| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 151/ШШ2020/01533 |
| Дугаар | 151/ШШ2021/00428 |
| Огноо | 2021-05-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 151/ШШ2021/00428
2021 05 28 151/ШШ2021/00428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Д.Отгончулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Г
Хариуцагч: НТЗ ТББ
Гэм хорын хохирол 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдбаатар, хариуцагчийн төлөөлөгч Ү.Цэрэнчимэд, иргэдийн төлөөлөгч М.Баатарчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Отгон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг Жирмийн цагаан нуурт ногооны талбай эзэмшигч “Ногоон торгоны зам” ТББ нь талбайгаа хамгаалах зорилгоор хууль бусаар ухсан нүхэнд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр манай 4 настай үнээ унаж үхсэн тул хохирол болох 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Ү.Цэрэнчимэд шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэн Д.Болдбаатарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаж албан ёсоор шүүхийн мэдэгдлийг хүлээн авсан. Иргэн Д.Болдбаатарын гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй “Ногоон Торгоны Зам” ТББ-д хамааралгүй тул бид хүлээн зөвшөөрөхгүй байсан тул иргэн Д.Болдбаатар өөрийн нэхэмжлэхээ буцааж татан авч, харин Д.Ганболд нэхэмжлэл гаргасныг 2021 оны 05 сарын 24-ний өдөр хүлээн авлаа. Бид мөн адил гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, хамааралгүй тул дахин хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанууд 1. 2010 оноос эхлэн Төв аймгийн Аргалант сумын нутаг Жирмийн хөндийд мод үржүүлэг, ойн зурвас байгуулах зорилгоор тариалангийн захад атаршсан 15 га газар эзэмшиж байна. 2010 оноос хойш нарс, улиас, чацаргана, хайлаас бургас, шар хуайс, тэхийн шээг, зэрэг 7 төрлийн 4000 орчим 4-5 настай модыг 4 га газарт нутагшуулан ойжуулах, тариалангийн талбайн хамгаалалтын ой зурвас үүсгээд байна. 2012 онд бид тарьж ургуулсан мод бутаа хамгаалах зорилгоор хашаа хатгаж гадуур хамгаалалтын зурвас татсан. Энэ нь Ойн хууль болон Тариалангийн тухай хууль, Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Таримал ургамал, модыг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах тухай журмуудад Таримал ургамал, мод тарих ажил эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага таримлаа мал, тэжээвэр амьтдаас хамгаалах ажлыг зохион байгуулж тариалсан талбайг хашаажуулан хамгаалалттай байлгана гэсэн дүрэм журмын хүрээнд хийгдсэн ажил болно. Жирмийн цагаан нуурт байрлах бух тариан талбай хамгаалалтын хашаа болон зурвас татсан байдаг.
Иргэн Д.Ганболдын үхэр унаж үхсэн гэж байгаа хамгаалалтын зурвас нь 2012 оноос хойш байгалийн салхи болон амьтдын хөлөөр буцаж шороо дүүрсэн 20-30 см гүнтэй, ямар нэг амьтан унаж үхэх боломжгүй юм. Тугалууд нь орж гарч үсэрч тоглоод байж байдаг зурвас юм.
Иргэн Д.Ганболд нь харин өөрөө тариалангийн бүс нутагт тариалангийн тухай хууль зөрчиж тариан талбайтай залгаа өөрийн үхрийн байрыг ямар нэгэн газрын зөвшөөрөлгүй барьж үхэр сүргээ хараа хяналтгүй байлгаж, үхэр сүрэг нь бусдын хашаа эвдэж сүйтгэж, тарьсан мод бут, тариа ногоо руу удаа дараа орж байсан удаатай. Тариалангийн хуульдаа тариан талбайгаас 500 метрээс дотогш мал бүхий иргэдийг байлгах ямар нэгэн өвөлжөө байр бариулахыг хориглодог.
Малын байр барьсан газар нь хууль ёсны зөвшөөрөл, газрын гэрчилгээ байгаа эсэх, түүнийгээ нотлохыг хүсэж байна.
Иргэн Д.Ганболд нь үхэр сүргээ харж хянаагүй, ямар нэгэн өөр шалтгаанаар /онд муу орсон, хүч тэвээрэг муу, тэжээл хүнсний хомсдол, ямар нэгэн өвчинтэй, буруу маллагаа, малчны буруу үйлдэл гэх мэт/ үхсэн үхрээ биднээс нэхэж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл юм. Үхсэн үхрээ биднээс нэхэж байгаа нь унаж үхсэн гээд байгаа үхэр нь өөрсдийн үхрийн байрнаас 5 метр хүрэхгүй газарт үхсэн байсан нь өөрсдөө мал сүргээ муу харсан, өөр шалтгаанаар үхсэн байх боломжтой гэж үзэж байна. Иргэн Д.Ганболд /эзэмшигч Д.Болдбаатар/ унаж үхсэн гээд байгаа үхэр нь өөрийнх нь үхэр мөн гэсэн “Монгол мал" хөтөлбөрийн дагуу хувийн дугаар болон бүртгэлжүүлсэн мэдээллийн нэгдсэн сан болон "Малын генетик нөөцийн тухай хуульд Малын генетик нөөцийн бүртгэл заавал хамрагдсан байх ёстой гэсэн заалтын дагуу бүртгэлтэй эсэх, цаг тухай бүрд нь эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ вакцинжуулалт хийж байсан ямар нэгэн өвчингүй гэсэн албан ёсны баримт бичиг, мөн мал сүргийн гэнэтийн үхлийн шалтгааныг тодорхойлдог. Мал эмнэлгийн хүрээлэнгийн энэ үхэр эрүүл ямар нэгэн өвчингүй зөвхөн унаж үхсэн үхэр гэсэн тодорхойлолт байгаа эсэх түүнийгээ нотлохыг хүсэж байна.
Үхсэн үхэр нь ямар үүлдрийн үхэр болох түүний гарал үүсэл, гэрчилгээ байгаа эсэх ямар үндэслэлээр зах зээлийн бодит ханшнаас хамаагүй ихээр үнэлж 2,000,000 төгрөг нэхэмжилсэн болохоо тайлбарлан нотлох. Иргэн Д.Болдбаатар нь олон сар өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж, өөрийн нэрээ татаж, иргэн Д.Ганболдоор дахин нэхэмжлэх гаргуулж байгаа нь ямар нэгэн далд санаа агуулж байна. Иргэн Д.Ганболдтой Д.Болдбаатар нь ямар холбоотой хүмүүс болох хамтран ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ, ажилтан мөн эсэх батлах нийгмийн даатгал дэвтэр зэрэг батлах бичиг баримт байгаа эсэх,
Иргэн Д.Ганболд /эзэмшигч Д.Болдбаатар/ үхэр үхсэн даруйд бидэнд огт мэдэгдээгүй бидэнтэй албан ёсоор огт уулзаагүй сумын цагдаад гомдол гаргасан гэдгийн албан ёсоор сумын цагдаагаас мэдсэн. Бид буруугүй гэдгээ сумын цагдаад хэлсэн. Хэрэв бид ямар нэгэн буруутай байсан бол тухайн үед хэрэг үүсгэж, зөрчил гэж үзэх байсан байх. ид дээрх шалтгаануудаар хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлээ 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Ногоон торгоны зам” ТББ-ийн үйл ажиллагаа явуулж байсан газрын нүхэнд манай үхэр ороод үхсэн байгаа. Энэ үйл явдлаас болж үүссэн хохирлыг барагдуулж өгнө үү. Бид нар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Шинжээчийн дүгнэлтээр үхрийн үнэ 1,720,785 төгрөгөөр үнэлэгдсэнийг хүлээн зөвшөөрч байгаа. Үхсэн үхрээ бид нар нүх рүү шидчихээд хохирол нэхэх хүмүүс биш. Иймд нүхэнд унаж үхсэн үхрийн үнэ болох 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ү.Цэрэнчимэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
““Ногоон торгоны зам” ТББ нь Төв аймаг, Аргалант суманд үйл ажиллагаа явуулдаг. Энэ газар нь тариалангийн бүс нутагт хамаарна. Тэр нүх бол хууль бусаар ухсан нүх биш, энэ нүх бол хамгаалалтын зурвас юм. Нэхэмжлэгч тал ямар ч газар эзэмших гэрчилгээ байхгүй. Үхэр унаад үхсэн гэх нүх бол үхэр үхэх хэмжээний хохирол учруулахгүй. Үхэр 03 дугаар сард үхсэн байгаа. Ямар шалтгаанаар үхэр үхсэн эсэхийг бид нар мэдэхгүй, нотолгоо байхгүй. Энэ хүн үхрийн эзэн мөн эсэх талаар эргэлзээтэй байна. Үхэр ямар шалтгаанаас болж үхсэн талаар мал эмнэлгээс гаргадаг бичиг энэ хүмүүст байхгүй байна. Өмнөх шүүх хурал дээр Д.Болдбаатар өөрөө хэлсэн үхрийг задлан шинжилж үзэхэд яс нь хугарсан байсан. Энэ хугарал нүхэнд унаснаас болж үүссэн гэдэг нь эргэлзээтэй байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тарьсан ургамлаа хамгаалахын тулд хил хязгаарын дагуу хамгаалалтын шуудуу татсан. Би 2010 онд эзэмшихээр газрын зөвшөөрөл 30 жилийн хугацаатай авсан. Зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байгаа” гэв.
Шүүх, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ганболд нь хариуцагч “Ногоон торгоны зам” ТББ-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан хохиролд 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч “Ногоон торгоны зам” ТББ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэгч Д.Ганболдын 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын 860,392 төгрөгийг хангаж, үлдэх 1,139,608 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “... Төв аймгийн Аргалант сумын 2-р багийн нутаг Жирмийн Цагаан Нуур гэх газарт Фермерийн зориулалтаар үхэр малладаг ...” “... манай газартай хөрш “Ногоон торгоны зам” ТББ нь талбайгаа хамгаалах зорилгоор хашааныхаа гадуур газар ухсан ...” “...энэ ухсан нүхэнд нь 4 настай хүрэн зүсмийн үнээ унаж үхсэн тул үхрийн үнэ болох 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү..” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хариу татгалзлын үндэслэлээ: “...манай байгууллага 2010 оноос эхлэн мод үржүүлэг, ойн зурвас байгуулах зорилгоор 15 га газар эзэмшиж ашиглаж байна...” “...иргэн Ганболдын үхэр унаж үхсэн гээд байгаа хамгаалалтын зурвасыг бид хашаандаа тарьсан мод, бусад ургамлуудыг хамгаалах зорилгоор ухсан...” “... үхсэн үхэр нь одоог хүртэл ямар шалтгаанаар үхсэн болох үнэхээр энэ нүхэнд унаж үхсэн гэдэгт хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзан ...” мэтгэлцэж байна.
Хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн тайлбар үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэж шийдвэрлэсэн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Дээрх хуулийн агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн эд хөрөнгөд гэм хор учирсан байх, үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх, түүний гэм буруу нь санаатай болон болгоомжгүй үйлдэл нь тухайн зохицуулалтын урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 4 настай хүрэн зүсмийн үхэр нь Д.Ганболдын эзэмшлийнх гэдэг нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг” гэж тодорхойлсон бол Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Үндэсний статистикийн хороо нь “мал, тэжээвэр амьтдын тооллогыг жил тутам, малын хагас жилийн тооллогыг түүвэр судалгааны аргаар хуульд заасан хугацаанд явуулна” гэж заасны дагуу Д.Ганболдод 2019 оны жилийн эцсийн байдлаар үхэр-33, шинээр нэмэгдсэн 21 үхэр гэж бүртгэж тоолуулсан байдлаар тодорхойлогдож байх тул Иргэний хуулийн 497.1-д зааснаар гэм хорын хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдбаатар нь “Ногоон торгоны зам” ТББ-ийн талбайг битүү хашаагаар хүрээлсэн бөгөөд тус хашааны гадуур нь нүх ухаж хашаагаа хамгаалсан бөгөөд энэхүү нүхэнд нэхэмжлэгчийн эзэмшлийн 4 настай хүрэн зүсмийн үхэр унаж үхсэн үйлдэл нь хууль бус юм” гэж тайлбарлан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор 1 ширхэг гэрэл зураг, мөн хариуцагчаас 4 ширхэг гэрэл зураг зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларчээ.
Дээрх баримтууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбараар хариуцагч “Ногоон торгоны зам” ТББ нь өөрийн татсан хашааны гадуур шуудуу татсан болох нь тогтоогдож байна.
Гэм бурууг тогтооход учирсан хохирлыг бий болгох хүсэл нь хариуцагч байгууллагад байсан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй, харин ухсан шуудуу нь бусдын эрхийг зөрчихгүй байх, хохирол учруулахгүй байх, аюулгүй байдлыг хамгаалахад ямар санаа зорилго байв гэдэг нь чухал юм.
Энэхүү үйлдэл нь Газрын тухай хуулийн дагуу тухайн сумын Засаг даргын захирамжийг үндэслэн иргэний болон хуулийн этгээдийн газар эзэмших гэрчилгээ, кадастрын зураглалын дагуу өөрийн эдлэн газрын хилийн эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тэмдэглэн хамгаалалтдаа авах ба хариуцагч байгууллага нь энэхүү зохицуулалтад заасан үүргээ зөрчсөн буруутай байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэхээр зохицуулжээ.
Мөн хэрэгт авагдсан баримтаар тухайн үед буюу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.Болдбаатар нь Төв аймгийн Аргалант сумын Цагдаагийн хэлтэс, Мал үржлийн тасаг, Хөшөөт багийн засаг дарга нарт утсаар мэдэгдэж тухайн өдөр тус бие бүрэлдэхүүн ирж үзсэн нь Цагдаагийн ахлагч В.Батзоригийн “....үхэр унаж үхсэн байна гэдэг дуудлага мэдээллийг Мал үржлийн тасгийн мэргэжилтэн Ренчин-Очир, Хөшөөт багийн засаг дарга Б.Сүхбат нарын хамт очиход улаан хүрэн өнгийн үхэр үхсэн байдалтай....” “... тухайн нүх нь ойролцоогоор 60 см орчим гүнтэй, 1м 50см өргөнтэй нүх байсан ...” гэх тайлбар,
Мал үржлийн тасгийн их эмч М.Ренчин-Очирын “....иргэн Болдбаатар нь миний утас руу залгаж урд айлын ухсан нүхэнд үхэр унаж үхсэн Мал эмнэлгийн зүгээс ямар арга хэмжээ авдаг вэ? Гэхэд нь миний бие Мал эмнэлэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг учир нүхэнд унаж үхсэн мал дээр ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй тул Цагдаа Батзориг, Багийн засаг дарга Б.Сүхбат нарын хамт очиж үзэхэд үхэр унаж үхсэн нүх нь талбай хамгаалах зорилгоор шуудуу татсан байсан...” гэх тайлбар
Хөшөөт 2-р багийн засаг дарга Б.Сүхбатын “... 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Болдбаатар залгаж манай үхэр урд айлын ухсан нүхэнд унаж үхсэн байна гэж дуудлага өгсөн...” “...дуудлагаар сумын цагдаа В.Батзориг, малын эмч М.Ренчин-Очир бид 3 очиж үзсэн...” “...Болдбаатарын малчин ухсан нүхэнд унаад үхсэн гэдгийг хэлсэн...” “.... тэгээд нүх ухсан мод үржүүлгийн газрын манаачтай очиж уулзахад би сайн мэдэхгүй байна. Танай энэ нүхэнд унаж үхсэн гээд загнаад байгаа....” гэх тайлбарууд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбараар тухайн үхэр хариуцагч байгууллагын ухсан шуудуунд унаж үхсэнийг нотлохоор үүргээ биелүүлж, холбогдох эрх бүхий төрийн байгууллагад хандсан байна.
