| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/ШШ2020/01581 |
| Дугаар | 151/ШШ2021/00300 |
| Огноо | 2021-05-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 151/ШШ2021/00300
2021 05 13 151/ШШ2021/00300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Т-д нэхэмжлэлтэй,
Хариуцагч:М.Д-д холбогдох,
Зээлийн төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 5,076,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т, хариуцагч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Лхагвадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Тулгабаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Миний бие Б. Тулгабаатар нь М.Доржмааг 2017 оноос таних бөгөөд дотны танил. М.Доржмаа нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр надтай уулзаж ээжийн байшин дулааны шугам тавиулах гэсэн юм 4,000,000 төгрөгийг зээлээч гэсэн. Мөнгө зээлж авахдаа тодорхой хугацаа хэлээгүй бөгөөд удахгүй өгнө гэсэн. Би М.Доржмаагийн Хаан банкны 5731042295 дугаартай дансанд 4,000,000 төгрөг шилжүүлэн зээлсэн. Мөн өдөр өөрийн амьдарч байгаа байрны мөнгийг өгөх гэсэн юм 700,000 төгрөгийг мөн дансаар тус тус зээлж авсан. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр М.Доржмаа нь намайг унтаж байх хойгуур АТМ-аас 340,000 төгрөгийг надад хэлэлгүй дур мэдэн өөрийн хаан банкны данс руу шилжүүлсэн. Би зээл болон дур мэдэн миний данснаас авсан мөнгөний талаар М.Доржмаад хэлэхэд зээлсэн удахгүй өгнө, харин дураараа авсан мөнгөн дээр юм хэлээгүй. Би зээлсэн мөнгө болон бусад мөнгийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр уулзаж болон утсаар хэлэхэд чаддаг юм бол шүүхэд өгөөд аваарай гэсэн. Иймд М.Доржмаагаас 5,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Доржмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Нэхэмжлэгч Б.Тулгабаатарын нэхэмжлэлд хариуцагч М.Доржмаа би доорх хариу тайлбарыг гаргаж байна Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад нэхэмжлэгч надад нийт 5,000,000 төгрөг зээлсэн, хариуцагч 2017 оноос хойш танил дотно тул бичсэнийг гайхаж байна. М.Доржмаа би Б.Тулгабаатартай 2017 онд танилцан 2017 оны 07 дугаар сараас манай аавынд хамт амьдрах болсон. 2017 оны 09 дүгээр сард хулгайн хэргээр 1 жилээр ял авч хоригдсон. Би тухайн үед гурван сартай жирэмсэн хоцорсон. Тэгээд хүү Азжаргал 2018 оны 03 дугаар сард төрсөн. Б.Тулгабаатартай гэрлэлтээ батлуулаагүй, хорих ангид ял эдэлж байсан учир төрсөн хүүхдийг нь өөрийнх нь нэрээр овоглож чадаагүй. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шоронгоос гарч ирж бид хоёр манай аавынд хамтран амьдарсан. 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б.Тулгабаатарын хоёр дахь хүүхэд буюу охин Долгор төрж ааваар овоглосон. Б.Тулгабаатарын надад зээлсэн гээд байгаа 5,000,000 төгрөгийн хувьд дараах тайлбарыг өгье. Үүнд: 1. Шоронгоос суллагдаад ажилгүй манай аавынд 2018 оны 11 дүгээр сар хүртэл хамт амьдарч байсан. Би хамаатнууддаа шоронд байгааг нь хэлээгүй, уурхайд ажиллаж байгаа гэж хэлдэг байсан. Энэ байдлыг Б.Тулгабаатарын талынх нь ч мэддэг байсан болохоор Энхтайвангийн 10-19 тоот дахь хашаа байшинг барьцаанд тавиад автомашин авч таксинд явж амьдралаа залгуул, зараад эсвэл засварлаад амьдар гэж өгсөн. Гэхдээ энэ хашаа байшинг миний нэр дээр шилжүүлж өгсөн. Уг хашаа байшинг барьцаанд тавиад, машин авч Б.Тулгабаатар таксинд явж амьдралаа залгуулах гэтэл хүн амьдардаггүй хашаа байшинг зээлийн барьцаанд аваагүй тул Б.Тулгабаатарыг гуйсны дагуу би өөрийн ээж Г.Наранцэцэгтэй зөвлөлдөн Зуунмод сумын 6 дугаар багийн Энхтайвангийн 3-2 тоот хашаа байшинг барьцаалан “Төв хөгжил” ББСБ-аас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 8,633,274 төгрөг эзэлж 3,100,000 төгрөгөөр prius 20 маркын 1351УБҮ улсын дугаартай автомашин 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр худалдан авсан. Уг машиныг Б.Тулгабаатар унаж байсан боловч миний бэр дүү Ц.Нямсүрэнгийн нэр дээрх түүний эзэмшлийн автомашин. Б.Тулгабаатар Улаанбаатарт таксинд явж амьдралаа залгуулах гэж төлөвлөсөн байсан тул Улаанбаатарын дугаартай автомашин авах шаардлагатай байсан.
Б.Тулгабаатар өмнө нь Хас банкинд их хэмжээний зээл авсан ч тэрийгээ төлөөгүй хугацаа хэтэрсэн тул банк хураагаад авна гэдэг үндэслэлээр манай бэр дүү Ц.Нямсүрэнгийн нэр дээр авсан. Уг авто машиныг Б.Тулгабаатар унаж, таксинд 2018 оны 12 дугаар сараас явж эхэлсэн. Энэ хугацаанд архи ууж, авто машинаа эвдэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, халтиргаа гулгаатай үед хурдаа тохируулж явахгүй зам тээврийн осол удаа дараа гаргаж олсон хэдэн төгрөгөө автомашинаа засварлах, өмнөх өдрийн уусан архи гараагүй гэдэг шалтгаанаар гэртээ өнждөг байсан. Эдгээр нь prius 20 маркын 1351УГҮ улсын дугаартай автомашиныг 2018 оны 11 дүгээр сараас 2020 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд унаж байх үеийн торгууль даатгалын нөхөн төлбөр зэрэг баримтаар зарим нэг хэсэг нь нотлогдох болно. 2020 оны 07 дугаар сард 5,600,000 төгрөгөөр зарахад өөрийнхөө данс Хаан банк /5429113149/-даа мөнгөө авч торгууль, татвар гэх мэт зүйлээ төлөөд миний дансанд 5,170,000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдөртөө миний дансанд байсан мөнгөтэй нийлүүлэн 5,250,000 төгрөгийг “Төв хөгжил” ББСБ-руу шилжүүлсэн. Миний ээжийн нэр дээр авсан зээлээр авсан автомашинаа зараад зарсан зээл рүү нь төлсөн боловч үлдэгдэл 2,930,000 төгрөгийг ээжид бид 2 төлөх ёстой байтал төлж чадаагүй. Дээр нь нэмж 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Төв хөгжил” ББСБ-аас орон сууц авахаар 7,010,000 төгрөгийг нэмж нийт 9,940,000 төгрөгийг ээжийн нэр дээр зээлж үүнийг Б.Тулгабаатар төлөхөөр харин би цалингийнхаа зээлийг дарж дахин цалингийн зээл авч байрныхаа мөнгийг төлөхөөр тохиролцсон байсан. Б.Тулгабаатар дээрх 9,940,000 төгрөгийг төлөхгүй, хүү төлөхөд хайхрамжгүй ханддаг байсан. Хүү болон үндсэн зээлээс миний бие мөн ээж, ааваасаа мөнгө авч төлдөг байсан...
... Нэхэмжлэгч Б.Тулгабаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би дээрх мөнгийг зээлж аваагүй. Хоёул хамтран амьдарч байх хугацаандаа хэрэглэж авсан зээлэнд төлсөн. Хэлэлгүй авсан гээд байгаа 340,000 төгрөгөнд миний 100,000 төгрөг, гомдол гаргуулж байж Монре даатгалаас нэмж орсон 79,991 төгрөг байсан. Мөн өөрөө байнга согтуу гэр орондоо байхгүй байсан учир өөрийн хоёр хүүхдийг өлсгөж цангаахгүйн тул хэрэглэж зарцуулсан. Мөн надад тухайн үед Хаан банкны карт байгаагүй. Манайд 2 жил амьдрах хугацаандаа тогтсон ажил орлогогүй байсан. Энэ хүнийг манай ээж, аав, би тэжээн тэтгэж байсан. Надаас мөнгө нэхэмжлэх эрхгүй. Харин 2 хүүхдээ тэжээн тэтгэж хооллож хувцаслах, орон байраар хангах үүрэгтэй байж хоёр бага насны хүүхдүүдээ тэтгэж байгаа хүндээ мөнгө зээлсэн гэж нэхэмжилж байгааг гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч М.Доржмаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Б.Тулгабаатар нь М.Доржмаа миний нэр дээрх Зуунмод сумын 10-19 тоот хашаа байшинг зараад мөнгийг нь өгчихнө гэсээр байгаад хамт амьдарч байхдаа 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17,000,000 төгрөгийг миний ээжийн төрсөн дүү Гэрэлтуяагаас зээлж 10,000,000 төгрөгийг байрны эзэнд шилжүүлж, үлдсэн 7,000,000 төгрөгийг байр засварлах материалын зардал хөлс, хоол хүнс тог цахилгаан өвлийн идэш зэрэгт зарцуулсан. Төв амгийн 5 дугаар баг 20.3.39 тоот арктай 1 өрөө байрыг худалдан авсан. Энэ өдрөөс эхлэн Б.