Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 09

 

 

                               “Шаттле” банк бус санхүүгийн байгууллагын 

                                 нэхэмжлэлтэй, Б.Э-т холбогдох 

иргэний хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа нар оролцов. 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийг  эс зөвшөөрч, хариуцагч Б.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлоор нэхэмжлэгч Шаттле банк бус санхүүгийн байгууллагын “48630000 төгрөг гаргуулах тухай” Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн иргэн Б.Э-т холбогдох иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Шаттле банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.Эрдэнэчимэг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 28000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Б.Э- нь зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ зөрчин зээл, зээлийн хүүний төлбөрийг огт төлөхгүй хохироосоор байна. Иймд хариуцагч Б.Эрдэнэчимэгээс зээлд 28.000.000 төгрөг, зээлийн үндсэн хүү 17.200.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.430.000 төгрөг, бүгд 48.630.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.  

Хариуцагч нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр иргэн Батсайхантай хамтран 60 000 000 төгрөгийн зээл авсан. 60 000 000 төгрөгийн зээлээс шимтгэлийг хасаад 59880000 төгрөг Голомт банкны 2405101377 дансаар Эрдэнэчимэгт шилжсэн. Эрдэнэчимэг уг зээлийн гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлсөн. Гэрээний дагуу 8 000 000 төгрөгийг хүүнд 32000000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцсон. Тухайн үед Эрдэнэчимэг өөрөө хүсэлт гаргаж 60 000 000 төгрөгний зээлийн барьцаагаа чөлөөлүүлэхийн тулд үлдэгдэл 28 000 000 төгрөгнд шинээр зээлийн гэрээ байгуулсан. 40 000 000 төгрөгнөөс 8 000 000 төгрөгийг хүүнд авсан талаар харилцан зөвшөөрч гарын үсгээ зурсан баримт хавтаст хэрэгт байгаа. Өөрөө удаа дараа хүсэлт гаргаж байгаад 60000000 төгрөгийн зээлийнхээ үлдэгдэл 28000000 төгрөгөнд зээлийн гэрээ байгуулчхаад өнөөдөр огт мөнгө аваагүй юм шиг тайлбар гаргаж, өөрөө уулзахгүй шүүх хуралдаанд оролцохгүй байгааг гайхаж байна. 2014 оны 11 дүгээр сарын 06-ны 2014/Б-1 гэрээгээр 60 000 000 төгрөг, 40 000 000 төгрөг нийт 100 000 000 төгрөгийг зээлсэн. 60 000 000 төгрөгнөөс 40 000 000 төгрөгийг л төлсөн. Сая шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж өгч байгаа 4520 000 төгрөгний баримт нь 40 000 000 төгрөгний зээлээс төлсөн баримт байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энд бол 28 000 000 төгрөгний зээлийн асуудалтай холбоотой 60 000 000 төгрөгийн зээлийн асуудал яригдаж байгаа гэв.

 

Хариуцагч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: 

1. Би анх 2014.11.06-ны өдөр Шаттле ББСБ-тай 2014/1 дугаартай зээлийн гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлээс 40.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Гэтэл үндсэн зээлийн 20.000.000 төгрөг, хүү 8.000.000 төгрөгийг нийлүүлээд 28.000.000 төгрөг болгоод шинээр гэрээ байгуулж надаар өргөдөл бичүүлж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Миний хувьд шинээр гэрээ хийж 28.000.000 төгрөгийг огт хүлээн аваагүй өмнөх зээлийн төлбөрийг тухайн байгууллагын ажилтнуудын хувийн дансанд төлж байсан.

