| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2021/00477/И |
| Дугаар | 155/ШШ2021/00613 |
| Огноо | 2021-06-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2021/00613
| 2021 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2021/00613 | Хөвсгөл аймаг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд
Нэхэмжлэгч: Х... аймгийн М... сумын .. дүгээр багийн .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, Ш овогт Д-ийн Ц... (Р...)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х... аймгийн М... сумын .. дугаар багийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, Б овогт С-ын М (Ч...)-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 155/2021/00477/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч С.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Ц нь С.М-тэй 2003 онд танилцаж үерхэж байгаад 2004 оны 12-р сарын 22-нд гэр бүлд болж, 2009.02.18-нд хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ үеэс эхлэн хамтран амьдарсан. 2008.01.19-нд охин М.А, хүү М.А 2011.05.30-нд төрсөн. Хамтын амьдралын сүүлийн жилүүдэд үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж үргэлж архи, дарс ууж, зодож нүдэж үр хүүхдүүдээ айлгаж харанхуй шөнө хэдэн цагт ирсэн ч хүүхдүүдээ айлгаж, загнах шөнө ч байсан сэрээж зогсоох ус цай авчир , хувцас тайл зэргээр байнга дарамталж байсан болно. Иймээс гадна удаа дараа цагдаа дуудаж өгч байсан ч ер ухамсарлаж ойлгохгүй, дахин уухгүй гэсэн боловч байнга уучаад өргөдлөө буцааж авчих дахин ийм үйлдэл гаргахгүй гэхэд нь удаа дараа буцааж авч байсан болно. Сүүлдээ эцэг эхийг минь янз янзаар доромжилж эхэлсэн ба гэр орныхоо юмыг эвдэж бусниулж хүнд байдалд орсон болно. Бидний энэ байдал үр хүүхдэд муугаар нөлөөлж байна. Энэхүү хүнд байдлаас болж бид хоёр нэг гэрт амьдрахгүйгээр 4 жилд болж байна. Би хүүхдүүдээ бодоод архи дарс уухгүй болж ухаарах байх гэж нилээд харж хүлээж өдий хүрлээ. Энэ хугацаанд үр хүүхдээ гэсэн сэтгэл байхгүй ганц ч удаа гэсэн 2 хүүхэддээ юм авч өгч байсангүй. Мөн утсаар элдвээр доромжилж мессэж бичдэг болно. Иймд 2009 оны №0108745 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Би охин М.А, хүү М.А нарыг өөрийн асрамжинд авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн талаар маргаангүй болно гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх ямар ч боломжгүй. Хамт амьдрахгүй 4 жил болж байна. Энэ хүн өөр хамтран амьдрагчтай болсон. Мөн архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ гэр бүлээ айлгаж үр хүүхдүүдээ шөнө болгож хувцас хунараа тайлуулна ер нь л их хэцүү байсан учраас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзээд бид тусдаа амьдрах болсон. Үр хүүхдүүдээ огт анхаардаггүй. Хүүхдүүдээ амгалан тайван байлгах үүднээс гэр бүлээ цуцлуулах нь зүйтэй гэж бодож байна. Хоёр хүүхдээ би өөрийн асрамжинд авна. Эцгээс нь хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна...гэв.
