвшөөрсөн хариултыг өгч байсан. Гэтэл шүүхээс хэрэг хянан шийдвэрлэсний дараа өмгөөлөгч авсан талаараа мэдэгдэж, үнэ хөлсний асуудал яригдсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсөвт өмгөөлөгчтэй холбоотой зардал тусгагдаагүй, цаашлаад хувиасаа төлөх боломжгүйг хэлж байсан. Миний зүгээс энэ асуудлыг зөвшөөрч байсан бол хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг өөрөө байгуулах, гэрээний 1.3-д заасны дагуу гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 500000 төгрөгийг өмгөөлөгчийн дансанд шилжүүлэх үүргээ биелүүлэх байсан. Энэхүү байдлаас харахад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь энэ асуудлыг зөвшөөрөхгүй нь илэрхий нотолгоотой харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

         Анхан шатны шүүх  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хоорондын маргааныг Иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад нийцүүлэн шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

         Нэхэмжлэгч Б.Баярмаа нь “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гэрээгээр хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 2000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд ирүүлснийг хариуцагч байгууллага итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аззаяад өмгөөлөгч авах эрх олгоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

          Хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга  Б.Мөнхбат итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Аззаяаг 2017 оны 06 сарын 08-ны өдрийн А/06 дугаартай захирамжаар “иргэн А.Лхагва-Очирын ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилдаа эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт, мөн 2017 оны 06 сарын 23-ны өдрийн А/10 дугаартай захирамжаар “иргэн Ц.Нямжавын ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт тус тус    томилсон ба хариуцагчийн Н.Аззаяад шүүхэд төлөөлөх бүрэн эрх олгосон итгэмжлэл нь  Иргэний  хуулийн  64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан 

байна.

           Захирамжийн 2 дахь заалтад итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21, 28, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж оролцохыг зөвшөөрчээ.

          Хэргийн оролцогч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.7-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.8-д тус тус хуульд заасан бусад эрх эдлэхийг заажээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнх 30 дугаар зүйлд зааснаар “хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрийнх нь гаргасан хүсэлт болон тэдний хооронд байгуулсан гэрээгээр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно” гэснийг дээрх хуулиудын “хуульд заасан бусад эрх” гэдэгт хамааруулан ойлгохоор хуульчилжээ.

         Дээр дурдсан хуулиудын холбогдох зүйл болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аззаяаг томилсон захирамж буюу итгэмжлэлээс үзэхэд түүний эрх зүйн туслалцаа авах эрхийг нь хязгаарлаагүй байна.  

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 249 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Хоёр.  Улсын   тэмдэгтийн   хураамжийн   тухай   хуулийн   41   дүгээр   зүйлийн   

        41.1.3-т  зааснаар  Сүхбаатар  аймгийн   иргэдийн   Төлөөлөгчдийн  Хурал  нь  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        О.БААТАРСҮХ

                                               ШҮҮГЧИД                      С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                      Д.БАЙГАЛМАА