Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2021/00616

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2021/00616

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн А сумын .. дугаар баг М 6-4 тоотод оршин суух, А овогт Б-ийн Ч (Р...)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн Х сумын ... дугаар баг, шийр гудамжны хөдөө тоотод оршин суух, Б овогт Б-ийн Б (Н...)-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 155/2021/00333/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Б.Ч нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч миний бие Б-тэй 2013 онд танилцаж үерхээд 2015 оны 5 сарын 20-нд хүү Б.Л-ыг төрүүлсэн. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарсаар ирсэн. Хүүхдээ гарснаас хойш Б нь бид хоёр дээр ирэх нь багассан. Сүүлдээ салсан. Иймд Б.Б-ээс хүү Б.Л-д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Б нь Х аймгийн А суманд хүү бид хоёртой хамт амьдрахаар ирсэн боловч гэнэт л явлаа гээд алга болчихно тэгээд хэсэг хугацааны дараа хүрээд ирдэг байсан. Тэгснээ сүүлдээ бүр ирэхгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэж өгнө үү. Хүү маань Хөгжил цэцэрлэгт хүмүүждэг. Одоо эрүүл өсөж байгаа гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Б.Б-д холбогдуулан

хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Ч, хариуцагч Б.Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч Б.Ч нь жирэмсэлж тэдний дундаас хүү Б.Л төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б овогт Б-ийн Л-ын бүртгэлийн 670400.. дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.

Хүү Б.Л нь эрүүл өсөж бойжиж байгаа болон Хөгжил цэцэрлэгт хүмүүжиж байгаа талаар холбогдох байгууллагын албан бичгүүд хэрэгт авагджээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ. гэж,

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг эхээс төрсөн болон ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно. гэж,

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж тус тус заажээ.

Иймд 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б овогт Б-ийн Л /Р.../-т эцэг Б овогт Б-ийн Б /Н.../-гээс хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно:

40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар;

40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр гэж заасан бөгөөд хариуцагч Б.Б-д нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх үүрэг тайлбарлан танилцуулах, хариу тайлбарыг авхуулах ажиллагааг Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр гүйцэтгүүлэх тухай шүүхийн даалгавар хүргүүлсэн ба Д аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч Б.Б-д 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан, эрх үүргийг тайлбарлан танилцуулж, хариу тайлбарыг 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ирүүлэх учиртайг мэдэгдсэн боловч хариуцагч Б.Б нь хариу тайлбарыг ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч Б.Б-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.

Мөн хариуцагч Б.Б-д шүүх хуралдааны товыг утсаар, түүний төрсөн эгчид утсаар тус тус мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хариуцагч Б.Б-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т тус тус зааснаар  тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Б.Ч-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.337  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 35.337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Б овогт Б-ийн Л /Р.../-т эцэг Б овогт Б-ийн Б /Н.../-гээс 11-н настай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч Б.Ч-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 35.337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ч-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА