Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч Р.Мөнхөө, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Гончиг овогт Равдандоржийн Мөнхөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725010009 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Гончиг овогт Равдандоржийн Мөнхөө, 1963 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Төв аймагт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 14-23 тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, УА63120513 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Р.Мөнхөө нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 034 дүгээр худгаас ус авч байсан иргэн Ж.Хүслэнчимэгтэй маргалдаж улмаар гарыг нь мушгиснаас биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Ж.Хүслэнчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13:55 цагийн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 034-р худаг дээр очиж ус авах гэхэд худаг ажиллуулдаг эмэгтэйгийн нөхөр нь бололтой хүн 14 цаг болж байна. Худаг хааж байна ус өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхэд усны хоолойгоо хураагаагүй байхаар нь би 14 цаг арай болоогүй байна, ус авъя гэхэд тэр эрэгтэй намайг тэнэг юм уу цаг мэддэггүй юм уу, өвчтэй юм уу, худаг хааж байна гэхэд нь ус түгээдэг эхнэр нь бололтой эмэгтэй усыг нь өгөөд явуул гэж хэлсэн. Тэгээд тэр эрэгтэй миний эхний саванд ус хийж өгч байхдаа мөн янз бүрээр хэлээд байхаар нь яагаад намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гээд усны хоолойг нь аваад би 2 дахь савандаа усаа хийж байхдаа худгийн эмэгтэйд энэ ямар учиртай хүн намайг хэл амаар доромжлоод байгаа юм бэ гэхэд миний нөхөр намайг машинтай ирж авч явах гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхэд би тэр эмэгтэйд нөхөр чинь гэхээр намайг хэл амаар доромжлох ёстой юм уу гэхэд тэр эрэгтэй намайг гичий чинь, жингэр минь дуугуй усаа аваад яв гэж хэлэхэд би усаа хийж дуусгаад усны хоолойгоо хураах гээд өндийхөд би халтираад хажжд зогсож байсан тэр эрэгтэйгийн хувцаснаас зуураад авахад тэр эрэгтэй миний энгэрээс 2 гараараа бас зуурсан. Улмаар намайг худгийн хана руу шахаж хувцаснаас тавь гээд байсан, Би тэгэхэд халтираад унах гээд байсан болохоор хувцаснаас нь тавихгүй зуураад байсан. Тэгэхэд тэр эрэгтэй миний зүүн гарын чигчий хуруу мушгиж, дараа нь ядам хуруу мушгиж тавиулах гэхэд нь би гар өвдөөд байна, хугарлаа гэхэд мушгихаа больсон, тэгэхэд мөн л тавихгүй харилцан зууралдсан хэвээр байсан. Тэгэхэд тэр худгаас 2 танихгүй эрэгтэй ирж ус авч байгаад намайг эгчээ болио гэхэд нь би энэ хүнийг тавьбал халтираад унах гээд байна салгаад өгөөч гэхэд нэг эрэгтэй нь ирж салгасан. Тэгээд миний гар өвдөөд байхаар нь худгийн эмэгтэйд танай байгууллагад гомдол гаргана гэхэд чи ямар юмандаа гомддог юм ус авчаад яваач гээд байсан. Тэгээд өөр зүйл болоогүй, гэр рүү очиж гар утсаа аваад эргээд ирэхэд худгаа хаагаад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх12-13/,

Гэрч Д.Болормаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгээд нэг мэдэхэд тэр эмэгтэй манай нөхрийн энгэрээс нь зуураад авчихсан, нөхөр маань газар уначихсан харагдсан. Надад учир зүггүй зодолдсон зүйл харагдаагүй болохоор ингээд удалгүй салчих байх гэж бодоод би худаг дотор хаах бэлтгэл хийгээд байж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-13/,

Гэрч Ш.Батнэргүй мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгэхэд би сандраад бага хүү Мөнхбаттай машинаас бууж очиход тэр эмэгтэй Мөнхөөг зуураад тавихгүй, Мөнхөө түүнийг тавиулах гээд дийлэхгүй байсан. Тэр үед би тэр эмэгтэйг татаад дийлэхгүй болохоор нь холдоод боль гээд байж байхад манай хүү Мөнхбат тэр хоёрыг салгасан санагдаж байна. Тэгээд тэр эмэгтэй хэл амаар доромжилж байгаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-16/,

Яллагдагч Р.Мөнхөө мэдүүлэхдээ: “...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 14:20 цагийн үед байх Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 034 дүгээр худаг дээр эхнэрээ авах гээд байж байхад нэг эмэгтэй ус аваад зогсож байсан. Тэгэхэд нь би тэр эмэгтэйд худаг хаах цаг болсон чи өвчтэй юм уу гэхэд тэр эмэгтэй уурлаад чи намайг өвчтэй гэж доромжилсон гээд хажууд нь зогсож байхад миний цээж рүү нэг гараараа түлхэж цохьсон. Би тэгэхэд халтираад газар унаад босоод ирэхэд тэр эмэгтэй миний энгэрээс зуураад тавихгүй байсан. Тавиулах гээд хойшлоход тавихгүй байсан, тэгэхэд зуураад байхаар нь зуурсан гарын дараад хойшоо тавиулах гээд татахад гар хөшөөд байна, хугарлаа гэхэд нь би болиход зуурсан гараа тавьсан. Улмаар тэр эмэгтэй салаад гар гэмтээсэн цагдаад хэлнэ гээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-27/,

 

Хохирогч Ж.Хүслэнчимэгийн хүсэлт /хх-6/, хохирогч Ж.Хүслэнчимэгийн мэдүүлэг /хх12-13/, гэрч Х.Мөнхбатын мэдүүлэг /хх-17/, гэрч Д.Болормаагийн мэдүүлэг /хх-13/, гэрч Х.Мөнхбаярын мэдүүлэг /хх-15/, гэрч Ш.Батнэргүйн мэдүүлэг /хх-16/, Р.Мөнхөөгийн ял шалгах хуудас /хх-31/, Р.Мөнхөөгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх34-35/, хэргийн материал танилцсан баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Р.Мөнхөө нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 034 дүгээр худгаас ус авч байсан иргэн Ж.Хүслэнчимэгтэй маргалдаж улмаар гарыг нь мушгиснаас биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Р.Мөнхөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Р.Мөнхөөг бусдын бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хохирогч Ж.Хүслэнчимэг нь шүүгдэгч Р.Мөнхөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Р.Мөнхөө нь үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг рентгэн зургийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гончиг овогт Равдандоржийн Мөнхөөг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.   Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Р.Мөнхөөг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Р.Мөнхөөд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

           4.  Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг рентгэн зургийг хэрэгт хавсаргаж, Р.Мөнхөө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Р.Мөнхөөд оногдуулсан  1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Мөнхөөг бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ШИНЭБАЯР