Тулгабаатар таксинд явах болон өөр ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй. Би мөн төрөөд 7 хонож ажилгүй байсан. Энэ засуулсан тав тухтай байранд нэхэмжлэгч Б.Тулгабаатар нь 10 сар амьдарч хооллож байсан ба одоо ч цаашид түүний үр хүүхэд нь үргэлжлүүлэн амьдарна. Энэ зээлийг авсан цагаасаа хойш би төлж байгаа ба одоо 10,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд дээрх цуг амьдарч байх хугацаандаа зарцуулсан 7,000,000 төгрөгийн тал мөнгө болох 3,500,000 төгрөгийг би Б.Тулгабаатараас авахаар буцаан нэхэмжилж байна. Энэ мөнгийг дээрх хугацаанд зарж үрсэн гэдэг нь миний Хаан банкны 5731042295 тоот данснаас гарсан зарлагаас харагдах болно. Б.Тулгабаатар удаа дараа автомашинаа согтуугаар жолоодож цаашид засаж унах шаардлага гарсан тул Г.Гэрэлтуяагаас 600,000 төгрөг 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зээлж дээрх автомашиныг засварласан. Уг зээлийг би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр цалин буухаар төлсөн. Энэ нь миний дансны хуулгаар авсан өгсөн нь нотлогдоно. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр дивизийн 20-3-39 тоотод буюу гэртээ 10 сар хүрээгүй хүүхдээ харж байхдаа найзтайгаа архидан согтуурч, тэр байдлаа хүлээн зөвшөөрөхгүй хэрүүл маргаан гаргаж 2 нас 6 сартай хүүхдээ цохиж цагдаад баригдахдаа 2 удаа цагдаагаас зугтах үедээ гэрээс миний ээмэг, бөгжийг авч явж Амар дэлгүүрт архи, тамхи, 20,000 төгрөг зээлэн түүнийхээ барьцаанд тавьж, эрүүлжүүлэхээс гарсаны маргааш нь дараа очин эхнэр гадаа байна, ломбарданд тавиад танай зээлийг даръя гэж хэлж аваад зээлээ төлөөгүй, “Баяжмал Ирээдүй” ХХК-д 560,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж архидан согтуураад одоо хүртэл авч өгөөгүй байна. Баримтыг хавсаргав. Иймд ээмэг бөгжний үнэ болох 976,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 5,076,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Тулгабаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
“Б.Тулгабаатар миний бие нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. 1. М.Доржмаагийн төрсөн ээжийн дүү болох Гэрэлтуяагаас зээлсэн 17,000,000 төгрөгийн 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Гэрэлтуяа, Доржмаа хоёрын дунд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд би Гэрэлтуяагаас ямар нэгэн байдлаар зээл аваагүй. М.Доржмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд 7,000,000 төгрөгийг байр засварлах, хоол хүнс тог цахилгаан зэрэгт зарцуулсан гэдэг. Уг 7,000,000 төгрөгийг М.Доржмаа одоо өөрийн амьдарч байгаа байрандаа засвар хийсэн. Харин хоол хүнсэнд зарцуулсан гэдэг нь утгагүй, ойлгомжгүй шаардлага гаргасан гэж үзэж байна. Би М.Доржмаагаас ямар нэгэн байдлаар 3,500,000 төгрөгийг аваагүй бөгөөд өөртөө зарцуулсан мөнгийг надаас нэхэмжлэх нь утгагүй.
Машины засварын мөнгө 600,000 төгрөгийг би өөрөө Улаанбаатар хотод машиныг засаж, 2020 онд зарсан асуудал байгаа. Тухай машинд 600,000 төгрөгийн засвар хийгээгүй. М.Доржмаа миний данс руу машин засварт 600,000 төгрөгийг шилжүүлээгүй.
Ээмэг бөгжний тухайд энэ ээмэг бөгжийг 2019 онд Улаанбаатар хотоос авч М.Доржмаад бэлэглэж байсан. Миний шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар М.Доржмаа нь 2020 оны 09 дүгээр сард унтаж байхад миний Хаан банкны картыг авч яван өөрийн данс руу мөнгө шилжүүлэн авснаас би мөнгөгүй болж Улаанбаатар хот руу явах ажлын шаардлагаар өөрийн авч өгсөн ээмэг бөгжийг барьцаанд тавьж зардалд зарцуулсан. Иймд М.Доржмаагийн гаргасан 5,076,000 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Тулгабаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2020 оны 09 дүгээр сарын дундуур байх. Нэлээн хугацаа өнгөрсөн болохоор он сарыг нь сайн санахгүй байна. Миний УБУ5384 гэсэн улсын дугаартай “Приус-20” маркийн автомашиныг М.Доржмаа бид хоёр хамт явж “Да хүрээ” зах дээр хамт очиж зарсан. Авсан хүн маань 6,500,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байгаа. Түүнээс хойш 2020 оны 09 дүгээр сарын дундуур 4,000,000 төгрөгийг Энхтайвангийн 3-2-т амьдрах аав, ээжийнхээ хашаанд дулааны шугам тавина гэж надаас зээлж авсан. Миний үлдсэн 240,000 төгрөгийн намайг унтаж байхад миний зөвшөөрөлгүй М.Доржмаа карт авч яваад авсан байсан. Авсан мөнгөнийх нь баримтуудыг Хаан банкны дансны хуулгаар нотолж гаргах хүсэлтийг шүүхэд гаргасан байгаа. Өөртэй нь яриад хэлэхээр энэ хүн надад угаасаа өгөхгүй учраас шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ мөнгөө авмаар байна гэхэд чаддаг юм бол шүүхээр яваад ав гэсэн. Тэгээд би шүүхэд хандаж хаан банкны дансны хуулганы баримтын дагуу өгсөн байгаа. Яриа хэлэлцээр хийж чи тэдэн төгрөг өгсөн, би тэдэн төгрөг өгсөн гэсэн зүйл бол байхгүй байгаа. 5,000,000 төгрөг нэхэмжилж байгаа.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд М.Доржмаа 17,000,000 төгрөг Гэрэлтуяагаас авсан гэж ярьж байна. Гэрэлтуяа гэдэг хүнээс М.Доржмаа, Гэрэлтуяа хоёрын хооронд ярьсан гэрээ хэлцэл нь ямар байдаг юм. Энэ хоёрын хооронд яригдаж өөрсдийнх нь авсан мөнгө байж байгаагаас биш би Гэрэлтуяагаас мөнгө авсан, зээлсэн тийм зүйл байхгүй байгаа. 1351УБҮ гэсэн машиныг засварлах мөнгийг яриад байгаа. Ямар техник эд анги нь эвдрээд хэдэн төгрөгийн засварын мөнгө гараад, тэр нь тогтоогдсон баримт байгаа эсэх нь тодорхойгүй. Өнөөдөр 1351УБҮ гэдэг машин зарагдсан байхгүй машины үнэ төлбөрийг нэхэж байгаа ямар ч утгагүй ойлгомжгүй байна. Дээр нь хамт амьдарч байхад хооллож ундалж байсан гэх мэтчилэн иймэрхүү утгагүй ямар ч холбогдолгүй хамааралгүй зүйл ярьж байгаад гайхаж байна. Надад ямар ч хамааралгүй зүйлсийг нэхэж байна. Энд ямар ч үндэслэл байхгүй. Ээмэг бөгжний тухайд бид хоёр хамт байж байхад миний данснаас бүх мөнгийг шавхаж аваад намайг хамт амьдарч байгаа гэрээсээ хөөж гаргачхаад автобусны мөнгө ч өгөх сэтгэлгүй хүн. Тэгээд би чамаас мөнгө аваагүй би өөрөө авсан гээд бүх юмыг нь ярьж байна. Би ямар ч зардалгүй болоод ломбардад тавьсан нь үнэн. Гэхдээ би чамаас аваад хулгайлаад аваад явчихсан юм шиг ярьдаг. Тэр үед нь байцаагч хулгайлаад аваад явчихсан байна гэвэл хулгайлаад аваад явчихсан байна гэж ярих байсан. Хамгийн сүүлд нь чи ийм зүйлийг сөхөж байгаа ч тухайн үед үүнийг яриагүй. Ерөөсөө энэ дээр ямар ч ач холбогдол байхгүй” гэв.
Хариуцагч М.Доржмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2020 оны 09 дүгээр сарын дундуур машинаа зараад 6,100,000 төгрөг Б.Тулгабаатарын дансанд орж ирсэн. 400,000 төгрөгийг жолооны эрхээ хасуулсан гээд торгуульд төлсөн. 4,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Миний данс руу шилжүүлэхдээ өмнөх 1351УБҮ гэсэн автомашиныг худалдаж авсан өр зээлээ дарж дуусаагүй байсан. Өр зээлээ дарах зорилгоор миний ээжийн нэр дээр байгаа хашаа байшинг барьцаалж авсан машиныхаа үлдэгдэл зээлийг дарах зорилгоор энэ мөнгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг шилжүүлэхдээ 3,000,000 төгрөгийг та хоёр угаасаа зээлээ төлөхгүй байгаа юм чинь дулааны шугам тавихад 3,000,000 төгрөг гэж байна. Тэр нь дээрээс би нэмж зээлэх эсхүл та хоёр энэ зээлээ хаах гэж байгаа мөнгийг чинь дулааны шугамдаа авч зарцуулахад ялгаагүй. Би энийг аваад зарцуулчихъя гэдэг байдлаар авч зарцуулсан. Тэрнээс Б.