Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0483

 

 

  

     2022           06           20                                        128/ШШ2022/0483

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Т п ХХК //,

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Г,

          Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.М нарыг оролцуулан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Т п ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бид холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтүүдийг хүчингүй болгуулахаар маргасан.

          2.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч А.Б нэхэмжлэгч Т п ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 01-07-106/259, 01-07-106/260 тоот дүгнэлтийг тус тус гаргажээ.

          3.Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад гомдол гаргаж, уг гомдолд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 13/2525 тоот албан бичгээр гомдол гаргах хугацаа хэтэрсэн тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариу өгсөн байна. Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШЗ2021/8827 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 764 дугаар тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгосон байна. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШЗ2022/660 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШЗ2022/1106 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2022/1326 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 

          ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч А.Ань тус компанийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг "Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн зах зээлд нийлүүлж байгаа бараа үйлчилгээ нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд гэм хор учруулсан, эсхүл заавал мөрдөх стандартын болон техникийн шаардлагыг хангаагүй бол ..." үндэслэлээр №0003017 шийтгэлийн хуудсаар 9000 нэгж буюу 9.000.000 төгрөгөөр торгосон. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч А.Ань дээрх шийтгэлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос, хий/-ний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай дүгнэлтийг үндэслэн оногдуулсан байдаг. Гэтэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон улсын ахлах байцаагч А.Боос бидэнд энэ тухай огт мэдэгдээгүй ба харилцаа, холбооны ямар нэг хэрэгслээр мэдэгдэл ирүүлээгүй. Тус компани Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн энэхүү дүгнэлтийг тус шүүх дээр хянагдаж буй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч А.А*******гийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр оногдуулсан №0003017 шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр анх олж мэдэж танилцсан. Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь өөрийн шалгаагүй асуудлаар Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчин иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах, өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт, мэдээлэл өгөх боломжийг олгох, оролцоог хангалгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасныг зөрчин шалгуулагчид мэдэгдэлгүйгээр дээрхи дүгнэлтийг гаргаснаар тус компанид торгууль оногдуулж, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролд 2 учруулсан.

