| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/00712/И |
| Дугаар | 102/ШШ2021/01501 |
| Огноо | 2021-06-08 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2021/01501
| 2021 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2021/01501 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 хороо, Зүүн наран 4 гудамж, 92 тоотод оршин суух хаягтай, рд:кю75032768, Тост бэйс овогт Санжаагийн ******* нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, 17 байр, 3 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 19 хороо, 64а байр 12 тоотод оршин суух хаягтай, рд:чи71010902, Боржигон овогт Цэдэвийн Дулмаад холбогдох,
засварын зардал 2 800 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, олох байсан түрээсийн орлого 1 333 400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дансран, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батболд нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* 2020 оны 04 сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хоро, 7 байр, 3 тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэхээр харилцан тохиролцсон. 2020 оны 05, 06, 07, 08 саруудад 2.000.000 төгрөгөөр тохиролцож, 1.000.000 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг засвартаа багтаахаар тохиролцсон боловч тухайн байрны засвар 1.000.000 төгрөгөөс илүү гарсан. 2020 оны 09 сарын 01-ний өдөр илүү гарсан зардлаа хасаж, тооцохоор харилцан зөвшилцсөн. 2020 оны 08 сарын 04-ний өдөр 0608 дугаартай түрээсийн гэрээний 3.8-т заасны дагуу засварын мөнгө 3.600.000 төгрөг болсон. 2020 оны 09 сараас эхлэн сар бүрийн түрээсээс 300.000 төгрөг хасаж тооцохоор тохиролцсон. Гэрээнд заасны дагуу 2020 оны 11 сарын 01-ний өдөр түрээсийн мөнгө 1.000.000 төгрөгийг ээжийн хамт өгсөн. Ц.Дулмаа нь хэл амаар доромжилж, дарамталж байсан тул цаашид түрээсийн гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй болсон. 2020 оны 11 сарын 20-ны өдөр Ц.Дулмаа болон дүүд хүлээлгэж өгсөн. Байрны бүх өрөөгөөр орж хүлээлгэж өгсөн. Одоо засварын үлдэгдэл мөнгө 2.800.000 төгрөгийг нэхэмжилж байна. 2.700.000 төгрөг нь засварын үлдэгдэл мөнгө, 100.000 төгрөг нь түрээсийн үлдэгдэл мөнгө гэж тооцож байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Ц.Дулмаа түрээслүүлэгчийн үүргээ биелүүлээгүй, хэл амаар доромжилж, зүй бус шаардлага тавьсан. Энэ нь гэрээг цуцлах, зогсоох үндэслэл болсон. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хэт хийсвэр зүйлүүд харагдах бөгөөд Ц.Дулмаа нь хувийн зүйгээс дарамталж, шахаж шаардаагүй бол түрээсийн гэрээгээ хэвийн үргэлжлүүлэх боломжтой байсан гэдгийг ойлгохгүй байна. Иргэний хуульд заасан дагуу чөлөөтэй үйл ажиллагаа явуулах эрхтэй Ц.Дулмаа нь өөрийн үйлдлээрээ түрээсийн үйл ажиллагаа явуулахад саад учруулсан, дарамталсан. Түрээсийн гэрээний 3.8-т 3.600.000 төгрөгийг засварын төлбөрт хүлээн зөвшөөрсөн зохицуулалт байгаа. Ц.Дулмаа нь өөрийн өмчлөлийн байранд засвар хийлгэчхээд, одоо мөнгө өгөхгүй гэх үйлдэл гаргаж байна. Гэрээнд заасан засварын мөнгө нь 3.600.000 төгрөг болсон. Урсгал зардлуудыг аав, ээж, дүү бид нар хөлс хүчээр шавхаж хийсэн. Энэ мөнгийг огт нэхэмжлээгүй бөгөөд Ц.Дулмаа нь үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж байгаад гомдолтой байна. Уг мөнгийг авахгүй түрээсэлж сууя гэсэн гуйсан. Ц.Дулмаа нь намайг болон миний эхнэр, 2 сартай хүүхдийн хамт өвлийн хүйтэнд хөөж гаргасан. Иргэний хуульд 6 сар хүртэл насны нялх хүүхэдтэй бол гэр, орон байрнаас нь гаргахыг хориглосон байдаг. 2020 оны 08 сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээний 4.5-т гэрээ байгуулснаас хойш гэрээний аль нэг тал хүлээсэн үүргийнхээ дийлэнх хэсгийг биелүүлж чадаагүй бодит нөхцөл бий болсон бол нөгөө тал гэрээнээсээ татгалзах эрхтэй гэж заасан байна. 