Тулгабаатараас зээлж авсан зүйл бол байхгүй. 3,000,000 төгрөгийг дулааны шугамд зарцуулсан. 1,000,000 төгрөгийг идэж уух, хоол хүнсэндээ зарцуулсан. Хас банкны дансны хуулган дээр байгаа. 240,000 төгрөгийн миний данснаас зөвшөөрөлгүй авсан гэж байгаа. Бид хоёр хамтран амьдардаг байсан. Хамтран амьдрах хугацаанд энэ 240,000 төгрөгт ч миний оруулж ирсэн хөрөнгө оруулалт байгаа. Жолоочийн хариуцлагын даатгал, авто тээврийн хариуцлагын даатгал гээд даатгуулсан. Энэ машиныг аваад удаагүй байхдаа Б.Тулгабаатар архидан согтуураад найз нөхөдтэйгөө төрсөн өдөр тэмдэглээд цагдаад баригдаад эрхээ хасуулж тэгээд машиныг зарсан. Даатгалын компани нь зарим мөнгөн дүнг 100,000 гаруй төгрөг байсан байх. Тэр мөнгийг нь буцааж олголт хийхдээ суутгаад авсан байсан. Миний бие өргөдөл бичиж байгаад тэр мөнгийг нь Б.Тулгабаатарын данс руу оруулж ирсэн мөнгө байгаа. 240,000 төгрөгийг би яагаад хэлэхгүй авсан бэ гэдэг асуудал. Б.Тулгабаатар байнга архидан согтуурдаг. 09 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн өдөр нь болоход хүүхдүүдтэйгээ цуг гадуур салхинд гарч хүүхдүүдтэйгээ тэмдэглэнэ гээд хадгалж байсан мөнгө. 09 дүгээр сарын 10-ны өдөр найз нөхөдтэйгөө архи дарс ууж, машин тэргээ эвдээд хүүхдүүдтэйгээ тэмдэглэж чадаагүй. Хагас сайн, бүтэн сайн өдөр тэмдэглэнэ гээд энэ мөнгийг нь хадгалж байсан. Тэгээд энэ хүнийг согтуу байгаад, даатгалаас мөнгө орж ирснийг нь мэдэж байсан болохоор маргааш өглөө сэрээд архи уухаас нь өмнө би авсан. 09 дүгээр сарын 26-ны өдөр миний тэр авсан мөнгөөр хүүхдүүдтэйгээ “Зайсан хилл” явж хүүхдүүдийнхээ хүсэл амласан амлалтаа биелүүлсэн.
Анх нэхэмжлэл гаргахдаа 340,000 төгрөгийг зөвшөөрөлгүй авсан гэж нэхэмжлэл гаргасан байсан. Тэрний 100,000 төгрөг нь миний өөрийн мөнгө. Б.Тулгабаатар бид хоёрын хэн хэн нь дансныхаа нууц үгийг мэддэг хэрэглээгээ гарахаар ашигладаг байсан. Төрийн банканд 100,000 төгрөг архины мөнгө болох магадлалтай байсан учир би Хас банкныхаа данс руу хийсэн байгаа. Б.Тулгабаатарын нэхэмжлэл дээр гардаг шиг би дотнын танил нь биш. Илүү дотно харилцаатай, хоёр хүүхдийг нь гаргасан. Б.Тулгабаатараас зээлсэн мөнгө байхгүй. 700,000 төгрөгийг байрныхаа мөнгийг төлөх гээд зээлсэн гэж ярьдаг. Хамтарч амьдарч байгаад Б.Тулгабаатар энэ байрыг авахад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй ч хамт амьдраад байдаг. 2017 оны 6, 7 сараас эхэлж хамтарч амьдарсан. Гэхдээ 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр энэ хүн ял эдлээд явчихсан байсан. Тэр хооронд би энэ хүнээс юм авч байгаагүй. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.Тулгабаатар суллагдсан. Суллагдсанаас хойш хамт амьдрах хугацаандаа 20,000,000 гаруй төгрөгийн орлого олж амьдрал ахуйгаа тэжээн тэтгэж явсан. Энэ хугацаанд Б.Тулгабаатар хэчнээн төгрөгийн орлого олж үр хүүхдээ тэжээсэн бэ гэдэг асуудал яригдана. Суллагдсанаасаа хойш ямар хөдөлмөр эрхэлж, хэдэн төгрөгийн орлого олсон бэ гэдэг асуудал бас яригдана. Энэ нэхэмжилж байгаа мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад надаас 5,000,000 төгрөг нэхэмжилсэн гэхээр энэ хүн хүнээс зээлсэн мөнгөө буцааж төлнө гэж мэддэггүй хүн. Банкнаас хүртэл зээл авчхаад буцааж төлдөггүй. Хас банкин дээр одоо их хэмжээний зээлтэй. Одоо ч Хас банкны зээлээ төлөөгүй байгаа. 20,000,000 төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй байгаа. 08 дугаар сарын 31-ний өдөр суллагдаад 11 дүгээр сарын сүүл хүртэл Б.Тулгабаатар ямар ч ажил хийгээгүй. Шоронгоос суллагдсан болохоор ямар ч ажил олдохгүй байна. Таксинд л явж амьдралаа залгуулахгүй бол гээд байсан. Тэгээд төрсөн дүүгийнх нь нэр дээр байсан хашаа байшинг Б.Тулгабаатар дүү хоёрт нь хувааж өгнө энийг зараад юм болго гэсэн. Эсхүл Зуунмодод амьдрах бол хашаа байшингаа тордоод амьдар гэсэн. Энийг барьцаалаад машинаа аваад амьдралаа залгуул гэдэг үүднээс миний нэр дээр шилжүүлсэн. Тэр шилжүүлсэн хашаа байшинд хүн амьдардаггүй учраас банк бус зээл гаргах боломжгүй гэсэн. Манай ээж “Төв хөгжил” банк бус санхүүгийн байгууллагын сайн зээлдэгч гээд хамгийн бага хүү буюу 2 хувин хүүтэй зээл гардаг тийм зээлдэгч нь. Гэрэлмаа дарга тэр хашаа байшин дээр зээл гарахгүй учраас та хоёр ээжтэйгээ ярилцаад ээжийнхээ зээл дээр зээл нэмж болох юм гэж хэлсэн.Тэгээд 8,500,000 төгрөгийг нэмж зээлсэн. Тэрийг Б.Тулгабаатар би төлнө гэж аваад 2020 оны 06 дугаар сар хүртэл унаж эдэлсэн. Таксинд явдаг нэртэй идэж ууж, архидан согтуурч, эвдэж сүйтгэж, эрхээ хасуулсан. Энэ мөнгөө төлөхгүй, төлөх оролдлого хийхгүй явсаар байгаад 2020 оны 05 билүү 06 сард тэр машиныг зараад 5,150,000 төгрөг болсон. Б.Тулгабаатарын торгуулиудыг төлөөд 300,000 гаруй мянган төгрөг хасагдсан. Миний данс руу 5,150,000 төгрөг орж ирсэн. Тэр мөнгөн дээр надад өөрт байсан мөнгөө нэмээд 5,200,000 төгрөг болгоод Гэрэлмаа даргын банк бус санхүүгийн байгууллагаас зээлж авч авсан машиныхаа мөнгийг төлөхөд үлдэгдэл нь 4,000,000 гаруй үлдэж байсан. Тэр мөнгийг яаж төлсөн бэ гэхээр миний нэр дээр шилжүүлсэн хашаа байшинг арван саяд зарсан. Хэдий миний нэр байдаг ч тэр хүн мөнгийг нь Б.Тулгабаатар луу шилжүүлсэн байсан. Б.Тулгабаатар буудалд 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүнтэй архи уугаад захиран зарцуулаад байж байсан. Тэгээд 1,000,000 төгрөгийг нь үрсэн байсан. 6,500,000 төгрөг дээр 3,500,000 төгрөг нэмээд дүүгээсээ тэр зарсан гээд байгаа машинаа авсан. Банк бус дээр 3,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй явж байгаа. Тэрнээс бол амьдарч байгаа байр сууцандаа хөрөнгө оруулалт хийх гэж зараагүй.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17,000,000 төгрөгийг Гэрэлтуяа эгчтэй чи бид хоёр харилцан тохиролцож байгаад хойд талын хашаа байшингаа зараад мөнгийг нь төлнө гээд авсан. Тэр ч байтугай Гэрэлтуяа эгчид 11,000,000 төгрөгийг хашаа байшингаа зараад өгнө. Үлдэгдэл 6,000,000 төгрөгийг боломжоороо өгнө гэдэг аман байдлаар гэрээ хийж байж зээлсэн. Зээлэхдээ тухайн үед чамаас байрны мөнгө болох 17,000,000 төгрөгийг хувааж нэхээгүй. Яагаад гэвэл одоо чи бид хоёр хамт амьдрах ямар ч нөхцөл боломж байхгүй байгаа. Тэгээд засвар хийсэн 7,000,000 төгрөг идэж уусан хоол ундны мөнгө болох мөнгөнүүдээ хувааж төлөх нь зөв гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17000,000 төгрөг миний данс руу орж ирснээс хойш чи хөдөлмөр эрхлээгүй, гэр орноо тэжээгээгүй, зөвхөн надаар тэжээлгэж байсан. Зээлсэн мөнгөөрөө амьдрал ахуйгаа залгуулж идэж уух, өмсөх зүүх бүх зардалдаа зарцуулж байсан. Тийм учраас тэр мөнгөний талыг нь би чамаас нэхэмжилж байгаа. Б.Тулгабаатар согтуу байхдаа машин тэргээ жолоодож байгаад машинаа эвдсэн. Тэр машинаа эвдчихээд тэрийгээ төлөөгүй. Тэр мөнгийг Гэрэлтуяа эгчээс 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 600,000 төгрөгийг зээлээд засварласан. Тэрнийхээ мөнгийг би өөрийнхөө цалин дээрээсээ буцааж төлсөн. Энийг чи эвдсэн учраас чи төлөх ёстой. Энэ бол би зөвхөн баримтаар нотолж чадахаа нэхэмжилж байгаа. Баримтаар нотолж чадахгүй бэлнээр төлсөн гэдэг дээр баримтын шаардлага хангахгүй байгаа. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 10 сар хүрээгүй хүүхдээ гэртээ харж байхдаа найзтайгаа архидан согтуураад тэр байдлаа хүлээн зөвшөөрөхгүй хэрүүл маргаан хийгээд 2 настай хүүхэд нь ээжийгээ хамгаалж үг хэлсний төлөө хүүхдээ зодож цохисон. Тэгэх үедээ миний ээмэг бөгжийг ломбардад 560,000 төгрөгөөр тавиад архи уусан. Энэ мөнгөө нэхэмжилж байгаа. Тухайн үед ломбардад 560,000 төгрөгөө тавьсан ч сөрөг нэхэмжлэл гаргах үед “Хан үнэлэмж” ХХК-аар үнэлүүлэхэд 970 000 төгрөгийн үнэлгээ хийгдсэн. Нийт 5 076 000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.
Шүүх, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Тулгабаатар нь хариуцагч М.Доржмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч М.Доржмаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 5 076 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэгч Б.Тулгабаатарын 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч М.Доржмаагийн 5 076 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... М.Доржмаатай 2017 оноос хойш хамтран амьдарч байсан ба 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ээжийн байшингийн дулааны шугам тавиулахаар 4 000 000 төгрөг зээлээч гэсний дагуу зээлдүүлсэн” “дараа нь өөрийн амьдарч байгаа байрны мөнгө өгнө гэж хэлээд 700 000 төгрөг” “намайг унтаж байхад АТМ-ээс 240 000 төгрөгийг надад хэлэлгүйгээр авсан”, энэхүү мөнгөтэй хамт 100 000 төгрөг хамт орсон байсныг би сайн мэдэхгүй байна гээд нийт 5 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж үндэслэлээ “ 2020 оны 09 дүгээр сарын 20-нд 4 000 000 төгрөг, 700 000 төгрөгийг тус тус М.Доржмаагийн Хаан банкны 5731042295 дугаартай дансанд миний бие шилжүүлсэн, 340 000 төгрөгийг М.Доржмаа намайг унтаж байх хойгуур надад хэлэлгүйгээр авсан” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хариу татгалзал, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... Б.Тулгабаатар, М.Доржмаа нар нь хамтран амьдрах хугацаандаа “Б.Тулгабаатарын гуйсны дагуу би өөрийн ээж Наранцэцэгтэй зөвлөлдөн Зуунмод сумын 6-р багийн Энхтайвангийн 3-2 тоот хашаа байшинг барьцаалан “Төв хөгжил” ББСБ-аас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 8 633 274 төгрөг зээлж, 8 100 000 төгрөгөөр prius 20 маркийн 13-51 УБҮ авто машиныг худалдан авсан гэх тайлбар ... нэхэмжлэгч, хариуцагч нар хэн хэн нь бие бидээ мөнгө шилжүүлж авдаг байсан гэр бүлийн хүмүүс нэгнийхээ банкны картын пин кодыг мэддэг тул хэрэглээндээ гаргах мөнгөө аваад зарцуулдаг ... гэх тайлбар гарган мэтгэлцэж, хариуцагч 5 076 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ бид хамтран байр авна гэж ярилцаад миний ээжийн төрсөн дүү Гэрэлтуяагаас 17 000 000 төгрөг зээлсэн түүний 10 000 000 төгрөгийг байрны урьдчилгаанд 7 000 000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан. Энэхүү мөнгөний тал хувь болох 3 500 000 төгрөг, автомашин засварласны 600 000 төгрөг, ээмэг бөгжний үнэ 976 000 төгрөг гэж тодорхойлсныг нэхэмжлэгч зөвшөөрөхгүй татгалзан...” мэтгэлцэж байна.
Хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг бүрэн тодруулсны үндсэн дээр тал бүрээс нь дүгнэж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Б.Тулгабаатар нь хариуцагч М.Доржмаад хамтран амьдарч байсан хугацаанд түүний данс руу шилжүүлсэн 5 000 000 төгрөгөө нэхэмжилж, хариуцагч М.Доржмаа нь гэр бүлийн хэрэгцээ болон Тулгабаатарын унаж явсан автомашиныг засуулах, мөн хамтран амьдарч байх хугацаандаа байр авахаар харилцан тохиролцсоны төлбөрт Гэрэлтуяагаас зээлсэн мөнгөний тал хувийг нэхэмжилсэн бөгөөд эдгээр нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан шаардах эрхүүд үүсээгүй байна гэж дүгнэлээ.
Мөн Б.Тулгабаатарын нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэгтэй байх шаардах эрх үүсээгүй байна.
Учир нь зээлийн гэрээ нь 2 талын харилцан хүсэл зоригоо илэрхийлснээр байгуулагдах бөгөөд зээлийн гэрээний зүйл болох мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийн үнэ, хэмжээ, хугацааг талууд тодорхойлсон байх шаардлагатай.
