Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                         Хэргийн индекс: 166/2024/0147/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, шүүгч Б.Ихтамир, шүүгч Б.Бат-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга, 
Иргэдийн төлөөлөгч *******, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд, 
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* овогт ******* ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2418000000138 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

    Монгол Улсын иргэн, ******* өдөр, Дархан-уул аймгийн анд төрсөн, эрэгтэй, 35 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, *******,*******,******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхэдтэй, одоо ээж, эмээ нарын хамт Дархан- Уул аймаг, ,,, тоотод оршин сууж байгаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаагаар Дархан-Уул аймгийн , ,, тоотод оршин суух бүртгэлтэй,

    ******* овогт *******  /РД:/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн ,,, тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зүүн далны дотор хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр: 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-11 дүгээр хуудас/,  эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 14 дүгээр хуудас/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 17, 18, 20-22 дугаар хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 28, 29 дүгээр хуудас/, гэрч мэдүүлэг /хх-ийн 31, 32 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2651 дугаартай дүгнэлт /хх-ийн 56, 57 дугаар хуудас/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
 
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: 

1. Үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 05-06 цагийн орчимд, Дархан-Уул аймаг, ,,, тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зүүн далны дотор хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь зүүн далны дотор хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт /400 мл/, хоёр зовхи, хамрын нуруу, хүзүү, цээжинд цус хуралт бүхий хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан: 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3- 11 дүгээр хуудас/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 14 дүгээр хуудас/, 

- Хохирогч “...би тухайн үед хүмүүс маргалдаад байгааг бол мэдсэн яг юунаас болоод маргалдаад байгааг мэдээгүй. Маргалдаад байгаа хүмүүсийг салгаж байхад миний нуруу халуун оргиод бие сульдсан тэрнээс хойш юу болсон мэдэхгүй байна. ах архи уугаад үйлдлээ хянах чадваргүй болсон байсан. Намайг хутгалсны дараа ах тамхи татаад зогсож байсан. ...миний биед учирсан гэмтлээс хавирганы гэмтэл дүгнэлтэд тусгагдаагүй байна. ...би маргалдаж зууралдсан асуудал байхгүй, надад учруулсан бүх гэмтлийг учруулсан. Би *******ай маргаан үүсгэж зууралдсан. Намайг *******ай маргалдах үед ширээн дээр байсан бүх зүйлийг унагаасан. Тэгэхэд шилтэй компот унаж хагарсан. Би ахыг зодож цохиогүй. Намайг хутгалсны дараа ах тэр шилэн дээр гишгээд унасан би тэрийг санаж байна. ... ах намайг хутгалуулсны дараа миний шарх дээр даавуу тавиад урдаас тэврэхдээ шалан дээр өвдгөөрөө сууж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн17, 18, 20-22 дугаар хуудас/, 

- Гэрч     “...Тэгээд нэг сэртэл ойролцоогоор 02-03 цагийн орчим манай хүү ирчихсэн том өрөөнд , нартай дүнгэр дүнгэр гээд юм яриад сууж байсан. ингээд дуу нь чангараад байсан. миний сонссоноор , нар хоорондоо нэлээд согтсон маргалдаад байх шиг байсан. тэгэхээр нь би босоод том өрөөнд ороход том өрөөний ширээний ард , , согтуу сууж байсан. тэгэхээр нь би та нар унтацгаа хүмүүс унтаж амарч байна гэж хэлсэн чинь за гэхээр нь би буцаад жижиг өрөөнд ороод унтчихсан. ...Намайг унтаж байхад дахиад 04 цагийн орчим чанга чанга дуугараад маргалдаад байхаар нь би дахиж босоод том өрөөнд ороход , нар хоорондоо маргалдаад миний хүү голд суучихсан нөгөө 2-ыг амраах гээд байж байсан. ингээд би тэр 3-т дахин амар гэж хэлчхээд буцаад унтчихсан. ...Дахиад унтаж байхад 05 цагийн орчим , нар хоорондоо чанга дуугаар маргалдаад байхаар нь би босоод том өрөөнд очиход , нарын ээж мөн босож ирээд хүү загнаад би ыг бариад гал тогооны хэсэгт зогсож байсан. тэр үед гал тогооны ширээн дээр байдаг хутганы ком дээрээс хар иштэй жижиг хутга аваад ардаа барьчихсан байхаар нь би хутгыг нь аваад цааш нь угаалтуур луу шидчихээд дүүгээ тайвшруулчхаад байж байхад ээжтэйгээ маргалдаад байхаар нь би очиж загнаад байж байтал манай хүү босож ирээд боль гэж хашхираад салгах гээд дундуур ороод эргээд харахад нуруунаас нь цус гарч байсан. үүний дараа ыг харсан чинь гал тогооны хэсэгт миний урд нь гараас нь аваад угаалтуур луу хийсэн хутгыг барьчихсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28, 29 дүгээр хуудас/, 

- Гэрч     “...том өрөөнд уугаад шивнээд юм ярьж байхад ах, ээж 2 аль аль нь гарч ирж 2 удаа унт гэж хэлсэн. Мөн ах ийг архи уулаа гээд нэг алгадсан. Харин 3 дахь удаагаа , нар маргалдаад ий биед гэмтэл учирсан юм. Архи уугаад сууж байгаад , ах 2 зодоон яриад сүүлдээ маргалдаад эхлэхэд би болиулаад унтуулсан. Тэгээд би тэй хамт унтахаар болоод аас тусдаа дахиж нэг шил юм задлаад ууж байгаад тасарсан. ...ий биед гэмтэл учруулсан гэхдээ юугаар гэмтэл учруулсан талаар сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31, 32 дугаар хуудас/, 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2651 дугаартай биед зүүн далны дотор хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт /400 мл/, хоёр зовхи, хамрын нуруу, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 56, 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. 

2. Эрх зүйн дүгнэлт:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. 

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршиг нь шалтгаан холбоотой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх гэм буруугийн дүгнэлтийг, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд: “: Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн зүйлчлэлд маргаан байхгүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, нөхцөл байдлыг анхаарч үзэх байх. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн зүгээс өндөр настай хүмүүсийг хүндлэх хүндлэл байхгүй байснаас болж, уг гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг анхаар үзнэ үү. Ингэснээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг өмөөрч, хамгаалж байгаа зүйл биш. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гаргасан үйлдэлдээ дүгнэлт хийж, гэмшиж байгаа” гэх  дүгнэлтийг, 

иргэдийн төлөөлөгч ******* “гэм буруутай” гэх дүгнэлтийг тус тус гаргасан. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлжээ. 

Шүүгдэгч *******ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрхийн эсрэг чиглэсэн байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрахыг, мөн тухайн үйлдэл нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр мөн. 

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэв. 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2651 дугаартай дүгнэлтэд “ биед зүүн далны дотор хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт /400мл/, хоёр зовхи, хамрын нуруу, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир, үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ. 

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас биед цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт /400мл/, хоёр зовхи, хамрын нуруу, хүзүү, цээжинд цус хуралт бүхий гэмтэл учирсан болох нь дээрх шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт: "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэж тайлбарласан ба хутгыг зэвсэгт хамааруулан үзэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч *******ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.


 Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1.    Эрүүгийн хариуцлага:

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, хохирол төлбөрийг барагдуулах, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Хохирогчийн зүгээс уг гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн хэдий ч түүний үйлдэл нь шууд санаатай хэлбэртэй, бусдын биед зэвсэг хэрэглэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялыг оногдуулах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна.” гэх саналыг, 

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Содболд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Үүнд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирогчид хохирол төлбөр, эмчилгээний зардал төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдал байгаа гэдгийг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар гэмт хэргийн ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.  

Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгүүлж байгаагүй болох болох нь гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89 /, нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний урд нь ял шийтгүүлж байгаагүй, 6-15 насны 3 хүүхэдтэй зэрэг байдлыг хувийн байдалд, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, 
1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус заасан. 

Иймд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

2.    Хохирол, хор уршиг:

Шүүгдэгч ******* нь хохирогч эмчилгээний зардалд 1,200,000 төгрөг төлсөн /хх-ийн 119/, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах талаар нэхэмжлээгүй, нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

3.    Бусад асуудал: 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга /ажлын хэсэг нь 13 см, бариулын урт 12 см, өргөн 1,3 см/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол болмогц устгаж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэлээ. 


Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон


ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******т 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан, битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга /ажлын хэсэг нь 13 см, бариулын урт 12 см, өргөн 1,3 см/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол болмогц устгасугай.

  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ГЭРШИХБӨРТЭ

        
        
                                  ШҮҮГЧ                Б.ИХТАМИР

                               ШҮҮГЧ                Б.БАТ-АМГАЛАН