| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0062/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/068 |
| Огноо | 2024-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/068
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам,
Иргэний хариуцагч: *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000013 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн , /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт хог ачаад “ви” баарны гадаах хогийг ачаад хогийн цэг рүү явах гээд дунд захын урдуур явах замаар явж байсан чинь зам дээр хүн гараад ирсэн байсныг анзаараагүй мөргөсөн. Тэгээд эмнэлэгт дуудлага өгөөд ирсэн. Явган зорчигчийн гарч байсан хэсэгт явган хүний гарц байсан. Тэмдэг тэмдэглэгээ, гэрэл дохио байгаагүй. Би шинжээчийн дүгнэлтүүд болон Мөрдөгчийн магадалгаатай танилцсан. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 115-116 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2023 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр үдээс хойш “Баруун бүс” орчхоод Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байх “Дунд зах” орох гээд замын хажуугаар явж байгаад Дунд захын харалдаа ирээд зам хөндлөн гарч байсан чинь намайг нэг машин шүргэх шиг болсон тэгээд би яасан гэдгээ мэдээгүй нэг мэдсэн чинь эмнэлэг дээр байсан. Би явган хүний гарцаар гарч явсан. Тэмдэг байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 12-13 /,
..... Би шинжээчийн дүгнэлтүүдтэй санал нийлж байна. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нийт 15 хоног хэвтэн эмчлүүлсэн одоогоор өөрөөсөө мөнгө санхүү гаргаж эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс бариачаар өдрийн 20,000 төгрөгөөр тохирч 10 хоног бариа хийлгэж байна. Би Улаанбаатар ******* руу явж эмчилгээ үйлчилгээ хийлгэмээр байгаа тул учирсан хохиролдоо нийт 3,000,000 /гурван сая/ төгрөг нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 /,
4. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би *******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан 4,524,710 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа....гэх мэдүүлэг / хх-ийн 103-104 /,
5. Иргэний хариуцагч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Д. бид 2 “******* *******” ХХК-нд хамт ажилладаг ба би гэх хүний хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал дээр хяналт тавин ажилладаг. Манай байгууллага жолооч тай ярилцаж байгаад тухайн хохирсон иргэнийг хохиролгүй болгоно. Одоогоор бол хохирол барагдуулсан зүйл байхгүй байна. Би тухайн дүгнэлттэй танилцсан. Санал нийлж байна. Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг тухайн жолооч хариуцна гэж хөдөлмөрийн гэрээн дээр тусгагдсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч ******* мэдүүлэхдээ: Би ******* ******* компанид авто механикч ажилтай. Шүүгдэгч *******гийн холбогдсон эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 4,524,710 төгрөгийг манай компани энэ 7 хоногийн санхүүжилт орж ирэхээр төлөхөө илэрхийлж байна. Учир нь тухайн үед *******гийн унаж явсан хог ачигч машины хойд 2 тормоз нь асуудалтай байсан бөгөөд ******* нь ажил үүргээ гүйцэтгэж явсан гэв.
7. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2023 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр “Дунд зах” орчхоод машинтайгаа дунд захын урагшаа гардаг замаар гарах гээд явж байсан чинь цагаан өнгийн хогийн машин явж байснаа хөгшин хүн зам гарах гээд явж байсан чинь мөргөчихсөн. Тэгэхээр нь цагдаа руу дуудлага өгчхөөд тойроод гараад явсан. Тухайн явган зорчигч гарцаар гарч байсан. Тэмдэг байсан. Их хурдтай яваагүй харагдаж байсан. Гэрэл дохио байгаагүй. Явган зорчигчийн тэмдэг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 /,
8. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би 2023 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт жолооч *******гийн хамт хог ачиж байгаад “Ви” баарны хогийг ачаад хогийн цэг рүү хөдөлсөн. Тэгээд дунд захын урд байх 3 замын уулзвараар баруун гар тийш эргээд явсан чинь жолооч ******* нэг хөгшин хүн зам гарч явсан чинь дайрсан. Тэгээд манай жолооч хүн мөргөчихлөө гээд буухаар нь би араас нь буусан чинь хөгшин хүн дагзнаас нь цус гарчихсан машины урд дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд түргэн тусламж дуудаад бид 2 явчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /,
9. Мөрдөгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай:... 1. Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг, гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна.
2. Иргэн ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй нь тогтоогдож байна. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гуравдугаар зүйл: Жолоочийн үүрэг, 3.1. "Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна"-ийн а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй); гэсэн заалттай байна.
3. Иргэн ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн "16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай байна.
4. Мөн дүрмийн "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх магадлалтай байна...гэх магадлагаа /хх-ийн 52- 53 /,
10. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаартай: 1. MITSUBISHI Кантер маркийн 59-17 БНА улсын дугаартай Ачааны зориулалтай тээврийн хэрэгслийн хувьд гэрэлтүүлэх хэрэгсэл болон тоормосны системийг янзлах засвар үйлчилгээ хийх шаардпагатай болсон байна.
2. Ачааны зориулалттай / MITSUBISHI Кантер/ маркийн автомашины гэрэлтүүлэх хэрэгслийн хувьд эргэх чиг заадаг дохио урд, хойд мөн тоормосны гэрэл, оврын гэрэл хойд, ухрахын гэрэл, эдгээр гэрэлтүүлэх хэрэгслүүд нь асахгүй байв. Бусад том их гэрэл, дуут дохио, урд оврын гэрэл, шил арчигч ХЭВИЙН ажиллагаатай байна.