Нэхэмжлэгч Б.Тулгабаатар нь М.Доржмаагийн ХААН банкны 5731042295 дугаартай дансанд “зээл Тулгаа” утгаар 2 удаагийн шилжүүлгээр 4 700 000 төгрөгийг шилжүүлсэн мөн Б.Тулгабаатарын картаас бэлнээр 240 000 төгрөг, М.Доржмаа өөрийн данснаас 100 000 төгрөгийг авч нийлүүлэн өөрийн дансанд хийснээ хүлээн зөвшөөрч байгаа боловч тухайн мөнгөн хөрөнгүүдийг Тулгабаатараас зээлээгүй өмнөх зээлж авсан мөнгөө буцааж өгсөн гэж тайлбарлаж байна.
Харин дээрх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлсэн эсэх нь эргэлзээтэй байх бөгөөд зохигчид 2017 оноос 2020 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд гэр бүлийн албан ёсны бүртгэлгүй ч гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч, тэдний дундаас 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Д.Азжаргал, 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Т.Долгор нар төржээ.
Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй ба эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг хүүхдүүдээ хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөгдөхгүй гэжээ.
Зохигчид хамтран амьдарч тодорхой хэмжээний орлого олдог байснаа хэн аль үгүйсгэж маргаагүй, шүүхэд ирүүлсэн тэдний эзэмшдэг дансны гүйлгээний баримтуудаар хоорондоо харилцан мөнгө шилжүүлдэг байсан зэргээс үзэхэд тэдний мөнгөн хөрөнгө холилдсон, тус тусдаа ямар нэгэн төлбөр тооцоотой гэх байдал тогтоогдохгүй байна.
Мөн хариуцагч М.Доржмаа нь “... нэхэмжлэгчээс авсан 5 000 000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд 3-н хүүхдийн хэрэглээ, өөрийн эх Г.Наранцэцэгээр өмнө Тулгабаатартай зөвшилцсөнөөр өөрөө хамтран зээлдэгчээр 2 удаа нийтдээ 15 643 274 төгрөгийн зээл авсан ба энэ төлбөрөөс төлөлцөх ёстой байсан ч одоог хүртэл тухайн зээлүүдээс төлөлцөж чадаагүй, эх Г.Наранцэцэг нь тухайн зээлийг төлөөд явж байгаа. Б.Тулгабаатар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 8 100 000 төгрөгөөр prius 20 маркийн 13-51 УБҮ авто машиныг зарсан мөнгөнөөс 5 000 000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаагаар бидний зээл авсан мөнгөөр тухайн автомашиныг авсан гэдэг нотлох баримтаар тогтоогдоно, ... мөн М.Доржмаа миний данснаас тухайн авто машины гүйлгээ бүх зүйл хийгддэг байсан ... Б.Тулгабаатар нь миний ХААН банкны картын пин кодыг огт мэдэхгүй гэж худлаа ярьж байна ...” гэж тайлбарлаж байна.
Иймд зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчээс хариуцагчид зээлсэн гэх мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт зээлийн гэрээнд тавих урьдчилсан шаардлага болох зээлийн гэрээнд ямар хугацаанд зээлдэгчид төлөх, ямар байдлаар харилцан тохиролцсоныг тодруулахад ямар нэгэн байдлаар харилцан тохиролцсон зүйл байхгүй байгаа нь дээрх эрх зүйн харилцаа үүсээгүй гэх үндэслэл болно.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч М.Доржмаа нь нэхэмжлэгч Б.Тулгабаатараас 5 076 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчдын тайлбараас үзвэл ээмэг, бөгж хэний өмчлөлийн гэдэг нь тодорхойгүй, хэдийгээр М.Доржмаа миний ээмэг, бөгж гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар “Баяжмал ирээдүй” ХХК-д 560 000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгө авсан хүн нь М.Доржмаа бус Б.Тулгабаатар байгаа нь тухайн эд хөрөнгүүдийн жинхэнэ эзэмшигч нь хэн гэдэг тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Мөн Гэрэлтуяагаас байр авах зорилгоор 17 000 000 төгрөгийн зээл авсан, үүний 7 000 000 төгрөгийн тал хувь болох 3 500 000 төгрөг нь юуны мөнгө болох хэрхэн юунд зарцуулагдсан эсэх нь тодорхойгүй байна.
Автомашиныг Б.Тулгабаатар унаж яваад эвдэлсэн, тухайн автомашиныг засуулах гэж 600 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, тухайн автомашинд ямар хэмжээний эвдрэл гэмтэл гарсан, хаана ямар авто засварт засуулсан эсэх нь тодорхойгүй байгаа нь хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, Мөн хуулийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй нотолж чадаагүй гэж үзэж байна.
Хариуцагч М.Доржмаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөр Сувдмааг хуульд заасан эрхээ хамгаалуулахаар авч гэрээ байгуулсан бөгөөд тус шүүх хуралдаанд хариуцагч өөрийн хүсэлтээр өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийн дагуу өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Тулгабаатарын урьдчилан төлсөн 94,950 төгрөг, хариуцагч М.Доржмаагаас урьдчилан төлсөн 96,166 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