Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2021/01504

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 7 баг, Дэнж зүүн дэнж, 2 гудамж, 8 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүрэг, 3 хороо, 44б байр 403 тоотод оршин сууж байгаа гэх, рд:иб89030907, Заан овогт Батбаярын Цэвэлмаагийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Их тойруу гудамж, 32-р байр, 9 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 2 хороо, Хилл сайд 9 б байр, 32 тоотод оршин сууж байгаа гэх, рд:йр86031619, Тайж овогт Цогтбаярын Төгөлдөрт холбогдох,

 

эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Цэвэлмаа оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... миний бие 2019 оны 8 сард танилцаж өдийг хүртэл холбоотой байж санхүү болон бусад байдлаар байнга тусалж ирсэн. Бидний охин Ц.Алита 2020.9.17-ны өдөр төрсөн ба гэрчилгээ авах үед маргаантай байсан тул өөрөөрөө овоглосон. Охиноо төрөх үеэс өөр эмэгтэйтэй болсон ч тэр тухайгаа хэлээгүй давхар уулзаж байсан мөн баригдах үедээ өөрийн хүүхдээ үгүйсгэж байгаа тул цаашид амьдрах боломжгүй болсон. Иймд Ц.Төгөлдөрийг охин Ц.Алитагийн эцгээр тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү ...гэв.

 

            Хариуцагч Ц.Төгөлдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .... нэхэмжлэгчтэй 2019 оны намар надруу файсбүүкээр хүсэлт явуулж, тэрний найз байна гэснээр танилцаж байсан. Түүнээс хойш энгийн харилцаатай байсан ба тохиолдлын бэлгийн харьцаанд орсон юм. 2020 оны эхээр жирэмсэн гэдгээ хэлсэн ба дэмжихгүй байна гэдгээ илэрхийлсэн. Тэрээр хэлэхдээ “таны байр буурийг ойлголоо, би хүүхдээ өөрөөрөө овоглоно таниас юу ч хүсч шаардахгүй тэтгэлэг авахгүй хувийн амьдралд нөлөөлөхгүй өөрөө өсгөнө гэсэн. Түүнээс хойш хэд хэдэн удаа бэлгийн харьцаанд орох саналыг надад тавьж би татгалзсан. Цэвэлмаа хэлэхдээ та битгий ганцаараа байгаарай найз бүсгүйтэй болоорой халамжлуулаарай би охиноо жаахан томорхоор хүнтэй үерхэх бодолтой байгаа гэж байсан. Одоо миний хувьд найз бүсгүйтэй болсон ба гэр бүл хамтын амьдралд нухацтай хандах ёстой гэж үздэг. Багагүй хугацаанд харилцаатай байж таньж мэдэж дотноссоор саянаас албан ёсоор бусдад зарласан. Энэ цаг үед Цэвэлмаа нь миний найз бүсгүй болон ээж рүү миний хувийн чатуудыг ихээр явуулж охиныхоо зургийн хамт явуулж мөн сүрдүүлсэн өнгө аястай чат зурвасууд явуулсан. Би 2 жил  гарны өмнө осолд орж хөлөө хүнд бэртээж түүнээс хойш гэртээ суу ээж дүү найз нөхдийнхөө дэмээр өдий хүрч байна. Санхүүгийн бэрхшээлийн улмаас хойшилсоор 2020 оны 10 сарын сүүлээр хүнд хагалгаанд орсон. Үүнд Цэвэлмаа дэмжлэг үзүүлж байсанд баярлаж явдаг. Тулгуур эрхтэний гэмтэл хэзээ ч бүрэн эдгэдэггүй ба одоо ойр зуур явахдаа байнга өвддөг, хөлний хамгаалалт хэрэглэдэг. Ажил орлогогүй мөн хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдсан зэрэг нөхцөл байдалтай байгаа тул тэтгэлэг тогтоолгохоос харамсалтайгаар татгалзаж, тэтгэлэг авахгүй миний хувийн амьдралд халдахгүй гэж хэлж байсан амлалтандаа хүрэхийг хүсч байна. ....гэжээ.

 

 Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа хариуцагч Ц.Төгөлдөрт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Цэвэлмаа, хариуцагч Ц.Төгөлдөр нар нь 2019 оны 8 сард онд танилцсан, хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтын амьдралтай байгаагүй ч гэр бүлийн дотно харилцаатай байсан, тэдний дундаас 2020 оны 9 сарын 17-ны өдөр охин Ц.Алита төрсөн нь хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6, 13 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага буюу 2020 оны 09 сарын 17-ны өдөр төрсөн охин Ц.Алитагийн эцэг биш гэж маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээгүй байна.

 

Харин хариуцагч осолд орж хөлөө гэмтээсэн эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил орлогогүй, хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдсан үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг төлөхгүй талаар тайлбараа ирүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан эцэг эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй ба хариуцагч өөрийн тайлбар татгалзалтай холбоотой ямар нэг баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 26 дугаар зүйлийн 26.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 9 сарын 17-ны өдөр төрсөн охин Ц.Алитагийн эцэг Ц.Төгөлдөр мөн болохыг тогтоон, сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 37 865 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 9 сарын 17-ны өдөр төрсөн охин Ц.Алитагийн эцэг рд:йр86031619, Тайж овогт Цогтбаярын Төгөлдөр мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2020 оны 9 сарын 17-ны өдөр төрсөн охин Ц.Алитаг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Ц.Төгөлдөрөөр тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 37 865 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          

                      

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНТУУЛ