Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0407

 

 

  

      2022           05           30                                        128/ШШ2022/0407

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Д.Г,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А,

Хариуцагч: Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Т

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Д.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн Салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, төлөвлөлт хариуцсан шинжээч албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Д.Г нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Д.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн Салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, төлөвлөлт хариуцсан шинжээч албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах”-аар маргасан.

          2.Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн баталсантай холбогдуулан Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар тушаалаар бүх албан хаагчдыг буюу 97  албан хаагчийг чөлөөлж, 2020 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн А/135 дугаар тушаалаар дээрх 97 албан хаагчаас 71 албан хаагчийг шинэ бүтцийн дагуу буцааж томилсон.

Харин Д.Гийг уг тушаалаар буцаан томилоогүй бөгөөд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

          3.Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 01/642 дугаар албан бичгээр хариу өгсөн. Тус шүүхэд 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 6 нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчийн  2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 4781 дүгээр захирамжаар нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлтэй хэргийг тусгаарлан шийдвэрлэсэн.

          4.Нэхэмжлэгч Д.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            “Д.Г миний бие Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б215 дугаар тушаалаар тус яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газарт эрүүл мэндийн технелогийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн тушаалаар Бодлого төлөвлөлтийн газарт Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан шинжээчээр ажиллаж байсан.

            Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А130 дугаар тушаалаар миний бие албан тушаалаас чөлөөлөгдөж, Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А136 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хууль бусаар шилжсэн.

            Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын судалгаа төлөвлөлтийн хэлтсийн салбарын эрдэм шинжилгээ судалгаа төлөвлөлт хариуцсан шинжээчийн албан тушаалд томилогдох боломжтой. Уг албан тушаал сул байх ба хэн нэгэн томилогдоогүй байх тул уг албан тушаалд томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна.

            Энэхүү албан тушаалд ажиллах болзол шаардлагыг миний бие бүрэн хангаж байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрт тусгагдсан дүйцэх албан тушаалд томилох шаардлагад нийцэж байна. Мөн уг албан тушаалд томилуулахаар даалгахад хэн нэгэн этгээдийн эрх ашиг хөндөгдөж гуравдагч этгээдээр оролцох шаардлага байхгүй болно.” гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/136 тоот тушаалын Д.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулаад урьд эрхэлж байсантай дүйцэх албан тушаал буюу Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа төлөвлөлт хариуцсан шинжээчийн албан тушаалд томилуулах шаардлагыг шүүхэд гаргасан.

          Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 тоот тушаалаар Д.Гийг албан тушаалаас нь чөлөөлөөд Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/136 тоот тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хуулиар хамгаалагдсан эрхийг нь зөрчиж шилжүүлсэн. Үүнийг зөвшөөрөхгүй гэдгийг Д.Г өөрөө сонсох ажиллагаанд хэлсэн.

          Шүүхээр маргаан явж байх үед 2021 оны 8 дугаар сард Эрүүл мэндийн яамны 136 тоот бүтцийн өөрчлөлтийн шийдвэр гарсан. 231 тоот тогтоол гарч, Бодлого төлөвлөлтийн газар буцаж байгуулагдсан. Нэхэмжлэгч нь шүүхийн маргаан явж байх үед албан тушаалын сул болон түр томилгоотой холбоотой жагсаалтуудыг гаргуулсан. Энэ жагсаалт дотор сул орон тоо болох судалгаа төлөвлөлтийн хэлтэст салбарын эрдэм шинжилгээ, судалгаа төлөвлөлт хариуцсан шинжээч албан тушаал сул байгаа гэдгийг шүүхэд ирүүлсэн.

          Энэ албан тушаалд нэхэмжлэгч өөрөө хууль тогтоомжид нийцэж энэ ажил албан тушаалыг хаших боломжтой гэж үзэж байгаа. Албан тушаалын тодорхойлолтод заасан өөрийнх нь хийж байсан чиг үүрэгт шууд хамааралтай учраас үүн дээр томилогдох боломжтой, энэ албан тушаал сул байгаа. Хэн нэгэн этгээдийн эрх, ашгийг хөндөхгүй, үүн дээр томилогдсон этгээд байхгүй гэж үзэж байна. Энэ нь Эрүүл мэндийн яамнаас ирсэн албан бичгээр тогтоогдоно.

          2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр А/130 тоот тушаалаар Эрүүл мэндийн яамны нийт албан тушаалтнуудыг чөлөөлөөд буцааж томилохыг сул болон түр орон тоо хангалттай байсан, буцаагаад томилох боломжтой байсан. Төрийн албаны тухай хуулийн 27.1.2-т сул орон тоо байгаа нөхцөлд тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээс шууд томилох боломжтой.