Үхэр үхсэн гэдэгт талууд маргаагүй бөгөөд харин хариуцагчийн төлөөлөгч тус үхэр нь онд муу орсон, хүч тэвээрэг муу, тэжээл хүнсний хомсдол, ямар нэг өвчинтэй, буруу маллагаа малчны буруу үйлдэл гэх мэт гаднын хүчин зүйлээс болж үхэр үхсэн байж болзошгүй тул нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд биш гэж маргасан ч энэ талаар шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад хандсан тухай нотлох баримт байхгүй байна.
Мөн хашааны гадуур татсан хамгаалалтын зурвас нь манай газарт орж байгаа гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байгаа боловч зурвас нь хариуцагчийн эзэмшил талбайд орвол тухайн зурвасын аюулгүй байдал, түүнтэй холбоотой асуудлыг хариуцагч байгууллага бүрэн хариуцан арилгах үүргийг хүлээнэ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотолж чадаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.
Нэхэмжлэгч нь үхсэн үхрээ 2,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч үхрийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хан-Үнэлэмж” ХХК-иас ирүүлсэн үнэлгээгээр тухайн үхрийг 1,720,785 төгрөг гэж үнэлж ирүүлснийг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно.
Нөгөө талаар нэхэмжлэгч Д.Ганболд нь эрчимжсэн буюу фермерийн мал аж ахуй эрхэлж байгаагийн хувьд өөрийн малыг хаана бэлчээрлэхийг хянаж, байнгын хариулга, маллагаа, арчилгаатай байлгах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасныг баримтлан хохирогчийн буруутай эс үйлдлийг харгалзан нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн үхрийн үнэлгээний 1,720,785 төгрөгийн тал хувиар бууруулан тооцож, нийт 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 860,392 төгрөгийг хангаж, үлдэх 1,139,608 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өөрийгөө жинхэнэ нэхэмжлэл гаргах эрхтэй Д.Ганболдоор солиулахаар хүсэлт гаргаж, шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулснаар хянан хэлэлцлээ.
Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Миний ойлгосноор Болдбаатар нь энэ газар мал аж ахуй эрхлэх зөвшөөрөл байхгүй газар тариалангийн зөвшөөрөлтэй юм байна. “Ногоон торгоны зам” ТББ нь газрын кадастр дотроо зурвас ухсан гэж ойлголоо. Ийм учраас кадастрын давхцал байхгүй бол “Ногоон торгоны зам” ТББ нь үхрийн үнийг төлөх ёсгүй юм байна гэж дүгнэсэн.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтээр тухайн зурвас татсан газар нь “Ногоон торгоны зам” ТББ-ын газар мөн бол үхрийн үнийг төлөх ёсгүй гэсэн утгатай бөгөөд тус зурвасыг хэнээс, ямар учир шалтгааны улмаас татсан нь мал оруулахгүй байх ганцхан зорилготой бөгөөд энэхүү үйлдэл нь мал оруулахгүй гэсэн шалтгаанаар бусдын эд хөрөнгийг устгах, үгүй хийхийг зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй юм.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25,199 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээгээр зохигчдод хуваарилан хариуцуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ногоон торгоны зам” ТББ-аас 25,199 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ганболдод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
Д.ОТГОНЧУЛУУН