Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 10

 

 

        Б.Отгонзаяагийн нэхэмжлэлтэй, Г.Гантулгад 

 холбогдох иргэний хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Нэхэмжлэгч Б.Отгонзаяа

Хариуцагч Г.Гантулга, түүний өмгөөлөгч Д.Зулаа нар оролцов. 

 Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 298 дугаар шийдвэрийг  эс зөвшөөрч, хариуцагч Г.Гантулгын давж заалдах гомдлоор нэхэмжлэгч Б.Отгонзаяагийн “Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” хариуцагч Г.Гантулгад холбогдох иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч  Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Отгонзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Би гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахгүй, хариуцагчтай эвлэрэхгүй. Намайг хүүхдээ төрүүлснээс хойш дотно харилцаа алга болсон. Гантулга утсаар ярих бүртээ зайл, чамтай амьдрах хүсэл алга гэдэг. Аав ээжийнхээ дэргэд бол тэгж хэлдэггүй. Манай найз руу танилцъя, уулзъя гэж мессеж бичиж байсан. Намайг тэнэг мал гэж доромжилдог учраас охиноо өөрөө авч, ааваас нь тэтгэлэг гаргуулна гэв. 

Хариуцагч Г.Гантулга шүүхэд болон анхан шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ану-Үжин миний охин мөн хүүхдийн тэтгэлэг төлнө, маргах зүйлгүй гэв.

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 298 дугаар шийдвэрт: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Г.Ану-Үжинг эх Б.Отгонзаяагийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Г.Ану-Үжинг 11 нас хүртэл сар бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Г.Гантулгаар тэжээн тэтгүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6-д зааснаар Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүр төлбөл зохих тэтгэмжийг 3 сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Отгонзаяаг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг баримтлан хариуцагч Г.Гантулгаас хүүхдийн асрамж тогтоох гэсэн шаардлагаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, 1 жилд төлөх тэтгэлгийн хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 29.606 төгрөг, бүгд 99.806 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ. 

Хариуцагч Г.Гантулга давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар өгсөн ч охин Ану-Үжинг өөрийн охин болоход эргэлзэж байна. Шүүх хуралдаан болсны дараа танил хүндээ энэ тухайгаа хэлтэл  эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж болдог гэсэн зөвлөгөөг өгсөн. Иймд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Отгонзаяа хариуцагч Г.Гантулгаас хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

  Хариуцагч Г.Гантулга нь анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд “ охин Ану-Үжин миний хүүхэд мөн, хүүхдийн тэтгэлэг төлнө, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө” гэсэн тайлбар өгч, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй атлаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Охин Ану-Үжинг өөрийн охин болоход эргэлзэж байна, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна” гэжээ. /хх-15, 23/ 

Шүүх түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул давж заалдах гомдолд дурдсанаар “... анхан шатны шүүхэд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх эрхтэй болохоо мэдээгүй байсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүйн зэрэгцээ шүүх хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байдал тогтоогдохгүй байна./хх-11/

Түүнчлэн Г.Гантулга нь  2017 оны 03 дугаар  сарын 06-ны өдөр төрсөн охиндоо Ану-Үжин хэмээн нэр өгч, өөрийн нэрээр овоглохыг зөвшөөрч, тэрээр улсын бүртгэлд бүртгүүлэн төрсний гэрчилгээ авсан нь Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Эцэг, эх тохиролцсоны үндсэн дээр хүүхэддээ нэр, овог өгнө.” гэсэнтэй нийцэж байх төдийгүй хариуцагч эрх бүхий захиргааны байгууллагаар хүүхдийн эцэг тогтоолгосон шийдвэр гаргуулсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Зохигчид  2016 оны 7 дугаар сард танилцаж,  дотно харьцаанд орсон, охин Ану-Үжин нь  2016 оны 7 дугаар сард олдож 32 долоо хоногтой дутуу төрсөн, тэд 2016 оны 8 дугаар сараас 11 дүгээр сар, хүүхдээ төрүүлсний дараа 2017 оны 3 дугаар сараас 12 дугаар сар хүртэл Г.Гантулгын эцгийн гэрт хамтран амьдарч байсан, нэхэмжлэгч өөр хүнтэй холбогдож байгаагүй гэсэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, захиргааны журмаар Ану-Үжингийн эцгийг Ганбаатарын Гантулга хэмээн тогтоож, төрсний гэрчилгээ олгосон, анхан шатны шүүхэд эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй  зэргээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь  үндэслэл бүхий болжээ.

Харин шүүх хүүхдийн асрамжийг тогтоохдоо Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн холбогдох хэсгийг буруу хэрэглэсэн, охин Г.Ану-Үжинд тэтгэлэг гаргуулахдаа түүний төрсөн огноог бичээгүй зэргийг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.                                                              

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 298 дугаар шийдвэрт доорх нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай.

1.1.Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ”Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д...” гэснийг “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д” гэж өөрчилсүгэй.  

1.2.Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар” гэсний ард “2017 оны 03 дугаар сарын 06 -ны өдөр төрсөн” гэж нэмсүгэй.

1.3.Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл хяналтын журмаар Монгол Улсын Дээд  шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           О.БААТАРСҮХ

                                               ШҮҮГЧИД                           С.ОЮУНТУНГАЛАГ 

                                                                                           Д.БАЙГАЛМАА