          Дөнгөж сургууль төгссөн, төрийн албаны шалгалт өгөөгүй, шаардлага хангахгүй хүмүүсийг Эрүүл мэндийн яам маш ихээр томилсон болох нь төрийн албаны хяналт шалгалтаар гарч ирсэн нотлох баримт судлах явцад харагдана. Удаа дараагийн хяналт шалгалтаар хууль бус томилгоо хийсэн нь илэрч байгаа. Энэ хугацаанд төрийн жинхэнэ албан хаагч Д.Гийг буцаан томилох боломж байсаар байтал үүнийг өнөөдрийг хүртэл хийхгүй байгаа үйлдэл байна.

          Ийм учраас Эрүүл мэндийн яаманд байгаа сул орон тоо болох Бодлого, төлөвлөлтийн газрын судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа төлөвлөлт хариуцсан шинжээчийн албан тушаалд томилж өгнө үү.” гэв.

          6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэгчийн  хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан сонсголыг Төрийн нарийн бичгийн дарга хүн тус бүртэй уулзаж, зохион байгуулан бичлэг хийж баталгаажуулсан болно.

          Төрийн албаны тухай хуулийн 3.1.3-т заасан зарчмыг хангах зорилгоор шилжүүлэн ажиллуулсан Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаал нь мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасанд нийцсэн байна.

          2020 оны Засгийн газрын 155 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн яамны бүтцэд өөрчлөлт орж, тухайн үедээ Бодлого, төлөвлөлтийн газар татан буугдсан, газар, хэлтэс нь татан буугдаж тухайн үед Д.Гийн эрхэлж байсан албан тушаал байхгүй болсон. Бодлого, төлөвлөлтийн газар татан буугдсантай холбоотойгоор тус газар ажиллаж байсан албан хаагчдаа газрын даргыг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт шилжүүлсэн, бусад албан хаагчдыг нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн.

          Тухайн үед сонсох ажиллагааг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, хуулийн хэлтсийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн нар явуулсан. Сонсох ажиллагааг явуулахдаа албан хаагч нарт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ямар албан тушаалд томилогдож байгаа вэ гэдгийг сонсгож танилцуулаад сонсох ажиллагааг хийсэн. Сонсох ажиллагааг бичлэг байдлаар хийгээд гарын үсэг зуруулсан. Дараа нь Төрийн нарийн бичгийн дарга  дахиж хүмүүстэй тушаал гарахаас өмнө биечлэн уулзсан. Тухайн үедээ ямар нэгэн байдлаар албажуулж бичиж авсан тэмдэглэл байхгүй гэж хэлж байсан. Тушаал гаргасан нь 156 дугаар тушаалын дагуу албан хаагч нар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт биечилж очиж ажилласан. Эдгээр албан хаагч нарын хувьд ерөнхийдөө зөвшилцсөн гэдэг байр сууриар очиж ажилласан учраас буцааж ажиллуулах боломжгүй гэдэг байр сууриа Төрийн нарийн бичгийн дарга хэлсэн.

          Шилжиж ажилласан албан хаагчдын өөрсдийнх нь тайлбараас Төрийн нарийн бичгийн дарга хоёр удаа уулзсан.

          Шүүхийн шийдвэр эцэслэж гарсны дараагаар жишээлбэл энэ хүмүүс ажлын байрны тодорхойлолтод шаардлага хангасан тохиолдолд авъя гэдэг байр суурьтай байгаа. Эхнээсээ  ажилд нь буцааж авсан. Шүүхээс албан бичиг ирээд манайд 6 ажлын байрны сул орон тоо гэж албан бичиг хүргүүлсэн. Д.Гийн хувьд өмнө нь өөрөө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт газрын дарга байсан санагдаад байна, албан тушаалд томилогдоно гээд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга хоорондоо ярилцаж зөвшилцөөд тусгай шалгалтыг нь өгүүлээд үндсэндээ томилоод Авилгатай тэмцэх газраас бичгийг нь аваад тушаал нь гарч томилогдоод ажиллаж байсан.

          Гэтэл сүүлд шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр тогтоол гарч дахин зарлагдаж байгаа байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр салбарын эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан ахлах шинжээчээр томилогдох саналаа хүргүүлж байна.  

         Тэгэхээр энэ ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна уу гэдэг асуудал байгаа. Д.Г нь нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэй, хоол хүнс хариуцсан чиглэлтэй байгаа юм. Тэгэхээр салбарын эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан ахлах шинжээчийн ажлын байр гэсэн ажлын байрны шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байх гэж бодож байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Дараах үндэслэлээр Д.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Д.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн Салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, төлөвлөлт хариуцсан шинжээчийн албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Д.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд дүйцэх одоогоор сул байгаа Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн Салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, төлөвлөлт хариуцсан шинжээчийн албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах” болгон тодруулсан.

3.Д.Г нь Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/62 дугаар тушаалаар /1-р хавтасны 157 дахь тал/ Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч албан тушаалд томилогдож, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/130 дугаар /1-р хавтасны 54 дэх тал/ тушаалаар уг албан тушаалаас чөлөөлөгджээ.

4.Нэхэмжлэгчээс “...Б/135 дугаар тушаалаар миний ажиллаж байсан чиг үүргийн дагуу албан тушаал хадгалагдан үлдсэн байсан тул Эрүүл мэндийн яаманд үлдэн томилогдох боломжтой байсан...”,

“... намайг зөвшөөрөөгүй байхад миний зөвшөөрлийг авалгүйгээр шилжүүлсэн“ гэх үндэслэлээр маргасан.

5.Д.Гийн ажиллаж байсан Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар нь Засгийн газрын 2020 оны 10 дугаар 21-ний өдрийн 155 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/118 дугаар тушаалаар хэвээр үлдсэн,

Засгийн газрын 2021 оны 8 дугаар 04-ний өдрийн 231 дүгээр тогтоолын дагуу батлагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/130 дугаар тушаалаар Бодлого, төлөвлөлтийн газарт Д.Гийн эрхэлж байсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлт хариуцсан албан тушаалын чиг үүрэг нь Нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлтийн нэгдсэн удирдлага гэсэн нэрээр,

Мөн тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар Бодлого, төлөвлөлтийн газрын Стратеги, удирдлагын  хэлтэс гэсэн нэрээр тус тус шинэчлэн батлагдсан боловч Д.Гийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг Нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого төлөвлөлт хариуцсан  ахлах шинжээчийн ажлын байранд хадгалагдан үлдсэн байна.

6.Хариуцагчаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр явуулсан Сонсох ажиллагааны тэмдэглэлд /2-р хавтасны 34 дэх тал, 2-р хавтсанд хавсаргасан СД бичлэг/ Д.Гт Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/130 дугаар тушаал, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх тушаалын төслийг танилцуулсан байна. Уг сонсох ажиллагаанд Д.Г “...Хууль зөрчсөн шийдвэр байна...” гэж эс зөвшөөрсөн саналыг гаргасан.

7.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар Д.Гийн зөвшөөрөлгүйгээр,  түүнчлэн шилжүүлэн авч байгаа байгууллагын удирдлагатай харилцан тохиролцолгүйгээр түүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэл, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 04-ны өдрийн 01/06 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, Д.Г сонсох ажиллагаанд шилжин ажиллахыг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байхад түүнийг харгалзан үзэлгүйгээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хууль бус шийдвэр болжээ.

8.Д.Г Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар Тусламж, үйлчилгээний багц хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдож, /2-р хавтасны 113 дахь тал/ 2021 оны 6 дугаар сарын 25-ны А/105 дугаар тушаалаар ТЗ-7-5-д заасан ангилал, зэрэглэлд хамруулсан нь Д.Гийн Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч албан тушаалын ангилал зэрэглэл болон цалин хөлс буурсан нь тогтоогдож байна.

9.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно.”

Тайлбар: “Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно.” гэжээ.

10.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна.” гэж тус тус зохицуулсан.

11.Түүнчлэн маргаан бүхий актын Д.Гт холбогдох хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасныг зөрчсөн гэж үзлээ.

12.Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/141 дүгээр тушаалаар батлагдсан Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги, удирдлагын  хэлтсийн Нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч албан тушаалд Д.Гийн ажиллаж байсан Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч албан тушаалын чиг үүрэг хадгалагдсан боловч нэхэмжлэгчээс тус яаманд сул байгаа орон тоо /Эрүүл мэндийн яамны 2022 оны 5 дугаар сарын 11-ний  өдрийн 3/2266 дугаар албан бичгээр ирүүлсэн сул орон тооны судалгаа/ буюу түүний урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх албан тушаал болох Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн Салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, төлөвлөлт хариуцсан шинжээч албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

13.Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Д.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Гийн урьд эрхэлж байсан ажилд дүйцэх Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн Салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, төлөвлөлт хариуцсан шинжээч албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/136 дугаар тушаалын Д.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Д.Гийг Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн Салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, төлөвлөлт хариуцсан шинжээч албан тушаалд эгүүлэн томилохыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэл гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН