Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/069

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Цогням,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Бурмаа,

Шүүгдэгч: С.Батнаран нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314002040066 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Анж овогт Сүхбатын Батнаран /РД: ВТ78041306/ ,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Батнаранд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.Батнаран нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны 19 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Их Номгон” худалдааны төвийн урд талын явган хүний гарцны замд өөрийн эзэмшлийн 13-06 БНХ улсын дугаартай “Тоёота Сай” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр зүйлд “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ш.Жавзандолгор, М.Цэцэндагам нарыг мөргөж, зам тээврийн осол гарган, хохирогч Ш.Жавзандолгорын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Батнарангийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч Ш.Жавзандолгор,  М.Цэцэндагам нарын мэдүүлэг, хх-ийн 19-21, 60-62, 65-67, 69-70 дугаар хуудас, иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мэдүүлэг хх-ийн 73-74 дүгээр хуудас, Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 441 дугаартай дүгнэлт  хх-ийн 42-44 дугаар хуудас, Баянхонгор  аймгийн  Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 14-04 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 123-124/,  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 149-150/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-ийн 151/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-54/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчаас шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

Шүүгдэгч С.Батнаран нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Ш.Жавзандолгор, М.Цэцэндагам нарт төлөх төлбөргүй бөгөөд харин хохирогч Ш.Жавзандолгорын цаашид гарах эмчилгээний зардлыг иргэн ий хэрэг шүүхэд хяхнан шийдвэрлэх журмаар гарах эрхийг нь нээлттэй үлдээлээ.

Мөн хохирогч Ш.Жавзандолгор нь уг гэмтлийн улмаас Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эмчилгээ хийлгэж уг үйлчилгээний зардал 80.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн бөгөөд дээрх зардлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн “12.1.Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ, 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж хуульчилсаныг үндэслэн шүүгдэгч С.Батнарангаас 80.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч нь хохирогч Ш.Жавзандолгорын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосон талаар магадалгаа гаргасан байна.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Бурмаа нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Ш.Жавзандолгорын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож өгөх талаар хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг  мөрдөгч 2023 оны 12 дугаар сарын 16-ний өдөр “хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзсан бөгөөд уг шийдвэрт дээд шатны прокурорт оролцогч нараас гомдол гаргаагүй байна.

Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр хохирогч Ш.Жавзандолгорын сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон магадалгаа гаргасан нь өмнө нь хүсэлт хангахаас татгалзсан шийдвэрийг прокуророос хүчингүй болгосон шийдвэр гараагүй байхад  гаргасан байх тул шүүхээс мөрдөгчийн зэрэглэл тогтоосон магадалгааг үндэслэж хохирогчид сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокуророос санал болгож шүүгдэгч С.Батнаран хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох  ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Батнаранд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох  ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.Батнаран нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг   тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч С.Батнаран болон тухайн үеийн үйл баримтыг бичиж хуулбарласан гэх СД-ийг хураан авсаныг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.Батнарангийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигд нь буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгалаа.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд 7, 8, 9 гэсэн заалтыг нэмж, уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд  давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8-д  “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас   бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй” гэж нэмж хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Анж овогт Сүхбатын Батнаранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Анж овогт Сүхбатын Батнаранг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянга  / 500.000 / төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Батнаранд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Батнаран нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч С.Батнаран нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч С.Батнарангаас 80.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг  Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Ш.Жавзандолгорын цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гарах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1.1, 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, жолоочийн үнэмлэхийг эзэмшигчид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Батнаранд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8-д зааснаар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Батнаранд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.БАТЦЭНГЭЛ