Хариуцагч С.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С овогтой М миний бие 19.. онд төрсөн. 2003 онд Д-ийн Ц-тэй танилцаж үерхэж байгаад 2009 оны 2-18-нд хууль ёсны эхнэр нөхөр болсон. Амьдрах хугацаанд 2008.1.19-нд охин А, 2011-5-30-нд хүү А төрсөн. 2013 онд Х... аймгийн Хөгжимт драмын театрт дуучнаар орж ажиллаад 2019 онд ажлаасаа гарсан. Ковид болон орон тооны асуудлаас болж одоо болтол ажилгүй байгаа. Энэхүү асуудал нь хардалтаас болж үүссэн болно. Би эхнэр 2 хүүхдээ дагаж Хөвсгөл аймагт ирсэн. Урд өмнө нь ЦДБЭЧуулгад ажиллаж байсан. Өрөгдөлд бичигдсэн бүх асуудлыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч С.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр эргэж нийлж амьдрах боломжгүй. Архины асуудал бол үнэн. Ер нь урлагийн хүний хувьд тайж архи хоёр ойр байдаг учир архины асуудалд орох нь их байдаг. Урлагийн хүмүүс аливаа баяр ёслол хүлээн авалтанд их очдог тэгээд л архи дарс болчихдог. Миний тухайд архи хэрэглэж эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэж цагдаад хүртэл очиж байсан. Сүүлийн 4 жил орчим бид хоёр тусдаа амьдарсан. Би өөр эмэгтэйтэй хамтран амьдраад нэг жил орчим болж байна. Намайг хүүхдүүдтэйгээ уулзах гэхээр оруулдаггүй. Тэрнээс болж л намайг ингэж хүүхдүүдээ анхаардаггүй гэсэн асуудал яригдаж байна л даа. Шөнө босгож хувцас хунараа тайлуулдаг гэлээ. Хүүхдүүд маань өөрсдөө миний хувцсыг уралдаж тайлж тоглодог байхгүй юу. Миний тухайд нэхэмжлэгчийн бүх шаардлагыг зөвшөөрч байна гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч С.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч С.М нар нь 2003 онд танилцан улмаар 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр батлуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын нэхэмжлэл тайлбар, хэрэгт авагдсан №0108745 дугаар Гэрлэлтийн гэрчилгээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр, хамтын амьдарлын явцад 2008 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр охин М-ын А, 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүү М-ын А нар төрсөн болох нь №01... №00... дугаар төрсний гэрчилгээнүүдийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тус тус тогтоогдлоо.
Охин М.А, хүү М.А нар нь эрүүл өсөж бойжиж байгаа болон Д цогцолбор сургуульд суралцаж байгаа талаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн албан бичгүүд хэрэгт авагджээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,
Мөн зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус хуульчилсан байх тул нэхэмжлэгч Д.Ц нь нэхэмжлэл гаргах эрхтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр гэрлэгчид 4 жилийн хугацаанд хамт амьдраагүй, хариуцагч нь архи согтууруулах ундаа хэрэглэн гэр бүлийн гишүүдийг айдас түгшүүртэй байлгадаг байсан, цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага мэдээлэл өгч байсан зэргээс шалтгаалан гэрлэгчид таарамжгүй болж тус тусдаа амьдарцгаах болсон нь нотлогдож байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.Ц нь охин М.А, хүү М.А нарыг өөрийн асрамжинд авах талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тэдний төрсөн цагаасаа эхлэн ээжтэйгээ амьдарч байгаа, хүүхдүүдийн ээждээ ээнэгшин дассан байдал, ээж нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготой зэрэг байдлыг харгалзан хариуцагч С.М нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй байх тул охин М.А, хүү М.А нарыг эх Д.Ц-ын асрамжинд үлдээж эцэг С.М-ээс тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ гэж,
Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан байна.
Иймд нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч С.М нарын гэрлэлтийг цуцалж 2008 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Б овогт М-ын А, 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү М-ын А нарыг эх Д-ын Ц-ын асрамжинд үлдээн эцэг С-ын М-ээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М-ээс 161.537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Б овогт С-ын М (Ч...), Ш овогт Д-ын Ц (Р...) нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин Б овогт М-ын А (Р...), хүү Б овогт М-ын А (У...) нарыг эх Д-ийн Ц-ийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Б овогт М-ын А (У...)-ийг 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, охин Б овогт М-ын А (Р...), хүү Б овогт М-ын А (У...) нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг зааснаар Б овогт С-ын М (Ч...)-аас хүүхэд тус бүрт сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161.537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М-аас 161.537 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг С.М, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.Ц нарт тус тус даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА