Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/168

 


    


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 166/2024/0156/Э
    
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагчаар Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 2418000000196 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, нөхөр, хүүхдийн хамт Дархан- Уул аймгийн Дархан сумын ******* баг ******* ******* гудамжны тоотод оршин суух хаягтай, 
урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 

******* овогт Алтанчимэг /РД:/, 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
 
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 17- ны өдөр оройн 22 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сум ******* багийн тоотод маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, үснээс нь зулгааж, аяга шидэж эрүүл мэндэд нь толгойн дагз хэсгийн хуйханд язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун нүдний алимны салст, хэвлийн баруун хажуу хэсэг, баруун гуя, өгзөг, нурууны ар доод хэсэгт цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь: 

Хохирогч мэдүүлэг/ХХ-ийн 06-09 тал/, гэрч мэдүүлэг ХХ-ийн 12 тал/, Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 269 дугаартай шинжээчийн дүгнэлт ХХ-ийн 14-17 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлт /ХХ-ийн 29-32 тал/, яллагдагч *******ийн мэдүүлэг /ХХ-ийн 38, 45 тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг аргаар хууль бусаар хэрэг хүлээлгэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар: 

Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй гэсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна. 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн “500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх” санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
 
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 10 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1    . Шүүгдэгч ******* овогт Алтанчимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Б.ГЭРШИХБӨРТЭ