2020 оны 11 сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Ковид-19 цар тахалтай байсан учир бүх нийтийн бэлэн байдал зарласан. Энэ хугацаанд ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Хариуцагч тал нь үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Ц.Дулмаагийн ашиглах боломжгүй байранд засвар хийж бид ашигласан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүйд тооцож өгнө үү... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .. Нэхэмжлэлдээ 4.600.000 төгрөгөөр засвар хийсэн мэтээр бичсэн байсан. Бодит байдал дээрээ хөрөнгийн үнэлгээний тайлангаар тухайн байранд 2.937.800 төгрөгийн засвар хийснийг тогтоосон байдаг. Тухайн үнийн дүнгээс хасаж тооцох төлбөр байдаг. 2020 оны 05, 06, 07, 08 саруудын түрээсийн төлбөрийн засварт үлдээсэн 1.000.000 төгрөгийг хасаж тооцно, 2020 оны 09, 10, 11 саруудын түрээсийн төлбөр 900.000 төгрөгийг хасаж тооцно. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд 2020 оны 12 сарын 300.000 төгрөгийг хасаж тооцуулна, хөрөнгийн үнэлгээний компанид зохих төлбөрийг төлж үнэлгээ төлбөр 200.000 төгрөгийг хасаж тооцно. Сүүлд хавтаст хэрэгт гаргаж өгсөн 11 сарын түрээсийн буцаалт 100.000 төгрөгийг хариуцагчийн зүгээс төлсөн. 437.800 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй байгаа. Сөрөг шаардлагын тухайд2020 оны 11 сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр 1.333.400 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд 0608 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдсан. Түрээсийн гэрээний 3.1-т гэрээний хугацааг 2020 оны 04 сарын 22-ны өдрөөс 2021 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл буюу 1 жил 4 сар, 8 хоног байхаар тохиролцсон. Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь 2020 оны 11 сарын 20-ны өдөр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орон сууцыг гэнэт орхиж явсан. Нэхэмжлэгч талаас байрыг хүлээлгэж өгч байгаатай холбоотой бичлэг байгаа гэсэн боловч уг бичлэг нь байхгүй юм байна. Ц.Дулмаа эрх бүхий байгууллагад хандаж, 2021 оны 01 сарын 01-ний өдөр худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөө Амарсанаа гэдэг хүнд түрээсэлсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй мөн хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан. Иймээс Ц.Дулмаа С.Дэлгэрмаагаас 2020 оны 11 сарын 20-ны өдрөөс 2021 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн төлбөр 1.333.400 төгрөгийг шаардах эрхтэй... гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа хариуцагч Ц.Дулмаад холбогдуулан түрээсийн гэрээний үүрэг 2 800 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч олох байсан орлого 1 333 400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа хариуцагч Ц.Дулмаагийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 14 хороо, 3 хороолол, 17 байр, 3 тоот хаягт байршилтай, 54.69 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-2205001685 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 04 сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ бичгээр байгуулан 2020 оны 05, 06, 07, 08 сарын хугацаанд түрээслэхээр тохирч, түрээсийн төлбөрт нийт 2000 000 төгрөг байхаар тохирч, 1000 000 төгрөгийг түрээслүүлэгч буюу хариуцагч Ц.Дулмаад бэлнээр хүлээлгэн өгч, 1000 000 төгрөгийг засварын зардалд тооцохоор тохирчээ. /хэргийн 21 дүгээр тал/
2020 оны 08 сарын 04-ны өдөр гэрээний талууд дахин түрээсийн гэрээ бичгээр байгуулан, гэрээний хугацаа 2020 оны 04 сарын 22-ны өдрөөс 2021 оны 09 сарын 01-ны өдөр хүртэл байхаар, түрээсийн төлбөрийг 2020 оны 09 сарын 01-ны өдрөөс эхлэн 1300 000 төгрөг байхаар тус тус тохирч, засварын явцад 3600 000 төгрөгийн илүү зардал гарсныг түрээсийн төлбөрөөс сар бүр 300 000 төгрөгийг хасаж тооцохоор харилцан тохиролцсон байна. /хэргийн 23-24 дүгээр тал/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болно.
