| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 186/2020/0203/Э |
| Дугаар | 834 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 834
2020 6 25 2020/ДШМ/834
О.-Н-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Анармөнх,
шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч П.Д,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/234 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Анармөнхийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 26 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр О.Нд холбогдох эрүүгийн 1911015871070 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн О-ын Н, ........... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 50 дугаар гудамжны 9 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............../;
О.Н нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Мтай “эгч О.Бг өмөөрлөө” гэх шалтгааны улмаас маргалдан үснээс нь зулгаах, толгойн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
мөн П.Мын газар унасан байсан “Samsung A7” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: О.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилсан мэдэгдэхийг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлж, О.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Г.Анармөнх тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Н нь хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байхад түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахдаа “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэж гэм буруугийн хэлбэрийг тусгасан. Гэтэл шүүх шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “...санаатай...” гэсэн үгийг орхигдуулсан байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...:Миний согтолтын зэрэг өндөр байсан учраас би сайн санахгүй байна. Би гар утсыг нь авч явж байгаад таксинд унагаасан юм шиг байна лээ” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
О.Н нь 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Мтай “эгч О.Бг өмөөрлөө” гэх шалтгааны улмаас маргалдан үснээс нь зулгаах, толгойн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч П.Мын “...О.Н эгчийгээ та хэвтвэл хэвтээч, нэг бол ингэж амьд байхаар үхвэл үхээч гэхээр нь Нд хандаж чи эгчийгээ ингэж болохгүй, муу ч гэсэн чиний эгч юм байгаа биздээ гэтэл шууд ирээд миний үснээс зулгаагаад чамд ямар хамаатай юм бэ гээд орон дээр дарж унагаад шалан дээр үснээс зулгааж чирээд нүүр ам маажиж, толгой руу цохиж байгаад гэрээсээ зугтаад гүйчихээр нь ...араас нь гүйж очоод автобусны буудал дээр бариад авахад миний үснээс дахиад зулгаагаад газар унагасан. Газар унахдаа өмдний баруун талын халаасанд байсан Самсунг А-7 маркийн бор шаргал өнгийн 2 симтэй гар утас маань халааснаас уначихсан. Тэгтэл утсыг маань шүүрч аваад зугтаачихсан. ...” /хх 14-15/,
гэрч О.Бгийн “...манай дүү О.Н нь намайг хэл амаар доромжилж байгаад та наадах гар, хөлөө хөдөлгөөч. Нэг бол хэвтрийн бай, эсвэл үхэж далд орооч гээд загнаад байсан. ...хажуунаас нь хамт орж ирсэн З гэгч нь чи яаж байгаа юм бэ, болиочээ, өвчтэй хүнийг болохгүй шүү дээ гэтэл Зг шууд зодоод эхэлсэн. Нүүр, ам руу нь гараараа цохисон. ...” /хх 25-26 /,
шүүх хуралдаанд шүүгдэгч О.Нгийн өгсөн “...ухаан ороод П.Мтай үсдэлцээд унасан байх шиг байсан, босч ирээд харсан чинь Мын хацарнаас цус гарч байсан ба М над руу уурлаад чи намайг ийм болгочихлоо гэж байсан, тэгээд тэрнээс хойш юу болсон талаар ерөөсөө санахгүй байгаа бөгөөд бас нэг хальт ухаан орох үед М нь цагдаа гээд орилж байх шиг байсан. Тэгэхэд би цагдаад баригдчихгүй юм сан л гэж дотроо бодож байсан. Тэгээд утсаар яриулахгүй гэж булааж авч байсан. Тэгээд л зугтаачихсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. ...түүний гар утсыг нь согтуудаа авч яваад алга болгочихсон юм шиг байна лээ, тэгээд утасны мөнгө болох 200,000 төгрөгийг өгсөн байгаа. ...согтуудаа л Мыг цагдаа дуудаад намайг бариад өгчих вий гэж айгаад л утсаар яриулахгүйн тулд утсыг нь аваад явчихсан юм. Тэрнээс өөрөөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. ...би түүний гар утсыг ямар нэгэн шунахайн сэдэлтээр ашиг хонжоо харж, түүнийг хохироох зорилгоор аваагүй. Цагдаа дуудна гээд байхаар нь л айсандаа аваад явсан согтуу хүний мунхаг үйлдэл байсан. Энэ үйлдэлдээ гэмшиж байна.” /хх 78-81/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6572 дугаартай “1. П.Мын биед дух, шанаа, бугалга, хамар, эрүү, шанаа, тохой, шуунд цус хуралт, уруулд шарх, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” /хх 30/ гэсэн дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байх ба шүүгдэгч О.Нг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь хэргийн байдалтай нийцжээ.
Шүүгдэгч О.Нгийн хохирогч П.Мын үснээс нь зулгааж, толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.Нг П.Мын газар унасан байсан Самсунг А-7 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд ирүүлснийг анхан шатны шүүх 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь, дээрэмдэх гэмт хэргийн субъектив тал нь шунахай сэдэлттэй бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авах зорилгоор илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг.
Шүүгдэгч О.Нгийн “...түүний гар утсыг согтуудаа авч яваад алга болгочихсон юм шиг байна лээ. ... согтуудаа М намайг цагдаа дуудаад өгчих вий гэж айгаад л утсаар яриулахгүйн тулд утсыг нь аваад явчихсан юм. Тэрнээс өөрөөр ямар нэгэн санаа зорилго байгаагүй. ...” /хх 37-38/ гэсэн, хохирогч П.Мын “...намайг цагдаа дуудна гэж хэлсэн болохоор цагдаад баригдах байх гэж айгаад л миний утсыг авсан байх. Бид биенээ сайн мэддэг учраас Н нь тийм хүн биш юм...”/хх 19/ гэх мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд, шүүгдэгч О.Нгийн П.Мын газар унасан байсан Самсунг А-7 загварын гар утсыг авсан үйлдэлд уг утсыг өөрийн болгох санаа, зорилго, захиран зарцуулах шунахайн сэдэлт тогтоогдохгүй байх бөгөөд түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрмийн гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна.
Иймд шүүгдэгч О.Нд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Түүнчлэн прокурорын давж заалдах шатны шүүхэд “...О.Н нь хоёр гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байхад түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр бичсэн эсэргүүцэл нь үндэслэлтэй байх боловч шүүгдэгч О.Нд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг дээр дурьдсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх нөхцөл байдал үүсэхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 , 2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