Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/28

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Л,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн З овогт Б-гийн Б-т холбогдох эрүүгийн 2235001110135 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .................................................... өдөр Увс аймгийн ...................... суманд төрсөн, .................. настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо ............................................................ цэргийн алба хааж байгаа, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Увс аймгийн ...................... сумын ............... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Б-гийн Б, (Регистрийн дугаар:......................);

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн ...................... сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “.......................” байрны урд талд иргэн Б.Г-ын нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн ...................... сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “............” байрны урд талд иргэн Б.Г-ын нүүрэн тус газарт нэг удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Гэмт хэргийн талаарх харилцаа холбооны хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтас хэргийн 2 дахь тал);

2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтууд (1 дэх хавтас хэргийн 3-48 дахь тал);

3. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтас хэргийн 31-34 дэх тал);

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 233 дугаартай “...Б.Г-ын эрүүл мэндэд тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтлүүд нь 6286 тоот өвчний түүх-д 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үүссэн байсан талаар бичигдсэн байна. Иймд дээрх гэмтлүүд нь хэрэг болсон хүсэлтийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 19-22 дахь тал);

5. Хохирогч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Миний бие муу байна гэж хэлээд эргэх хооронд тэр хоёрын араас ирсэн залуу миний зүүн хацар хэсэгт нэг удаа цохиж би газарт унасан. Тэгээд би газар унаж ухаан алдсан юм. ...Яллагдагч Б.Б нь надад учирсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд эмчилгээ болон Улаанбаатар хот явсан зардал гэж 3.500.000 төгрөг болсон. Уг хохирлыг Б.Б-ийн ар гэр нь надад бэлнээр өгч барагдуулсан. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй... " гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-51 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 50-51 дэх тал);

6. Иргэний нэхэмжлэгч Б.Ц-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нийт зардал 654.615 төгрөг гарсан бөгөөд...энэ бүх зардлыг байлдагч Б.Б-ийн ар гэрээс гаргуулан авах талаар захирагч У.Б-ын А/30 дугаартай тушаалд дурдагдсан байгаа...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 55-56 дахь тал);

7. Гэрч Р.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Б гэх залуу араас гүйж ирээд “энэ хэн бэ” гэж асуугаад шууд тэр хүний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохисон чинь тэр хүн газарт уначихсан. Тэр хүн газарт уначихаар нь би тэр ахыг гараас нь татаж босгох гэж байтал нэг эгч хүрч ирээд чи миний нөхрийг цохиж зодлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64 дэх тал);

8. Насанд хүрээгүй гэрч Ч.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Г-ын биед Б.Б халдаж зодож цохисон. Түүний нүүр хэсэг рүү Б.Б гараараа нэг удаа цохисон чинь тэр ах газарт унасан юм...” “...Б.Б миний хажуугаар зөрөөд явсан бөгөөд намайг эргэж харахад Б- ахтай хамт байсан хүний толгой хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тухайн хүн газар унасан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65-67 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 67-68 дахь тал);

9. Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 90-91 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ын эрүүл мэндэд “Тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлүүд учирсан байх бөгөөд уг гэмтлүүд нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 233 дугаартай  дүгнэлтээр нотлогджээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Б-ийн дээр дурдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч Б.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Г-ын эрүү мэндэд “Тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Г-т эмчилгээний зардалд 3.500.00 (гурван сая таван зуун мянга) төгрөг төлснөөр хохирогч Б.Г нь “цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь 2 дахь хавтаст хэргийн 106 дахь талд авагджээ.

Мөн ........................... ангийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Ц- мөрдөн байцаалтын шатанд “...Тус ангийн байлдагч Б-гийн Б нь Увс аймгийн цагдаагийн газарт хэрэгт яллагдагчаар татагдсан байна. Б.Б-ээс яллагдагчаар мэдүүлэг авах, хэргийн материал танилцуулах зэрэг шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа явуулахад нийт 654.615 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирол болох Баян-Өлгий аймгаас Увс аймагт ирж шүүх хуралдаанд оролцсон зардал 654.615 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “Хаан банкны шилжүүлгийн баримт” гэх нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 16 нас 9 сар 01 хоногтой байсан нь түүний хувийн байдлын талаарх баримтууд болон мөрдөгчөөс шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл, түүний иргэний бичиг баримтаар нотлогдож байна. (1 дэх хавтас хэргийн 80 дахь тал);

Гэвч шүүхийн шийтгэх тогтоол гарах үед тэрээр насанд хүрсэн байх тул Б.Бийг “Өсвөр насны хүн” гэж үзэж, түүнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журмыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал),

Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөг  төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

3. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

Прокуророос шүүгдэгч Б.Б-ийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 11000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Б.Бийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт авагдсан “Дүрс оношилгооны шинжилгээний хариу” гэх ногоон өнгийн ном 1 ширхэг, CD 1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бт урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 11000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 11000 (арван нэгэн мянга) нэгж болох 11.000.000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Б.Гт 3.500.000 (гурван сая таван зуун мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгчид 654.615 (зургаан зуун тавин дөрвөн мянга зургаан зуун арван тав) төгрөг төлснийг тус тус дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Бээс гаргуулах хохирол, хор уршиггүйг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт авагдсан “Дүрс оношилгооны шинжилгээний хариу” гэх ногоон өнгийн ном 1 ширхэг, CD-1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Б.Бт урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                                                                                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БОЛОРМАА