Харин Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д зааснаар талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй болно.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Хөлслөгч буюу нэхэмжлэгч эд хөрөнгийг хүлээн авч ашиглаж байсан, мөн 2020 оны 09 сараас 11 сарын хугацааны хөлс 3000 000 төгрөгийг хөлслүүлэгч буюу хариуцагчид төлсөн, талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.
Хөлслөн авсан эд хөрөнгийг үйлчилгээний болон амьдрах зориулалтаар ашиглаж байсан, нэг өрөөнд нь нэхэмжлэгчийн хүү болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2 сартай хүүхэд, эхнэрийн хамт амьдарч байсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 2020 оны 11 сарын 14-ны өдөр гэрээнээс татгалзаж, 2020 оны 11 сарын 15-ны өдөр эд хөрөнгийг хөлслүүлэгчид хүлээлгэн өгсөн ба гэрээнээс татгалзах болсон үндэслэлээ ...нэхэмжлэгч хариуцагч нар нь нэг байгууллагад хамт ажилладаг байсан ба хариуцагч ажлын байранд бусдын хажууд нэхэмжлэгчийг хэл амаар доромжлох, дарамтлах байдлаар зүй бус харьцсан, байр суллаж өгөхийг удаа дараа шаардсан, эхнэр хүүхэдтэйгээ түр амьдрахаар тохиролцох гэсэн боловч зөвшөөрөөгүй улмаас 2 сартай хүүхдээ аваад өвлийн хүйтэнд нүүхээс өөр аргагүй байдалд орсон... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй хаяад явсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч эд хөрөнгийг 2020 оны 11 сарын 15-ны өдөр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байгаа, хариуцагч 2020 оны 11 сарын 20-ны өдрөөс эхлэн тухайн хөрөнгийг бусдад түрээслэн олох байсан орлогыг сөрөг нэхэмжлэлээр шаардаж байгаа нь тухайн үед нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсаныг хүлээн зөвшөөрч, гэрээ дуусгавар болсон, 2020 оны 11 сарын 20-ны өдрөөс хойш эд хөрөнгө хөлслүүлэгчийн өмчлөлд бодит байдлаар шилжсэн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх тул хөлслүүлэгч хөлсөлсөн эд хөрөнгөө биет байдлаар нь 2020 оны 11 сарын 20-ны өдөр буцаан авсан гэж үзэх үндэслэл болно. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
2020 оны 08 сарын 04-ны өдрийн нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан Түрээсийн гэрээний 3.7, 3.8-д эхний 4 сарын төлбөрөөс 1000 000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийн урсгал засварт зориулахаар тохиролцсон, засварыг түрээслэгч тал хариуцна, засварын явцад 3600 000 төгрөгийн илүү зардал гарсан бөгөөд үүнийг түрээсийн төлбөрөөс сар бүр 300 000 төгрөгөөр хасаж тооцохоор тохиролцов гэжээ. Энэ нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.2.5-д зааснаар хөлслөгч эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрлөөр засаж сайжруулсан, түүний зардал 3600 000 төгрөгийг гарсныг хөлслүүлэгч хөлслөгчийн төлөх сарын хөлс 1300 000 төгрөгөөс сар бүр 300 000 төгрөгийг хасаж тооцох байдлаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, ийнхүү тохиролцсны дагуу 2020 оны 09, 10, 11 сарын эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг буюу хөлс 3000 000 төгрөг төлснийг хариуцагч хүлээн авсан нь зохигчдын тайлбар баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулсан 2020 оны 08 сарын 04-ний өдрийн Түрээсийн гэрээний 3.8, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.2.5-д заасан үндэслэлтэй тул засварын зардал 2700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
11 сарын түрээсийн буцаалт гэх 100 000 төгрөгийг хариуцагч 2020 оны 12 сарын 18-ны өдөр төлсөн нь Хаан банкны орлогын мэдүүлэг баримтаар тогтоогдож байх тул хангах үндэслэлгүй.