3. MITSUBISHI Кантер маркийн 59-17 БНА улсын дугаартай автомашиныг EWJ92200 Дани улсад үйлдвэрлэсэн тоормос тэнхлэг шалгагч суурин багажан дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтыг хэмжиж үзэхэд -15,2 мм буюу тэнхлэг тохиргоо нь алдагдалтай байна. /заасан хэмжээ 5мм/ Уг автомашин нь 7,50.R16 размерын М+S гэсэн дөрвөн улирын дугуйтай байв. Хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 3-5 мм замын хөдөлгөөний дүрэмд заасан 1.6 мм -с их буюу элэгдэл нь бага байна.
Урд тэнхлэг дахь ажлын тоормосны хүч нь зүүн талдаа 4,2 кН баруун талдаа 4,2 кН зөрүү нь 0 хувь заасан хэмжээ 20 хувиас бага, хойд тэнхлэг дэх тоормосны хүч нь зүүн талдаа 3 кН баруун талдаа 4 кН зөрүү нь 20 хувь заасан хэмжээн 30 хувиас бага, хойд дугуйнуудад хүч үйлчилж байгаа хэдий ч бүрэн гүйцэт зогсоогүй, харин бусад дугуйнуудад үйлчилж буй хүчний хэмжээ их, идэвхижил сайтай, тоормосны стенд дээр бүрэн зогсож байв. Зогсоолын тоормосны идэвхижил нь стандартад заасан 23 хувиас бага буюу хүч үйлчилж байгаа хэдий ч тоормосны стенд дээр бүрэн зогсохгүй байв. Тус төвд ашиглаж байгаа БНСУ-д үйлдвэрлэсэн MQD-3C загварын багажаар гэрлийн хүчийг шалгахад зүүн талын гэрлийн хүч нь 30000 кандель буюу стандартад заасан 10000 канделиас их буюу тусгал хэвийн байна. Баруун талын гэрлийн хүчийг шалгахад 42900 кандель буюу стандартад заасан 10000 канделиас их буюу хэвийн тусгалтай байна. Жолооны хурдны сул явалт нь стандартад заасан 10 градусаас хэтрэхгүй сул явалт багатай байв. / MITSUBISHI Кантер / маркийн 59-17 БНА улсын дугаартай ачааны зориулалттай автомашиныг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр техникийн ерөнхий байдлыг нүдээр үзэж шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ мөн урд, хойд тоормос, зогсоолын тоормосны хэмжээ, их гэрлийн тусгалын хэмжээг шалгасан.
3. 59-17 БНА улсын дугаартай /М1Т511В13Н1 Кантер/ маркийн ачааны зориулалтай тээврийн хэрэгсэл нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Автотээрийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвд орж тэнцэж байсан байна.....гэх дүгнэлт /хх-ийн 41-43/,
11. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлстийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 517 дугаартай:...1. *******гийн биед тархины эдийн няцрал, баруун чамархайн хатуу хальсан доорх цус хуралт, баруун талын сигмойд заадсаас болон урд хэсэгтээ хацар ясны хойд ирмэгээс хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал 4,5 дугаар хавирганы хугарал дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-3.1.3-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 65-66 / болон хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 3-6 /, зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Мицубиши кантер маркийн 59-17 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт явган зорчигч ******* нь зам хөндлөн гарч байхад мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас түүний биед тархины эдийн няцрал, баруун чамархайн хатуу хальсан доорх цус хуралт, баруун талын сигмойд заадсаас болон урд хэсэгтээ хацар ясны хойд ирмэгээс хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал 4,5 дугаар хавирганы хугарал дагзанд шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч , иргэний хариуцагч *******, гэрч *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 517 дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн “******* *******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн 59-17 БНА улсын дугаартай ачааны авто машины хог тээврийн жолоочоор ажиллаж албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалж явган хүний гарцаар гарч байсан иргэнийг мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь 3.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх үндэслэл бүхий нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй, шүүхэд шинээр ирүүлээгүй бөгөөд харин шүүгдэгч ******* нь эмчилгээний зардал 1 сая төгрөгийг хохирогчид төлсөн талаар нотлох баримтыг гаргаж ирүүлсэн тул шүүгдэгч *******г хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Харин хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.524.710 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, энэ талаарх нотлох баримтыг ирүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэснийг үндэслэн иргэний хариуцагч Баянхонгор аймгийн “******* *******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 4.524.710 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Учир нь шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ албан үүргээ гүйцэтгэж явсан байна.
Иймд шүүгдэгч ******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу... үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад гэм хор учруулсан” гэж дүгнэж шүүх Иргэний хариуцагч “******* ******* ААТУҮГ-аас Иргэний хуулийн 498.1-д заасан “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж зааснаар 4.524.710 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар д зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулж, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн тул оногдуулсан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлээ.
Учир нь Улсын Их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөлт оруулж уг хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.
Шүүгдэгч *******гийн холбогдсон гэмт хэргийн үйл баримт нь 2023 оны 11 дүгээр сард буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны Эрүүгийн хуулийн заалтыг баримталж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Хэрэгт шүүгдэгч *******гийн “B, C, D. E” ангиллын 64070 дугаартай жолоочийн үнэмлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бөгөөд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар нэг жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэж уг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах эрүүгийн хариуцлагаас мөн чөлөөлж шийдвэрлэж уг жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгалаа..
Учир нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д “ энэ хуулийн тусгай ангид....хорих ялын дээд хэмжээг гурван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол....эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2-д “эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ”, гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.5-д эрх хасах ял, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 2-д “эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрх хасах ял нь эрүүгийн хариуцлагын төрөлд багтаж байгаа тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан ял нь эрүүгийн хариуцлагын төрөлд багтаж байгаа гэж дүгнэж түүнд оногдуулсан эрх хасах ялыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн г 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.
7.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар иргэний хариуцагч “******* *******” орон нутгийн өмчит УҮГ-с 4.524.710 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 64070 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