          Тус компани дээрх дүгнэлтийг олж мэдсэн даруйдаа Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлэх үүднээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гд хуульд заасныг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 027704 тоот албан бичгээр гомдол гаргасан. Энэхүү гомдолд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 13/2525 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ “...тус газар нь улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 07/1577 дугаар албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн. ...улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг танайд мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна" гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3-т зааснаар дүгнэлт гаргасан байгууллага, албан тушаалтан нь шалгуулагчид үйлдсэн акт, дүгнэлтээ мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээ нотлох үүрэгтэй. Гэтэл энэхүү хуулиар хүлээсэн үүргээ илт зөрчин бусдаар дамжуулан ...танайд мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна" хариу ирүүлсэн нь хуулийн үндэслэлгүй бөгөөд дээрх актуудыг гаргасан болох нь уг албан бичгээр нотлогддог.” гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос, хий/-ний хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай дүгнэлтүүдийн Т п ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Уг шаардлагыг гаргах болсон гол үндэслэл нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд хяналт шалгалтыг 26 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд явуулсан байдаг. Ингэхдээ тухайн аж ахуйн нэгжүүдийн бөөний болон жижиглэнгийн мөн орж ирж байгаа вагон зэргээс бүтээгдэхүүний дээжийг авч Иргэний нисэхийн ерөнхий газрын оношилгоо, хэмжил зүйн лаборатори, Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторид шинжилсэн байдаг. Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч А.А*******гаас 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр тус компанид 9 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гомдол гаргасан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцахад хэрэгт авагдсан тайлбар, нотлох баримтаар 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр танилцахад Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч А.Ань дээрх шийдвэрийг оногдуулахдаа мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн дээр дурдсан дүгнэлтүүдийг үндэслэн шийтгэл оногдуулсан байдаг. Энэ тухай анх мэдсэн. Үүний дагуу дээд шатны албан тушаалтан болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад гомдол гаргасан. Бидний гомдлыг хангаагүй учраас шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргасан. Энэхүү дүгнэлтийн талаар тус компанид өмнө нь огт танилцуулаагүй, тус компанид ямар нэгэн байдлаар мэдэгдэж байгаагүй. Бидний зүгээс огт мэдээгүй байсан. Энэ дүгнэлтийг танилцуулахад мэргэжлийн хяналтын байцаагч нь тухайн хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн дундаж үзүүлэлтийг гаргаад, үүндээ холбогдох стандартуудад харьцуулах маягаар гаргасан байдаг. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ дүгнэлтийг гаргахдаа баримталсан дээрх хоёр лабораторийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй байгаа. Ийм учраас үүнийг эргэлзээгүй, маргаангүй, хөдөлшгүй талаас нь мэргэжлийн хяналтын байцаагч тогтоолгүйгээр дүгнэлтээ гаргасан байна. Дүгнэлт гаргах эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж маргаж байна. Хариуцагчийн гаргасан дүгнэлтийн үндэслэл болгосон лабораторийн шинжилгээнүүдийн талаар дурдахыг хүсэж байна. Тус компанийг гурван зөрчлөөр буруутгасан. Ингэхдээ байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн. Байцаагчийн дүгнэлтэд дурдагдаагүй асуудлаар сорилтын дүнгүүдийг үндэслэсэн байдлууд харагдаж байдаг. Механик хольц илэрсэн гэж дүгнэсэн байна. Авто бензин нь К2-К5 гэсэн ангилалтай байдаг. Хяналт шалгалтад хамрагдсан шатахуун нь К2 ангиллын шатахуун байгаа. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь ОХУ-ын Роснефтээс шууд ачигдаж ирсэн, түүнийг дагалдаж ирсэн №43, 53 гэсэн паспорт, мөн хил дээр Гаалийн ерөнхий газрын төв лабораторийн 0004170121001027 гэсэн шинжилгээний дүгнэлтүүдээр шинжлэгдэн батлагдсан, зах зээлд борлуулахыг зөвшөөрсөн бүтээгдэхүүнүүд байгаа. Гэтэл дээрх хоёр лаборатори энэхүү бүтээгдэхүүнийг хоёр өөр арга, стандартын өөр, өөр аргаар хэмжсэн байх нь сорилтын дүнгээр харагддаг. Тухайлбал Ашигт малтмал, газрын тосны газрын лаборатори MNS 32210 шинжилгээний стандартаар хэмжсэн GT052 дугаар сорилтын дүнгээр энэ механик хольцын хэмжээ 0.0 гэсэн дүнтэй гарсан. Энэ нь MNS 0216 2017 стандартын байхгүй гэсэн стандартын шаардлагыг хангасан сорилын дүн гарсан. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын төв лаборатори нь MNS 0217 2017 стандартыг баримталсан атлаа нүдээр ажиглах аргаар хэмжсэн байдаг. Ингээд үл ялиг механик хольцтой гэсэн дүгнэлт гаргасан. Тэгэхээр нүдээр ажиглах гэдэг энэ аргаар тоон илэрхийлэл ямар хэмжээ байх вэ, үзүүлэлт байхгүй, үл ялиг механик хольцтой гэсэн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна. MNS 322:2010 аргаар 0.006 хувиас ихгүй бол механик хольцтой гэж үзэхээр заасан стандартын заалтууд байдаг. Тэгэхээр энэ нь стандарт зөрчсөн гэж үзэхгүй байна. Хоёр дахь зөрчил нь шатахуун түгээх станцын борлуулж буй жижиглэн болон агуулахын дизель түлшний цетаны тоо стандарт хангахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн шинжилгээнд хамрагдсан бүтээгдэхүүн нь К2 төрлийн дизель түлш байгаа. Мөн дээрх хоёр лаборатори хоёр өөр арга, хоёр өөр стандартаар сорилын дүнг гаргасан. Ашигт малтмал, газрын тосны лабораторийн GT053 дугаар сорилын дүнгээр 45.5 буюу MNS 0216 2017 стандартын шаардлагыг хангаж байгаа. Мөн хувийн жин 15 цельс дэх сорилтын дүн 817.4 гарсан буюу стандартын 800-845 гэсэн үзүүлэлтийг хангаж байгаа. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын төв лабораторийн СШ02 гээд стандартад заагаагүй аргачлал, үүнийг ойлгохгүй байгаа, байвал зохих үзүүлэлт нь 45-аас их байна гэж стандартад заасан байдаг. Үүн дээр 43.1±0.1 гэсэн сорилын дүн гаргасан. СШ21128 гэсэн сорилын дүнгээр хувийн жин 20 градус цельсээс 822±0.1 гэсэн сорилын дүн гаргасан байдаг. Мөн СШ21/127 дугаартай сорилын дүнг гаргаж MNS 6861:2020 стандартын заавал байх үзүүлэлттэй харьцуулсан стандарт зөрчсөн гэж дүгнэлт гаргасан байна. Тэгэхээр эндээс хоёр лабораторийн дүн шинжилгээ хоорондоо зөрж байна. Хоёрдугаарт хувийн жинг тодорхойлохдоо 15 градуст юм уу, 20 градуст юм уу нэгийг нь гаргаад, нөгөөг нь гаргахгүй маягаар дүгнэсэн. Эндээс зөвхөн 20 градусын сорилтын дүнд зөрчил гаргасан гэж үзсэн. Иймэрхүү сорилын дүн гаргасан байдаг. Гурав дахь зөрчил нь вагоны дизель түлшний механик бодис илэрсэн гэж үзсэн байна. Энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн MNS 322212 стандартын аргаар хэмжсэн GT086 сорилтын дүнгээр манай компанийн бүтээгдэхүүн 0.0 буюу MNS 0216:2017 стандартын байхгүй гэсэн тоон үзүүлэлтийг хангаж байгаа. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын төв лаборатори MNS 6861:2020 стандарт MNS 3697 1984 аргаар байвал зохих үзүүлэлт 24-өөс бага байх заалтыг СШ21/197 сорилтын дүнгээс 2 гэсэн үзүүлэлт гаргасан байна. Энэ нь илт энэ шаардлагыг хангасан үзүүлэлт байсаар байтал зөрчсөн гэсэн үндэслэлгүй сорилын дүнг гаргасан байна. Эдгээр хоорондоо зөрчилтэй, өөр өөр аргаар, өөр өөр стандарт хэрэглэсэн энэ сорилын дүнг үндэслээд хариуцагч мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч энэ дүгнэлтийг гаргасан байна. Ингэж гаргахдаа нэгэнт энэ хоёр лабораторийн хооронд зөрөөтэй байхад шинжилгээнд дээжид авсан гурав дахь дээжийг огт шинжлээгүй. Энэ нь дээж авах стандартад заасан. Хэрвээ маргаан гарвал гурав дахь дээжийг дахин шинжилнэ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрвээ зөрүүтэй асуудал үүсвэл нэг удаа дахин шинжилгээ хийж болно гэсэн стандартын холбогдох заалтуудыг зөрчсөн байна. Нөгөө талаар маргаангүй, эргэлзээгүй үнэнийг тогтоох хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нийт хяналт шалгалтад хамрагдсан байгууллагуудын дундаж үзүүлэлт гэж харьцуулаад тодорхой Т п ХХК-ийн өөрийнх нь оролцогчид холбогдсон асуудлыг тодорхой бусаар гаргасан нь ихээхэн маргаан, эргэлзээ, тээнэгэлзээг төрүүлж байна. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шалгуулагч этгээдүүдэд адил тэгш хандах, түүний хууль ёсны эрх, ашиг, нэр хүндийг хүндэтгэх, хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх хуулийн зарчмыг алдагдуулсан дүгнэлт болсон гэж үзэж байна. Ийм учраас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

          6.Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч/газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          ...Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын баталсан 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаартай Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, эрчим хүчний /газрын тос, хий/ улсын ахлах байцаагч А.Б миний бие тус шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцсон. Хяналт шалгалтад оролцох байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсгийн хурлаар тус хяналт шалгалтын зохион байгуулалтын талаар хэлэлцсэний үр дунд газар дээр нь шалгалт хийх, бүтээгдэхүүний дээж авах бүрэлдэхүүнийг дээрх удирдамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд тус ажлын хэсгээс шинжилгээнд авсан дээжийг тусгай кодоор тэмдэглэж холбогдох лабораториудад өгч шинжлүүлэхээр, мөн лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт гаргах этгээд /А.Б/-ийг нууцлалыг хангах зорилгоор дээж авах, шинжилгээ хийлгэх ажлын хэсэгт оролцуулахгүй байхаар төлөвлөж шийдвэрлэсэн. Дээрх ажлын хэсэг шатахуун хадгалах, түгээх байгууламжийн савнаас 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрүүдэд авто бензиний 60 ширхэг дээж, дизель түлшний 84 ширхэг, нийт 144 дээж авч Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лаборатори, Иргэний нисэхийн ерөнхий газрын оношилгоо, хэмжил зүйн лабораториудад тусгай нууц кодоор тэмдэглэж шинжлүүлсэн байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 тоот албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлсэн "Дүгнэлт гаргуулах тухай" хүсэлтийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх гэж заасныг баримтлан гаргасан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай улсын ахлах байцаагчийн дүгнэлтүүдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны 7 сарын 07-ны өдрийн 01/1577 тоот албан бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ирүүлсэн дээрх хүсэлтэд ямар аж ахуйн нэгж, байгууллагын нэрийг дурдаагүй, сорилтын тайлангууд нь аль аж ахуйн нэгжтэй хамааралтайг мэдэх боломжгүй тул тус компанид улсын байцаагчийн дүгнэлтийг хүргүүлэх боломжгүй бөгөөд тус хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

          Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн кодоор тэмдэглэгдсэн нийт 144 шинжилгээний сорилын тайланд тусгагдсан үзүүлэлтийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017, “Дизелийн түлш Евро. Техникийн шаардлага” MNS 0216:2017, Дизелийн түлш. Техникийн шаардлага MNS 6861 2020 стандартуудад тавигдсан шаардлагатай харьцуулсан бөгөөд шинжилгээний сорилтын тайланд аж ахуйн нэгжийн нэр болон ямар объектоос хэдэн дээж авч шинжлүүлсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан нь хяналт шалгалтын хараат бус зарчимд нийцсэн гэж үзэж байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн химич инженер С.Ангараг, ахлах инженер Ж.Сайнбаяр, эрхлэгч Г.Батцэцэг нарын баталгаажуулсан сорилтын үр дүнгийн тайлангууд, Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн шинжээч Ж.Бадамсүрэн, дарга Г.Оюунтуяа нарын баталгаажуулсан нийт 144 шинжилгээний сорилтын үр дүнгийн тайлангуудад тусгагдсан үр дүнг тус тус "Дизелийн түлш, Техникийн шаардлага MNS 6861 2020 стандартын 5.2 дахь түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна. " Дизелийн түлш Евро, Техникийн шаардлага" MNS 0216:2017 стандартын 4.2 дахь түлшний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1-р хүснэгтэд заасан шаардлагыг хангасан байна заалт, Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага "MNS 0217:2017 стандартын 5.2 дахь /этилжүүлээгүй бензиний физик, химийн болон ашиглалтын үзүүлэлтийн хэмжээ 1, 2-р хүснэгтэд заасан шаардлагад нийцэж байвал зохино /заалтын шаардлага хангасан эсэхийг хянан үзэж улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаартай дүгнэлтүүдийг гаргасан бөгөөд шаардлага хангасан үзүүлэлтүүдийг 1 дүгээр заалтад, шаардлага хангаагүй үзүүлэлтүүдийг бусад заалтад тусгасан. Мөн лабораторийн нэгэнт баталгаажуулсан үр дүнгийн тоон утгыг улсын байцаагч дур мэдэн өөрчлөн дүгнэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч Т п ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

          7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

          “Хариуцагч нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас баталсан хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Иргэний нисэхийн ерөнхий газрын лаборатори болон Ашигт малтмал, газрын тосны газрын уул уурхайн лаборатори нь тухайн хяналт шалгалтад хамрагдах бүтээгдэхүүнийг өөрийн лабораторийн хүчин чадлын хүрээнд хийх бөгөөд итгэмжлэгдсэн лабораторийн чадвар, стандарт нь Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудал юм. Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэгч байгууллагад мэдэгдээгүй гэдэг асуудлыг ярьж байна. Энэ мэдэгдэх нь хууль заасан арга хэмжээнээс бусад ажиллагаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт мэдэгдэх үүрэг байдаггүй. Энэ ажиллагаа нь хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар энэ хяналт шалгалтыг зохион байгуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт байгаа гэж заасан. Мөн хуульд заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгч талаас дурдаад байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуульд заасныг энэ хяналт шалгалтад хэрэгжүүлж ажилласан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд захиргааны байгууллагын харилцан туслах үүргийг тусгасан. Энэ үүргийн хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагын улсын ахлах байцаагч нарийн мэргэжлийн төхөөрөмжөөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартуудтай төрийн бусад байгууллагуудын хийсэн шинжилгээний дүгнэлтийг харьцуулан үзэх байдлаар маргаан бүхий дүгнэлтүүдийг үйлдэж гаргасан. Иймд хариуцагч нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн дүгнэлт үйлдсэн нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Нэхэмжлэгч Т п ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бид холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтийн өөрт хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          2.Нэхэмжлэгч Т п ХХК-иас дараах үндэслэлээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтийн өөрт хамаарах хэсгийг хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр маргасан.

          1/Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч А.Б нь өөрийн шалгаагүй асуудлаар Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг ноцтой зөрчин иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалах, өөрийн байр суурийг илэрхийлэх, нотлох баримт, мэдээлэл өгөх боломжийг олгох, оролцоог хангаагүй.

          2/Энэ дүгнэлтийг гаргахдаа баримталсан дээрх хоёр лабораторийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй.

          3.Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01/16 дугаар удирдамжийн дагуу Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, мөн газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/1297 дугаар албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт дүгнэлт гаргуулахаар хандаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч А.Б Дизель түлшний шинжилгээний дүнгийн тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 тоот дүгнэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргад хүргүүлсэн байна.

          4.Маргаан бүхий 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259 дүгнэлтээр нэхэмжлэгчийн 210744, 210751, 518388 кодтой дээжийг шинжилгээнд хамруулж, СШ 21/115, СШ 21/116, СШ 21/127, СШ 21/128, GT086 шинжилгээний сорилтын үр дүнгээр цетаны тоо нь “Дизелийн түлш Евро техникийн шаардлага” MNS 0216:2017, “Дизелийн түлш техникийн шаардлага  MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй, “Дизелийн түлш техникийн шаардлага MNS 6861:2020 стандартын шаардлагыг хангахгүй гэж тус тус дүгнэсэн.

          Мөн өдрийн 01-07-106/260 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийн 210718, 210719, 518356 кодтой дээжийг шинжилгээнд хамруулж, СШ 21/71 шинжилгээний сорилтын үр дүнгээр автобензинд механик хольц илэрсэн нь хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017 стандартыг хангахгүй гэж тус тус дүгнэсэн.

          5.Т п ХХК-ийн дизель түлшний дээжийг Иргэний нисэхийн үндэсний төвийн Оношилгоо хэмжил зүйн лабораторид шинжилж СШ21/116 дугаар үр дүнгийн тайланд дизель түлшний цетаны тоо 43.0±0.1 гэж, СШ 21/127 дугаар үр дүнгийн тайланд дизель түлшний нягт 200С-д 822.4±0.1 кг/м3 гэж, дизель түлшний нягт 150С-д 826.0±0.1 кг/м3 гэж, СШ21/128 дугаар үр дүнгийн тайланд дизель түлшний цетаны тоо 43.1±0.1 гэж  тус тус тодорхойлсон.

          Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторид өдрийн GT086 дугаартай сорилтын үр дүнгийн тайланг "Дизелийн түлш. Техникийн шаардлага" MNS 6861:2020 стандартад заасан шаардлагыг хангасан эсэхийг тус тус дүгнэсэн.

          Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэшсэн улсын ахлах байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/260 дүгнэлтээр нэхэмжлэгчийн 210718, 20719, 518356 дээжийн шинжилгээний дүнд СШ21/71 дугаар бүхий үр дүнгээр автобензинд механик хольц илэрсэн нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага  MNS 0217:2017 стандартын шаардлагыг хангахгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

          6.Нэхэмжлэгчээс дүгнэлтийг гаргахдаа баримталсан дээрх хоёр лабораторийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй байгаа, үүнийг эргэлзээгүй, маргаангүй, хөдөлшгүй талаас нь мэргэжлийн хяналтын байцаагч тогтоолгүйгээр дүгнэлтээ гаргасан байна, дээрх хоёр лаборатори энэхүү бүтээгдэхүүнийг хоёр өөр арга, стандартын өөр, өөр аргаар хэмжсэн байх нь сорилтын дүнгээр харагддаг гэж маргасан бөгөөд хариуцагч А.Б нь тухайн хяналт шалгалтын бүрэлдэхүүнд орсон боловч бүтээгдэхүүний дээж авах ажиллагаанд оролцоогүй, дээжийг кодолсон байдлаар хүлээн авч шинжилгээнд хамруулсан болох нь тухайн ажлын хэсгийн уулзалтын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэлд тусгагджээ.

          Мөн хариуцагч улсын байцаагч нь Аж ахуйн нэгжийн нэргүйгээр тусгайлан кодолж ирүүлсэн шинжилгээний дээжид хийсэн дүнг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт үзүүлэлттэй харьцуулан үзэх байдлаар дүгнэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй.

          7.Нэхэмжлэгч Т п ХХК-ийн хүчингүй болгуулахаар маргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

          8.Дээрх дүгнэлтийг үндэслэн Т п ХХК-д Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0003017 дугаар Шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсныг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар магадлалаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй.

          9.Иймд дээр дурдсан үндэслэлээр Т п ХХК-иас гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болон ТОГТООХ нь:

          1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасныг тус тус баримтлан Т п ХХК-иас гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч /газрын тос хий/ хяналтын улсын ахлах байцаагч А.Бийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01-07-106/259, 01-07-106/260 дугаар дүгнэлтийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.АДЪЯАСҮРЭН