Хариуцагч 2021 оны 01 сарын 18-ны өдрийн дугаар 053 Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгө оруулалт үнэлсэн тухай үнэлгээ баримтаар засварын зардлыг 2 937 800 төгрөг гэж маргаж байгаа ба дээрхи баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6-д заасан журмын дагуу бүрдүүлсэн, цуглуулсан баримт биш тул нотлох чадвараа алдсан баримт гэж үзснийг тайлбарлах нь зүйтэй.
2. Хариуцагчийн олох байсан түрээсийн орлого 1 333 400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...түрээслэгч 2020 оны 11 сарын 20-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүй, гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах нөхцөл байдал бий болоогүй байхад хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж урьдчилан мэдэгдэлгүй хөрөнгийг гэнэт орхиод явсан. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар 2020 оны 11 сарын 20-ны өдрөөс 2020 оны 12 сарын 01-ны өдөр хүртэлх 10 хоногийн 333 400 төгрөг, 2020 оны 12 сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 сарын 01-ны өдөр хүртэлх 1 сарын түрээсийн мөнгө олох байсан орлого 1 333 400 төгрөг нэхэмжилнэ... гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрч ... би өөрийн биеэр энэхүү мөнгийг авахгүй зөвхөн түрээслээд сууя гэж гуйхад хариуцагч намайг эхнэрийг 2 сартай хүүхэдтэй өвлийн хүйтэнд гаргасан, гэрээ цуцлах гол шалтгаан хариуцагчаас болсон, 0608 түрээсийн гэрээний 4.5-д гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага үндэслэл тайлбараа нотлох үүрэгтэй хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэгчийг гэрээ болон хуульд заасан ямар үүргээ зөрчсөн, гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал буюу нэхэмжлэгч буруутай болохыг нотлоогүй.
Тодруулбал талуудын хооронд байгуулсан 2020 оны 08 сарын 04-ны өдрийн Түрээсийн гэрээнээс нэг тал буюу нэхэмжлэгч татгалзах болсон шалтгааны хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй бөгөөд хариуцагч энэхүү татгалзалд нэхэмжлэгч буруутай болохыг мөн нотолж өөрийн сөрөг шаардлагын үндэслэлийг нотлоогүй, хэн аль нь энэ талаар шүүхэд нотлох баримт ирүүлээгүй тул шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, шударга ёсны зарчимд нийцүүлэн маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагчийн шаардах эрх нотлогдоогүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар олох байсан орлого 1 333 400 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 611 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 318 дугаар зүйлийн 318.5, 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.3, 289.2.5-д заасан үндэслэлтэй тул засварын зардал 2700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2-т зааснаар нэхэмжлэгч******* холбогдох олох байсан түрээсийн орлого 1 333 400 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.Дулмаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 750 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41 611 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 58 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