2. “Шаттле” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлд дурдагдсан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэх №2015/11 дугаартай зээлийн гэрээ нь бодитойгоор байгуулагдаж зээл олгосон гэрээ биш миний өмнөх зээлийн гэрээг дуусгавар болгож шинээр хийсэн мэтээр хийгдсэн гэрээ юм. Иймд энэхүү зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасан дүр үзүүлсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

3. Шаттле Банк бус санхүүгийн байгууллага нь банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу 2015/11 дугаартай зээлийн гэрээний дагуу надад зээлийн данс үүсгэж зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор олгоогүй, энэхүү зээлийг би огт ашиглаагүй болно. Мөн  хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д Зээлдэгчийн дансанд зээлийн гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан бөгөөд надад мөнгөн хөрөнгийг олгосон гүйлгээ хийгдээгүй тул зээлийг олгоогүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д дэх хэсэгт заасны дагуу банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ гэж заасан. Гэтэл “Шаттле” банк бус санхүүгийн байгууллага нь 28000000 төгрөгийг надад шилжүүлээгүй тул хүүгийн хамтаар буцаан төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байна. 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу Шаттле ББСБ нь надад мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй тул Шаттле ББСБ-д буцаан төлөх үүрэг үүсэхгүй.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх заалт болон дээр дурдсан хуулийн үндэслэлүүдээр Б.Эрдэнэчимэг миний бие 2015/11, 2015/31 дугаартай зээлийн гэрээний дагуу Шаттле ББСБ-д 28.000.000 төгрөгийн үндсэн зээл, 17.200.000 төгрөгийн хүү, 3430.000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 48.630.000 төгрөгийг буцаан төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 194 дүгээр шийдвэрт: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Б.Эрдэнэчимэгээс 48.630.000 /дөчин найман сая зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шаттле” банк бус санхүүгийн байгууллагад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Шаттле” банк бус санхүүгийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 401.100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэчимэгээс улсын тэмдэгтийн хураамж 401.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Шаттле” банк бус санхүүгийн байгууллагад олгохоор тус тус  шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэчимэг давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж үзэн Иргэний хэргийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. 

Хуульд заасан үндэслэл журам гэдэг нь банк эрх бүхий этгээдийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно”, 21 дүгээр зүйлийн 21.4 “зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэсэн нарийвчилсан зохицуулалт юм. Гэтэл энэ банк эрх бүхий этгээдийн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шүүх хэрэглэх ёстой байтал хэрэглэсэнгүй. 

2015 онд байгуулсан №2015/11 тоот зээлийн гэрээгээр Б.Эрдэнэчимэгт хуульд заасны дагуу зээлийн данс  үүсгээгүй, зээлийн мөнгөн хөрөнгө болох 28000000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй. Миний бие нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг хангасан. Гэвч энэ талаарх нотлох баримтыг бүрдүүлэх ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй. Нотлох баримт бүрдээгүй байхад маргааны үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь хуулийг тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэсгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Шаттле” банк бус санхүүгийн байгууллага хариуцагч Б.Эрдэнэчимэгээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 48630000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Б.Эрдэнэчимэг “ тус байгууллагаас миний дансанд 28.000.000 төгрөг бодитоор шилжиж ирээгүй” учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчид мөнгө зээлэх, зээлийн гэрээг байгуулах, сунгах, үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл дээр шинээр гэрээ байгуулах, барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх зэргээр хүсэл зоригоо илэрхийлсэн саналуудаа бичгээр тавьж байсныг  нэхэмжлэгч тухай бүр нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан нь хуулиар тогтоосон гэрээний стандарт нөхцөлийг зөрчөөгүй байна.    

Хариуцагч зээлийн гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчин хугацаа хэтрүүлснээс зохигчдын хооронд зээлийн харилцааны маргаан үүсжээ.

Санхүүгийн зохицуулах хороо нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 366 дугаар тогтоолоор “Шаттле” банк бус санхүүгийн байгууллагад /ББСБ/ зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон байна./хх-89/

Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр байгуулагдсан 2014/01 дугаартай зээлийн гэрээнд хариуцагч Б.Эрдэнэчимэг нь 60.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тусгажээ. 

Зохигчид эхний сард хүү 3.000.000 төгрөг, 2 дахь сар буюу 2015 оны 01 сарын 06-ны өдөр үндсэн зээл, хүүгийн хамт 63.000.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эргэн төлөлтийн хуваарийг хийжээ.Энэ зээлийн гэрээтэй хамт барьцааны гэрээ хийгдээгүй байна.  /хх- 174-177/ 

“Шаттле” ББСБ нь зээлдэгчтэй байгуулсан гэрээний дагуу Б.Эрдэнэчимэгийн 2405101377 дугаар дансанд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлээс шимтгэл суутган 59.880.000 төгрөг шилжүүлсэн нь Голомт банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байна. /хх-32/

Харин зээлдэгч зээлийн гэрээний 2.3 дахь заалтыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь  нэхэмжлэгч байгууллагын болон хариуцагчийн анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна./хх- 33, 42/ 

Хариуцагч Б.Эрдэнэчимэгийн “ Шаттле” ББСБ-д “...2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үндсэн зээлээс 32000000 төгрөг төлж, үлдсэн 28000000 төгрөгт мөн өдөр шинээр гэрээ байгуулж 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн авч харилцан тохиролцохдоо   хариуцагчийн төлсөн 40.000.000 төгрөгөөс 32.000.000 төгрөгийг үндсэн зээлд, 8.000.000 төгрөгийг хүүд тооцон хасч, үндсэн зээлээс үлдсэн 28.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх алданги төлөх”-өөр 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2015/11 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээл эргэн төлөх хуваарь хийж  гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна./хх-6-7,43,174-176,195 /  

Хариуцагч 2015/11 дугаартай  гэрээний 2.3-т заасан “Зээлдэгч зээлийн гэрээний хугацаа дуусмагц зээл түүний хүүг бэлэн болон дансаар үл маргах журмаар төлнө” гэснийг зөрчсөн, зээлийн хугацааг талууд харилцан тохиролцож 2015/11-1 хавсралт гэрээгээр хугацааг 3 сараар сунгасан, төлөгдөөгүй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар 2 удаа тооцоо нийлж байжээ. Тооцоо нийлсэн баримтууд дээр үндсэн зээл 28.000.000 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргасныг  хариуцагч зөвшөөрч, гарын үсэг зурсан нь үндсэн зээлийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй юм. Харин Б.Эрдэнэчимэг нь “үндсэн зээл 20.000.000 төгрөг, түүний хүү 8.000.000 төгрөгийг нэмж  28.000.000 төгрөг болгон хүүгээс дахин хүү бодож байна” гэж гомдол гаргасан боловч нотлох баримтаар нотлоогүй байна.   /хх-6,9,12,13/

Зээлдэгч 28.000.000 төгрөг шилжүүлсэн баримтыг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт шүүхэд гаргасныг  шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн ч зээлдэгч энэ талаар хариу тайлбар ирүүлээгүй байна. Хэрэгт зээлдэгч Б.Эрдэнэчимэгийн хүсэлтэд 28.000.000 төгрөг нь 2014/01 зээлийн гэрээгээр авсан зээлийн үлдэгдэл гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ мөнгийг зээлдүүлэгч Б.Эрдэнэчимэгийн дансанд шилжүүлээгүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хариуцагч  шүүхэд илтэд үндэслэлгүй хүсэлт тавьж , түүнийгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрд шаардаж байгаа нь учир дутагдалтай болжээ. /хх-26, 27, 30/

Зохигчдын хооронд хийгдсэн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2015/11 дугаартай зээлийн гэрээг хариуцагч бодитоор зээл олгож байгуулсан гэрээ биш, өмнөх гэрээг дуусгавар болгож, шинээр зээл олгосон мэт дүр үзүүлэн өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг боловч энэ талаар шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир гэрээг хүчин төгөлдөр бус эсэхэд дүгнэлт хийх боломжгүй юм.

Шүүх 2015/11, 2015/11-1 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг хууль болон гэрээнд нийцүүлэн тодорхойлж,  үндсэн зээл төлбөрт 28.000.000 төгрөг, хүү 17.200.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.430.000 төгрөг бүгд 48.630.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоо шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэсэнтэй нийцэж байна.  

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 194 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Зохигчид 2014/Б-1, 2015/17 дугаар бүхий зээлийн гэрээний талаар маргаагүй болно.  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 194 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Хоёр. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 401100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        О.БААТАРСҮХ

                                                ШҮҮГЧИД                        С.ОЮУНТУНГАЛАГ     

                                                                                         Д.БАЙГАЛМАА